Эрдэнэбүрэнгийн Усан цахилгаан станцын ажилтай холбоотойгоор сүүлийн үед тухайн бүс нутгийн зарим иргэд эсэргүүцлээ илэрхийлж буй. Энэ тал дээр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөндрийн Засгийн газрын хуралдааны мэдээллийн үеэр дараах байрь суурийг илэрхийллээ.
Тэрээр "Нэгдүгээрт улс орны эрх ашиг хамгийн чухал гэж үзэж байгаа. Улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд юу юунаас хамаарч аюул учирдаг вэ гэдгийг ард түмэн мэднэ. Энэ дотроо эрчим хүчний хараат байдал гэдэг бол манай улсын хувьд ялангуяа ковид, дайн болж байгаа энэ цаг үед улам мэдрэгдэж байгааг бүгд харж байна. Тэгэхээр хараат байдлаар гарах бодлогыг Монголын ард түмэн нэгд нэгэнгүй дэмжиж ажиллах учиртай. Энэ нь ард түмний хувьд эх оронч байгаа үзэл юм гэж бодох ёстой.
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц гадны зээл тусламжаар баригдах нөхцөл бүрдэж байна гэдэг бол Монгол Улсад олдож байгаа ховорхон боломжуудын нэг нь. Тийм учраас Засгийн газрын зүгээс энэ төслийг хэрэгжүүлэхийн төлөө иргэдтэйгээ ойлголцож, төслийг үр дүнтэй болгохын төлөө санаачлагатай ажиллаж байгаа.
Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас тухайн гурван аймгийн бүс нутагт хамрагдаад байгаа иргэдтэй уулзаж, нөхөн олговрыг үе шаттайгаар олгох, ямар нэгэн байдлаар хохиролгүй болгох тал дээр анхаарч ажиллаж байгаа гэдгийг та бүхэн мэднэ. Шаардлагатай тохиолдолд Засгийн газрын төлөөлөл явж, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөлд эсрэг байр суурьтай байгаа иргэдийн төлөөлөлтэй уулзаж, дараа дараагийн яриа хэлэлцээрийг хийсний үндсэн дээр энэ ажлыг заавал ажил хэрэг болгох ёстой. Энэ бол Монгол Улсын эрх ашгийн асуудал" гэлээ.
ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УЦС-ЫН ТӨСЛИЙН ТУХАЙ ТОВЧХОН:
Эрдэнэбүрэнгийн Усан цахилгаан станцын /УЦС/ ажил 2022 оны 4 дүгээр сараас эхэлсэн. Уг УЦС-ын суурилагдсан хүчин чадал 90 МВт буюу жилд 366 сая кВт/цаг цахилгаан үйлдвэрлэх хүчин чадлаар ажиллах ба эхний ээлжинд цахилгаан эрчим хүчээ импортоор /ОХУ-аас 70%, БНХАУ-аас 4% орчим/ авдаг аймгуудыг хангах зорилготой.
2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн БНХАУ-ын засгийн газраас Монгол Улсын засгийн газарт хөнгөлөлттэй зээлийг ашиглах тухай ерөнхий хэлэлцээр байгуулагдаж, 2018 оны тавдугаар сарын 30-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 160 дугаар тогтоол гарч энэхүү хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Эрдэнэбүрэнгийн УЦС төслийг санхүүжүүлэх шийдвэр тус тус гарсан байдаг. Үндсэндээ хоёр Засгийн газар Монгол Улсын тулгамдаж буй томоохон асуудлыг шийдвэрлэх хүрээнд тусгаар улсын стратегийн ач холбогдолтой цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийн хамгийн зөв шийдлийг олж харж төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлсэн юм.
Энэхүү төсөл нь Монгол Улсын хувьд сүүлийн 30-аад жилд хэрэгжиж байгаа том төслийн нэг бөгөөд эрчим хүчний хараат бус байдал, бүсийн нийгэм эдийн засгийн хөгжлийн тогтвортой байдлыг хангах, нөгөө талаас өсөн нэмэгдэж буй эрчим хүчний үйлдвэрлэлийг дагаад агаар орчны бохирдол, дэлхийн дулаарал, хүлэмжийн хий ихсэх байдалд Монгол Улсын олон улсын тавцанд өөрийн хувь нэмрээ оруулж байгаа явдал мөн юм.
Эрдэнэбүрэнгийн УЦС төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бүх талын нөлөөллийн үнэлгээ болон ТЭЗҮ, тооцоо судалгаа нь олон улсад болон Монгол Улсад мөрдөгдөж байгаа стандарт, норм, хууль журмын дагуу хийгдсэн. Мөн нөлөөлөлд өртөж буй Баян-Өлгий, Увс, Ховд аймгуудийн 4 сумын 270 өрх 1 баг, тухайн орон нутагт байгаа соёлын өв, түүхэн дурсгалт зүйлүүдийг хамгаалах нүүлгэн шилжүүлэх ажил 2022-2025 онуудын хооронд хийгдэхээр төлөвлөсөн байна. Нийт 28.000 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авснаас 9.800 га газар усан сан буюу нуур үүсгэх ба энэхүү төсөл нь олон улсын болон манай улсын туршлагад байгаль орчинд хамгийн бага нөлөөлөлтэй төсөл болж байгаа юм.
Сэтгэгдэл ( 2 )
Эрчим хүчний хараат байдлаас гарахад 90 МВт УЦС-аар 288 сая доллараар гарах боломжгүй. Түүний 300 сая кВтц цахилгаан, 60 МВт нь Баруун бүсэд зарцуулагдана. Харин Усны Эрчим ХХК-ий 2022 оны 1 сард ЭХЯ-д санал болгосон 650 МВт чадлаар 2 тэрбум кВтц цахилгаан гаргах өндөр түрэлтийн 4 УЦС-ыг 650 сая ам.доллараар байгуулбал хараат байдлаас бүрэн гаран Монгол Улсын Эрчим хүчний систем бие даан ажиллахах болно. Түнийг байгуулахахад Засгийн газар Зээлийн асуудлыг шийдэж өгөх хэрэгтэй.
гадны зээл гэдэгээ гятадын гээл хэлээч Гятад станц