БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жинтэй хэлэлцээ хийлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 29

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол Улсад айлчилж буй БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин энэ оны 8 дугаар сарын 29-ний өдөр Сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийв. Гадаад харилцааны сайд нарын албан ёсны хэлэлцээ найрсаг, ажил хэрэгч уур амьсгалд болж, дээд түвшинд тохиролцсон Монгол Улс, БНСУ-ын Стратегийн түншлэлийн тухай Хамтарсан тунхаглалын мөрөөр хэрэгжүүлж буй бодит ажлуудыг хэлэлцэн хамтын ажиллагааг 5 тулгуур чиглэлд өргөжүүлэн бэхжүүлэх талаар тохиролцов.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын Гадаад хэргийн сайдын Монгол Улсад хийж буй энэ удаагийн айлчлал хоёр улсын Стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, иргэд хоорондын найрсаг харилцааг бататгахад чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Гадаад хэргийн сайд Пак Жин Монгол Улсад ийнхүү 8 дахь удаагаа зочилж буй бөгөөд Гадаад хэргийн сайдын хувиар хийж буй энэ удаагийн айлчлалд сэтгэл хангалуун байгаагаа дурдаж, Монголын ард түмэн найрсаг, халуун дотно хүлээн авч буйд талархал илэрхийлэв.

Монгол Улс, БНСУ нь ардчилал, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засгийн харилцааны нийтлэг үнэт зүйлстэйг талууд тэмдэглэв. Монгол Улс, БНСУ-ын улс төрийн яриа хэлэлцээг эрчимжүүлж, гадаад бодлого, аюулгүй байдал, батлан хамгаалах асуудлаарх стратегийн яриа хэлэлцээний механизмыг бэхжүүлэх талаар талууд санал нэгдэв. Энэ хүрээнд Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хороо, Гадаад харилцааны яамд хоорондын Стратегийн зөвлөлдөх уулзалт зэрэг яриа хэлэлцээний механизмуудыг бэхжүүлж, энэ онд багтаан ээлжит уулзалтуудыг зохион байгуулахаар тогтов.

Талууд тээвэр логистик, аялал жуулчлал, эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг эдийн засгийн тэргүүлэх чиглэлийг хөгжүүлэхэд түлхүү анхаарч ажиллахаар ярилцав. Энэ хүрээнд Монгол Улсын “Алсын хараа 2050” урт хугацааны бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг БНСУ-ын шинэ Засгийн газрын бодлоготой уялдуулан тээвэр, логистик, эрчим хүч, дэд бүтцийн салбарт үр ашигтай хамтран ажиллах, бүтээн байгуулалтын томоохон төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх талаар үр бүтээлтэй санал солилцов.

Монгол Улсын шинэ нисэх онгоцны буудлыг бүс нутгийн хэмжээний тээвэр, логистикийн зангилаа болгох, Хөшигийн хөндийд шинэ хот, эдийн засгийн чөлөөт бүс байгуулах хүрээнд БНСУ-ын Инчоны чөлөөт бүс байгуулсан туршлагыг судлах ажлыг амжилттай эхлүүлснийг талууд сайшааж, энэ чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тогтов.

БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин Монгол Улсын “Шинэ сэргэлтийн болдого”, Хөшигийн хөндийд шинэ хот байгуулах, бүтээн байгуулалтын томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжиж ажиллахаа илэрхийлж, энэ хүрээнд Солонгосын “K-City Network” төсөл хөтөлбөрийг “Шинэ Зуунмод” хотод хэрэгжүүлэхээр сонгон шалгаруулсныг тэмдэглэв. Мөн хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг дэмжих хүрээнд “Smart farm” төслийг Монгол Улсад хэрэгжүүлж, хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр болов.

Хоёр улсын харилцан ашигтай, бие биеэ нөхсөн эдийн засгийн харилцааг Монгол Улсын байгалийн баялаг, БНСУ-ын ноу-хау, шинэ дэвшилтэт технологийг хослуулах замаар хөгжүүлэх талаар ярилцав. Худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, худалдааны саад тотгорыг бууруулах чиглэлд эрх зүйн орчинг бэхжүүлэх хүрээнд хоёр улсын хамтарсан судалгааны дүнд үндэслэн “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” байгуулах яриа хэлэлцээг эхлүүлэхээр тохиролцов. Мөн “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг шинэчлэх ажлыг эрчимжүүлэхээр болов.

Сайд Б.Батцэцэг манай “гуравдагч хөрш” БНСУ нь Монгол Улсыг зах зээлийн эдийн засагт шилжсэн үеэс эхлэн тууштай дэмжиж ирсэн бөгөөд БНСУ-ын Хөгжлийн албан ёсны буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэв. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд эхлүүлсэн “Солонго 1, 2 орон сууцны хороолол” барих төслүүд болон “10 аймгийн төвийн дулааны станц” барих төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар онцгойлон анхаарч ажиллахаар тогтов.

Солонгосын тал газрын ховор элемент, хагас дамжуулагчийн түүхий эд нийлүүлэхэд Монгол Улстай хамтран ажиллах сонирхлоо илэрхийлж, Газрын ховор элементийн хамтарсан судалгааны төвийг Монгол Улсад байгуулахад БНСУ-ын Засгийн газраас буцалтгүй тусламж олгохоор болж байгааг онцлон тэмдэглэв.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар ярилцав. Манай улсын “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн” зэрэг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэхэд чиглэсэн санаачилгыг БНСУ дэмжиж, БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй “Ногоон хэрэм” 3 дугаар шатны төслийн хүрээнд нийт 45 га талбайд мод тарих ажлыг өргөжүүлэхээр болов.  Мөн Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллах тухай Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг энэ удаагийн айлчлалын хүрээнд хоёр тал үзэглэв.

Монгол, Солонгосын иргэдийн солилцоог дэмжих хүрээнд соёл, урлаг, соёлын бүтээлч үйлдвэрлэл, боловсрол, хүүхэд, залуучуудын хөгжил, биеийн тамир, спорт, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг дэмжиж ажиллах талаар ярилцав. БНСУ-д оршин суугаа манай иргэдийн эрх ашгийг хамгаалах болон хоёр улс харилцан адил байх зарчмын дагуу иргэд зорчих таатай нөхцлийг бүрдүүлэх, эмчилгээний зорилгоор зорчих монгол иргэдэд визийн нөхцлийг хөнгөвчлөх, хэтдээ харилцан визгүй зорчих чиглэлд БНСУ-ын зүгээс онцгойлон анхаарч ажиллахаар болов.

Мөн иргэд консул, визийн нөхцлийг хөнгөвчлөх талаар бодит ахиц гаргахын төлөө хоёр улсын Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам зэрэг холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулсан ажлын хэсгийг байгуулан ойрын хугацаанд яриа хэлэлцээг хийхээр тохиров.

Зүүн хойд Азид зэрэгцэн оршиж буй Монгол Улс, БНСУ нь бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангах, бүс нутгийн хөгжил цэцэглэлтийн төлөөх үйлсэд хамтдаа хувь нэмэр оруулах өргөн боломж байгааг дурдаад Зүүн хойд Азийн аюулгүй байдал, энх тайвны төлөөх манай “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгад БНСУ идэвхтэй оролцож ирснийг тэмдэглэв. Монгол-БНСУ-АНУ-ын гурван талт уулзалтыг зохион байгуулах тухай монголын талын санаачилгыг БНСУ дэмжиж ажиллахаа мөн илэрхийлэв.

Монгол Улсын Зүүн Азийн дээд түвшний уулзалтад оролцогч улс болох, болон Ази, номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК)-т элсэх монголын талын санал санаачилгыг дэмжиж байгаагаа солонгосын тал анх удаагаа илэрхийлэв.

БНСУ-ын Гадаад хэргийн сайдын 8 жилийн дараа хэрэгжиж буй энэхүү айлчлал Монгол, Солонгосын өнгөрсөн 30 жилийн харилцааг дүгнэн, ирэх 30 жилийн хамтын ажиллагааны хэтийн төлөв, замын зураглалыг тодорхойлоход онцгой ач холбогдолтой болж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin (106.154.128.17) 2022 оны 08 сарын 30

ene deeltei hiam chig avgaig sain harj haynaj baihgui bol ene tend gar baij gariin useg zurj zurgaa daruulsan avgai atd tumend haragdaj oilgotol yu hiij baigaaga ard tumend taibarlaj ajilaa mgl har ornii har ajil hiideg ard tumen bolchood bna mgl une tei baimaar bna deelei avgai mini ee

0  |  0
Top