Магнаг толгойн цуурай тоссон Манлай хүлэгчийн уяан дээр

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 06

Хур борооны зангирсан үүлс хэвлээ даалгүй өрнө зүгт алгуурхан дөхөж, үе үехэн усаа юүлэх цаг дор нараар алгадуулж тайвшрах энэ л үүлтэй нартай хангайг “Нар хур тэгширсэн” гэж нэрлэдэг байх. Ёстой л хүний араншингаар бүтээсэн мэт зун болж байгааг Хүй долоон худаг, Төв аймгийн Батсүмбэр сум, Партизан гээд явсан суусан газар нутаг бүрэн харуулж байна. Уг газар, нутгийг зорих болсон шалтгаан нь Монгол Улсын Манлай уяач Ц.Доржсүрэнгийн уяа гичир эргэж, хөөрөг зөрүүлэх гэсэн хэрэг. Төрийн наадмын олон айраг, түрүүг энэ газрын хөрс шорооноо хөл тэнцсэн хүлэг морьд, эрдэмт уяачид хүртсэнд ч давхар шалтгаан оршино.

Морио дээдэлдэг монголчууд “Даян түмний эх” алдарт хээр морь тэргүүтэн олон сайхан хурдан хүлгээр нь Ц.Доржсүрэн уяачийг андахгүй сайн мэднэ. Манлай уяач маань Баянцагаан, Ногоон хайрханы сүсэг бараан дунд, Магнаг толгойн цуурай, Хүйн голын хөвөөнөө уяа гичир татан, хурдан хүлгүүдээ сойжээ. Ц.Доржсүрэн уяач энэ жилийн баяр наадамд зургаан насны морьд сойсон бөгөөд ихэнхийг нь давхарласан аж. Уяаны эхэнд эргэцэн буй хүрэн азарга бол өөрийнх нь унаган адуу. Бага насандаа айраг түрүү алдаагүй ч их насанд нийлсэн цагаас нь хойш цар тахал дэгдээд хоёр жил уралдаагүй аж. Тэр тусмаа даагандаа олон түрүүлсэн ажнай гэнэ. Тэгэхээр хүрэн азарга энэ жил анх удаа сүргийн манлай, бүдүүн азарганы тоонд орж, баяр наадамд тоосоо өргөхөөр зогсоо нь энэ.

Уяа эргэж явах зуурт нүд унаж байсан сэрвээ өндөр, дэл сүүл шингэн хонгор даага хэдийнэ бүдүүн адуу шиг зүүрмэглэж зогсоог Манлай уяачаас асуувал “Сөөнгө юм. Би ч эртнээсээ сүүтэй даага уяж байгаагүй. Тэр жил, 1994 онд улсад түрүүлгэдэг хулгар даага чинь сөөнгө юм шүү дээ” хэмээн он цагийн цаадхи наадмын уухайг цээжин цаанаас баяр бахдалтай гаргаж ирэв. Хонгор даага Хэнтий аймагт болсон “Цэцэн ханы хурд”-д түрүүлж ирсэн цагаас хойш хоёр ч наадамд түрүүлчихээд байгаа амьтан аж. Сүүгүй даага гэх, тэгээд хавраас хойш гурав түрүүлсэн гэх. Тэжээл, өвс, тордлого  байдаг л биз. Гэхдээ л сөөнгө даага хаврын тарчиг цагаас эхлэн гурав түрүүлгэчихээд дахин сойж байгааг ёстой л эрдэмт уяачийн ажил гэх байх даа. Тэрбээр “Хонгор дааганы сэрвээний өндөр тохирохгүй байгаа учраас эрлийзэд мордох байх. Маргаашийн наадамд /2022.07.02/ бол айх юмгүй ээ, ороод ирнэ” хэмээн ам бардам хэлнэ лээ. Нүд булааж буй хонгор даага нь Манлай уяач Б.Цэндбаатарын улсад нэг түрүүлж, хоёр айрагдсан “Тугал ухаа” хэмээх хул азарганы төлийн төл адуу юм байна.

Уяаны эхэнд наран цагийн гэмээр хийц сайтай сайхан цавьдар морь зүүрмэглэн зогсоо нь Манлай уяачийн хүү нийслэлийн Алдарт уяач Д.Бямбадоржийн морь. Энэ жил анх удаа тоосоо өргөх гэж байгаа битүү морь гэхэд аль эрт уяа үзэж, олон наадамд тоосоо өргөсөн хашир хүлэг шиг л зүүрмэглэн зогсоо нь цээжинд уралдахын цондон биз ээ. Манлай уяач аавынхаа морь уяаны эрдмийг өвлөн яваа тэдний дунд хүү, нийслэлийн Алдарт уяач Д.Бямбадорж бол өдгөө аавынхаа нүд чих төдийгүй мэдрэмж, эрдэм судар нь болж яваа гэлтэй. Манлай маань “Манай адуу, морь уяаны гол нурууг түшиж яваа хүн. Багаасаа л хурдны морь унаж, адуу дагасан хүн дээ. Сүүлийн хоёр жил миний бие тааруу, хэвтэрт шахам байлаа. Хүү маань нь л энэ бүх ажлыг нугалж байна. Энэ жил харин бие гайгүй, овоо тэнхлүүн шүү” хэмээн хүүгээрээ бахархангуй өгүүлнэ лээ.

Галынхан уяа морьдоо услаад ирэх зуурт нийслэлийн Алдарт уяач Д.Бямбадоржтой хэдэн үг солилоо. Тэрбээр “Манай Партизаны наадам маргааш /2022.07.02/ болно. Эртнээсээ босго өндөртэй сайхан наадам болдог, уяачдын эрдэм, хүлгийн шандас шалгадаг наадам гэж ярьдаг. Хүйн долоо худаг, Батсүмбэр, Жаргалант, Борнуур, Баянчандмань гээд бүгдээрээ ирдэг. Би Партизандаа наймдугаар анги төгсөөд аавыгаа дагаж морь уясан. Унахын зэрэгцээ уях ч үе байсан. Учир нь би бага байхаасаа хурдан морь уяж, бүр 18 нас хүртлээ хурдны морь унасан. Мэдээжийн хэрэг, 15, 16 наснаас хойш аль ардаг догшин, элдэв зан авиртай морь л унадаг байсан. Морь уяаны эрдмийг ааваасаа өвлөсөн. Бие даан морь уяж байсан наадам олон бий. Дүнжингарав наадамд айрагдаж байлаа.

Миний хувьд 2014 онд сайн наадаж, олон ч айраг түрүү авсан. Тэр жил олон ч аймаг, сум ойн баяраа тэмдэглэж байсан. Хоёр жил цар тахлын улмаас өргөн дэлгэр наадсангүй. Энэ жил нэг бултаараа сайхан наадах гэж хичээн догдолж байна. Харин Төрөөс баяр наадмаа маргаангүй сайхан явуулах тал дээр сайн хууль гаргах хэрэгтэй. Энэ жил ч гэсэн үүлдэрлэг байдлаар нь уралдуулна гэж байгаа. Үүнийг мэдэх аргагүй шүү дээ. Ямартай ч маргаашийн наадамд сайхан наадаж, цаашаа улсынхаа баяр наадамд уралдана даа” хэмээсэн юм.

Ц.Доржсүрэнгийн уяаны морьд тэр чигээрээ хүрэн, цавьдар, зээрд байгаа нь өөрийнх нь адууны онцлог зүснийх байх гэж бодсон. Өнгө зүс сонирхож байгаа хүүхэд биш гээд энэ тухай асуусангүй. Ерөнхийдөө улс бүсийн наадамд амжилттай уралдаж байсан хүлгүүд нь бараан хээр, хүрэн цавьдар, зээрд талдаа байсан юм уудаа гэж ажигласан. Ямартай ч Ардын хувьсгалын 70 жилийн ойн баяраар хүрэн азарга айрагдуулж байсан гэх зэргээс харахад магадлал бий. Уяан дээрээ нэлээд эргэцэнгүй байгаа цавьдар халзан морь ч олон наадамд тоосоо өргөсөн хүлэг аж. Сайхан цавьдар зээрд даага уяаны шон шөргөөн явааг асуухад “Уг нь гайгүй удамтай юм, энэ жил тамир нь жаахан дутуу” гэж байв. Ерөөсөө уяан дээр зогсож байгаа морьдын дээд тал нь хавчиг долоон настай, гол төлөв бага насны адуунууд хэрнээ бие товир, зэгзгэр бөгөөд тодорхой нэгэн шинжийг агуулсан юм. Энэ нь Манлай уяач адууныхаа цусыг чамгүй сэлбэсний гэрч биз ээ. 

Социализмын үед 10 мянган төгрөгөөр морь үнэдэж аваад хурдлуулж явсан Манлай уяачийн галд өөрийн хүүгээс гадна түүний шавь, дүүргийн Алдарт уяач Б.Баттулга, “Партизан хурд” уяачдын холбооны Нарийн бичгийн дарга Д.Гантөр, уяачийн ах дүү нарын гээд олон хүмүүс хүлэг морио сойсон байна. Манлай уяачийн хувьд тэр бүхэнд зааж зөвлөх, алдаа оноог хэлэхээс эхлээд ажил мунддаггүй бололтой. Үүний зэрэгцээ хууч дэлгэх зуурт “Доржоо ахаа яах вэ. Миний хүрэн морины..” гэх мэтээр дэлгэсэн яриан дундуур тэс хөндлөн орж ирэх нь захын асуудал.

Тэд ч ажлаа хийж, би ч ажлаа хийж суугаа уяан дээрх мөчийн төдий зураглал бол энэ. Гэтэл утас нь дуугарна. “За Манлай, манай зээрдийн уяа нэг биш ээ, яах вэ” гээд залгана. Хаа байсан Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгаас гээд утас цохино. Ийм л нэг хөглөрсөн айлын уяа гичир эргэх сайхан. “Партизан хурд” уяачдын холбооны Нарийн бичгийн дарга Д.Гантөр бидний яриан дундуур орж ирээд ахмад уяачаасаа зөвлөгөө авав бололтой шурдхийн гарахаар нь би “Хоёр, гурван үг сольсон бол..” гэхэд “Манай наадам маргааш эхлэх гээд амьсгаа өндөр яваа. Ажил нь ерөнхийдөө жигдэрсэн ч бас бус зүйл бий байлгүй. Хүүхдээ бүртгэхээс эхлээд олон олон” хэмээв. Дүүргийн Алдарт уяач, шавь Б.Баттулга ч наадамд бэлдэхийн зэрэгцээ морьдын дэл засаад түмэн завгүй.

Нэрт уяач зүгээр ч нэг газарт уяа гичрээ татаагүй гэдгийг нар баруунаа таших үед мэдэв. Учир нь Ногоон хайрхан нь Богд Жавзандамба хутагт Даншиг наадмаар ногоон торгоор бүтээн тахидаг байсан учраас Ногоон хайрхан хэмээн нэрийджээ. Энэхүү Ногоон хайрханы өвөр бэлд Богдын сүргийг хурааж, Даншиг наадамд сойх хүлэг морьдыг шилж сонгон барьдаг байсан түүхэн газар аж. Уяанаас өмнө зүгт морины тахилгатай Баянцагаан хайрхан оршино, мөн өмнө талд нь Даншиг наадмын хурдан морьдыг барьдаг байсан Магнаг толгой байх.

Тэгэхээр хашир уяач эртний ерөөл дагаж, нэгэн цагийн хурдан хүлгүүдийг барьдаг байсан Магнаг толгойн цуурай амдуулан уяа гичрээ татсан ч байж болох. Үүнээс гадна ихэс дээдсээс сүслэн уламжлагдсан Өндөр хааны рашаан, Сөгнөгөр, Хараа гол руу алгуурхан урсах Хүйн голын хөвөөнд уяа гичрээ татсан гэхээр аргагүй утга учрыг өгүүлнэ. Магадгүй, эртнээсээ Партизаны хүлгүүд улсын наадмын өнгөнд уралдаж, өдгөө хүртэл энэ гал тасраагүй байгаа нь энэ мэт утга учиртай холбоотой болов уу. Аливаа зүйлийн утга учир ихэд нарийн бөгөөд ил далд ямар нэгэн холбоо байдгийн нэгээхэн жишээ энд байгааг үгүйсгэх аргагүй.

Энэ тухай үг өдөхөд Ц.Доржсүрэн уяач “Партизаны САА гэж 1977 онд байгуулагдахад л эртнээсээ уяачид олонтой, айраг түрүү олноор авна. Үүнээс өмнө Жаргалант адуу гээд манайхан адуугаа сайжруулсан байсан. Улсын баяр наадамд нэг муу үрээ, даага айрагдаж түрүүлэхэд тоох ч хүнгүй байлаа. Азарга, их морь, соёлонгийн айраг, түрүү л гэж ярьдаг байлаа. Сүүлдээ мундаг эрдэмтэй өвгөд ч унаад өгсөн, зах зээл ч эхэлсэн, залуус нь хот руу явсан, илтэд суларсан. Одоо харин эргэн сэргэлээ. Манай залуучууд ч адуу сонирхож, хуучин уламжлалаа сэргээн, сайн ч уяж байна. Хөрөнгө ч оруулах юм” хэмээсэн. Зуны номин ногоон ууланд үүлс унасан ийм л таатай цагаар Партизан, хойшоо Батсүмбэр сум, сумын төвөөс баруун хойш явахаар Хүйн голын хойд хөвөө дагасан айлууд бүгдээрээ л морины уяа татаж, хүлгийн сүүл боожээ.

Чухам альхан гэрт нь ямархан эрдэмтэй уяач сууж, ямархан уяан дээр энэ жилийн түрүү магнай зүүрмэглэн зогсоог таахын аргагүй ч зарим нэгнийд нь бууж, хөөрөг зөрүүлсэн. Бүгдээрээ л сэтгэл хангалуун. Чухам даа л “Сүүлийн хоёр жил наадсангүй. Энэ жил сайхан наадна даа. Морьдын тараг хүч ч гайгүй байна, манай голынхон бүгдээрээ л Партизаны наадамд явна. Эндээс улсынхаа баяр наадамд уралдана” хэмээн их л хөөртэйхөн үг солих. Сүүлийн хоёр жил өргөн дэлгэр наадаагүйн зэрэгцээ хүний сэтгэл цэлмэж, малын зоо тэнийсэн сайхан зун болж байгааг юу юунаас харж болно. Нүүдэлчид эртнээсээ л байгалийн бэрхшээл сөрж ирсэн түмэн учраас цагийн сайхныг дагаад баясан суух нь аргагүй юм даа гэж бодогдоно.

Ийнхүү дурдаад байвал газар нутаг, хүн зоны сонин хачин дуусах биш дээ. Харин сонины дугаар шилжих мөчид Ц.Доржсүрэн Манлай руу утас цохиж, “Сайхан наадав уу” гэвэл “Сайхан наадлаа. Хонгор даага түрүүлж, зээрд даага хүүхэдгүй аман хүзүүдэж, байраа нэгээр хойшуулсан. Морьд сайхан онгойлоо” гэж хэлэхийн зуурт Манлай уяачийн “Хонгор даага маргаашийн наадамд айх юмгүй ээ, ороод ирнэ” гэж байсан санаанд зурсхийв. Тэгэхээр нь “Алдарт уяач хүүгийн морьд хэр давхив” гэхэд “Хүүгийн цавьдар морь 12-оор давхилаа. Хүрэн азарга хадуурсан” гэлээ. Хүүхэд бага насанд морь уяа эргүүлж явах зуур нутгийн хашир уяачид л “Хадуурч байгаа бол хурд байгаа. Хурдан адуу л хадуурдаг юм” гэдэг сэн. Юутай ч Манлай уяач маань Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баярын босгон дээр болсон наадмаа айраг, түрүүтэй сайхан эхлүүлжээ. Иймээс зуурхан бичвэрээ би “Ум марзээ мам суухай, Ум хэрээ бадмаан дарьди базар гордаа хаянхирваа хүлү хүлү хум пад” хурдан болтугай хэмээн өндөрлөюү.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zorig(66.181.160.74) 2022 оны 07 сарын 06

Ai saihaan huduug meddeg hvn bichjee. Uyanga tansag medremj baina daa.

0  |  0
Top