Монгол Улсын Их Хурлын дарга асан, шатрын спортын нэрт зүтгэлтэн Данзангийн Лүндээжанцангийн нэрэмжит хангай, говийн бүсийн аймгуудын өсвөрийн шатарчдын багийн аварга шалгаруулах уламжлалт тэмцээн есдүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод боллоо.
Энэ удаагийн тэмцээнд Архангай, Баянхонгор, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь зэрэг хангайн болон говийн бүсийн зургаан аймгаас 13 багийн 6-18 насны 182 тамирчин эрэгтэй, эмэгтэй 7 насны ангилалд оюун ухаан, авхаалж самбаагаа сорилоо. Шатарчид Швейцарь системийн дагуу долоон өрөг тоглосон юм.
УИХ-ын дарга асан, шатрын спортын зүтгэлтэн Д.Лүндээжанцан тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ уламжлал болсон энэхүү тэмцээнээс олон олон шатрын спортын их мастерууд төрөн гарсныг дурдаад, тэмцээнийг анх санаачлан зохион байгуулсан Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор Ж.Жанцандорж, дэмжин ажилладаг Өвөрхангай аймгийн Засаг дарга, аймгийн шатрын холбооны тэргүүн А.Ишдорж, аймгийн шатрын холбооны нарийн бичгийн дарга Ө.Баттөр, Политехник коллежийн удирдлага, хамт олонд талархал дэвшүүлэв.
Түүнчлэн “Оюуны спорт, оюуны тулаанд ялагч нь байж, амьдралд өөрийгөө ялан дийлж, эх орондоо ихийг бүтээх их үйлсэд шатрын спорт нөр их нөлөөтэй. Үр хүүхдийнхээ оюуны царааг тэлж, шатрын спортоор хичээллэхэд нь үргэлж дэмжиж байдаг эцэг, эхчүүдэд талархаж байна. Тэмцээнд оролцож байгаа нийт тамирчдадаа амжилт хүсье” хэмээлээ.
Хөдөө орон нутагт шатрын спортыг хөгжүүлэх, өсвөрийн шатарчдын хувийн болон багаар тоглох ур чадварын дээшлүүлэхэд энэхүү тэмцээний зорилго оршиж буй юм. Тэмцээний шилдгүүдээр багийн дүнгээр Дорноговь аймгийн баг зургаа хожиж нэг тэнцсэнээр тэргүүн байр, Өмнөговь аймгийн баг зургаа хожиж, нэг хожигдсоноор дэд байранд орсон бол Өвөрхангай аймгийн “Ирээдүй” клуб тав хожиж, хоёр хожигдсоноор гуравдугаар байрт шалгарлаа.
Мөн ширээний дүнгээр эмэгтэй, эрэгтэй 6, 8, 10, 12, 14, 16, 18 насанд тус тус эхний гурван байрыг шалгаруулж шагнал гардуулсан юм.
Өвөрхангай аймгийн Засаг дарга, шатрын холбооны тэргүүн А.Ишдорж “2006 оноос хойш уламжлал болон зохион байгуулагдаж буй УИХ-ын дарга асан, шатрын спортын нэрт зүтгэлтэн Д.Лүндээжанцангийн нэрэмжит шатрын тэмцээн амжилттай боллоо. Жил бүр оролцогчдын тоо нэмэгдэж байгаа нь чансаа өндөр тэмцээн болсныг илтгэж байна. Хамгийн холоос Дорноговь аймгийн баг тамирчид ирж оролцсон” хэмээлээ. Мөн “Өвөрхангай аймгийн удирдлагын зүгээс хүүхэд багачуудыг шатрын спортоор хичээллүүлэхэд анхаарч, тодорхой арга хэмжээнүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа” гэв.
Хөдөө орон нутагт шатрын спортыг хөгжүүлэн дэлгэрүүлэхэд энэ тэмцээн маш их үр дүнтэй. УИХ-ын дарга асан Д.Лүндээжанцан энэ тэмцээнийг ивээн тэтгэж, дэмжиж байдагт талархалтай байна. Хангайн болон говийн бүсийн аймгуудад шатрын спортоор хичээллэгсдийн тоо сүүлийн жилүүдэд илүү олон болж байгаа хэмээн Өвөрхангай аймгийн шатрын холбооны нарийн бичгийн дарга Ө.Баттөр хэллээ.
Тэмцээний үеэр УИХ-ын дарга асан Д.Лүндээжанцан энэхүү тэмцээнийг санаачлагч Монгол Улсын Гавьяат багш, Шатрын спортын нэрт зүтгэлтэн Ж.Жанцандоржид хүндэтгэл үзүүлж, дурсгалын зүйл гардуулав.
Нээлтийн үйл ажиллагаанд Өвөрхангай аймгийн Засаг дарга, аймгийн шатрын холбооны тэргүүн А.Ишдорж, Өвөрхангай аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Т.Гончигдорж, Арвайхээр сумын Засаг дарга Б.Ганбат, Өвөрхангай аймгийн Засаг Даргын дэргэдэх Биеийн тамир спортын газрын дарга Ө.Жамдүдсансум, Өвөрхангай аймаг дахь Политехник коллежийн захирал С.Санчир, Монгол Улсын Гавьяат багш, Шатрын спортын нэрт зүтгэлтэн Ж.Жанцандорж, Шатрын их мастер Г.Мөнхгал, Өвөрхангай аймгийн шатрын холбооны нарийн бичгийн дарга Ө.Баттөр болон багш дасгалжуулагчид, эцэг эхчүүд оролцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл ( 0 )