Эрчим хүчний хуримтлуурын шав тавилаа

2022 оны 08 сарын 05

“Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуур” төслийн барилга угсралтын ажлыг өчигдөр эхлүүлж, нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцлоо.

Энэ үеэрээ Ерөнхий сайд “Энэхүү бүтээн байгуулалт ашиглалтад орсноор төвийн эрчим хүчний системийн бие даасан байдал шинэ шатанд гарах болно. Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд, түүний дотор усан цахилгаан станц барьж байгуулах ажлыг нэн тэргүүний зорилт болгож, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг дуусгаж, Эгийн голын усан цахилгаан станцыг эхлүүлэхийн төлөө бүхий л боломжоо дайчлан ажиллана.

Мөн хүчин чадлыг нь 75 МВт-аар өргөтгөж, 250 МВт-аар шинэчлэх III цахилгаан станцын өргөтгөл, Тавантолгойн дулааны цахилгаан станц, Багануурын цахилгаан станц, 50 МВт-аар хүчин чадлыг нь өргөтгөх Чойбалсангийн дулааны цахилгаан станц зэрэг бүтээн байгуулалтын төслүүдийг цаг алдалгүй эхлүүлнэ. Саяхан Улаанбаатар хотын зүүн бүсийн дулааны эрчим хүчийг хангах Амгалангийн 116 МВт-ын дулааны станцын ажлыг эхлүүлсэн” гэсэн байна.

Мөн тэрбээр “Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бид бүхэн эрчим хүчний салбартаа дорвитой хөрөнгө оруулалт хийгээгүй. IV цахилгаан станцыг барьснаас хойш нэг ч эх үүсвэрийг бариагүй. Шугам сүлжээ бүхэлдээ муудсан. Тиймээс эрчим хүчний салбар нийлүүлэлтээ хийж чадахгүй хэмжээнд хүрсэн. Цаашдаа аж үйлдвэр, барилга хот байгуулалтын салбар хөгжих боломжгүй болсон нь бодит байдал” хэмээн хэлсэн.

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Эрчим хүчний сэргэлт багц ажлыг хэрэгжүүлэх хүрээнд 13 арга хэмжээ, 22 хөгжлийн төслийг эхний ээлжинд үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тусгасан байдаг. Энэхүү төсөл нь ч “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлж байгаа ажил ажээ. Төслийн барилга угсралтын ажил 14 сарын хугацаанд үргэлжилж, 2023 оны өвлийн оргил ачааллаас өмнө Төвийн бүсийн эрчим хүчний системд холбогдох гэнэ. Дэлхийд томд тооцогдохуйц 200 МВт цагийн хүчин чадалтай Литиум-Ион төрлийн батарей ашигласан хуримтлуурын байгууламжийг суурилуулж, 110 кВ-ын “Сонгино” дэд станцад холбох юм. Ингэснээр Монгол Улсын Төвийн бүсийн эрчим хүчний системийн тогтвортой, найдвартай ажиллагааг дээшлүүлнэ.

Мөн нэгдсэн сүлжээний дутагдлыг нөхөх, 200 МВт хүртэл чадлыг нийлүүлж, импортын эрчим хүчийг бууруулах юм байна. Үүнээс гадна хүчдэлийн тохируулга хийх, дулааны цахилгаан станцыг “тэг” зогсолтоос сэргийлж, цахилгаан эрчим хүч нийлүүлэх зэрэг туслах үйлчилгээг эрчим хүчний системд үзүүлэх гэнэ.

Төслийг Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны хооронд 2020 оны тавдугаар сарын 14-ний өдөр байгуулсан 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл болон гурван сая ам.долларын буцалтгүй тусламж, нийт 103 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлэх аж. Төслийн хэрэгжилтийн үед 120 түр ажлын байр, төсөл ашиглалтад орсны дараа 25 байнгын ажлын байр бий болох юм байна.

 

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗАСВАР, ҮЙЛЧИЛГЭЭ 60 ОРЧИМ ХУВЬТАЙ БАЙНА

 

Энэ үеэр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Эрчим хүчний өсөлтийн хэрэгцээг бид дотоодын эх үүсвэрээс хангаж чадахгүй болсон. Өнөөдөр хэрэглээ нь үйлдвэрлэлээсээ давсан. Тиймээс хэрэглээнийхээ тодорхой хувийг импортын эрчим хүчээр хангаж байна. Ажиллаж байгаа тоноглуур дээр ямар нэгэн гэмтэл саатал гарвал тодорхой хэмжээнд хязгаарлалт хийх нөхцөл байдалд байгаа. Ийм байдал энэ жил бий болоогүй. Удаан хугацаанд ийм нөхцөл байдалтай ажиллаж байна. Хэдий ийм ч гэсэн хэвийн хэмжээнд эрчим хүчээр хангахын тулд их ачааллаас өмнө бэлтгэлээ сайн хангах хэрэгтэй.

Энэ жилийн хувьд өмнөх жилүүдээс илүү хүндрэлтэй байна. Ялангуяа эрчим хүчний засварын ажилд ашигладаг тоног төхөөрөмж, бараа материалын үнэ ханш өссөн, хил гааль хязгаарлалттай байгаа нь нөлөөлж байгаа. Цаашид шинэ эх үүсвэрийг аль болох богино хугацаанд барьж байгуулах ёстой. Түүнээс өмнө одоо байгаа эх үүсвэрүүдийнхээ найдвартай ажиллах нөхцлийг хангах хэрэгтэй. Засвар, үйлчилгээгээ бид 60 орчим хувьтай хийж байна. Энэ цаг үед үнэ тарифыг нэмэх нь маш хүндрэлтэй учраас эрчим хүчний салбарт тулгамдаж байгаа санхүүгийн асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдгийг Засгийн газар дээр нухацтай ярьж байгаа” хэмээн хэллээ.

Тэгвэл Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Э.Батшугар “Хуримтлалын станц гэдэг бол дэвшилтэт технологи. Энэ баригдвал дэлхийд эхний 15-д орох том станц юм. СХД-ийн хувьд эрчим хүчний доголдол үүсдэг. Харин энэ хуримтлалын станц маань эхний ээлжид СХД-ийн дэд станц руу эрчим хүч нийлүүлснээр тогтвортой, найдвартай байх боломжийг өгнө. Үүнээс гадна төвийн дүүргийн эрчим хүч найдвартай байдлыг хангахад том дэм болно. Монгол Улсад дэвшилтэт технологи ирж байгаа нь өөрөө маш сайн талтай” гэсэн юм.

Т.ХӨВСГӨЛ

 

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top