Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнд суурилсан үнэлгээний анхны шалгалтын дүнг өчигдөр (2022.09.13) Боловсрол, шинжлэх ухааны яам /БШУЯ/ болон Боловсролын үнэлгээний хэлтсээс танилцууллаа.
Улсын хэмжээнд нийт 655 сургуульд багшилж буй 29.324 багшийг 20 судлагдахуунаар 145 шалгалт авч, үнэлсэн байна.
Үнэлгээний шалгалтад 473 мянган эцэг эх, асран хамгаалагч, 5-12 дугаар ангийн 285 мянган сурагч, 29 мянган багш болон нийгмийн ажилтан, заах аргын нэгдлийн ахлагч, сургуулийн захирал, сургалтын менежер хамрагджээ.
ГҮЙЦЭТГЭЛД СУУРИЛСАН УРАМШУУЛАЛ ОЛГОНО
Боловсролын чанарын үнэлгээ нь хүүхэд бүрд тэгш, чанартай боловсрол олгож чадаж байгаа эсэхийг судалж буй үнэлгээ юм.
Энэхүү тогтолцоог манай улсад нэвтрүүлэх гол үндэслэл нь сүүлийн жилүүдэд улсын боловсролын чанарт анхаарах шаардлага үүссэнтэй холбоотой ажээ. Өнгөрсөн хугацаанд зөвхөн сургуулийн хүртээмжийн асуудлыг ярьдаг байсан. Үүний дагуу сургууль, цэцэрлэгийн тоог олшруулах ажлыг үе шаттайгаар хийж байгаа юм. Засгийн газраас 2024 он хүртэлх хугацаанд 270 цэцэрлэг, 200 сургуулийг барьж, ашиглалтад оруулах зорилго тавьсан. Энэхүү зорилгоо 2023 онд бүрэн дуусгах боломжтой болсныг салбар яамны зүгээс мэдээлж байна. Тиймээс цаашдаа хүртээмжээс илүү чанарын тогтолцоог бий болгох шаардлагатай байгаа ажээ. Тиймээс боловсролын салбар үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоо руу нэг алхам ойртох ажлын эхлэл нь багшийн гүйцэтгэл, үр дүнд суурилсан үнэлгээ юм.
Улсын хэмжээнд түүврийн аргаар явуулсан ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнд суурилсан үнэлгээний шалгалтад нийт 1.33 сая хүн оролцжээ. Үнэлгээг хийхдээ нийслэлийн багшийг нийслэлийн багштай, орон нутгийн багшийг орон нутгийн багштай гэх мэтээр жишиж, үнэлгээг гаргажээ. Ингэхдээ хот, аймгийн төв, болон аймгийн суд зэргээр шат бүрд нь ялгаж, үнэлгээг явуулсан байна. Түүгээр ч зогсохгүй хичээл бүрээр нь ангилж, үнэлжээ. Тодруулбал, математикийн багшийг математикийн багштай, биеийн тамирын багшийг биеийн тамирын багштай нь харьцуулах жишгээр тус үнэлгээг гаргасан аж. Ингэж ангилан үнэлж буй шалтгаан нь хичээллэх орчин болон мэдээллийн хүртээмж, техник технологийн ялгаа зэрэгтэй холбоотой ажээ.
Энэ талаар БШУ-ы сайд Л.Энх-Амгалан “Нэгдүгээрт, цар тахлын улмаас хоёр жилийн турш цахимаар хичээллэсэн. Тодруулбал, 2019-2020 оны хичээлийн жилийн 47 хувь, 2020-2021 оны хичээлийн жилийн 62.5-68 хувьд нь зайнаас буюу цахимаар хичээллэсэн байна. Үүний улмаас сургалтын хоцрогдол нэмэгдсэн. Үүнийг арилгах гол арга нь багш сурган хүмүүжүүлэгчдийн чадварыг дээшлүүлэх явдал юм. Хоёрдугаарт, төсвийн шинэчлэл хийж, үр дүнд суурилсан төсвийг зарцуулна. Гуравдугаарт, багшийн ажлыг үнэлэх журам өөрчлөгдсөн. Өнгөрсөн хугацаанд багш нар үр дүнгээ тооцуулдаггүй, шалгуур нь тодорхой бус байдлын улмаас хавтгайрсан урамшуулал авдаг тогтолцоотой байлаа. Багш нарын цалингийн хамгийн доод хэмжээ нь 1.5 сая төгрөг юм. Үндсэн цалин дээрээ гүйцэтгэлийн урамшуулал нэмж авдаг. Хамгийн сайн багш гүйцэтгэлээрээ хамгийн өндөр цалинг авах юм.
Дөрөвдүгээрт, сурагчдын хичээлийн хоцрогдол хоёр төрлийнх. Цар тахлын үеийн болон түүнээс өмнөх гэж хоёр ангилна. Улсын хэмжээнд сурагчдын хоцрогдол бага боловсролынх 50.3 хувь, суурь боловсролынх 36.4 хувь, бүрэн дунд боловсролынх 36.0 хувьтай байна. Энэ хоцрогдлыг нөхөхийн тулд Чадварлаг багш хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм. Чадварлаг багш хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ гүйцэтгэлийн үнэлгээг онооны системд шилжүүлэх, ажлын гүйцэтгэлд суурилсан урамшуулал олгох журмыг боловсруулна” хэмээн тайлбар өглөө.
I-IV ТҮВШНИЙ БАГШ НАРТ 10-25 ХУВИЙН УРАМШУУЛАЛ ОЛГОНО
Багшийн ажлыг үнэлэхдээ гурван үндсэн чиг үүргийг барьж ажиллажээ. Суралцагчийн болон багшийн хөгжил, сургалтын чанар зэргээр багшийн ажлыг үнэлсэн байна.
Багшийн ажлыг дөрвөн шалгуур, 13 үзүүлэлтээр үнэлжээ. Эдгээр шалгуур үзүүлэлтээ 100 оноогоор тооцсон аж.
Суралцагчид боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагааны ахиц, үр дүнг 45, суралцагчийг хөгжүүлэх, төлөвшүүлэх үйл ажиллагааны ахицын үр дүнг 20 оноор үнэлсэн байна. Харин багшийн мэргэжлийн хөгжлийн ахицын үр дүнг 30 оноогоор үнэлсэн бол сургуулийн болон олон нийтийн үйл ажиллагаанд оролцсон байдал, оруулсан хувь нэмрийг нь таван оноогоор үнэлжээ. Тэгвэл үнэлгээний шалгалтад хамруулсан 29 мянган багшийг ямар түвшинд байгааг эцсийн байдлаар ангилж дууссан байна.
Багш нарыг гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнгээр зургаан түвшинд ангилсан. I түвшинд улсын хэмжээнд 947 багш, II түвшинд 2982, III түвшинд 3351, IV түвшинд 5016, V болон VI түвшинд 17.028 багш эрэмбэлэгдсэн аж. Үүнээс V болон VI түвшний багш нарын нэрсийг зарлахгүй аж. Мөн тэдний цалингаас ямар нэгэн байдлаар хасахгүй юм. Харин I-IV түвшний ангилалд багтсан багш нарт 10-25 хувийн нэмэлт урамшуулал олгоно.
Тодруулбал, I түвшинд багтсан багш нарт 25 хувийн урамшууллыг үндсэн цалин дээр нь нэмж олгох ажээ. Харин II түвшинд 20, III түвшинд 15, IV түвшинд 10 хувийн урамшууллыг тус тус олгох юм байна. Харин V болон VI түвшинд урамшуулал олгохгүй. Мөн эдгээр түвшний багш нар дараагийн үнэлгээний шалгалтад ахиц гаргаснаар нэмэлт урамшуулал авах боломжтой юм байна. Улсын хэмжээнд ур чадварын нэмэгдлийн нийт багш нарын 15 хүрэхгүй хувь нь авдаг байсан юм.
Одоогийн үр дүнд суурилсан урамшууллын систем нэмэгдсэнээр нийт багш нарын 40 орчим хувь нь нэмэлтээр 10-25 хувийн урамшуулал авах боломжтой болох ажээ.
Боловсролын үнэлгээний газрын дарга Л.Ганбат “Хувийн сургууль, их дээд сургуулийн лицей, олон улсын хөтөлбөртэй сургуулийн багш нарыг энэхүү үнэлгээний шалгалтад хамруулаагүй. Гэрээт, түр ажиллагч, туслах багш гэх мэт үндсэн бус орон тоон дээр ажиллаж буй багш нарыг гүйцэтгэл, үнэлгээний үр дүнд суурилсан шалгалтад хамруулаагүй. Гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулахдаа ухаалаг тайлангийн систем буюу BI технологийг нэвтрүүлсэн. Үнэлгээний үр дүнд нийслэлийн багш нар 73.9 хувь, аймгийн төвийн багш нар 72.8 хувь, сумын багш нар 70.9 хувийн дундаж үзүүлэлттэй үнэлэгдлээ” гэсэн юм.
Гүйцэтгэлийн үнэлгээг цаашид жил бүр зохион байгуулах ажээ. Өөрийн үр дүнгээ ахиулж чадсан багш нар дараа дараагийн жилд урамшуулалд хамрагдах боломжтой. Мөн энэ хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсрол, мэргэжлийн боловсролын багш нарыг хамруулах ажээ. Улмаар мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, коллеж, их дээд сургуулиудад ч энэ үнэлгээг хийх юм байна.
ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙСНЭЭР БАГШ ЧАДАВХЖИЖ, СУРАГЧ БОЛОВСОРНО ГЭВ
Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын дунд хийсэн гүйцэтгэлийн үнэлгээний талаар эцэг эхчүүд болон багш нар ямар бодолтой байгаа талаар товч ярилцсан юм. Багш нарын зүгээс ажиллаж буй сургуулиа олон нийтэд мэдээлэхээс татгалзсан ч өөрсдийн байр сууриа хуваалцлаа.
Ерөнхий боловсролын сургуулийн химийн багш Г.Баттөгс “Эхний ээлжид салбар яамны зүгээс ийм ажил хийж буй нь сайшаалтай. Гэвч өнөөдрийн байдлаар химийн танхим гэж байхгүй. Сургуульд маань микроскоп, хуруу шил байхгүй байна. Сурагчид хуруу шил барьж үзээгүй, микроскопын зургийг л харж байна шүү дээ. Суралцах орчны энэ мэт байдал нь багшийн үнэлгээнд нөлөөлөх болов уу. Мөн нэг ангийн дүүргэлт 45-50 байгаа нь хүүхэд бүрд хүрч ажиллаж чадахгүй байдлыг үүсгэдэг. Нөгөө талаас багшийн нөөцийн асуудал ч үүсэж байгаа. Багшийн хөдөлмөрийг энэ мэт үнэлж буй явдал нь цаашдаа хүний нөөцөө нэмэгдүүлэхэд туслах болов уу гэх хүлээлттэй байна” гэсэн юм.
Тэгвэл 10 жилийн турш технологийн багшаар ажиллаж буй Т.Маргад “Энэ удаагийн үнэлгээг түүврийн аргаар авсан учраас оролцоогүй. Гэвч түүврийн аргаар шалгалт авч буй нь нэг талаараа дутагдалтай мэт санагдаж байгаа. Тухайлбал, нэг удаагийн үнэлгээ асуумжаар тухайн хүний ажлыг үнэлэх нь хэр тохиромжтой вэ гэдэг нь эргэлзээтэй. Гэсэн хэдий ч энэхүү ажлыг эсэргүүцсэн юм биш. Эхлүүлж байгаа нь оновчтой шийдвэр юм. Цаашдаа үнэлгээний шалгалт нь илүү сайжрах болов уу хэмээн харж байгаа. Суралцагчдын хувьд технологийн хичээлийг яг ямар хэрэгцээтэйг зарим тохиолдолд ойлгодоггүй. Энэ бол амьдрах ухааны хичээл. Техникийн хангалтгүй байдал, технологийн хичээлийн танхимд онол үзэх гэх мэт зүйлс нь манай хичээлийн гол агуулгад төдийлөн нийцдэггүй. Алх хадаас, зүү утас барьдаггүй юм аа гэхэд наад зах нь хувцас ч атугай индүүдэж сурах нь энэ хичээлийн нэг хэсэг. Гэвч бидэнд шаардлагатай тоног төхөөрөмж, хичээлийн агуулга байхгүй байна” гэсэн юм.
Харин эцэг эхчүүдийн зүгээс дийлэнх хэсэг нь багш нарын үнэлгээний шалгалтын талаар мэдээлэлгүй байлаа. Тэдний төлөөлөл Баянзүрх дүүргийн иргэн Г.Батдорж “Багш нарын ажлыг үнэлж байгаа нь давуу талтай. Ингэснээр багш ч хөгжиж, улмаар сурагчид ч хөгжих боломжтой юм байна хэмээн харж байгаа. Өндөр төлбөр төлөхгүйгээр улсын сургуульд чанартай боловсрол эзэмших боломжтой юм байна хэмээн бодож байна” гэв.
Харин Сонгинохайрхан дүүргийн иргэн В.Отгонтуяа “Энэ талаарх мэдээллийг сая л авлаа. Багш нарын чадварыг сайжруулж ажиллахад зориулсан үйл ажиллагаа бол дэмжинэ. Учир нь бидэн шиг энгийн иргэний хүүхдүүд өндөр төлбөртэй сургуульд сурах хүүхдүүдтэй харьцуулахад авч буй мэдээлэл нь хэт хоцрогдмол байдаг юм билээ. Цаашдаа нэг ангид сурч буй хүүхдийн тоог багасгаасай хэмээн хүсэж байна. Манай дунд хүүхдийн анги гэхэд л 45 хүүхэд суралцаж байгаа. Тэгэхээр нэг ангид олон суралцагч байгаа бол багш нь хүүхэд бүртэй тулж ажиллахад хүндрэлтэй байхаас аргагүй шүү дээ. Боловсролын салбар цаашдаа энэ эрчээрээ олон ажлыг хийж, манай улс боловсролыг нэн тэргүүнд тавьдаг болоосой хэмээн хүсэж байна” гэлээ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 2 )
багшийн чадварыг дээшлүүлэх нь маш чухал. Үүн дээр багшийн сэтгэл,ёс суртахуун бас маш чухал.Хүнд ойлгомжтой нэг их юм нуршахгүй заах , сурах бичгийг оновтой болгох. Зарим сурах бичигт огт заагаагүй , огт өгүүлээгүй зүйлийн талаар асуулт тавих тал маш түгээмэл. Хүүхдүүдийг ханаас энэ тухай ол гэж байгаа нь ойлгомжгүй. Сайт руу ороод ч олдохгүй зүйл Биологи, Газар зүй ахлах ангийн сурах бичгүүдэд байна. Ерөнхий боловсрол бол угаас ерөнхий мэдлэг олгох гэтэл бүр их дээд сургуулийн зүйл заагаад байгаа нь маш хүндрэлтэй. Хүүхэд сонгон хичээлээр мэдлэг олж авч болох боловч бүгдийг нь сон
2022 ond guitsetgeliin unelgeegeer 2-r tuvshind unelegdsen bagsh tetgevert garsan tohioldold uramshuullaa haanaas yaj avah be\n