Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.ХҮРЭЛСҮХ:
Эрхэм хүндэт наадамчид аа. Эцэг тэнгэр хураа хайрлан, эх дэлхий шимээ хүртээж, түмэн олны сэтгэл тэнийсэн, дэлгэр сайхан зун цаг эх оронд минь айлчлан ирж, монгол түмний их баяр цэнгэл - Үндэсний их баяр наадам ёслол төгөлдөр эхэллээ.
Монголчууд бид төрт ёсныхоо энэхүү түүхэн их баяр наадмаар Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын түүхт 100, 101, Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойг хамтатган тэмдэглэж байна.
Түүх соёл, төрт ёсны дайчин уламжлалтай манай ард түмэн, эх оронч, эрэлхэг зоригт өвөг дээдсийнхээ бахдам гавьяа, бахархам үйлсийг зуун зуунаар түүчээлэн өртөөлж, мөнх тэнгэрийн хүчин дор төр улсаа бататган бэхжүүлж, дэлхийн дайдад суу алдраа дуурсгаж ирсэн баатарлаг түүхтэй ард түмэн билээ. Энэхүү баатарлаг түүхийн үргэлжлэл болсон босоо заяат монгол түмэндээ төрийн их баяр цэнгэл наадам, өндөр төрийн таширлан давхацсан тэгш сайхан ойнуудын бахдам сайхан баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Өвөг дээдсээс өвлөгдөн ирсэн Үндэсний их баяр наадам бол монгол төрийн оршин тогтнохуй, тусгаар тогтнолын бэлгэдэл, монгол үндэстний эв нэгдэл, эрх чөлөө, үүх түүх, үнэт зүйл, өв соёл, оюун санааны охь шим, хүн төрөлхтний соёлын үнэт өв билээ.
Хүчит бөхчүүдийн дэвээ шаваа хүй мандлаа дүүргэж, аргамаг хурдан хүлгүүдийн төвөргөөн тал нутгаа донсолгож, эрхий мэргэн харваачдын эрчит сум хөх тэнгэртээ исгэрч, саруул ухаант, өндөр заяат миний Монголын ард түмэн хотол олноороо дэнж хотойтол дэлгэр сайхан наадаарай.
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.
ШУУД ДАМЖУУЛЖ БАЙНА
Сэтгэгдэл ( 1 )
Хятадын ажилчны урлагийн үзлэг эхэлж байна