Ё.Бямбатогтох: Парламентын хариуцлагыг дээшлүүлэх боломж бий

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2022 оны 07 сарын 24

Хуульч, судлаач  Ё.Бямбатогтохтой Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эргэн тойронд ярилцлаа.


-УИХ намрын чуулганы эхэнд  Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэнэ. Өнгөрсөн 30 жилийн алдаа, гажуудлыг засах суурь өөрчлөлтүүдийг судлаачийн хувьд юу гэж үзэж байна вэ?

-Үндсэн хуулийг нэмэлт, өөрчлөт шаардлага байна уу, үгүй юу гэвэл зарим асуудлаар нэмэлт, өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага бий. Хамгийн ойрын жишээ гэвэл, Үндсэн хуулийн цэцийн асуудал. Монгол Улсын Үндсэн хуульд Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагааны биелэлтэд дээд хяналт тавих,  Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа юм гэж тодорхойлсон. Тэгсэн хэрнээ бодит байдалд Үндсэн хуулийн цэц ерөөс улс төрийн зорилгоор, хэн нэгний захиалгаар шийдвэр гаргадаг тоглоомын  байгууллага болж хувирсан

Ер нь бол аливаа хууль, тогтоомж Үндсэн хуулийнхаа суурь агуулга буюу зарчимд нийцэж байх ёстой. Гэтэл бодит байдалд Үндсэн хуулийн агуулгыг зөрчсөн маш олон хууль батлагдаж, амьдралд хэрэгжээд явж байдаг. Энэ асуудлаар Цэцэд хандахаар хүлээж авдаггүй, эсвэл 3-4 жил хэлэлцэхгүй сунжруулдаг. Ийм гажуудал тодорхой хэмжээнд байна. Тэгэхээр өнөөгийн өөрчлөлт бол Үндсэн хуулийн гажуудлыг өөрчлөх боломжтой юу, үгүй юу гэдэг нь мэдээж цаг хугацааны асуудал байх. Гэхдээ Үндсэн хуулийн цэцийн асуудлыг хөндөж байгаа нь дэвшил. Тухайлбал, Цэцийн гишүүн зөвхөн нэг удаа томилогддог байх гэсэн агуулга нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд яригдаж байгаа. Энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь тодорхой хэмжээнд засч сайжруулах чиглэлд яригдаж байна.

-Гажуудал үүсгээд байгаа шалтгаан нь юу вэ?

-Нэмэлт, өөрчлөлтүүд  нь Үндсэн хуулийнхаа суурь агуулга, зарчимтай зөрчилдөх асуудал тодорхой хэмжээнд гарч байгаа. 1992 оны Үндсэн хууль бол эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулна гэж заасан. Өөрөөр хэлбэл,  иргэний нийгэм байгуулна гэсэн үндсэн агуулгатай, ийм зорилго бүхий Үндсэн хууль. Гэтэл түрүүчийн парламентын үед Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд иргэний нийгэм буюу хүмүүнлэг, иргэний нийгэм байгуулна гэсэн тэр агуулга, зорилгын зөрчилдөөн, тухайлбал нам төвтэй улс төрийн тогтолцоог бий болгоход чиглэсэн өөрчлөлтүүд орсон.

Тэгэхээр бид өөрчлөлт хийж болно. Гэхдээ Үндсэн хууль бол нийгэм, эдийн засаг, улс төрийн суурь харилцааг зохицуулдаг  эрхзүйн гол баримт бичиг учраас  зөвшилцлийнх байх ёстой. Нөгөөтэйгүүр, тодорхой хэмжээний судалгаа, шинжилгээ явуулах, ард түмнийхээ санал бодолд тулгуурлаж байж хийгдэх ёстой. Түүнээс биш Үндсэн хууль гэдэг хэн дуртай нь гар хүрдэг, эсвэл эрх мэдэлтэй байна гэдгээрээ түрий барьж шийдээд явдаг хууль биш. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах  гэж байгаа гэдэг асуудал сүүлийн үед эрчимтэй яригдаж байна. Нийгэм янз янзаар ойлгож, хүлээж авч байх шиг байна. Хамгийн гол нь өөрчлөлт хийх гол ач холбогдол нь юу байх вэ гэдэг талаас хүмүүст мэдээллийг сайтар  өгөх зайлшгүй шаардлагатай.

-УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, сонгуулийн тогтолцоог  холимог болгох гээд тодорхой асуудлууд яригдаж байна. Манайд тогтолцооны ямар хэлбэр тохиромжтой бол?

-Сонгуулийн пропорциональ  тогтолцоо бол  хувь нэр дэвшигч гэсэн ойлголт байхгүй. Намууд рейтингээрээ мөрийн хөтөлбөрөө дэвшүүлж өрсөлддөг. Нийт сонгогчдоос авсан хувиар суудал хуваарилдаг. Манай улс 2012 оны сонгуулийг холимог тогтолцоогоор явуулсан. Тодорхой хэмжээний пропорциональ, мөн тодорхой хэмжээнд мажоритар гэсэн хосолсон хэлбэрээр сонгуулиа хийсэн. Давуу тал бий. Парламентад харьцангуй олон намын төлөөлөл оролцох боломжийг нээж өгдөг гэсэн утгаараа ач холбогдолтой. Гэхдээ пропорциональ системийн хамгийн боловсронгуй ямар хувилбарыг нь авч хэрэглэх вэ гэдэгт ихээхэн анхаарах ёстой.

Өмнө нь  манайхан энэ системийг ашиглахдаа жишээ нь намын дарга байвал тухайн жагсаалтын нэгдүгээрт бичигдэнэ гэх юм уу, нөгөөтэйгүүр тухайн жагсаалтыг  тодорхой хэмжээнд үнэлдэг. Чи жагсаалтын хоёрдугаарт бичигдвэл төдийг төлнө. Гуравдугаарт бичигдвэл төдийг өгнө гэх мэтээр үнэлдэг асуудал бий. Тиймээс пропорциональ тогтолцооны хувьд ийм байдлаар биш, сонгодог утгаар нь хэрэглэх учиртай. Пропорциональ тогтолцоог сонгодог утгаар нь хэрэглэдэг улс орнууд, жишээлбэл  академич С.Нарангэрэл гуай шиг хуулийн өндөр мэдлэгтэй, тухайн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсийг намын жагсаалтдаа оруулж, шийдвэр гаргах түвшин буюу парламентад оруулдаг, ийм л систем юм. Харамсалтай нь манайх үүнийг  жинхэнэ утгаар нь хэрэглэж чадахгүй байгаа юм. Нэг бол тухайн нам дотор дарга хийдэг, эсвэл мөнгөтэй хүмүүсээр намынхаа жагсаалтыг бүрдүүлээд байдаг. Иймд цаашдаа сонгодог утгаар нь хэрэглээд явбал илүү чадвартай, хүлээн зөвшөөрөгдсөн  хүмүүсийг төрд оруулж ирэх үүд хаалга нээгдэнэ гэж харж байгаа.

-Ингээд ярихаар  улс төрийн намуудын санхүүжилтийн асуудал зайлшгүй хөндөгддөг. Хууль эрхзүйн цогц шинэчлэл хийнэ гэвэл хэрхэн шийдвэрлэх боломжтой вэ?

-Улс төрийн намын санхүүжилт бол чухал асуудал. Нам идэвхтэй үйл ажиллагаа явуулах, мөрийн хөтөлбөрөө боловсруулах, иргэд сонгогчидтой уулзалт хийх, санал хүсэлтийг нь авах гээд тодорхой хэмжээний хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлууд яригдана. Өнөөдөр монголчуудын амьжиргааны түвшин доогуур байна. Дээр нь сонгогчдын боловсрол, сонгогчдын сэтгэлгээ учир дутагдалтай байдаг. Сөрөг нөлөө нь  сонгогчдын саналыг худалдаж авах явдал манайд бий болсон. Тэр нь ямар нэгэн байдлаар илэрдэг, бичлэг юм уу,  нотлох баримтаар тогтоогддог. Тэрийг нь хууль, хяналтын байгууллага шалгадаггүй. Хэрэг үүсгэж байгаад заримыг нь хэрэгсэхгүй болгочихдог.

Тэгэхээр энэ бол  зайлшгүй анхаарах асуудлын нэг. Иймээс боловсролтой гэдгээс илүүтэй мөнгөтэй хүмүүс түлхүү ордог систем  үндсэндээ Монголд бий болчихоод байна.  Тодорхой хэмжээнд улс төрийн намын санхүүжилтийг төсвөөс хийж явах нь зүйтэй гэдэг асуудал яригдаж байгаа. Гэхдээ ямар хэлбэртэй байх вэ. Том нам гээд том санхүүжилт аваад байх уу. Жижиг нам гээд жижиг санхүүжилт өгөх үү гээд маргаан дагуулж байгаа. Өнөөдөр бол парламентад авсан суудлынхаа тоогоор намууд тодорхой хэмжээнд санхүүжилт авч байгаа. Тэрийг төрөөс өгч байгаа намын санхүүжилтийн нэг хэлбэр гэж ойлгож болно. Гэхдээ жижиг намууд буюу парламентад суудалгүй намуудад тэр нь огт хамааралгүй болчихоод байгаа юм.

-Гишүүдийн тоог нэмэх нь зөв үү?

-Аливаа асуудал хоёр талтай.Сайн талаас харвал парламент өөрөө шийдвэр гаргадаг, хууль тогтоомж, улсын төсөв баталдаг  том эрх мэдэлтэй, Үндсэн хуулиар хуульчлагдсан  төрийн эрх барих дээд байгууллага. Монгол Улс парламентын тогтолцоотой орон. Парламентаас хэр зөв шийдвэр гарах вэ гэдгээс хамаарч, улс орны хөгжил, ирээдүй, нийгэм эдийн засгийн гээд олон асуудал шийдэгдэнэ. Тиймээс УИХ-аас гарч байгаа шийдвэрийн чанар өөрөө маш сайн байх ёстой. Амьдралд нийцсэн, холыг харсан шийдвэр байх ёстой. Гэтэл өнөөдөр 76 гишүүн гээд ярихаар харьцангуй цөөн шийдвэр гараад байгаа.

Хүн амыг  гурван сая орчим гэж үзвэл  харьцангуй цөөн хүн шийдвэр гаргаад явдаг. Зарим тохиолдолд шийдвэр гаргаж буй хүмүүс тодорхой хэмжээнд бүлэглэлийн гэх юм уу, ашиг сонирхолд автах, хэн нэгний нөлөөнд автаж шийдвэр гаргах эрсдэлтэй талууд байна. Цөөн хүн шийдвэр гаргаад байгаа нь холыг харсан, амьдралд нийцсэн шийдвэрүүд байж чадаж байна уу, үгүй юу гэдэгт бид анализ хийж үзэх цаг нь болсон. Парламентын гишүүдийн тоог нэмэх нь өөрөө ямар ач холбогдолтой вэ гэвэл, аль болох явцуу эрх ашигт тулгуурлаж шийдвэр гаргадаг байдлыг халахад  дэвшил болно. Улс орны хөгжлийг түүхийг авч үзэхэд, нэг хүн Монголын төрийг удирдаж байсан цаг үед Монголд хэлмэгдүүлэлт болж байсан гэх юм уу сөрөг жишээнүүд гардаг. Монгол Улс том гүрэн биш. Тиймээс гаднын нөлөөнд өртөх магадлал өндөр байдаг.

Тэр сөрөг нөлөөг багасгахад Ерөнхийлөгч голлох үүрэгтэй буюу Ерөнхийлөгчийн засаглалтай  байх бус, Монгол Улс парламентын засаглалтай байх нь зөв. Нэг хүн биш олон хүн шийдвэр гаргадаг  байх зарчмаар парламентын засаглалыг сонгосон гэж ойлгож болно. Дээр нь гишүүдийн тоог нэмэх гээд байгаа нь парламент явцуу эрх ашгаар хэдхэн хүн шийдэх биш, олон үзэл бодол уралдаж байж амьдралд нийцсэн зөв шийдвэр гаргах талаас ач холбогдолтой.

-Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь аюулгүй байдалд нийцэх үү?

-Судлаачийн хувьд би Ерөнхийлөгчийг парламентаас сонгохыг дэмжихгүй байгаа. Монгол Улсын Үндсэн хуульд засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэж заасан. Өнөөдөр парламентыг хэн бүрдүүлж байна гэвэл ард түмэн бүрдүүлж байгаа. УИХ өөрөө  Засгийн газраа бүрдүүлдэг. Аль ч засаглалд хамаарахгүй хэрнээ хууль тогтоох, гүйцэтгэх засаглалд тодорхой хэмжээнд оролцдог субьект бий. Тэр нь Монгол Улсын Ерөнхийлөгч. Энэ субьектийг ард түмэн сонгодог байх нь илүү ач холбогдолтой. Харьцангуй цөөн хүн хуйвалдааны гэх юм уу зарчмаар хэн нэгнийг Ерөнхийлөгч болгоно гэхээс илүүтэй ард түмний итгэл найдварыг хүлээсэн Ерөнхийлөгч байх нь зүйтэй.

Үүнтэй холбогдуулан онцолж хэлэхэд, нэгэнт Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийх гэж байгаа бол нэг асуудлыг орхигдуулж огт болохгүй. Энэ бол УИХ-ын гишүүдийн хариуцлагын асуудал. Ямар тохиолдолд тэднийг эргүүлэн татдаг байх ёстой вэ. Ёс зүйн зөрчил гаргавал ямар хариуцлага хүлээлгэх вэ. Энэ асуудал зайлшгүй байх ёстой. Тэгж байж парламент хариуцлагатай, ажил хэрэгч байдлаар ажиллана. Ингэж байж үйл ажиллагаа нь сайжирна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд үүнийг бий болгох боломжтой.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.26.194.149) 2022 оны 07 сарын 25

chi yu jan yu jan yu bolchod hesee baihda chi neg medleg amitan medemhi bolchoboo.

0  |  0
zochin(103.26.194.149) 2022 оны 07 сарын 25

chi yu jan heldhe baihgui yu mini ah mini a d yumu daa tegel bi alchal mongo ed hogshil abdin

0  |  0
Зочин(122.201.31.227) 2022 оны 07 сарын 24

Ёс суртахуунтай байчихаад том ярь. Гэрээ зас.

0  |  0
Top