Олон улсын бичиг үсгийн өдөр тохиож буйтай холбогдуулж есдүгээр сарын 08-ны өдөр Соёлын яаманд “Тэгш таван хүсэл” монгол бичгийн уран бичлэгийн үзэсгэлэн толилууллаа.
Даяаршиж буй нийгэмд дангааршиж үлдэхийн тулд үндэснийхээ бичиг соёлыг сурталчлан таниулах зорилготой эл үззсгэлэнд Говьсүмбэр аймгийн Эрдмийн бийр дугуйлангийн сурагчдын бүтээл тавигджээ. Сүүийн үед залуус хүүхдүүд үндэсний бичиг соёлоо дээдлэн хүндлэх, өвлөн суралцах үйлсэд идэвхийлэн оролцож буй нь энэ арга хэмжээгээр тод харагдаж байлаа.
ЦАХИМ ОРЧИНД МОНГОЛ БИЧГИЙГ СУРАХ НЬ БИЙР БЭХ, ЦААС МУУТУУ ХЭМНЭХ ДАВУУ ТАЛТАЙ
Соёлын яамны үүдний танхимд үндэсний бичгийг урлагийн түвшинд урлан бичсэн бүтээлүүдийг дэлгэжээ. Дээлээр гангарсан оюутан залуус багшийнхаа хамтаар Чойрын Богд заларсан нутгаасаа зорин иржээ. Тэдний ур ухаанаас ундран таталгасан бүтээл дунд Ардын уран зохиолч яруу найрагчдын шүлэг найраглал бэлхнээ тодорно.
Нээлтийг эхлүүлж Соёлын яамны Соёлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Наранцэцэг үг хэлэв. “НҮБ-аас 1966 оны есдүгээр сарын 8-ныг олон улсын бичиг үсгийн баяр болгож тунхаглан зарласан. Дэлхийн боловсролын сайд нарын бага хурлын зөвлөмжийн дагуу ЮНЕСКО-оос энэ өдрийг бичиг үсэг үл мэдэх явдлыг устгах өдөр болгон баталсан юм. Энэ өдрөөс хойш улс орон бүр хүн бүхнийг бичиг үсэгтэй болгох нөхцөл боломжийг хангах тал дээр анхаарч иржээ.
Монгол Улс 1970 онд кирилл бичиг үсэгт тайлагдсан байдлаараа дэлхийд үнэлэгдэж байсан түүхтэй. 2015 онд Монгол хэлний тухай хууль шинэчлэгдэн батлагдаж бүх нийтээрээ хос бичигтэй болох зорилт тавьсан.
2025 оноос төрийн албан бичгийг монгол бичгээр явуулах зорилт тээж буй энэ үед хүүхэд залуус маань үндэсний бичгээ манлайлан суралцаж, уран бичлэгийн төрлийг чамбайлан оролдож, үе тэнгийнхэндээ үлгэр дуурайл болж буйд Соёлын яамны удирдлагаас сайшаан дэмжиж байна. Манай яамнаас өнгөрсөн жил Хос бичигтэн яам арга хэмжээг эхлүүлсэн. Энэ жил Хос бичигтэн байгууллага зорилтыг тавин ажиллаж байна. Яамны ажилчид маань монгол бичгийн ахисан түвшний сургалтдаа хамрагдаж байгаа. Үндэсний үсэг бичгээ түгээн дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж буй та бүхэнд амжилт хүсье, үргэлж дэмжин ажиллах болно” гэдгээ илэрхийллээ.
Тэгвэл Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батзам “Соёлын яамны зүгээс багш сурагч, оюутан залуусыг маань дэмжиж буйд туйлын баяртай байна. Манай аймгийн хувьд жил бүр уран бичлэгийн үзэсгэлэнгээ гаргадаг. Аймгийн Засаг даргын хувьд энэ үйлсийг нь жил бүр дэмжиж, ном товхимол, бичиг хэргийн материаллаг баазаар хангаж ирсэн. Үүний нэг жишээ нь багш Э.Олонцэцэгийн гарын авлага товхимлыг 1000 хувь хэвлэж аймгийн төрийн болон төрийн байгууллагын албан хаагч нарт тараасан. 2018 оноос УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийн санаачилгаар “Эх соёл-Их үндэс” хөтөлбөрийн хүрээнд Эрдмийн бийр дугуйлангийн үйл ажиллагаа улам эрчимжсэн” гэлээ.
Үзэсгэлэнд Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн “Хар цас”, Төрийн шагналт зохиолч Ч.Чимидийн “Би монгол хүн” зэрэг үндэсний бахархал төрүүлсэн бүтээлээр уран бичлэгээ туурвижээ.
Үүний зэрэгцээ цахим бичигтэн аяныг зарлаж залуу хүүхдийг цахим орчинд монгол бичгээ зөв сайхан бичих уриалгыг дэвшүүлсэн нь цаг үеэ олсон шийдэл байлаа. Ухаалаг гар утсаараа хадмал, хөрвүүлэг байдлаар монгол бичгээ хэрхэн зөв ашиглахыг зааж таниулсан уг хэсэг нь хүмүүсийн анхаарлыг зүй ёсоор татаж байв. Энэ нь цаг үрэхгүй, хурдан сурах, бийр бэх, цаас муутууг хэмнэх давуу талтайг онцолж байлаа.
МОНГОЛ БИЧИГ БОЛ УХААНЫ БИЧИГ
Ташрамд дурдахад дэлхий дээр бичиг үсэгт тайлагдсан хүмүүсийн тоо дунджаар дөрвөн тэрбум байдаг бол 860 сая гаруй насанд хүрэгчид бичиг үсэг тайлагдаагүй хэвээр байгаа аж. Мөн 100 сая орчим хүүхэд, залуучууд сургуульд сурдаггүй нь харамсалтай. Өөрөөр хэлбэл, дэлхийн хүн амын 15 гаруй хувь нь одоогоор бичиг үсэг тайлагдаагүй бөгөөд энэ үзүүлэлтийн гуравны хоёр хувийг эмэгтэйчүүд эзэлдэг аж. Бичиг үсэг тайлагдаагүй насанд хүрэгчдийн бараг 40 хувь нь Энэтхэгт, тэдний тавны нэг нь Африкийн орнуудад амьдардаг гэсэн судалгаа бий.
Тэгвэл манай орны хувьд кирилл болон монгол бичгээ хослуулан суралцахын зэрэгцээ хүссэн орны хэлээ эзэмших бүрэн боломж нь нээлттэй. Монгол Улсад үндэсний бичгээ мэддэг хүний тоо өдрөөс өдөрт нэмэгдэж мэргэжлийн болон урлагийн түвшинд хүрсэн нь бахархалтай.
Энэхүү бахархлыг түүчээлж “Тэгш таван хүсэл” үзэсгэлэнг гардан нээсэн Говьсүмбэр аймгийн II сургуулийн багш Э.Олонцэцгээс сэтгэгдлийг нь сонслоо. Тэрбээр “Би боловсролын байгууллагад 15 жил ажиллаж байна. Уран бичлэгээр долоон жил хичээллэж бие даасан “Сэтгэл зүтгэл, “Монгол толбо”, “Урлах томъёо”, шавь нартайгаа хамтарч “Амин гариг”, “Тусгаар тогтнол”, “Төрөлх хэл - Монгол бичиг” үзэсгэлэн гаргасан. Үзэсгэлэн гаргах тутамд хүүхдүүдийн уран бичлэгийн ур чадвар нь сайжирч, бусдадаа эерэгээр нөлөөлж байдаг учраас жил бүр гаргахыг зорьдог. Энэ жилийн тухайд нийслэл хотноо Соёлын яамтай хамтарч үзэсгэлэнгээ толилуулж байна. Монгол бичгээрээ бичихдээ эх орон гэсэн бүхнээ шингээдэг. Монгол бичигт Монгол гэсэн бүх үнэт өв маань багтдаг. Таван үеийн шавь нар маань оролцсон учраас хүсэл маань биелж “Тэгш таван хүсэл" хэмээн үзэсгэлэнгээ нэрийдсэн” хэмээлээ.
Үзэсгэлэнд оролцож буй МУИС-ийн МХСС-ийн II дамжааны оюутан Э.Бямбасүрэн “Би сургуулиа төгсөөд монгол хэл шинжлэлийн судлаач, эрдэм шинжилгээний ажилтан болно. Хүн бүр гадаад хэл сурахаар тэмүүлж байгаа энэ үед үндэсний бичиг соёлоо төгс судалсан байх нь илүү үнэ цэнтэй санагдсан. Ирээдүйд үнэ цэнээ алдахгүй, улам л эрэлттэй болох мэргэжил учраас миний хувьд энэ ангийг сонгосон. Эрдмийн бийр дугуйланд таван жил хичээллэж байна. Өнгөрсөн жил бие даасан “Амин гариг” үзэсгэлэнгээ гаргаж байсан. Бийрээр уран бичлэг бичихэд тайвшралыг мэдэрдэг. Ухаан санаа төвлөрдөг учраас бясалгал хийх мэт тархи оюун амарч, сэтгэл зүрх баясаж байдаг” гэсэн бол МУБИС-ийн МХСС-ийн I дамжааны оюутан С.Баярмөнх “Монгол бичиг бол ухааны бичиг. Аман ярианы хэлээс дуудлага галиг нь өөр боловч зурлага, татлага бүхэн нь утга учиртай. Нэг ч сул зураас үгүй. Хэрэв монголчууд монгол бичгийнхээ аялгуу дуудлагаар яридагбол хэчнээн сайхан зөөлөн уянгалаг сонсогдоно гээч. Кирилл бичигтэй хольсноос хойш хатуу дуудлагатай болсон юм шиг санагддаг. Би Э.Олонцэцэг багш шигээ мундаг багш болоод хойч үедээ монгол бичгээ төгс сайхан зааж, уламжлахыг хүсэж байна” гэлээ. Гэгээн хүслээр жигүүрлэсэн оюутан залуусын өөдрөг бодол, үндэсний дархлаа, уран чадвар, ур ухаанаар амилсан “Тэгш таван хүсэл” үзэсгэлэн Олон улсын бичиг соёлын өдрөөр ийнхүү дангааршиж, олон түмний мэлмийг баясгаж, оюуныг бадраалаа.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 1 )
Uzesgelend gargasan buteeluudees xudaldaj avmaar baina