Сүүж уул, Согоот дахь БӨХИЙН ГАЛУУДЫН өнгө

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 06

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадам болоход цөөн хоног үлдлээ. Цар тахлын улмаас хоёр жилийн турш дэнж хотойтол наадаагүй ард түмний хувьд энэ жилийн улсын их баяр наадмыг нижгэр тэмдэглэх төлөвтэй байна. Наадам дөхсөн эдгээр өдрүүдэд бөхчүүдийг хэр өнгөтэй барилдахыг шинжих, хэн, хаана бэлтгэлээ базааж буйг сурах бөхийн хорхойтнууд сураг ажиг тавьдаг. Энэ удаагийн сурвалжилгаа Сүүж уул болон Согоотоос бэлтгэлээ.


 

СҮҮЖ УУЛЫН АМРАЛТАД 200 ГАРУЙ БӨХ БЭЛТГЭЛД ГАРЖЭЭ

 

Манай сонины сурвалжлах баг Улаанбаатар хотоос 68 км-т байрлах Цагдаагийн ерөнхий газрын харьяа Сүүж уул амралтын газрыг зорилоо. Сүүж хайрхан бол бөхчүүдийн бэлтгэлээ хангаж ирсэн түүхэн газруудын нэг. Бөхчүүд ч өөрсдөө тус газарт бэлтгэлээ базаахдаа ихэд бэлгэшээдэг билээ. Учир нь Х.Баянмөнх, Ж.Мөнхбат, Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр тэргүүтэй Дархан аваргууд энэхүү хайрханы бэлд бэлтгэлээ хийж, улсын их баяр наадмын олон удаагийн түрүүг авч байсан гэдэг. Биднийг Сүүж уул амралтын газарт очиход 13.30 цаг болж байлаа.

Тус амралтын газрын үүднээс л олон галын бөх цугларсан нь мэдэгдэхүйц. Энд тэндгүй хатаасан хувцас төрөл бүрийн хэмжээтэй байх нь өсвөр үеийн бөхчүүд ч буйг илтгэнэ. Хажуугаар өнгөрөх бөхчүүд хоорондоо ярилцах үед нутаг нутгийн аялга сонсогдоно. Өсвөрийн бөхчүүд нь бахдалтай нь аргагүй дэвээ шаваа хийх бол тэднээс арай ахмад нь хоорондоо ярилцаж, модны сүүдэрт хэвтэцгээж байлаа. Харин том цолтой бөхчүүд байрлаж буй өрөөндөө амарцгааж байсан юм.

Тэд өглөөний бэлтгэлээ дуусгаад өдрийн цайндаа орж, амарч байсан нь тэр аж. Эргээд 16 цагаас оройн бэлтгэлд гардаг байна. Энэ жилийн хувьд Баянхонгор, Хэнтий, Дорнод, Ховд, Завхан болон Дундговь аймаг, Аварга дээд сургууль, Хүч спорт хорооны бөхчүүд тус газарт бэлтгэлээ базааж байгаа юм. Сүүж уул амралтын газарт ойролцоогоор 200 орчим бөх бэлтгэлд гарсан байна.

 

БӨХЧҮҮДИЙН БЭЛТГЭЛ ЖИГДЭРЧ, ЗАЛУУ БӨХЧҮҮД НУТАГ БУЦАВ

 

Биеэ борлуулахын тулд нүцгэн явах эрчүүд хаа сайгүй болохоор эмэгтэй залуу сэтгүүлчийн хувьд бөхийн галаар зочлоно гэдэг нэг талаасаа хүндхэн даваа байлаа. Гэсэн ч олон аймгийн бөхийн гал бэлтгэлээ базааж буй учраас зарим дэвжээнээс мэдээлэл авсан юм. Баяр наадам дөхсөн өдрүүдэд бэлтгэлээ базааж буй бөхчүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах бүү хэл, ярилцлага өгөхөөс татгалздаг. Арга ч үгүй биз. Хэзээний сүсэг бишрэлтэй эдгээр хүмүүс “хар, цагаан хэл амнаас холуур байх”-ын тулд найдвар тавьж буй бөхөө нуух гэсэн ийм нэгэн бичигдээгүй хууль бий. Тус амралтын газарт бэлтгэлээ базааж буй бөхчүүдийн хувьд хүчний бэлтгэлээ долоодугаар сарын 1-нд дуусаж, хөнгөн бэлтгэлдээ орсон гэдгээ онцолж байлаа.

Мөн залуу бөхчүүд энэ сарын 2, 3-ны өдрөөс эхэлж бэлтгэлээсээ буусан байна. Баянхонгор аймгийн Хонгор нутаг дэвжээ энэ жил 38 бөхтэй бэлтгэлд гаржээ. Биднийг очих үед тус дэвжээний 29 бөх байсан юм. Сумын наадамд зодоглохоор залуу бөхчүүд нь бэлтгэлээ хангаад явсан байлаа. Хонгор нутаг дэвжээг 2006 онд Баянхонгор аймгийн үндсэн дэвжээгээр байгуулж байсан. Үүнээс хойш тодорхой хугацаанд тус дэвжээг түр завсарлуулсан байдаг. Улмаар 2018 оноос эргэж сэргээжээ.

Улсын начин Б.Эрдэнэхүү “Манай дэвжээ тавдугаар сараас аймагтаа нэг сар гаруй хугацаанд бэлтгэл хийсэн. Үргэлжлүүлээд зургаадугаар сарын 15-наас Сүүж уулын амралтад бэлтгэлдээ гарсан юм. Улсын цолтой бөхчүүдээс начин Д.Цэрэнтогтох, харцага Б.Бат-Орших тэргүүтэй бөхчүүд хамт бэлтгэлд гарсан. Цэргийн арслан Г.Жамбалдорж, аймгийн арслан М.Батцэнгэл тэргүүтэй арслангууд улсын цолд хүч үзэж байгаа” гэв.

Энэ жилийн улсын баяр наадамд Ховд бөхийн дэмжээний бөхчүүд хэрхэн барилдах нь олон нийтийн дунд хүлээлт үүсгэж байгаа. Тэр дундаа Улсын харцага Ө.Бат-Өлзий, Улсын харцага О.Хангай, Улсын заан Б.Пүрэвсайхан зэрэг ид барилдаж буй бөхчүүд бөх сонирхогчдын дунд хамгийн их хүлээлтийг үүсгэж байгаа юм.

Ховд аймгийн Ховд бөхийн дэвжээний бөхчүүдийн байнгын бэлтгэлийг Улсын заан Ч.Батзориг хангаж өгч байгаа аж. Ховдын бөхчүүд бол Сүүж уулын бэлд бэлтгэлээ хийдэг анхдагчуудын тоонд багтдаг. Товчхондоо бэлтгэл хийх газраа солиогүй цөөхөн дэвжээний нэг бол Ховд бөхийн дэвжээ юм. Тус дэвжээ 50 бөхтэйгөөр энэ удаагийн бэлтгэлээ базааж байгаа юм байна. Аймагтаа барилдах залуу бөхчүүд нь 2-ны өдрөөс бууж, аймаг руугаа явжээ. Одоогийн байдлаар улсын наадамд зодоглох бөхчүүд үлдсэн байна. Аварга дээд сургууль 25, Даян дэвжээ 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр бэлтгэлдээ гаржээ.

Энэ талаар Улсын начин Б.Адьяахүү “Бэлтгэлдээ гараад 20 гаруй хоног болсон байна. Орон нутгийн залуу бөхчүүд 2, 3-ны өдөр бууж, нутагтаа зодоглохоор явсан” гэв.

Дорнод аймгийн Дорнын хүчтэн дэвжээ энэ жил 28 бөхтэйгөөр бэлтгэлдээ гарсан байна. Үүнээс 10 гаруй бөх нь аймгийн цолтой ажээ. Улсын начин Д.Цогзолдорж ахалж байгаа аж. Энэ талаар Аймгийн арслан Б.Батхуяг “Улсын цолтой хоёр бөх бэлтгэлд гарлаа. Улсын начин Д.Цогзолдорж болон Улсын заан Д.Анар нар юм. Бид зургаадугаар сарын 15-нд бэлтгэлдээ гарсан. Өвөл, хаврын улиралд заалны бэлтгэл хийсэн. Одоо бол сэргээх бэлтгэл хийж байна. Аймгийн арслан П.Мөнхбат энд бэлтгэл хийж байгаа. Аймгийн арслан М.Бэлгүтэй, Г.Төрмөнх хоёр өөр галд бэлтгэлд гарсан. Залуу бөхчүүдийн бэлтгэл сургуулилт жигдэрсэн. Одоо амралтын байдалтай байгаа” гэсэн юм.

 

“БӨХБИЛЭГТ”-ЭЭС ОНЦЛОХ НАЧИНГУУД

 

Сүүж уулын амралтад байрлах бөхийн галын талаар мэдээлэл авсны дараа Согоотод байрлах Бөхбилэгт бөхийн дэвжээ рүү явлаа. Биднийг Согоотод очиход 15.45 цаг болж байв. Архангай аймгийн Бөхбилэгт дэвжээ Согоотод бөхийн галын сорилго барилдаанаа хийхээр бэлдэж байлаа.

Энэ үеэр гадаа 29 хэмийн дулаан байх бөгөөд сорилго барилдаан үзэх гэсэн иргэд шүхэр болон аяны эвхдэг сандалтай барилдааны талбайг зорино. Сорилго барилдааныг үзэхээр бөхчүүдийн гэр бүл, найзууд, хамаатан садан болон нутгийн бөх сонирхогчид ирсэн байлаа.

Сорилго барилдааны нээлтийг хүлээн суух үеэр хажууд суух бяцхан хүү их л догдлонгуй байдлаар “Хажуунаас нь бөх үзээгүй удсан байна шүү” хэмээн өөрөө өөртэйгөө ярих нь сонсогдов. Ажвал 10 орчим насны бололтой хүү байлаа. Түүнийг н.Гэлэгжамц гэдэг ажээ. Тэрбээр “Та миний нэрийг хэний нэр болохыг мэдэх үү. Өсөхөө аваргын аавынх нь нэр шүү дээ. Өмнө нь Бөхийн өргөөд бөх үздэг байлаа. Зурагтаар үзсэнээс дэргэдээс нь үзэх илүү гоё байдаг юм. Удаан хугацааны дараа дэргэдээс үзэж байгаа болохоор хурдан эхлээсэй л гэж бодож байна” хэмээн бахархам байдалтай ярьж байлаа.

Өөрөө бөхийн спортоор хичээллэдэггүй ч, бөхийн барилдааныг алгасахгүй үзэхийг зорьдог ажээ. Ийн ярилцаж байх хооронд бөхийн сорилго барилдаан эхэлсэн юм. Нийт 64 бөх зодоглох бөгөөд Г.Өсөхбаяр аваргын хүү ч сорилго барилдаанд барилдаж байлаа. Зүүн талын тэргүүн магнайд Улсын арслан Р.Пүрэвдагва, баруун талын тэргүүн магнайд Улсын гарьд Д.Рагчаа, зүүн талын дагавар магнайд Улсын харцага Б.Зоригтбаатар, баруун талын дагавар магнайд Улсын начин Н.Адьяабат нар гарлаа. Сорилго барилдааныг үзэхээр Улсын харцага Б.Жавхлантөгс, Улсын заан Ч.Гочоосүрэн тэргүүтэй бөхчүүд ч ирсэн байв. Залуу бөхчүүдийн хувьд бэлтгэл сайтай байсан нь сорилго барилдаанаас тодхон харагдана. Үүний жишээ бол их шөвгийн наймд үлдсэн залуу бөхчүүд юм.

Түүгээр ч зогсохгүй Бөхбилэгт дэвжээний начин цолтнуудын барилдаан уран мэх ихтэй байлаа. Их шөвгийн наймд Улсын арслын Р.Пүрэвдагва, Улсын харцага Б.Зоригтбаатар, Улсын начин Н.Адьяабат, Улсын начин Л.Шинэбаатар, Улсын начин О.Мөнх-Эрдэнэ, Аймгийн начин Э.Мөнхжаргал, Цэргийн арслан Л.Отгонбаатар болон Цэргийн начин С.Сүхбат нар тунаж үлдсэн. Энэ үеэр Улсын начин Н.Адьяабаттай Цэргийн арсан Л.Отгонбаатар барилдав. Барилдааны явцад Л.Отгонбаатарын бэртэл сэдэрсэн нь наадамчдын санааг ихэд зовоож байлаа. Улсын их баяр наадмын үеэр цол нэмэх ирээдүйтэй бөхчүүдийн нэг хэмээн бөх сонихогчид таамагладаг тул бэртэл нь хэр хүнд байгаа нь тодорхойгүй байгаа юм.

Улсын начин Н.Адьяабат Цэргийн арслан Л.Отгонбаатарыг, Аймгийн начин Э.Мөнхжаргал Улсын харцага Б.Зоригтбаатарыг, Улсын начин О.Мөнх-Эрдэнэ Улсын начин Л.Шинэбаатарыг, Цэргийн начин С.Сүхбат Улсын арслан Р.Пүрэвдагвыг тус тус давж, шөвгийн дөрөвт тунаж үлдсэн юм. Шөвгийн дөрвөн бөх начин цолтнууд байсан явдал хамгийн онцлог байлаа. Улсын начин О.Мөнх-Эрдэнэ аймгийн начин Э.Мөнхжаргалыг харин Цэргийн начин С.Сүхбат Улсын начин Н.Адьяабатыг давж үзүүр түрүү булаацалдахаар болов.

Улсын начин О.Мөнх-Эрдэнийн хувьд хамгийн залуу улсын начин цолтон гэгддэг бол С.Сүхбатын хувьд тавдугаар сарын 29-нд Үндэсний бөхийн цол чимэг олгох бүх цэргийн наадамд тав даван түрүүлж, Цэргийн начин цол хүртсэн залуу бөх юм. Залуу начин цолтнуудын барилдаан наадамчин олныг ихэд баясгав. Эр бяр, хүч чадал, ид хав эн тэнцүүхэн залуу начингуудын барилдаанд Улсын начин О.Мөнх-Эрдэнэ давснаар сорилго барилдаан дууссан юм. Бөхбилэгт дэвжээний бөхчүүд улсын их баяр наадмын бэлтгэлээ хэдийн базааж дуусжээ. Энэ жилийн улсын их баяр наадмаар сорилго барилдааныг өнгөлсөн залуу бөхчүүд, тэр дундаа начин цолтнууд хэрхэн барилдахыг харах л үлдлээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hhhha(66.181.160.36) 2022 оны 07 сарын 08

Emegtei hun geluu yuch medehgui baij uhsen atsaa hiideg bnaa, baahan hudlaa shaaj bsnaa ”ter dundaa nachin tsoltnuud herhen barildahiig harah uldlee” genee hahahahaha

0  |  0
Энхбаатар(66.181.160.60) 2022 оны 07 сарын 08

Юм бичих гэж байгаа шүү юм бол жоохон ч гэсэн судал. Аймгийн начин Мөнхжаргал ч гэх шиг цэргийн наадамд 5 давж түрүүлээд начин ч гэх шиг

2  |  0
Ганаа(202.9.46.158) 2022 оны 07 сарын 08

5 давж түрүүлээд начин болсон гэх

2  |  1
Нак(202.126.89.124) 2022 оны 07 сарын 07

Аймгийн заан Э.Мөнхжаргалыг аймгийн начин гээд л туугаад л байх. Зөв бичиж байлдаа сэтгүүлч нэртэй сүгнүүд

3  |  1
Зочин(59.153.112.90) 2022 оны 07 сарын 06

Зарим бөхчүүдийн цолыг буруу бичжээ. Бас цолны эрэмбэ дээр анхаараарай.

2  |  0
Top