Дулааны улирлын цаг агаарын төлөв байдлаас харахад зуны саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан буюу олон хоногоор хэт халуун үргэлжлэх, гэнэтийн аадар бороо орж болзошгүй байна.
Мөн малын гоц халдварт өвчний эрсдэл өндөр, малын тоо толгойн хэт өсөлт, бэлчээрийн даац багтаамж жилээс жилд багасаж байгаа тул 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтийн бэлтгэлийг эртнээс хангах талаар ХХААХҮЯ-наас Засгийн газрын хуралдаанд танилцуулсан юм.
Энэ бүхнийг харгалзан үзэж Засгийн газраас “Хөдөө аж ахуйн салбарын 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” тогтоол, мөн аймаг, нийслэл, сум, дүүргийн аюулгүйн нөөцөд бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн хэмжээ зэргийг батлав.
Хөдөө аж ахуйн салбарыг байгалийн болзошгүй гамшиг, эрсдлээс сэргийлэх, ургац хураалтын болон 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлыг төрийн захиргааны байгууллага, малчид, тариаланчид, иргэд, аж ахуйн нэгжийн түвшинд шуурхай зохион байгуулах, хяналтыг сайжруулах зорилгоор Ерөнхий сайдын албан даалгаврыг баталж, хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газрын холбогдох гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
Сэтгэгдэл ( 0 )