ОХУ-ын Буриад улсад өнөө өглөө /2022.10.14/ хүчтэй газар хөдлөлт болсон билээ. Уг газар хөдлөлт Монгол Улсын нийслэл хот болон төвийн аймгуудад ч мэдрэгдсэн юм.
Буриадуудыг багагүй айлгасан газар хөдлөлтийн талаар ОХУ-ын Онцгой байдлын яамны Эрхүү мужийн удирдах газраас мэдээлэл хийжээ. Тус газраас “Газар хөдлөлт 5.9 магнитудын хүчтэй байсан. Газар хөдлөлтийн төв нь Байгал нуурын Эрхүү талдаа байдаг хэсэгт байна” гэж мэдэгджээ.
Газар хөдлөлт Эрхүүд 5 баллын хүчээр мэдрэгдсэн бол Ангарск, Шелеховск, Слюдянскт 3-5 баллын хүчээр мэдрэгдсэн байна.
Харин Буриад улсын 12 хот, сууринд газар хөдлөлт мэдрэгджээ. Газар хөдлөлтийн улмаас хүн гэмтэж бэртсэн болон байшин барилга сүйдсэн тохиолдол гараагүй аж.
“Байкал-Daily” сайтын мэдээлснээр Буриадын оршин суугчид өглөөний 08:54 цагт газар хөдлөлтийг мэдэрсэн байна. Улаан-Үдийн оршин суугчдын ярьснаар ор хөдөлж, тавилга ганхаж, чийдэнгийн бүрхүүл хагарч байжээ. Зарим албан газрын ажилтнууд хувцсаа ч авалгүй гадаа гүйлдэн гарч ирсэн бол сургуулийн сурагчид ширээн доогуураа нуугдсан байна.
Сэтгэгдэл ( 0 )