Л.Энх-Амгалан: Галын хайчаар замын төлбөр авдгийг цахимжуулна

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 10

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд хэлэлцсэн асуудлаар Л.Энх-Амгалан сайд мэдээлэл хийлээ. Тэрбээр өөрийн удирдаж буй боловсролын салбар болон цахим хөгжлийн асуудалтай холбоотой хэд хэдэн мэдээллийг өглөө.

Тодруулбал, Уул уурхайн яамтай хамтарч Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, лиценз олголтыг цахимд суурилсан тогтолцоонд шилжүүлэх, авто замын төлбөр авах системийг цахимд шилжүүлж байгаа асуудлууд, өнөөдөр эхэлж байгаа цэцэрлэгийн бүртгэлийн талаар мэдээлэл хийв.

Цахим хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:

-Монгол Улсын Засгийн газар цахим үндэстэн болох зорилтын хүрээнд И-Монголиа флатформд 21 аймгийн 1200 үйлчилгээг, улсын хэмжээнд 685 төрийн үйлчилгээг цахимжуулсан. Оны төгсгөлөөр 600 орчим үйлчилгээг цахимжуулах төлөвлөгөөтэй байна.

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Уул уурхайн яамтай хамтарч Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, лиценз олголтыг ил тод нээлттэй болгох асуудлыг хэлэлцлээ. Өнгөрсөн хугацаанд 13 мянга орчим лиценз олгогдсон байна. Уг лицензийг аваад олборлолт хийж байгаа эсэх нь тодорхойгүй лицензийн наймааны тогтолцоо Монгол Улсад байдаг. Зарим жилд 2000 орчим лиценз олгож байсан тоо бий. Лицензийн наймааг зогсоох хамгийн гол шийдэл бол ил тод нээлттэй болгох цахимд суурилсан лицензийн тогтолцоо юм. Энэ онд багтаан И-Монголиа флатформд нэгдэнэ.

Улсын төсвөөс гадуур явагддаг лицензийн наймаа төсөвт орж ирэх, орлого болох боломж бүрдсэн гэж хэлж болно.

Хоёрдугаарт, Зам тээврийн хөгжлийн яамтай хамтарч Монгол Улсад байгаа замын төлбөр авах хэрэгслүүдийг цахимжуулах шийдвэр гарлаа. Олон улсын болон орон нутгийн 15 мянган км зам байдаг. Өнөөдрийн байдлаар 35 төлбөр хураах цэг байдаг. Машинаар явж буй иргэдээс галын хайч гаргаад төлбөр авдаг. Иймд дээрх 35 цэг бүрэн цахим болно. Ингэснээр өмнөх жилүүдэд орж ирж байсан 30 тэрбум төгрөгийн орлого 30 хувиар буюу 9 тэрбум төгрөгөөр нэмэгдэх боломж байна. Төлбөрийг QR код уншуулах юм уу картаар тооцоогоо хийх байдлаар шийднэ. Улсын төсвөөс нэг ч төгрөг гарахгүй. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийгдэнэ. Одоогоор 252 мянган иргэнд тоон гарын үсэг олгоод байна. Цаашид тоон гарын үсэг бол цахим шилжилтийн гол хэрэгсэл байна. Тоон гарын үсэг авсан иргэн өөрийн байгаа газраасаа үйлчилгээ авах боломжтой болно. Тэр бүү хэл, нотариат хэрэггүй болох боломж бүрдэж байна.    

Гуравдугаарт,  цэцэрлэгийн бүртгэлийг цахим хүсэлтээр авч эхэлсэн. Жил бүр 34 мянган хүүхэд цэцэрлэгийн гадна үлдэж байсан. Энэ жил сугалаа сугалуулахгүйгээр шинэ хичээлийн жилд хамруулах боломж бүрдэж байна. Шинэ хичээлийн жилд сугалааны гадна үлддэг 34486 хүүхдээс 26643 хүүхдийг хамруулах боломж бүрдсэн. Ингэхдээ цэцэрлэгийн зориулалтаар 92 барилга түрээсэлж, 9850 хүүхэд хамруулна. Хувийн цэцэрлэгт 10272 хүүхдийг хамруулах, төрийн өмчийн цэцэрлэгт 4000 хүүхэд нэмж хамруулна. Уламжлалт гэр цэцэрлэгт 240 хүүхэд, хүүхэд харах үйлчилгээгээр 2000 хүүхэд, байгууллагын цэцэрлэгээр 1000 хүүхэд хамруулна гэж ойлгож байгаа.

Арав болон арваннэгдүгээр сард 24 обектийг хамгийн ачаалал өндөр байгаа  ХУД, БЗД-т авч 3000 хүүхэд хамруулах боломж байна. Мөн орчин үеийн цомцог гэрт 1190 хүүхэд хамруулна.

Оноос өмнө үлдсэн 8000 хүүхдийг хамруулна. Бүртгэлийг гурван үе шаттай хийнэ.

Эхний бүртгэлийг наймдугаар сарын 8-24, есдүгээр сарын 5-30, аравдугаар сарын 3-24 өдрүүдэд зохион байгуулна. Хэн түрүүлж бүртгүүлсэн нь цэцэрлэгт орно гэсэн асуудал байхгүй. Эхний бүртгэл хийгдээд хамран сургах тойргийн мэдээллийг өгнө. Яагаад гурван үе шаттай хийгдэж байгаа вэ гэхээр иргэдийн дунд бүртгэлийн асуудал хүнд байна. Иргэдийн хаягийн мэдээлэл зөрдөг учраас гурван үе шаттай хийхээр төлөвлөөд байна.   

Эцэст нь, эцэг эхчүүд хаягийн бүртгэлээ зөв хийлгээрэй гэж хүсэж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Fwdch(66.181.161.5) 2022 оны 08 сарын 10

Avax ymaa l tsahimjuulaal bhimaa gulugnvvd zam nertei tamaa zasaad daraa n avch boldgv muu

0  |  0
Top