Европын Аваргуудын лигийн финал Германы Мюнхен хотын алдарт “Альянц Арена”-д болж, Францын “Парис Сэн-Жэрмэйн” өрсөлдөгч Италийн “Интер”-ийг энэрэлгүйгээр 5:0-ээр бут ниргэсэн тоглолтын дараагаар Парис хотноо эмх замбараагүй байдал үүсэж, фанатууд, танхайрагчид цагдаатай мөргөлдсөн том хэрэг дэгдлээ.
Хэвлэлүүдийн сүүлийн мэдээгээр бол мөргөлдөөний үеэр хоёр хүн нас барж, 500 гаруй хүн баривчлагджээ. Нас барсан хоёр хүний нэг нь 17 настай хүү байжээ. Түүнийг цээжин тус газар нь хутгалж хөнөөсөн байна. Цагдаагийн бие бүрэлдэхүүнээс 18 хүн шархджээ.
“Парис Сэн-Жэрмэйн” түүхэндээ анх удаагаа Аваргуудын лигт түрүүлсний баярыг тэмдэглэхээр олон мянган хүн Елисейн талбайд өнгөрсөн бямба гаригийн орой цуглажээ. Гэвч цугласан олон танхайрч, тэр орой Парисын гудамжинд 624 автомашиныг шатааж, нийтдээ 692 гал гарчээ.
Ням гаригт Аваргуудын лигийн аварга болсон “Парис Сэн-Жэрмэйн”-ийнхнийг Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон хүлээн авч уулзлаа. Макрон бол “Марсель”-ийн үнэнч фанат. Тэрбээр болсон явдлын дараа мэдэгдэл хийхдээ “Энэ бол бүх нийтийн баяр байх ёстойгоос биш эмх замбараагүй, бүдүүлэг танхайрлын эх үндэс байж болохгүй” хэмээн мэдэгдсэн байна.
Францын Дотоод хэргийн сайд Бруно Рэтайо “Жинхэнэ фанатууд бол багийнхаа гайхамшигтай ялалтад баярлаж догдолж байгаа. Харин энэ гудамжинд гарсан балмад этгээдүүд бол гэмт хэрэгтнүүд. Юуг ч хүндэлдэггүй ийм хэрцгий догшин хүмүүсийг тэвчихийн аргагүй” хэмээн бухимджээ.
Рэтайо ийм мэдэгдэл хийсэн нь гудамж, талбайд цугласан олон руу даралттай ус цацаж, нулимс асгаруулагч хэрэглэснээ зөвтгөх гэсэн санаа гэдгийг Зүүний радикал намын төлөөлөгч Антуан Леомен буруутгалаа. “Энэ бүх эмх замбараагүй байдлыг хариуцлагыг Рэтайо өөрөө үүрэх ёстой. Ард түмэн рүүгээ нулимс асгаруулагч хэрэглэх нь аюултай” хэмээн Леомен мэдэгджээ.
Финалын тоглолтын тухайд бол “Парис Сэн-Жэрмэйн” ахлах дасгалжуулагч Луис Энрикегийн охинтойгоо хамт байгаа зураг бүхий том баннер фанатууд хийж очсон нь сэтгэл хөдөлгөсөн үйл явдал боллоо. Охин нь өвчний улмаас таалал төгссөн юм.
Тэр хэцүү үеийг давж гарахын тулд Луис Энрике чамгүй хугацаа зарцуулсан. Гэхдээ охиныхоо гэрэл зургийг огт хураадаггүй, үргэлж байгаа мэтээр харж, харилцаж байдаг гэдгээ ярьсан удаатай юм.
Энэ тоглолтын дараагаар Усман Дембеле “Алтан бөмбөг” гардах магадлал маш өндөр боллоо. Хэдийгээр финалын тоглолтод гоол оруулаагүй ч гэсэн хоёр гоолын дамжуулалт өгсөн. Энэ улиралд 33 гоол оруулсан. Маш чухал тоглолтуудад хожлын гоол хийж, өрсөлдөгчдөө хамгийн эвгүй аюул таригч нь байж чадсан.
“Хүмүүс “Алтан бөмбөг”-ийн тухай их ярьж байна. Би хувьдаа энэ шагналыг Усман Дембелед өгчихмөөр байна. Өнөөдөр багийнхаа хамгаалалтад яаж тусалж байгааг нь хараад л өгчихөд болохгүй юмгүй. Ер нь бол манай багийн лидер шүү дээ. Гэхдээ их даруухан залуу шүү” гэж Луис Энрике магтжээ.
Аваргуудын лигийн 2024/25 оны Улирлын шилдэг тоглогчийн шагналыг Усман Дембеле хүртсэн мөн "Парис Сэн-Жэрмэйн" энэ улиралд гурван цом гардсан нь түүний гарт "Алтан бөмбөг"-ийг атгуулах гол хөзрүүд болж байна.
Сэтгэгдэл ( 0 )