Монгол Улсын урлагийн Гавьяат зүтгэлтэн, кино найруулагч Ж.Бунтар “Гарьд магнай”, “Тод магнай”, “Цэц магнай” гурвалыг бүтээсэн билээ. Тэрээр “Төгсгөл”, “Далайд дусал нэмэр”, “Нар хиртсэн жил” зэрэг уран сайхны бүтээлүүдээс гадна 60 гаруй баримтат кинонд ажилласан бөгөөд түүний урлагийн салбарт оруулсан хувь нэмэр, хөдөлмөрийг нь үнэлэн 1990 онд Урлагийн Гавьяат Зүтгэлтэн цолоор шагнажээ.
1. Гарьд магнай
1910-аад оны эхэн үеийн тухай өгүүлэх энэхүү кино нь Монголын уламжлалт эрийн гурван наадмын нэг үндэсний бөхийн онцлог шинж чанар, ёс жудгийг тухайн үеийн монголчуудын зан төрх, ахуй амьдралтай нягт холбож чадсанаараа олны талархлыг хүлээдэг.
2. Тод магнай
Эрийн гурван наадмын нэг болох хурдан морины уралдаан, түүний онцлог, олон зуун жил өвлөн уламжлагдаж ирсэн монгол уяачдын ур ухаан, уламжлалын тухай өгүүлжээ. Киног үзэж дуусгасны дараа нүүдэлчин ахуй, морины соёлыг өөрийн эрхгүй бахархан хайрлах нь дамжиггүй.
3. Цэц магнай
Халх сур харваа, сурчдын ур чадвар, өвөрмөц арга барилыг уран сайхны аргаар, домог үлгэрээс сэдэвлэн хийсэн тус гурвалын сүүлийн цуврал билээ. Уг гурван бүтээл бүгд Монгол орны цаг уур, дөрвөн улирал, байгалийн зураглал, ард олны ахуй амьдрал, газар орны гоо үзэсгэлэнг тод томруун тусгаснаараа Монголын кино урлагт үнэтэй архив болдог.
Сэтгэгдэл ( 2 )
Hezee ch uidaamgui goe kino nudd
Заавал үзэх албагүй л дээ, тэр тусмаа уйдталаа үзсэн ийм кинонуудыг