Аймгийн Засаг дарга нараас анхны эмэгтэй удирдагч хэмээх алдарыг зүүхийн сацуу хөрөнгө оруулалтын мэдүүллэгээрээ олны анхаарал, шүүмжлэлийг онцгой татаж буй Э.Болормаа өнгөрөгч долоо хоногт Ховд аймгийг зорьсон билээ. Тэгвэл тэрбээр өчигдөр /2022.09.05/ олон нийтийн ажлаа эхлүүлсэн талаараа өөрийн цахим хуудсанд нийтэлжээ. Түүний олон нийтийн ажлын эхлэл нь хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн хамтарсан багийн үйл ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлэх сургалт, арга хэмжээ байсан бөгөөд энэ талаараа тэрбээр "Миний бие Ховд аймгийн Засаг даргаар томилогдсоноос хойш олон нийтийн ажлаа "Хүүхэд хамгааллын ажил"-аас эхэлж байна. Ховд аймгийн Хүүхдийн зөвлөлийн даргын хувьд ажиллах хугацаандаа хүүхдийн эрх хамгаалал, хөгжил оролцооны хувьд анхаарч, ажиллана" хэмээн өгүүлжээ.
Энэхүү зорилт, зорилгынхоо хүрээнд тэрбээр 2020-2024 оны Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан хүүхдийн "Баянбулаг" зуслангийн үйл ажиллагааг сэргээж, эхлүүлэх, Залуучуудын дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж, гэр бүл болон хүүхдийн эсрэг хүчирхийлэлд өртсөн хохирогчийг түр хамгаалах байрны тогтвортой үйл ажиллагааг хангах, Бүтэн өнчин хүүхдэд олгох “Гэрэлт ирээдүй” тэтгэлгийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ хэмээн амлалт өгсөн байна.
Сэтгэгдэл ( 1 )
за болтугай ажилгүй баахан хүмүүс хотруу орж ирээд хотод чинь бөөн түгжрээ үүсгээд байна энэ байдлыг л зогсоох ажил хий