Холливудын киноны хөгжмийг Монголдоо бичих боломж нээгдлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 11

B Production Олон улсын ISO 3382:2009 стандарт хангасан дэлхийн A зэрэглэлийн “440Hz records” студийн албан ёсны нээлт 2022.09.28-ны өдөр боллоо.

Олон улсын ISO 3382:2009 нь акустикийн стандарт бөгөөд Монгол Улс анх удаа энэ төрлийн стандартыг бий болгож олон улсын жишгээр уран бүтээлүүд бүтэх таатай нөхцөл бүрдэж байгаа юм. Тодруулбал, дуу бичлэгийн студи нь бусад барилгын интерьер, архитектораас хэдэн зуу дахин өөр тооцооллоор хийгддэг шинжлэх ухаан юм. B Production-ний “440Hz records”-ийн зураг төсөл, акустик дизайныг Дэлхийн алдарт “Wes Lachot дизайн групп”-т хийж гүйцэтгэсэн байна. Тус группийн үүсгэн байгуулагч ноён Wesley Dean Lachot “440Hz records”-ийн эцсийн үзлэг тохиргоог хийхээр Монгол Улсад ирээд буй бөгөөд бүх зураг төсөл тооцооллын дагуу хийсэнд талархаж албан ёсны батламжаа B Production-д гардуулан өглөө.


 

УРАН БҮТЭЭЛЧИДТЭЙГЭЭ ҮНИЙН ХУВЬД УЯН ХАТАН ХАМТРАН АЖИЛЛАНА ГЭВ

 

“440Hz records” нь үндсэн таван студитэй. Хөгжмийн найруулга хийх гурван студи, хөгжмийн сургалтын өрөө, бүжгийн заал, оффис зэргийг цогцоор нь шийдэж өгсөн. Тоног төхөөрөмж, засалт тохижилтыг жижиг деталь гэлтгүй бүгдийг нь дэлхийн стандартад нийцүүлж нэг бүрчлэн анхаарсан байна. 16 жилийн ойгоо тохиолдуулан шинэ дэвшилтэд технологи, уран бүтээлийн олз омогтой угтаж байгаадаа баяртай байгаа талаар Төрийн соёрхолт, B Production-ний үүсгэн байгуулагч, дуучин, хөгжмийн зохиолч, продюсер Д.Болд илэрхийллээ.

 

 

Тэрбээр “Бид үндэсний урлаг соёлоо дэлхийд сурталчлан таниулах үүрэгтэй. Ингэхдээ дуу бичлэгийн стандарт, менежмент, маркетингийг олон улсын стандартад нийцүүлж буйгаараа онцлог. Их Британийн "SSL" брэндийн топ хөгжмийн тохируулга буюу пультийг Монголд анх удаа суурилуулж байна. Ингэснээр рок, поп, хип хоп, сонгодог хөгжим гээд бүх төрлийн хөгжмийн дууны бичлэгийг хийх боломжтой болж байна. Бид бүхэн боловсон хүчнээ Англи улсад бэлтгэж, сургалтад хамруулж буй. Дэлхийн А зэрэглэлийн дуу бичлэгийн студийн үнэ өндөр байдаг. Гэхдээ бид Монголын урлаг соёлын стандартыг хөгжүүлэхийн тулд уран бүтээлчидтэйгээ үнийн хувьд уян хатан хамтран ажиллана” хэмээв. Цаашдаа энэ хамт олон Монголын кино урлагийг дэлхийн түвшинд гаргахад хамтран ажиллана гэсэн юм.

 

 

КИНО, УРЛАГИЙН САЛБАРТ ХУВЬСАЛ ГАРЧ БАЙНА

 

Ази тивдээ ч ховор тоног төхөөрөмжийг Монголдоо нэвтрүүлсэн гэдгийг мэргэжилтнүүд онцолж байлаа. B Production-ний нээлтийн үйл ажиллагаанд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг оролцов. Тэрбээр “Олон улсын стандартад нийцсэн А зэрэглэлийн дуу бичлэгийн студи байгуулж байгаад нь Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувийн зүгээс баяр хүргэе. Бид сая А, В, С гэсэн гурван ангиллын студитэй танилцаж явахад энэ хамт олноор бахархах сэтгэл төрлөө. Энэ чиглэлийн мэргэжлийн инженерүүд Монгол Улсад ховор байдаг учраас гадаадын олон мэргэжилтэнтэй удаан хугацаанд хамтран ажилласны үндсэн дээр энэ том ажлын ард гарчээ.

Өнгөрсөн хугацаанд манай уран бүтээлчид сайн уран бүтээл хийхийн тулд гадаадын дуу бичлэгийн студид бичлэг хийлгэхээр асар өндөр зардал, цаг хугацааг зарцуулдаг байсан. Мөн киноны уран бүтээлчид маань олон улсын кино фестивалиудад бүтээлээ явуулахад дуу бичлэг нь гологддог байсан бол өнөөдөр энэ салбарт хувьсал гарч байна. Гадаадаас энэ чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүдээ татан авч, студид урьж, ажиллуулж байгаа юм байна. Гадаадын уран бүтээлчдийг эх орондоо урьж авч ирэх нь гадаад харилцаанд чухал үүрэгтэй. Цаашдаа Монголын олон уран бүтээлчийн бүтээл олон улсын түвшинд гарах болтугай” гэв.

 

 

ХОЛЛИВУДЫН КИНОНЫ ПРОДЮСЕРУУД МОНГОЛД ИРНЭ

 

Соёлын яамнаас Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн ойрын стратегийг боловсруулж, батлуулсан. Үүний тэргүүлэх 12 чиглэлийг тодорхойлсны нэг нь дуу хөгжмийн салбар багтаж буй. Соёлын дэд сайд М.Батбаяр “Монгол Улсын урлагийн салбар дундаа дуу бичлэгийн салбарт шинэ хувьслыг хийж байна. Монголчууд язгуур урлагийн асар их нөөц, урын сантай ард түмэн. Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын хувьд гурван үеэрээ урлагт зүтгэж яваа удам дамжсан уран бүтээлч. Тэрээр Монголын урлагийн салбарт манлайллыг бий болгож, Ази тивдээ дээгүүрт бичигдэх дуу бичлэгийн студийг байгуулсан байна” гэв.

Мөн салбар яамнаас дэлхийн брэндийн техник, тоног төхөөрөмжийг хилээр оруулж ирэхэд тодорхой хэмжээгээр гаалийн татвараас чөлөөлөх дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн юм. Ирэх долоо хоногт Холливудын киноны продюсерууд Монголд албан ёсоор хүрэлцэн ирэх. Эдгээр хүмүүсийн дөрвөн өдрийн хөтөлбөрт B Production-ний үйл ажиллагаатай танилцах арга хэмжээ багтсан байна.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.90.117) 2022 оны 09 сарын 12

Иймэрхүү бодит баялаг бүтээдэггүй, дэмий шахуу юманд мөнгө зарах хэрэг юу байна, ямар тэр мундаг дуугардаг хөгжим аяыг идэх биш дээ

0  |  1
Top