М.Батболд: “Опал” жүжгээрээ инээх, уйлах мэдрэмжийг үзэгчдэд зэрэг өгөхийг хүссэн

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 03

"Фауст", "Гэм зэм" жүжгээр Монголын театрын урлагт шинэ салхи сэвэлзүүлсэн залуу найруулагч  М.Батболд АНУ-ын зохиолч Жон Патрикийн “Everybody loves Opal” жүжгийг “Опал” нэртэйгээр Монголын хүүхдийн ордны тайзнаа энэ сарын 4-30-ны өдрийг дуустал өдөр бүр тоглохоор болсон. Тэгвэл “Опал” жүжгийн найруулагч М.Батболдыг “Өглөөний зочин” хоймортоо урилаа.


-Юуны өмнө шинэхэн уран бүтээлээ өлгийдөн авсан танд болон танай хамт олонд баяр хүргэе. Үзэгчдийн хүртээл болоод багагүй хугацаа өнгөрч байна. Үзэгчдийн сэтгэгдэл ч өндөр байна лээ. Тиймээс "Опал" жүжгийн талаар хамгийн эхэнд онцлон ярилцъя гэж бодож байна?

-АНУ-ын зохиолч Жон Патрикийн “Everybody loves Opal” жүжгийг “Опал” нэртэйгээр үзэгчдийн хүртээл болгоод нэг сарын хугацаа өнгөрч байна. Жон Патрик гэдэг зохиолч бол радио жүжигт зориулж жүжиг бичдэг. Түүний жүжиг уран бүтээлүүд “Broadway” театрын алдарт бүтээл юм. “Everybody loves Opal” жүжгийн зохиол 1960 онд бичигдэж, 1961 оны аравдугаар сард Нью-Йоркийн “Longacre” театрт тоглогдсон байдаг. Түүнээс хойш 1963, 1967, 1993, 2017, 2018, 2019 онуудад дэлхийн театруудад тавигдаж байсан түүхтэй.

Дан ганц “Everybody loves Opal” нэрээр бус “Dear Pamela” гэх нэрээр дэлхийн зарим улс оронд тавигдаж байсан. Энэ онд хоёр ч улсад тавигдсан. Энэхүү зохиолоор бүтсэн кино хүртэл бий. Ийнхүү улс орон бүрийн найруулагч нар өөр өөрийн гэсэн үзэл бодол, нийгмийн онцлог, хэлбэр хийц, дизайнераар тус жүжгийг найруулсаар ирсэн. Энэ зохиолыг орчуулагч Ганболдын хөрвүүлснээр үзэгч олондоо тайзан дээр амилуулж хүргэж байна. Намайг сургуулиа төгсөөд ирж байхад “Опал” жүжгийн зохиолыг багш маань анх тавихыг хүссэн. Ийнхүү гурван жилийн дараа тус жүжгийг тайзнаа амилуулахад бүх юмны тохироо нь бүрдэж, энэ жүжиг үзэгчдийн хүртээл болсонд маш их баяртай байна.

-Бүх юмны тохироо бүрдсэн гэхээр?

-Нийгмийн хэрэгцээ, цаг үеийн байдлын тохироо бүрдсэн гэсэн үг. Мөн дэмжин ажиллах хүмүүс болоод жүжигт тоглох дүрүүд бүрдсэн. Ялангуяа гол дүрийн жүжигчнийг хайж, их судалсан. “Опал” гэдэг дүр бол дотоод сэтгэлийн, далд эрчим шаардсан, жүжигчнээс ур чадвар, сэтгэл зүрхний өндөр бэлтгэл шаардсан дүр. Дотоод сэтгэлийн гоо зүй, увдис шаардсан тул О.Энхтуул жүжигчнийг тохирох юм байна гэж харсан. Ийнхүү Германд байхад нь зохиолоо явуулахад, уншчихаад “Опал чинь би байна шүү дээ” гэж хэлж байсныг тод санаж байна. Ингэж л жүжгийн маань ажил өрнөж эхэлсэн.

-Багшийнхаа хүсэлтээр “Опал” жүжгийг тайзнаа амилуулсан гэж байна. Тэгвэл багш нь үзээд ямар дүн тавьсан бол?

-Багш маань үзээд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн. Жүжгийн дүрүүдийн тоглолт болон найруулагчийн тавилт бусад бүх зүйлүүд нь таалагдсан гэсэн. Энэ жүжгээрээ багшийнхаа итгэлийг алдахгүй, сэтгэлийг нь өргөж өгсөндөө баяртай байна.

-"Опал" жүжгийн хувьд яг ямар төрөл жанрын жүжиг вэ?

-Жүжиг маань мелодрам буюу утга уянгын жүжиг. Хийц хэлбэр нь болохоор саркастик буюу гүн егөөдөл. Тэгэхээр уг жүжгийг егөөдөл-саркастик-мелодрамын жүжиг гэж хэлж болно. Эхний гурван үзэгдэл нь инээдмийн буюу комеди, хөнгөн. Гэтэл дөрөвдүгээр үзэгдлээсээ мелодрам буюу уянгын болдог. Мелодрамыг саркастиктай холино гэдэг бол маш хэцүү. Хүнийг уйлж байхад нь инээлгэнэ, инээж байхад нь уйлуулна. Энэ хоёр мэдрэмжийг үзэгчдэд зэрэг өгөхийн тулд маш их зүйлийг суралцлаа.

Шинэ жүжгийн сургуулилалт бүр намайг шинэ зүйлд сургаж, тэр нь ч амттай байдаг.

-"Опал" гэдэг нэрийг нь тайлбарлаж өгөхгүй юу?

-“Опал” гэдэг үг бол “Хайрын саран чулуу” юм. Энэ чулуу нь их сонин мөлгөр хэлбэртэй. Харах тусам тэр чулуунд илбэдүүлсэн юм шиг ховсдуулдаг чулуу. “Опал” нэртэй гараг ч байдаг. “Хайрын саран чулуу” бол эрдэнийн чулуу. Тэр эрдэнийн чулуу эмэгтэй хүний дотоод сэт­гэлд байдаг юм байна гэж харсан.

-Уг жүжгийг тайзнаа амилуулахад хэр хугацаа шаардагдсан бэ?

-Жүжгийг тайзнаа амилуулахад зургаан сарын хугацаа шаардагддаг. Харин энэхүү жүжиг дээр дөрвөн сар ажилласан. Жүжгийн маань ажил зургаадугаар сараас эхэлсэн. Харин наймдугаар сараас ширээний уншлага эхэлсэн. Тайз, декрацийн ажилдаа ороод аравдугаар сард ийнхүү нээлтээ хийчихсэн, жүжиг маань тайзнаа тоглогдож байна.

-Жүжгийн дүрүүдийнхээ талаар яриач?

-“Опал” жүжиг маань долоон дүртэй. Би маш гайхалтай сонголт хийсэн. Найруулагч хүний ажлын 50 хувь нь дүрийн сонголт байдаг. Хамгийн гол дүр болох О.Энхтуул жүжигчнийг сонгосондоо маш их баяртай байгаа. О.Энхтуул жүжигчин маань хэдийгээр 13 жил театрын урлагаас завсардсан ч гэсэн энэ нь өнөөдөр гайхамшгийг авчирсан гэж боддог.  О.Энхтуул эгч өөрөө хүчтэй сэтгэлзүйтэй хүн. Бусдыг өөртөө татдаг сэтгэлзүйн эрчим ихтэй, эмэгтэй хүний гадаад өгөгдөл нь сонирхолтой, өөрт нь гэгээлэг хүчтэй чанар харагддаг. Түүнд тайзан дээр хүнийг ховсдох увдис байдаг. Тэр олон чанар нь гол дүр дээр О.Энхтуул эгчийг олж харах хөшүүрэг болсон.

Жүжигчин Н.Онон Соломон Бозогийн дүрд тоглож байгаа. Энэ нь дээрэмчдийн ахлагч юм. Н.Онон ахаас тийм адын дүр гарна гэж бодоогүй. Тэр хүн бол тоглолт бүр дээр гэнэтийн бэлэг барьдаг өргөн цар хүрээтэй, ухаалаг, судалгаа сайтай жүжигчин. Н.Онон ахыг найруулагч нарт ээлтэй жүжигчин гэж хэлнэ.

Жүжигчин Т.Сэргэлэн нь Брэдфорд Винтерийн дүрд тоглосон. Жүжигчний авьяас гэж юу гэж асуувал би жүжигчин Т.Сэргэлэнг хэлнэ. Түүний авьяас, ур чадвар, мэдрэмж, сэтгэлийн хөдөлгөөн, сэтгэлзүйн эрчим нь  биед нь багтаж ядсан, тэр нь тэсэрдэг тийм л жүжигчин. 

МУГЖ Ц.Төмөрбаатарын хувьд эмчийн дүрд тоглож байгаа. Энэ жүжигт нэг үзэгдэлд ороод гардаг мөртөө тэр үзэгдэлд цоо шинээр өөрийгөө эвдэж чадсан. Эмчийн дүрийг түүнтэй ярилцаж байгаад яльгүй хэтрүүлэг оруулж өгсөн.

Жо Янкиэгийн дүрд Д.Баттөмөр жүжигчин тоглосон. Хамгийн зэвүүн дүр л дээ. Тус жүжигчин суурь сайтай, дүрээ тултал нь илэрхийлж чаддаг гайхалтай жүжигчин. 

Дараагийн гол жүжигчний нэг Т.Ариунчимэг. Түүний тухайд Глориа Гулокийн дүрд тоглосон. Манай театрын продюсер юм. Тус жүжигчнийг гол дүрд тоглооч гэж би олон удаа санал тавьсан, гуйсан. Би түүнийг “Гэм зэм” жүжигт тоглож байхад нь авьяастай болохыг нь олж харсан. Мэдрэмж, уран сэтгэмжийн хувьд маш өндөр.

Театрын хүн дүрд тоглодог Э.Чинзоригийг кино уран бүтээлч гэдгээр нь сайн мэднэ. Гэхдээ түүнийг киноны жүжигчнээс илүү театрт тохирох жүжигчин байна гэдгийг багш, шүүмжлэгч, судлаач нар хэлсэн.

-Тус жүжгээр дамжуулан үзэгчдэд юуг ойлгуулахыг, ямар мэдрэмж төрүүлэхийг хүссэн бэ?

-Би ямар нэгэн үзэл суртлын хичээл заахыг хүсээгүй. Гол нь мэдрэмж төрүүлэхийг л хүссэн. Би энэ жүжгээрээ инээх, уйлах мэдрэмжийг зэрэг өгөхийг хүссэн. Зарим улс орон хөгжлийнхөө дээд цэгт ойртоод, тэр нь задрах гэж байхад Монгол орон хамгийн ёроолд нь байна. Материаллаг хөгжлөө больё. Сэтгэл зүрхний хөгжлөөрөө манай орон хамгийн доод цэгт байна. Бие биеэ үзэн яддаг, байж болох хамгийн муу муухай, амиа бодсон, хорон авир, шунал, дайсагнал гээд байж болох бүхий л адын араншин биднээс гарч байна. Монголчуудын зүрх сэтгэлийн боловсрол тэг хувь. Бараг хасах утгадаа орж байна. Энэ үед биднийг соён гэгээрүүлэх, төлөвшүүлэх шиг хэрэгтэй юм алга. Гаднын улс орнууд бидний тухай ярьж инээлдэж, шоолж байна. Тэд бидний тухай онигоо хүртэл зохиож ярьж байна шүү дээ. Тэглээ гээд бид орхиод явж чадахгүй. Бүх л улс орон дайраад гарсан байж таараа. Бидний цорын ганц гарц бол соён гэгээрэх юм. Үүнийг театрын урлаг л хийх боломжтой. Яагаад вэ гэвэл театрын урлагт хөгжим, зураг, жүжиглэх, техник, бүжиг, дуу орсон байдаг. Бүх урлаг театрт багтсан байдаг учраас үүнийг “Гранд” урлаг гэж нэрлэдэг.

-Энэхүү жүжгийг толилуу­­лахад таны хувьд “хайрцагнаас гарч” сэтгэж чадсан уу?

-Найруулагч хүн өдөр бүр шинийг эрэлхийлж, сурч мэдэх гэж дайрдаг.

Суралцана гэдэг бол шинийг эрэлхийлэх хандлагыг хэлнэ. Тэрнээс биш хайрцгандаа байгаа зүйлийг хийгээд л байвал хүн дуусна, хоцрогдоно. Шинэ жүжиг тавих болгондоо би суралцдаг.

Энэ удаагийн жүжгээс саркастик, мелодрамын тухай суралцлаа. Тэгэхээр би “Опал” жүжгээрээ шинийг нээн илрүүлж чадсан гэдэгтээ бат итгэлтэй байна.

-“Хүн” театрт тоглоход жүжгийн өнгө аяс илүү мэдрэгдэх боломжтой гэдэг. Харин энэ сарын 4-ний өдрөөс Монголын хүүхдийн ордонд тоглогдохоор болсон шалтгаан нь юу вэ?

-“Хүн” театр бол гайхам­шигтай гоё театр. Бүжиг дэглээч, МУГЖ Д.Энхгэрэл багш, түүний нөхөр Д.Болор-Эрдэнэ нар энэхүү театрыг барьсан нь Монголын театрын урлагт маш том үүдийг нээсэн, түүхэнд бичигдэх эргэлт гэж хэлж болно. Тэнд “Опал” жүжгийн мэдрэмжийг амьдаар мэдрүүлж чадсан. Гэсэн ч залуучууд руугаа ойртохын тулд Монголын хүүхдийн ордонд тоглож байна. Тэдний хувьд “Хүн” театр руу явахад унаа хөлс, тасалбарын 120-150 мянган төгрөг төлж үзэх хэцүү. Би энэ жүжгийг залуучууд илүү их үзээсэй гэж хүсэж байна. Учир нь залуучууд нийгмийг соён гэгээрүүлж чадна гэдгийг харсан. Тиймээс нийгмийн сайн сайхны төлөө, тоглолтын орлогыг үл хэрэгсэж, Соёлын яамны дэмжлэгтэйгээр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тоглох гэж байна. Тасалбарын үнэ 30 мянга болон 50 мянган төгрөгийн үнэтэй болгож хямдруулсан. Мөн байгууллага, анги хамт олон гээд олноороо ирвэл хямдрал үзүүлнэ. Ингэснээр “нийгмийн эм­чилгээ маань өвчтөндөө хүрнэ”.

-Та сэтгэцийн эмч мэргэжилтэй. Гэтэл яагаад найруулагч больё хэмээн шийдсэн бэ. Магадгүй таны аав театрын алтан үеийн жүжигчдийн нэг Г.Мягмарнаран гуай нөлөөлсөн байх?

-Мэдээж аавын минь ажил мэргэжил нөлөөлсөн. Театр бол миний хувь тавилан. Би театрт хайртай. Мэдээ орох цагаасаа л Улсын драмын эрдмийн театрт гүйж өссөн. Хоёр настайгаасаа аавыгаа даган театрт орж, театрын жүжигчдийн өвөр дээр сууж, хоол цай, өгсөн чихрийг нь идэж, ажил амьдралыг нь дэргэдээс нь харж өссөн. Тиймдээ ч миний далд ухамсарт энэ мэргэжил хамгийн ойр шивэгдэж үлдсэн.

Энэ бол миний найруулагч болсон хамгийн том шалтгаан. Театраар хүнийг гэгээрүүлж болдог гэдгийг баталж нотлохын тулд, дуртай зүйлээ хийж амьдрахын тулд би найруулагч болохоор эргэлт буцалтгүйгээр шийдсэн.

Намайг найруулагч болно гэхэд "Чи сэтгэцийн эмчээр удаан ажиллаад солиорч эхэлж байна. Амар" гэх хүмүүс ч байсан. Өөрөө ч багагүй эргэлзэж байсан ч зориглон шийдвэр гаргасан. СУИС-ийн хоёрдугаар дамжаанаас Москва руу суралцах хүсэлт илгээж болохыг бодож үзсэн. Ээлжийн амралт ч болов. Хэнд ч хэлэхгүй СУИС-ийг зорьж, элсэлтийн шалгалт өгөв. Шалгалт авч буй багш нарт аавынхаа алдрыг зориуд хэлсэнгүй. Хэрэв уначихвал драмын амьд домог аавынхаа нэрийг баастана. Гэтэл УГЗ Найдангийн Ганхуяг 26 настай эмч намайг ангидаа сонгон авсан.

-Москва хотод найруу­лагчийн ангийг төгсөхөд, тэр босго өндөртэй сургуулийн шалгуурыг давахад шантрах үе хэр байв?

-Маш их шантарсан. Өдөр бүр өөрөөсөө бууж өгөх тухай асууж таван жилийн хугацааг өнгөрүүлнэ гэдэг үнэхээр аймшигтай. Үүний ард нь гарна гэдэг бол ялалт. Би энэ сургуулийг төгссөндөө баярлаж, залбирч явдаг. Тэнд элсэлтийн шалгалтад бүртгүүлсэн таван мянган хүүхдээс Женовачийн курст арвыг нь л авсан. Өдөр шөнөгүй бэлдсэн тул ямартай ч 10 хүүхдийн тоонд багтаж, найруулагчийн курст элсэж чадсан. "Найруулагчийн дипломыг нь авчихаад ирье" гэсэн бодолтой, тас харанхуй, өөртөө итгэлтэй Москвад хөл тавьсан миний бие эхний хоёр жилээ "шал арчив".

-2020 онд Ц.Балдоржийн "Хайрын виз" жүжгийг тайзнаа тавиад удалгүй УДЭТ-аас ажлаасаа гарсан. Яагаад гарах болов?

-Би УДЭТ-аас гараагүй, түр чөлөө авсан. Энд ажиллаж буй жүжигчид, ажилчдад би хайртай. Яагаад гэвэл УДЭТ миний төрсөн гэр шиг байдаг. Тийм учраас театртаа олон олон уран бүтээл хийх хүсэл эрмэлзэлтэй явдаг. Хэсэг хугацаанд хувийн уран бүтээлээ хийж, театрын урлагийг өөр өнцгөөс чөлөөт байдлаар харж, сэтгэхийг хүссэн. Тиймдээ ч уран бүтээлээ хийсээр байна.

-Монголын театрын ур­лагийн хөгжил ямар байна вэ?

-Монголын театрын урлагийн хөгжил хэт хоцрогдсон байна. Найруулагчгүй шахам байна. Мэргэжлийн театрын урлагаас сурсан мэдсэн зүйлээ хэрэгжүүлэхээр хичээн ажиллаж байна. Театрын урлаг бол илүү сайхан хөгжинө гэдэгт итгэлтэй байна.

-“Театр хөлөг онгоц юм аа гэж бодоход далайд сэлэх нь үзэгчид” хэмээн та хэлж байсан. Та энэхүү хөлөг онгоцны замыг нээж, урт аялах боломжтой болгосон гэж итгэл төгс хэлж чадах уу?

-Энэ замыг нээж чадсан гэж хэлбэл хэтэрхий биеэ тоосон болно. 3000 жилийн түүхтэй, Монгол Улсад 90 жилийн түүхтэй УДЭТ-ын үе үеийн мундаг найруулагч нар байсан шүү дээ. Би орчин үеийн театрын урлагийг залуучуудад ойртуулах гэж тэмцэж яваа нэгэн залуу найруулагч.

 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(59.153.115.129) 2022 оны 11 сарын 04

баяр хүргэе үнэхээр чадалтай хүү дээ

0  |  1
Top