Монгол наадам бол эв нэгдлийн билэгдэл

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2022 оны 07 сарын 10

Монголчуудын тусгаар тогтнол, эв нэгдэл, төрт ёсны баяр, оршихуйн их дархлаа, дэлхийд ганцхан Монгол наадам дэнж хотойлгон эхэлж байна. Монгол  наадам олон онцлогтой. Энэ жил бид Тулгар төрийн 2230, 2231 жил, Их Монгол Улсын 815, 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111 жил, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, 1990 онд улсынхаа бие даасан байдлыг бататгаж, нийгмийн шинэ өөрчлөлт хийсэн түүхт ойг өргөн дэлгэр тэмдэглэж байна.

Тэгвэл дээр өгүүлсэн таван он цаг бол Монгол Улс гэдэг 1.5 сая хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэр дээр байгаа 3.5 сая хүний түүх, зам мөр юм. Үүнийгээ бид наадмаараа бахархан зарлаж байгаа юм. Мөн үүгээрээ бид Монгол Улс хэзээнээс оршин байсныг,одоо байгааг, цаашид байх ёстойг даян дэлхийд зарлан тунхаглаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, тусгаар тогтнолоо баталгаажуулж байгаа юм. Бас  үндэсний түүх, соёлоо өвлөн уламжлуулж байгаа юм. Үүгээрээ дамжуулан бид ижилсэн нийлж нэг үндэстэн болж байгаа юм. Монгол наадам түүхэндээ монголчуудыг ижилсүүлж, эвлүүлэн нэгтгэх үүргийг гүйцэтгэж ирсэн. Цаашид ч тэр хэвээрээ байх ёстой гэдгийг түүхийн ухааны доктор Х.Мөнхбаяр саяхан манай сонины зочны хойморт уригдан ярьсан билээ.

Нэгдмэл энэ баярынхаа утгыг тайлбарлаваас он цагийн хэлхээс бүхэнд түүхийн гүн гүнзгий утгыг шингээж, монгол түмний заяа золыг өргөж ирсэн ерөөл дэмбэрэл дүүрэн юм. Дэлхийд өөр хаана ч ийм нэгдмэл баяр байхгүй. Тиймээс дэлхийд ганцхан Монгол наадам хэмээн бусад улс орнууд хүлээн зөвшөөрдөг. Түүгээрээ бид бахархан омогшиж, баярлан цэнгэж ирсэн билээ.

 Наадмын түүхэн онцлог дээр  нэмж тодотговоос  энэ удаагийн наадам дэлхий нийтийг хамарсан цар тахлын дараа нийтээр тэмдэглэж буй их баяр юм. КОВИД-ийн жилүүдэд хөл хорион дэглэмд бид наадмаа цахимаар хийж үзсэн. “Кастын наадам” боллоо гэсэн шүүмжлэл өрнөж, ард олон сэтгэл дундуур үлдсэн.

Өнгөрсөн жил “No naadam”, “Yes naadam” гэх жагсаал, цуглаан болж  Засгийн газраас наадмыг жилээр хойшлуулах шийвэр гарсан. Энэ бүхний эцэст бид наадмаа хийж байгаагаараа онцлог. Нэг үгээр хэлбэл, бид цар тахлыг даван туулсан энх мэндийг  бас нэгэн баярыг наадамтайгаа хамтатган тэмдэглэж  байна.

Ер нь бол  Монгол Улсын наадмын түүхийг аваад үзвэл, монголчууд  наадмаа өнжсөн түүх үгүй. Халх голд дайны  гал ид дүрэлзэж байхад ч эх орныхоо төлөө эрслэн боссон эрэлхэг хөвгүүдийнхээ эр зоригийг асаан  тусгаар тогтнолын баяр наадмаа хийж байсан. Их гүрнүүдийн санаархал хэтийдэн нэг рүүгээ  буу шагайсан дэлхийн II Дайны үед ч Монгол Улс тусгаар тогтнол, эв нэгдлээ батлан харуулж наадмаа тэмдэглэж байсан  түүхэн уламжлалтай.

Наадмын сонин сайхан  улс даяар яригдаж, үеэс  үед  дамжин түүх болж үлддэг. Энэ жилийн Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны үеэр Олимпийн дэд аварга, чөлөөт болон самбо бөхийн дэлхийн аварга, Монгол, Орос Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Далай даян, Дархан аварга Х.Баянмөнх 90 насны сүүдэр зооглосон босгон дээр зодог тайлахаа ард олондоо дуулгасан. Их аваргын гарын шавь нараас үндэсний бөхийн таван сайхан аварга төрсөн нь бас нэгэн түүх юм. Тэгвэл энэ наадамд дархан аварга Г.Өсөхбаяр, А.Сүхбат, даян аварга Н.Батсуурь, аварга О.Балжинням, С.Мөнхбат, П.Бүрэнтөгс нар  багшийнхаа зодог тайлах энэ наадамд зодоглож, хүндэтгэл үзүүлнэ. Тэгэхээр үзэж, харах, ярих, дурсах зүйл  олонтой  түүхт наадам болох нь ээ.

Улсын наадмаар улс төр яримгүй. Гэвч наадам бол төрт ёсны их баяр. Монголчууд Манжийн дарлалд байхдаа наадмаар дамжуулан ноёдын чуулганаа хийж, түүн дээр гол асуудлаа ярьж, тохирч байгаад  эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан түүхтэй. Монгол Улс өнөөдөр  ямар байна вэ, гадаад, дотоод нөхцөл байдлыг авч үзвэл түүхч, судлаачид “Монгол Улс дэлхийн зөрчлийг үүсгэгч “Учиртай гурван толгой”-н гол цөм дээр оршиж байна” хэмээн тодорхойлжээ. Тэд хэлэхдээ “…Дэлхий нэг нь Хятад, нөгөө нь Орос, гурав дахь нь АНУ гэсэн гурван цөмтэй болчихсон. Мэдээж Америкийг Европын холбоо болон Азийн зарим улс дагаж байна. БНХАУ бол АНУ-тай ч, Европтой ч эдийн засгаар холбогддог. Эдийн засгийн  хувьд том тоглогч. Орос  бол цэрэг, зэвсгийн хувьд том тоглогч. АНУ бодлого, удирдлагын хувьд том боссын үүрэг гүйцэтгэж байсан бол одоо энэ гурав хоорондоо зөрчилдөж байна. ОХУ руу Европ шахалт үзүүлж байсан бол одоо Азид ийм зүйлийг үүсгэх гэж байна. Тухайлбал, Японыг, Өмнөд Солонгосыг турхирч байна. Монгол Улсын хувьд 1990 онд ардчилсан улс болохоо тунхагласан. Тиймээс Монголыг яавал өөрсдийн ашиг сонирхлын тал руу болгож болох вэ гэж бодож байх шиг. Мэдээж АНУ хоёр том хөршийг давж, Монголд орж ирнэ гэж байхгүй. Гэхдээ ардчиллаар дамжуулан манай улсад замбараагүй байдал үүсгэх юм уу, эсвэл өөртөө ашигтай нөхцөл байдал буй болгосноор Монголыг тоглоомынхоо нэг хэрэгсэл болгож болно” гэжээ.

Тэгвэл Монгол Улс өнөөдөр 33.8 тэрбум ам.долларын өртэй, цаашид ч өр тавихаас өөр аргагүй нөхцөл байдалд наадмаа тэмдэглэж байна. Эдийн засгийн  хувьд тусгаар тогтнолоо бараг л тавиад туучихсан. Гэтэл наадмын өмнө манайд айлчилсан алтан хөрш, ОХУ-ын Гадаад харилцааны  сайд С.Лавров Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/ дахь ажиглагчийн статусаа өргөжүүл, эдийн засгаа хөгжүүл гэх мэт зөвлөгөө өгөөд буцлаа. Мэдээж энэ үйл явдал наадмын түүх судлалд тэмдэглэгдэн үлдэх биз ээ.

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой бол Монгол Улс түүхэндээ хойд, урдаас ирсэн эзлэн түрэмгийлэгчдийг  хоёу­ланг нь хөөж гаргаж, гадаадын түрэмгийдэгчдээс бүрэн чөлөөлөгдсөний түүхт ой билээ. Тодруулбал, Оросын цагаант­нуудыг хөөж гаргасны 100 жил, Хятадын гамин цэргийг  бут цохиж эх нутгаасаа  хөөж гаргасны 100  жилийн ой тохиож байна.

Дэлхий нийтээрээ цар тахлыг даван туулж, эрүүл мэнд, эдийн засаг, тусгаар тогтнол, аюулгүй байдлын дархлаажуулалтдаа онцгой анхаарал хандуулж байна.  Энэ үед монголчууд бид наадмаа хийх, хийхгүй нь  гол биш түүхээ зөв ойлгох, сэрэх нь  л хамгийн чухал юм. Монгол наадам монголчууд бидний хамгийн гол дархлаа билээ. Та бүхэн минь үр хүүхэд, залуус хойч үедээ наадмынхаа гол агуулгыг ухааруулж, сэрээж, дэлхийд ганцхан наадамдаа дэнж хотойтол сайхан наадаарай. Төв Азийн цээжинд оршин мандаж ирсэн монголчууд мөнх оршиж, Монгол Улс минь мандан бадрах болтугай.

 

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top