Ж.Энхцэцэг: Эрүүл мэндийн салбар нам, эрх мэдэлтний ХАЛААСАНД БАЙХ ЁСГҮЙ

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 17

-Сэтгэл, зүрхээ зориулан ажилласан салбартаа “ёс зүйгүй” гэж гүтгүүлж чадахгүй-

"Өргөө" амаржих газартай холбоотой асуудал сүүлийн өдрүүдэд анхаарлын төвд байна. Тус эмнэлгийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос Эрүүл мэндийн яаманд хүргүүлсэн өргөдөл, гомдолтой холбоотойгоор салбарын сайд уг амаржих газрын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Энэ талаар “Өргөө” амаржих газрын дарга асан Ж.Энхцэцэгтэй ярилцлаа.


-Таныг Эрүүл мэндийн сайдын тушаалаар үүрэгт ажлаас тань чөлөөлөх үйл явц өнгөрөгч долоо хоногт болж өнгөрлөө. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Улсын ажлыг авдаг, бас өгдөг. Энэ ажлыг өгч байгаадаа надад ямар нэгэн асуудал байхгүй. Гэхдээ ажлаас халсан шалтгаанд нь сэтгэл дундуур байгаа. Эрүүл мэндийн сайдын гаргасан ажлаас халах тушаал дээр  намайг “Ёс зүйн алдаа гаргасан” гэж бичсэн байсан. Аливаа ажлыг хийхэд хариуцлага, сахилга бат шаардах тохиолдол олон байдаг. Эх, хүүхдийн асуудал энэ эмнэлгийн эмч нарт нэн тэргүүний чухал зүйл байх ёстой. Энэ үүрэг чиглэл нь алдагдчих вий гэж нэлээд сэтгэл чилээдэг. Тиймээс ч эмч мэргэжилтнүүдээ норм стандартын дагуу ажиллаж байна уу гэдэгт өндөр шаардлага тавьдаг. Энэ шаардлага зарим хүнд хэцүү дарамттай санагддаг бололтой юм.

Шаардлага өндөртэй байсны үр дүнд өнгөрсөн 2021 онд "Өргөө” амаржих газар эх, нярайн эндэгдэлгүй ажилласан.

-Салбар яаманд гомдол гаргасан эмч нарын яриа, таны тайлбар хоёр эсрэг байгаа. Танд бодит үндэслэлүүд бий юу?

-Халагдах хүсэлтээ өгсөн эмч нар бүгд өөрсдийн хувийн шалтгаанаар ажлаас гарах өргөдлөө өгсөн. Тэдний ямар шалтгаанаар ажлаас гарах болсон нь өргөдөл дээр нь маш тодорхой бичигдсэн байгаа. Тодруулбал, ээж, аав нь өвчтэй асрах шаардлагатай, гадаад дотоодод суралцахаар болсон, хүүхэд харах хүн байхгүй, тэтгэврийн нас болсон зэргээс гадна ажил үүргээ мэргэжлийн түвшинд хийж чадахгүй байгаа зэргийг дурдсан байдаг. Үйлдвэрчний эвлэлийн яриад байгаа шиг 138 хүн ажлаас гараагүй. Хамгийн сүүлийн авсан мэдээгээр 123 хүн ажлаас гарах өргөдлөө өгсөн байдаг юм байна. Би тун цөөн хүнд сахилгын шийтгэл оногдуулж, ажлаас чөлөөлсөн. Баримт ярья л даа.

94 сая төгрөгийн рентгений аппаратыг “Ашиглах боломжгүй” гэж акт бичээд аваад гарсан хүнд хариуцлага тооцсон. Аливаа байгууллагын захирал хүн нийт өмч хөрөнгөө бүртгэлжүүлэх үүрэгтэй. Тэр үүргээ л биелүүлсэн.

Архи уусан тохиолдлыг би нийтээр уусан гэж хэлээгүй. Нэг удаагийн уултыг нь сонсоод өнгөрсөн. Хоёр дахь удаагаа архи уугаад орж ирж, агсам тавихад нь сахилгын хариуцлага тооцсон. Ер нь Чанарын албаны дарга, Эмнэлзүй эрхэлсэн орлогч дарга гэдэг эмнэлэгт ямар асуудал байна гэдгийг нягтлаад шийдэх ёстой хүмүүс. Гэтэл үүрэгт ажлаа хийхгүй, гомдол өргөдөл бичээд явахад нь “Та үүрэгт ажлаа хийгээч ээ” гэх шаардлага л тавьсан. Үүргээ биелүүлж эх, нярайгаа үзэхийг шаардсаныг л дарамт гэж үзээд байгаа юм.

-Эрүүл мэндийн яаманд гомдол гаргасан эмч нар ажлаас чөлөөлөгдсөн хүмүүс үү?

-Зарим нь өөрсдийн хүслээр ажлаас гарсан, зарим нь ажил үүргээ хангалттай хийж чадаагүй учраас ажлаас чөлөөлөгдсөн хүмүүс байгаа. Тэр хүмүүсийн гомдлын дагуу салбар яамнаас ирж шалгалт хийсэн. Харамсалтай нь, дүгнэлт нь миний гар дээр ирэхээсээ өмнө сошиалд тавигдсан.

-Тэгэхээр ажлаас халагдсан тэр хүмүүст ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил байна уу?

-Улсын ууган төрөх эмнэлэгт ажиллана гэдэг би төдийгүй бүх эмчийн хувьд нэр төрийн хэрэг. Гэтэл ажлаасаа өөрийнхөө хүсэлтээр гарсан атлаа буцаж ийм үйлдэл хийж байгаа нь ямар нэгэн ашиг сонирхол байгааг л илэрхийлж байна. Уг нь ажлаас гарсан эмч нарт өмнөх нэр хүндээ ашиглаад, үйл хэргээ үргэлжлүүлээд явах боломж байгаа. Гэтэл эмнэлгийнхээ нэр хүндийг унагаах ийм үйлдэл хийж байгаа нь ёс зүйгүй санагдаж байна. Нөгөөтээгүүр тухайн хүн I эмнэлгийн эмч биш болсноороо олон алдагдал хүлээж байгаа. Тэгэхээр бухимдаж эхэлнэ биз. Тиймээс энэ асуудлыг сөхөж, Ж.Энхцэцэгийг ажлаас нь явуулаад буцаж ажилдаа орно гэж бодож байгаа байх. Ийм дэл сул яриа сонсогдож л байна. Би энэ хүмүүст дандаа хэлдэг байсан “Та нар нэрийг нь ашиглаж байж, эмнэлэгтээ ядаж хайртай байгаа ч” гэж...

-Салбар яамнаас дээрх асуудалтай холбоотойгоор таныг дуудаж, тайлбар авсан уу. Ер нь ажлаас чөлөөлөх болсон ёс зүйн үндэслэлүүд нь юу байсан юм бэ?

-Дуудаж уулзсан. Би өөрийн шалтгаанаа хэлсэн. Гүйцэтгэлээр цалинжиж буй тохиолдолд эмнэлэгт ирсэн орлогыг өөрсдийнхөө хувийн эмнэлэг рүү авах гээд байна. Энэ асуудал цөөхөн хүн дээр яригдана. Тиймээс дүрэм, журам гаргаж таслан зогсооно гэдгээ ч хэлж байсан. Хамгийн гол нь тухайн эмч нарын гаргасан гомдол, саналыг яамны ёс зүйн хороо надад үзүүлээгүй. Хэлэх нэг өөр, үзүүлэх нэг өөр шүү дээ. Тус гомдолтой холбоотойгоор яамнаас шалгалт ирсэн. Удирдах байгууллага маань хянаж, шалгаж байхад би эсэргүүцэл үзүүлэх ёсгүй. Тиймээс шалгуулсан. Шалгалтын үр дүн нь үнэхээр харамсалтай байгаа учраас би санал нийлэхгүй байгаа. Энэ салбарт бүх зүрх сэтгэлээ өгч ажиллачихаад ийм дүгнэлтийг хүлээн зөвшөөрч чадахгүй.

Ёс зүйн зургаан зөрчил гаргасан гэх үндэслэл өгсөн. Ихэнх нь дарамт шахалт учруулсан гэх утгатай. Үүнийг би нэр бүхий хэдхэн эмчийн гомдол гэж харж байгаа. Би хоёр жил “Монгол-Японы эмнэлэг”-т "Эх баригч эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч"-ээр ажиллаж байгаад тус амаржих газрын даргаар ирсэн. Тухайн үед намайг ирэхэд төрөхөөр ирж байгаа жирэмсэн ээжүүдийг коридорт хүлээж аваад, ор гартал шалан дээр хэвтүүлдэг байсан. Үүнийг таслан зогсоож, тухайн үеийн тасгийн эрхлэгч нарт "Эхчүүдийг коридорт, газар хэвтүүлэхгүй шүү" гэх шаардлага тавьсан. Тэр нөхцөл байдлаас болоод жирэмсэн ээж, урагт сөрөг нөлөөлөл гарч болзошгүй шүү дээ. Гэтэл эхчүүдийг коридорт хэвтүүлээд байгаа атлаа нэр бүхий эмчийн хариуцдаг тасаг хүнгүй байна гэхээр ёс зүйгүй үйлдэл биз дээ.

Хамгийн гол нь би муу санаалж бус, эмч эмнэлгийн байгууллагын ажилчдаа олон зүйлийн алдаа гаргах вий гэж болгоомжилдог учраас шаардлага тавьдаг байсан. Түүнийг олон хүн дарамт гэж үздэг байж.

Түүнчлэн хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгчдийн сэтгэгдлийг хүлээн авах "QR" код байршуулсан. Учир нь нэг ч ядарсан ээж хараа хяналтгүй битгий үлдээсэй, бүү орхигдоосой гэж бодсон үүднээс, үйлчилгээгээ сайжруулах зорилготой хийсэн ажил. Үүгээр дамжиж эмч нарын тухай маш олон гомдол, санал хүсэлт ирдэг. Тэрхүү санал хүсэлт дээр олон удаа нэр нь дурдагдсан эмчид шаардлага тавьдаг. Энэ бас дарамт болсон юм байна.

Мөн эмч нарын утасны дугаарыг тасаг бүрийн үүдэнд тавьсан. Эхэндээ эмч нар үүнийг болиулах гэж олон арга хэрэглэсэн. “Шөнө оройн цагаар залгаад амраадаггүй” гэж. Эмч хүн бүх цаг үед хариуцаж буй өвчтөндөө үйлчлэх үүрэгтэй, зөвлөх ёстой. Гэтэл тэр нь дарамт болдог гэнэ. Байж болох тайлбар уу. Гэхдээ ажлаас чөлөөлөх, гомдол гаргах зэрэг асуудлыг зохион байгуулаад байгаа хүмүүс нь олон жил бусдыг өөрийн далбаан дор захирч яваа цөөн тооны нэр бүхий хүмүүс байна. Тиймээс бүх эмнэлгийн ажилчид үүнд хамаарахгүй гэдгийг онцлон хэлмээр байна.

-Та хувийн эмнэлгүүдийн асуудлыг хөндлөө. Одоо хүртэл ийм асуудал байгаа юу?

-Миний мэдэхийн 4-5 хүн дээр л энэ асуудал яригддаг. Одоо ийм асуудал байхгүй. Та нар I төрөхөөр үйлчлүүлсэн хүмүүсийн сэтгэгдлийг сошиалаар ороод үзээрэй. Төлбөр авдаг, хувийн эмнэлэг рүүгээ дууддаг асуудал байхгүй болсон. Тэр цөөн хүмүүсийн эрх ашиг хөндөгдөж байгаа учраас Үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг урдаа барьж байна. Уг нь үйлдвэрчний эвлэл гэдэг эмнэлгийн ажилчдыг удирдлагуудтай нь холбох, эвлэрүүлэх, хамтруулах, ажилчдын эрх ашгийн төлөө явах ёстой манлай байгууллага. Гэтэл ямар ч баримтгүйгээр гүтгэж, доромжилсон. Үүнийх нь хариуд би үүрэг хүлээж байгаа хүний хувьд “Энэ дөрвөн жилийн хугацаанд хурааж авсан 350 сая төгрөгийн тайлангаа, и-баримтад тулгуурлан тавиач ээ” гэх хүсэлтийг өгсөн. Үүндээ тодорхой хариулт өгсний дараагаар бусад асуудлыг ярих эрхтэй гэж би үзсэн.

-Баасан гарагт танай Үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүд мэдээлэл хийсэн. Энэ үеэр цаг тухай бүрдээ тайлагнадаг гэж тайлбар өгсөн?

-Өөрсдөө тэгж яриад байгаа. Гэхдээ надад тайлагнасан зүйл байхгүй. Тиймээс би энэ асуудлыг шалгадаг байгууллагад нь өгнө. Би өөрөө татвар төлөгч. Тийм учраас учрыг нь олох л ёстой гэж бодож байгаа.

-Энэ хэвлэлийн хурлаар эмч нарын цалин бага, ажлын ачаалал их. Тиймээс хувийн эмнэлэг нэмэлт орлого гэх мэт асуудлыг бас дурдаж байсан. Та энэ эмнэлгийн удирдлага байх хугацаандаа цалин мөнгөний асуудалд оролцож байсан уу?

-Үнэхээр бага цалинтай юу гэвэл үгүй. Эмчилгээ эрхэлсэн орлогч даргыг жишээ болгоё л доо. Олон жил ажилласны 25 хувь, анагаах ухааны докторын 10 хувь гэж нэмсээр бараг 95 хувийн нэмэгдэл авдаг. Яахав жижүүрийн хоног ойрхон байдаг байж болно. Ойрхон хийсэн бол хийснээрээ л нэмэгдлээ тооцуулж авдаг. Илүү цагийг хоёр дахин нугалж өгдөг. Ингээд бодохоор сард 3-4 сая төгрөг авдаг. Бусад асрагч, инженер, техникийн цалин арай өөр шатлалаар бодогддог. Гэхдээ тэр журмыг би гаргаагүй, төрийн албан хаагчийн цалингийн шатлалаараа бодогддог.

Шинэ хөдөлмөрийн тухай хуулийн дагуу би ажилчидтайгаа хөдөлмөрийн гэрээг дахин байгуулсан. Түүн дээрээ би “Зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ хийхгүй” гэх заалт оруулаад ирсэн. Үүнд эмч нар асар дургүй байгаа. Гүйцэтгэлээр цалинждаг байгууллагад энэ бол шударга үйлдэл гэж харж байна. Хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг боломжийг нь хаасан гэсэн үг.

Би 500 хүнээ цалинжуулахаар тэмцэж байхад, энэ хүмүүс зөвхөн өөрсдийнхөө төлөө тэмцэж байгаа юм. Цар тахалтай холбоотойгоор эмнэлгийн ажилчдын цалинг нэмж чадаагүй.

Харин өнгөрөгч наймдугаар сард “Эмнэлгийн ажилчдын өдөр”-өөр баяр тэмдэглэж мөнгө үрэлгүйгээр ажилчдынхаа цалинг 20 хувиар нэмсэн. Боломж нь тэр байлаа. Гэтэл тэр мэдээний дор “Хариугүй мөнгө өглөө, Зээлний хаана ч хүрсэнгүй, Нэмээгүй нь дээр байж” гэх сэтгэгдлүүд маш их орж ирсэн. Үнэхээр урамгүй. Дараа нь ковидын тасагт ажилласан хүмүүсийнхээ сарын цалин дээр 50 хувь нэмж өгсөн. Хамгийн сүүлийн хурал дээрээ би “Хэн сайн сэтгэл гаргасан нь, хэн сайн эмчилгээ үзүүлсэнд нь илүү цалин өгнө” гэж хэлсэн. Ийм шийдвэр гаргахгүй хуучин системээрээ яваад байх юм бол амаржих газар дампуурна.  

 

 

-Таны эмч нараа загинаж буй бичлэг сошиалаар тарсан. Тэндээс харахад хэтэрхий характертай ч юм шиг сэтгэгдэл төрсөн л дөө?

-Би их зарчимч хүн. Олон жил багш хийсэн. Заримдаа хэтэрхий гэмээр зарчимч зан гаргадаг. Гэхдээ оюутнууд маань тэр хатуу зарчимч зангийн маань ачаар юм сурсан гэж ярьдаг. Би эмчээс болоод хохирч байгаа хүнийг харж чаддаггүй. Тэр бичлэг хөл хориотой, ковидын үед л хийгдсэн юм шиг байна билээ. Ядруу эмэгтэй хүн, бүтэн өдөржин хүйтэн шалан дээр, цус нөжтэйгээ холилдоод тусламж эрээд сууж байхад нэг ч эмч яагаад тоосонгүй вэ. Өглөө нь тэр эмэгтэй над руу өөрөө залгаад учир байдлаа хэлсэн. Яаруу сандруу очоод өнгөрсөн шөнө үзсэн жижүүр эмчийн тэмдэглэл, хүнээ хүлээлцэж авсан тухай протоколыг сонсох гэсэн байгаагүй. Зөвхөн дэвтэр солилцсон тухайгаа л ярьсан.

Эмч нар өвчтөнөө хүлээлцэх ёстой болохоос биендээ дэвтэр солилцох ёсгүй биз дээ. Үүнд бухимдаж, хэтэрхий зарчимч үйлдэл гаргасан байж болно.

Гэхдээ би ганцаараа хашхирч бусдыг учир шалтгаангүй загнах хүн биш. Монтажилж, засаж янзалсан бичлэгээ бараг хоёр жилийн дараа гаргаж ирж байгаа нь ёс зүйгүй. Хамгийн гол нь буруутай үйлдлээ хүлээх ёстой эмч бичлэг хийгээд зогсож байсан нь харамсалтай юм даа.

-Сошиал гэж асуусан дээр нэмээд тодруулья. Эм, эмнэлгийн багаж хэрэгслийг хувьдаа ашигладаг тухай баримт сошиалаар тарсан. Эх сурвалж нь та гэсэн. Үнэн үү?

-Намайг очиход тулгарч байсан олон асуудлын нэг нь. Тариа, зүү, дусал зэргийг өөрийн эгч дүү, аав ээж, хамаатан садандаа зориулж бэлддэг, давуу талаа ашиглаж эмчилгээ хийдэг зэрэг зөрчлүүд маш их байсан. Одоо байхгүй. Гэхдээ энэ бүх эмч, эмнэлгийн ажилтантай холбоотой биш гэдгийг дахин сануулж хэлье.

Ж.Энхцэцэгийн баримт болгон авч байсан тухайн үеийн зургууд

-Хэдхэн хоногийн өмнө “Өргөө” амаржихад нярай эндсэн асуудал гарлаа. Энэ юунаас болов?

-Эмчилгээ хаана, аль шатандаа доголдож буйд хяналт шалгалт хийж, алдаагаа яаралтай засаж, залруулж байх учиртай хүмүүс үүргээ гүйцэтгэж чадаагүйтэй шууд холбоотой. Яагаад тэр хүнийг ядарсан, ядуу, царайтай, царайгүй, мөнгөтэй, мөнгөгүйгээр нь ялгаж байгаа юм. Үүнд чанарын албаны дарга, эмчилгээ хариуцсан дарга нар шатлалынхаа хүрээнд хариуцлага хүлээх хэрэгтэй. Тиймээс удирдлагын түвшинд авч хэлцэнэ гээд хурал зарлахаар хоёулаа өвдөөд эмнэлэгт хэвтээд алга болчихож байгаа юм. Энэ хооронд ажлаас халах тушаал гарчихлаа. Ажлаа хийгээгүй тэд үлдэж байгаад маш их харамсалтай байна.

-Та хоёр жил орчим энэ эмнэлгийн даргаар ажиллалаа. Дарга нарын халаа, сэлгээг харахад шинээр томилогдож ирж буй удирдлагууд өөрийн багтайгаа ирж байгаа харагддаг. Танд баг байгаагүй юу?

-Би ирсэн анхны хурал дээрээ “Надад баг байхгүй, танайд хангалттай сайн эмч, мэргэжилтнүүд байна. Бүгдээрээ хамтарч, баг болж ажиллая” гэж хэлсэн. Нуулгүй хэлэхэд тухайн үед олон хүн “Өөрийн хүнтэй байх хэрэгтэй. Багаа бүрдүүл. Хэл ам хийж байгаа хүмүүсээ хал” гэж хэлж л байсан. Үгүй л дээ... Ковидоор өдөр бүр хүн үхэж байхад, амьдрал яах нь тодорхойгүй байхад, зам, бүх дэлгүүр хоршоо хаагдаад хэцүүхэн болсон тэр үед удирдлага нь болж оччихоод хүн халж, солиод байвал ажил маань яаж урагшлах вэ. Ингэж л бодсон. Тэвчсэн, ажиллах гэж үзсэн. Гэтэл асуудал шийдэгдээгүй учраас энэ оны хоёр сараас “За одоо энэ хүмүүсээ явуулахгүй л юм бол нөхцөл байдал хүндрэх нь” гэж бодоод л шийдвэр гаргасан. Одоо тэнд үлд­сэн баг үнэхээр чадвартай, чан­саатай, чин сэтгэлтэй хүмүүс бий.

-Яг үнэндээ эмнэлгийн удирдлагууд өмнөх болоод өнөө цагийн салбар хариуцсан сайдын хүмүүс болоод байна. Магадгүй таныг өмнөх сайдын хүн учраас ажлаас халагдлаа гэж яриа гараад байгаа л даа. Үүнд тайлбар өгөх үү?

-Таны ярьж байгаа үнэн. Ил далд бүгд ингэж ярьж байгаа. Би өнөөг хүртэл эрүүл мэндийн салбарт ажиллахдаа нэг ч намын харьяалалд орж байгаагүй. Хоёр жил орчмын өмнө энэ эмнэлгийн даргаар сонгогдсон минь ямар ч улс төрийн оролцоогүй болсон зүйл. Цар тахлын хүнд үед өмнөх удирдлагууд солигдож, хотын захирагчид эмнэлгийн дарга хийх хүн яаралтай хэрэг болсон байгаа юм. Тэгээд салбарын хүмүү­сээс судалгаа хийж, асууж лавлаж байгаад надад энэ саналыг тавьсан. Ямар ч лоббиггүй, цэвэр чадварыг минь үнэлж тавьсан санал учраас би хүлээн зөвшөөрсөн. Би ямар нэгэн татаасаар, мөнгөөр албан тушаалд очих зарчимтай хүн биш. Салбарууд ямар нэгэн намын харьяанд, даргын халаасанд байж болно.

Эрүүл мэндийн салбар л хэн нэгний харьяанд, халаасанд байх ёсгүй.

-Дээр яриандаа бүх насаараа зүрх сэтгэлээ зориулан ажиллаад гүтгүүлж байна гэлээ. Нэр төрөө сэргээх үү?

-Би энэ эмнэлгийн даргаас халагдсандаа ямар ч асуудал ярихгүй ээ. Хамгийн гол нь эрүүл мэндийн салбарт ажилласан он жилүүдийнхээ нэр төрийг хамгаалж, гүтгэж буй асуудалд нь гомдол гаргана. Нэр төрөө сэргээлгэнэ. Миний салбар яам өнөөг хүртэл явж ирсэн ажил мэргэжлийн замыг минь ингэж дүгнэж буйд үнэхээр харамсалтай байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top