Цэцэг суманд 45 настай иргэн тарваган тахлаар өвчилжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 12

Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахалын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. Тодруулбал, тус сумын харьяат 45 настай иргэн тарвага өвчиж байхдаа гараа зүссэн бөгөөд түүнээс хойш өндөр халуурч, эмнэлгийн байгуулагад хүргэгджээ. Иргэнээс авсан шинжилгээний хариу тарваган тахлын халдвар авсныг нь баталсан бөгөөд одоогоор иргэний биеийн байдал хүндэвтэр байгаа аж.

Тарваган тахал нь мэрэгч амьтдаас хүнд халддаг зоонозын халдварт өвчин бөгөөд тарваган тахлаар тарвага, зурам, үхэр огодой, үлийн болон гэрийн цагаан оготно, чичүүл зэрэг мэрэгчдээс гадна хүн өвчилдөг. Өвчин үүсгэгчийг мэрэгчдийн дунд бүүрэг дамжуулдаг. Өвчин үүсгэгч нь мэрэгчдийн арьсанд 23 хоног, хоол хүнсэнд 2-4 сар, өвчтний цэр, идээ, цусанд 4-165 хоног өвчин үүсгэх чадвартайгаар хадгалагдана.
 
Халдвар хэрхэн дамжих вэ?
 
1. Халдварлагдсан бүүрэгт хазуулах
2. Өвчилсөн амьтныг өвчих, арьс, маханд хүрэлцэхэд арьс салстаар дамжиж
3. Тарваганы махыг түүхий, шүүрхий идсэн тохиолдолд хоол боловсруулах замаар
4. Нүх, ичээ ухах үед болон уушгины хэлбэрийн тахлаар, өвчилсөн хүнээс амьсгалын замаар халдвар дамжина.
 
Илрэх шинж тэмдэг
 
Гэнэт өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, эргэх, дотор муухайрах, бөөлжих, тайван бус болж, нойргүйтэх, арьс салстаар халдвар авсан үед булчирхай томорч хүчтэй эмзэглэх, амьсгалын замаар халдвар авсан тохиолдолд гэнэт өндөр халуурч цээжээр өвдөх, ханиалгах, цустай цэр гарах, амьсгаадах, хоол боловсруулах замаар халдвар авсан үед суулгах, заримдаа цусаар суулгах шинжүүд илэрнэ.
 
Сэргийлэлт
 
1. Сэжиг бүхий үхсэн мэрэгч амьтдын сэг зэмтэй тааралдвал мэргэжлийн байгууллагад хандах
2. Нохой зууж ирсэн тарвагад хүрэхгүй байх, хөдөлгөөн нь удааширсан тарвагыг агнахгүй байх, арьс, махыг ашиглахгүй байх
3. Тарвагыг нохойгоор бариулах, хавхаар агнахыг цээрлэх
4. Өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлгийн байгууллагад мэдэгдэх гэхдээ өвчтөнтэй ойр байсан хүнээр хэл хүргүүлэхээс татгалзах, учир нь халдвар тархаж болзошгүй юм.
5. Сэжигтэй өвчтөн болон эд материалтай холилдсон хүнийг тусгаарлах
6. Сэжиг бүхий эд материал, өвчтөний хэрэглэж байсан зүйлсд онош тодрохоос нааш хүрэлцэхгүй байх
7. Тарвага агналтыг зөвшөөрсөн газарт, тогтоосон хугацаанд сэргийлэх тарилга хийлгэсэн хүн хийх
8. Гэртээ тарвага өвчих, нойтон арьс хадгалах, боловсруулаагүй мах оруулахгүй байх
9. Голомттой нутгийн иргэд болон хөдөө хээрийн нөхцөлд ажилладаг хүмүүс урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдах шаардлагатай юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top