Пёньяны зүгээс Сөүл болон Вашингтоны хийж буй хамтарсан цэргийн сургуулилтад хариу арга хэмжээ авна гэж анхаарууллаа.
АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан цэрэг-агаарын сургуулилт даваа гарагт /2022.10.31/ эхэлсэн билээ. Тэгвэл Хойд Солонгос өнөө өглөө /2022.11.01/ Өмнөд Солонгос болон АНУ-ын хамтарсан цэргийн сургуулилтын хариуд шийдэмгий арга хэмжээ авч магадгүй гэдгээ санууллаа.
Солонгосын Төв цахилгаан мэдээний агентлаг БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгчийн мэдэгдлээс иш татан мэдээлэхдээ “Энэ түрэмгий цэргийн сургуулилт нь Солонгосын хойгт урьдчилан тооцоолоогүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд БНАСАУ-ын стратегийн зорилтод цохилт өгөх зорилготой” гэжээ.
Мөн Пёньян тусгаар тогтнол, ард түмний аюулгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлаа гадны цэргийн заналхийллээс хамгаалахад шаардлагатай бүх арга хэмжээг авахад бэлэн байгаа аж.
Хэрвээ АНУ цэргийн том өдөөн хатгалга хийж, зөрүүдэлсээр байвал БНАСАУ илүү хүчтэй хариу арга хэмжээ авах болно гэдгийг тус улсын Гадаад хэргийн яамны төлөөлөгч хэлсэн байна.
Америк-Өмнөд Солонгосын хамтарсан цэрэг-агаарын томоохон сургуулилт болох Vigilant Storm нь сүүлийн таван жилд хоёр улсын хийж буй хамгийн том цэргийн сургуулилт юм. Цэргийн сургуулилтад 240 гаруй онгоц, тэр дундаа орчин үеийн үл эзэгдэх онгоцнууд оролцож байгаа аж.
Өмнөд Солонгосын Агаарын цэргийн хүчний зүгээс сургуулилтад 140 орчим онгоц, тэдэн дунд үл үзэгдэх сөнөөгч онгоц F-35A, мөн F-15K болон KF-16 онгоц байгаа гэнэ. Тэгвэл АНУ-ын Агаарын цэргийн хүчний 100 техникийн нэгж, үл үзэгдэгч сөнөөгч онгоц F-35B, Японы Окинава арал дээр суурилсан EA-18 радио электрон байлдааны онгоц сургуулилтад оролцох аж.
Холбоотнуудын хамтарсан цэргийн сургуулилтын явцад нийт 1.6 мянга гаруй байлдааны нислэг хийгдэх юм байна. АНУ, БНСУ нь өсөн нэмэгдэж буй Хойд Солонгосын аюулыг тогтоон барих хүчээ нэмэгдүүлэхийг эрмэлзэж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )