Отгойн Баянмөнх: Уран бүтээлч хүн тоглолтоос тоглолтын хооронд өсөж, дэвжиж байх ёстой

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 23

Хөвсгөл аймгаас төрөн гарсан хоёр уран бүтээлчийн хамтарсан тоглолт энэ сарын 27-нд "UB palace”-ийн их танхимд болох гэж байна. Тэд бол Соёлын тэргүүний ажилтан дуучин Отгойн Баянмөнх, Т.Дэлгэрмөрөн нар юм. Тиймээс дуучин Отгойн Баянмөнхтэй энэ удаагийнх нь хамтарсан тоглолт хийгээд уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.


-Энэ сарын 27-нд болох “Найрсан дуулъя” тоглолтынхоо талаар манай уншигчдад мэдээлэл өгөхгүй юу?

-Энэ удаагийн тоглолт маань миний хувьд маш их онцлогтой, сайхан тоглолт болох гэж байна. Учир нь "Номин талст" хамтлагийн дуучин, Алтан гадас одонт, уран бүтээлийн анд нэг нутгийн Т.Дэлгэрмөрөнтэйгөө хамтарсан тоглолтоо үзэгч, сонсогчиддоо өргөн барих гэж байна. “Найрсан дуулъя” тоглолт миний хувьд 12 дахь удаагийн тоглолт болно. Уран бүтээлч хүний хувьд тоглолтоос тоглолтын хооронд өсөж, дэвжиж байх ёстой гэж харж, тэгж бодож явдаг. Энэ удаагийнх ганцхан Отгойн Баянмөнхийн тоглолт биш. Эстрадын дуучин, нийтийн дуучин хоёрын хамтарсан тоглолт болно. Хоёр өөр хоолойтой дуучны уран бүтээлийг нэгтгэж, тайлангаа тавина гэдэг надад маш сайхан санагдаж байгаа.

-Нэг өдөр хоёр тоглох юм билээ. Чухам яагаад ингэж байгаа юм бэ. Та хоёр хоолойны чадал, цар хүрээгээрээ аархаж байгаа хэрэг үү?

-Удахгүй ахмадын баяр болох гэж байна. Тиймээс 15.00 цагаас ахмадууддаа, 20.00 цагаас нийслэлчүүддээ зориулан тоглохоор төлөвлөж тогтоосон л хэрэг. Дээрээс нь манай тоглолт мягмар гараг буюу Нарантуул зах амардаг өдөр болно. Олон улсын Нарантуул худалдааны төв гэдэг бол Монголын хөдөлмөрчин ард түмэн өдөр шөнөгүй, халуунд халж, хүйтэнд хөрч ажилладаг газар. Тиймээс эдгээр бизнес эрхлэгчдийнхээ амралтын өдөр сайхан тоглолт үзүүлье гэж зорьсон. Энэ өдрийг тоглолтын зохион байгуулагчид маань ийм шалтгаанаар сонгосон.

-Ахмадууддаа зориулж тоглоно гэхээр үнийн хөнгөлөлт ч юм уу, гэнэтийн бэлэг бий юу?

-Т.Дэлгэрмөрөнгийн маань гэр бүлийн хүн Т.Ананда тус тоглолтод 80 настай 80 буурайг урьсан. Тэдгээр хүмүүсийг тусгай лайваар шалгаруулж, урилга билетийг нь гардуулаад өгчихсөн байгаа.

-Та хоёр хамтарч тоглох нь их сонирхолтой санагдаж байна. Энэ тоглолтын санааг анх хэн гаргасан бэ. Хамтарсан уран бүтээл дуулагдах уу?

-Ноднин жилийн намар дуучин Я.Гэрэлчулуун дүү маань санал тавьж "Тэнгэрийн тамгатай нутаг" гэж дуу хийсэн. Бид хоёр нутгийнхаа тухай дуутай болъё гэж олон жил ярьсан. Тэгээд дүү маань шүлгийг нь бичиж, би аяыг нь хийсэн. Энэ дуугаа Я.Гэрэлчулуун, Т.Дэлгэрмөрөн бид гурав хамтарч дуулсан. Мандар групп ивээн тэтгэж нутгийнхаа Дархадын сумд, Хөвсгөл нутгаараа явж сайхан клиптэй болсон. Ингэж явахдаа хамтарсан тоглолт хийе гэсэн санаа анх гарсан. Тэгж байгаад сая наймдугаар сард бид хоёр гэнэт шийдсэн. Хоёр өөр урсгал, нас ойролцоо, уран бүтээлийн андууд хамтарсан тоглолт хийх нь сонин гэж тохирсон. Ингээд бид хоёр гитарчин Д.Өлзий-Орших /Өөжгий/ ахад таны гитарын аялгуун дээр хамтарч дуулмаар байна гэдэг санал тавьсан.

Өөжгий ах маань харин Монголын ард түмний жинхэнэ алтан хит гэж яригддаг дуунуудыг дуул гээд дууны сонголтыг өгсөн. Тийм ч учраас олон сайхан дуунуудыг бид хоёр Өөжгий ахтайгаа хамтарч дуулаад бичүүлсэн байгаа. Удахгүй эдгээр дуунуудаас бүрдсэн цомог гарна. Ард түмний дунд амнаас ам дамжин дуулагдсаар өдийг хүрсэн "Гайхмаараа", Ардын жүжигчин Н.Жанцанноров багшийн аялгуу, Д.Цэдэв багшийн шүлэг "Сэвтээ нь үгүй сэтгэл", "Алтай Хангай", "Намрын өнгө", "Ээж минь", "Миний аав адуучин", "Туулын урсгал шөнөдөө сайхан", "Буянт гол", "Хэрлэн", "Хөөрхөн борлог морь" гээд зохиогдсон цагаасаа өнөөдрийн хүртэл дуулагдаж байгаа дуунууд бий. Монгол найр, хуримыг энэ дуунуудгүйгээр төсөөлөх аргагүй шүү дээ. Энэ сайхан дуунуудыг айхтар нүргээнт хөгжимгүйгээр гитарын аязтай дуулсан.

-Гитарын аязтай, хоёр өөр төрлийн дуучин хамтарч дуулна гэхээр тухайн дууны хөгжмийн найруулгад өөрчлөлт орох л байх даа?

-Тэгэлгүй яахав, тоглолтон дээрээ жинхэнэ амьдаараа Өөжгий ахтайгаа дуулна. Дараа нь цомгоо студи дээр бичүүлэхдээ нэмэлтээр хийл, морин хуур зэрэг хөгжмүүдээ нэмээд дуулах юм. Ер нь бол энэ тоглолт миний хувьд маш шинэлэг бөгөөд сонин содон, урьд нь хийж байсан тоглолтуудаас маань их сонирхолтой санагдаж байгаа. Ялангуяа Монголын урлагт өөрийн гэсэн өвөрмөц донж маягийг бий болгосон Номин талстын Т.Дэлгэрмөрөнтэй хамтарч, цэрэг, эх орны дуугаараа олонд танигдсан Отгойн Баянмөнх дуулна гэхээр сонин байгаа.

-Таны хувьд шинэлэг, өөрийгөө сорьж үзсэн зүйл болох нь ээ?

-Миний хувьд маш ихээр өөрийгөө сорьсон, шинээр эвдсэн, өөрийгөө хөгжүүлсэн тоглолт болж байна. Түрүүн ч гэсэн хэлсэн. Тоглолтоос тоглолтын хооронд уран бүтээлч хүн өсөж, дэвжиж, хөгжиж байх ёстой л гэж боддог. Түүнээс биш аргацаах, хэн нэгнээр түрүү барих, баахан хүн авч ирж дуулуулчихаад өөрөө дунд нь харагдсан болоод өнгөрчихдөг нөхдүүд бол бий. Өөрийн хийсэн уран бүтээлээ тайлагнаж байгаа тайлан юм шүү дээ, тоглолт гэдэг чинь.

Миний хувьд л гэхэд энэ тоглолтоо цэрэг, эх орны сэдэвтэй дуунуудаараа эхлүүлнэ. Гэтэл цаана нь Т.Дэлгэрмөрөн гарч ирж юу дуулах бол гэдэг үзэгч, сонсогчдын хувьд сонин. Манай Т.Дэлгэрмөрөнтэй хамтарч Ардын жүжигчин А.Долгор эгч маань "Сэтгэлд мөнхөрсөн ижий", Ардын жүжигчин Завханы хэмээх С.Батсүх "Монгол бүсгүйн үзэсгэлэн" гэсэн донж маягтай дуугаа дуулна. Соёлын тэргүүний ажилтан Х.Мөнгөнцэцэг "Хайрын дээд хань" дуугаа мөн дуулна.

Харин надтай миний ангийн андууд болох Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан, Ч.Бат-Эрдэнэ, Л.Чулуунбаатар бид дөрөв "Анд нөхдийн дуу"-гаа дуулна. Энэ дуу "Цэцгэнд төөрсөн эрвээхэй" гэж тоглолтод дуулагдсанаас хойш тайзан дээр анх удаа дуулагдах гэж байна. Соёлын тэргүүний ажилтан Базарсадын Болдбаатар маань "Дайчин нөхрийн дуу" гэж дуугаа дуулна. Хань Х.Давхарбаяртайгаа хамтран сүүлийн таван жилийн хугацаанд "Зүрх чам руу", "Зүрх чам руу-2" гээд маш олон дуэт дуунуудыг гаргасан. энэ дуунууд маань эгшиглэнэ. Эдгээр дуунууд маань ар, өвөр Монголын маш олон үзэгчийн талархлыг хүлээсэн. "Зүрх чам руу" дуу маань гарсан даруйдаа өдөртөө сая хүний хандалт авч байлаа. Энэ мэтчилэн манай тоглолтод олон сайхан дуучид оролцож, маш сонирхолтойгоор дэглэгдэж байгаа.

-"Анд нөхдийн тухай дуу" ангийн андуудаа ярьж байна. Танай үеийнхэн улс төрд орж, зарим нь төрийн алба хашаад тэр бүр уран бүтээлээ хийхгүй байгаа юм шиг санагддаг. Харин Отгойн Баянмөнхийн хувьд сүүлийн үед ямар уран бүтээл туурвив?

-Би энэ оны гуравдугаар сарын 18-ны өдөр Соёлын төв өргөөнд "Төр үр хоёр минь мөнх оршиг" гэсэн нэртэй музыкл тавьсан. Энэ тоглолт бас л их шинэ содон тоглолт байсан. Би чинь 2003 онд СУИС-ийг Дуурийн дуулаачаар Ардын жүжигчин Жамъяанжав багшийн ангид суралцаж төгссөн.

Хэдийгээр Дуурийн театрт дуулаагүй ч гэсэн дандаа хагас мэргэжлийн том хэмжээний бүтээлүүд дуулж ирсэн. Цэрэг, эх орны сэдэвтэй хагас мэргэжлийн дуунуудаараа 2016 онд Тусгаар тогтнол гэсэн цомог гаргаж байлаа. Монгол бөхийн өргөөнд 2012 оноос хойш жил дараалан таван жил цэрэг, эх орны сэдэвтэй тоглолт хийсэн. Харин "Тусгаар тогтнол" гэдэг цомогт орсон дуунуудаа эргээд харсан чинь Чингүнжаваас хойших Монголын ардчилал, өнөөгийн энхтайван байгаа үе хүртэлх үеийг он цагаар нь хөөгөөд дуулчихсан байсан.

Тиймээс 300 гаруй хүний бүрэлдэхүүнтэй дээрх музыклыг тоглосон. Түүхэн цаг үеийн бүхий л дүрүүд дээр нь тоглосон хүмүүсийг авч ирж тоглуулсан. Чингүнжавд Б.Базаррагчаа гавьяат, Цогт тайжид Ц.Төмөрхуяг гавьяат, Богт хаанд гавьяат жүжигчин Ё.Цог, Д.Сүхбаатарт "Долоон бурхан харвадаггүй" киноны Сүхбаатарын дүр, Х.Чойбалсанд Ардын жүжигчин А.Дашпэлжээ гуай тоглосон.

Уран бүтээлч хүн өөрийн хийхээр бодож төлөвлөж байгаа бүх зүйлүүдээ маш чамбай, чанар чансаатай хийх ёстой гэсэн зарчмыг би өөрөө барьдаг. Харин энэ удаагийн Найрсан дуулъя тоглолтод маань миний өөрийн хамгийн шилдэг гэсэн дуунууд дуулагдана. Энд нэг ч шинэ дуу дуулагдахгүй. Дандаа хүмүүсийн мэддэг, ард түмэнд хүрсэн, хүмүүсийн он цагийн дурсамжийг сэргээсэн дуунууд байна. Дуу бүхэн цаанаа дурсамжтай шүү дээ.

Миний анхны уран бүтээл "Хайрын дуу" 1999 онд дуулагдсан. Тэгэхээр сонсогчдын маань дурсамжтай дуунууд цуг байдаг. Номин талст хамтлагийн Бид дууг сонсоход л хүний дурсамж сэргэнэ биз дээ. Манай ахмадууд 60, 70-аад оны тэр сайхан дуунуудыг сонсоод ханьтайгаа танилцаж байснаа, анхны үрээ өлгийдөж авч байснаа дурсан сууна гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Дурсамжаар дүүрэн тоглолт болно гэдгийг ам дүүрэн хэлье.

-Та бол Дархадын цэнхэр хотгорын унаган хүүхэд. Үүл шүргэсэн их уулсын орон юм шиг хэрнээ яваад очихоор түүнээсээ ч дутахгүй усны орон шүү дээ, танай нутаг. Уран бүтээлч хүнд нутаг орон, уул усных нь эрчим нөлөөлдөг гэдэг дээр та ямар бодолтой байдаг вэ?

-Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сум буюу алдарт кино найруулагч, Ардын жүжигчин Дэжидийн Жигжид гэж гайхалтай хүний нутагт төрж, өсөөд энэ хүнээр овоглосон сургуульд суралцаж төгсөөд урлагт хөл тавьсан. Манай нутаг бол яалт ч үгүй уул, усны орон. Уул, усны авшиг, хүч уран бүтээлд маань шингэсэн байх гэж боддог. Үүгээрээ өөрийгөө гайхамшигтай гэж хэлж байгаа хэрэг биш шүү. Уулан дээр нь гарахаар тэнгэрт ойрхон, уулнаасаа буухаар усанд ойрхон ийм л сайхан нутаг. Ямар сайндаа хэдэн найзуудтайгаа Швейцарьт тоглолтоор оччихсон байсан чинь манай нөхдүүд хөөх тэр уулыг гээд л уулга алдаад байсан. Тэгэхээр нь би манай нутагт байдаг л уулс байна шүү дээ гэж байсан юм даг. Тэр сайхан уул, усанд төрж өсөж, агаараар нь амьсгалж өссөндөө үнэхээр их баярлаж явдаг. Үнэхээр сайхан газар.

Сүүлийн үед би өөрөө ая зохиож байна. Ая зохионо гэдэг хүний жинхэнэ сэтгэлээс гардаг зүйл байдаг. Ер нь би анхны тоглолтоо "Омогшил" нэртэйгээр 2007 онд хийж байлаа. Ж.Сэнгэдорж найз маань найруулж байсан юм. Тэгээд тоглолтын нэр маань юу байх юм бэ гээд асуусан чинь дуунуудыг чинь сонсчихоод ирье гээд аваад явсан. Харин маргааш нь ирээд тоглолтын чинь нэр бол "Омогшил". Миний найз чинь жинхэнэ омогшдог хүн байна гэж хэлж байлаа. Ингээд бодохоор миний уран бүтээлд тэр л уул, усны маань авшиг шингэсэн байдаг гэж боддог. Би чинь Монголын бүх аваргуудын дуугаар цомог гаргаж байлаа. Асашёорюү Д.Дагвадоржийн дууг хүртэл би захиалгаар дуулж өгч байсан. Дараа нь цэрэг, эх орны дуунууд дуулсан. Энэ бүхэн нутаг оронтой маань холбоотой байх аа л гэж боддог шүү.

-Таны хувьд дууны шүлгэнд хэр ханддаг вэ?

-Сүүлийн үед ер нь нэлээн цензур тавьж байгаа. Чанар чанасаатай том бүтээлүүд байхаас гадна нийтийн бүтээлүүд маань ч гэсэн даацтай, утга найруулгын алдаагүй байгаасай гэж боддог болсон. Монгол эх хэлээ хамгаалсан, авч явсан хадгалсан байгаасай гэж хардаг.

-Үе тэнгийнхэн, ахмадууд тань таныг магтаж байхыг сонсож, уншиж байлаа. Таныг Соёлын тэргүүний ажилтан болоход шагнал нь оройтож ирлээ гэх зэргээр тэдгээр хүмүүс ярьж байсан л даа. Та өөр шагналын талаар ямар бодолтой явдаг вэ?

-Би чинь тэр талын юмны араас хөөцөлддөггүй хүн шүү дээ. Төр өөрөө үнэлэх ёстой, төр нь авах ёстой цаг нь болсон хүндээ өгөх ёстой гэсэн байр суурь, зарчимтай байдаг. Түүнээс биш хэн нэгнээр хөөцөлдүүлээд авчихъя гэж боддоггүй. Хувь хүний зүгээс бол төрийн шагналд жаахан хэмжээ хязгаартай байх хэрэгтэй гэж санагддаг.

Би 2008 онд Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгийг авч байлаа. Үеийнхэн маань бол аль эрт сугараад алга болсон. Тэд нартайгаа огт барьцдаггүй. Ард түмэндээ хүргэсэн уран бүтээлтэй, хийсэн зүйлтэй, хэлэх үгтэй учраас авцгаасан. Отгойн Баянмөнхийн хувьд бол төрийн шагнал, гавьяаг хүртэх цаг нь болсон бол хүртэх байлгүй дээ. Түүнээс биш хэн нэгнээр хөөцөлдүүлж, өөрөө шагналыг араас гүйнэ гэдэг бол зохимжгүй.

-"Найрсан дуулъя" тоглолтоо хийчихээд орон нутгаар тоглох уу?

-Уран бүтээлчид маань хөрөнгө мөнгө, цаг зав бүх зүйлээ гаргаад Улаанбаатар хотдоо тоглолтоо хийсэн бол орон нутгийн үзэгчиддээ очдог нь бичигдээгүй хууль болсон зүйл. Тийм учраас Т.Дэлгэрмөрөн бид хоёр ч гэсэн орон нутгийн үзэгчиддээ ая дуугаа өргөн барина. Хамгийн эхэнд нутагтаа очиж Найрсан дуулна. Аравдугаар сарын нэгэн буюу Ахмадын баярын өдрөөр Мөрөн хотдоо нутгийнхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмрээ оруулсан ахмад буурлууддаа зориулан дуулна. Тэгээд аймгийнхаа урд талын сумдаар 10-ны өдөр хүртэл тоглоно. Харин эргэж ирээд дараагийн тоглох газрынхаа маршрутаа зарлана.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top