О.Бат-Эрдэнэ: Эдийн засгийн дотоод өсөлтийн онолыг эх орондоо нутагшуулах нэн шаардлага үүссэн

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 08

“Өглөөний зочин”-оор доктор, профессор О.Бат-Эрдэнийг урьж, Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, ирэх оны улсын нэгдсэн төсвийн талаар ярилцлаа.


-Ирэх 2023 оны улсын нэгдсэн төсвийг удахгүй УИХ-аар батална. Энэ удаагийн төсвийг дагасан хамгийн том шүүмжлэл нь орлогыг хэт өөдрөгөөр төсөөлсөн. Түүгээр зогсохгүй  зарлагыг түүхэнд байгаагүй өндөр дүнгээр тавьсан гэгдэж байна. Энэ талаар ярилцлагаа эхлүүлье?

-Засгийн газраас өргөн барьсан Улсын нэгдсэн төсвийн төслийг УИХ хэлэлцээд тухайн оны арваннэгдүгээр сарын 15-ны дотор баталдаг хуулийн зохицуулалттай. Ирэх жилийн төсвийг нэлээд шахуу, өндөр үзүүлэлттэйгээр буюу 20 их наяд 475.3 тэрбумын нэгдсэн төсвийн зарлагатай, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 18 их наяд 921.9 тэрбум төгрөг байхаар Засгийн газар УИХ-д өргөн бариад хэлэлцүүлж байна. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого нь ДНБ-ий 34.7, зарлага нь 37.6 хувьтай байхаар байна. Энэ нь харьцангуй өндөр үзүүлэлт. Зарлагын өсөлт ДНБ-ий таван хувиас хэтэрч болохгүй гэсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлага байдаг. Гэтэл энэ жил оруулж ирсэн нь нийт ДНБ-ий 4.7 хувьтай тэнцэхээр оруулж ирсэн байна.

Төсвийн зарлагын өсөлт 2.5 их наяд төгрөгөөр өмнөх жилээс өссөн. Энэ бол их өндөр өсөлт. Орлого бурдүүлэх гол эх үүсвэр нь уул уурхайн бүтээгдэхүүн. Манай улсын экспортын 94 хувийг эрдэс баялгийн бүтээгдэхүүн эзэлж байна. Эндээс үзвэл манай улсын эдийн засаг хэр солонгорч чадсан бэ гэдэг нь тодорхой харагдана. Өөрөөр хэлбэл, зургаахан хувь нь хөдөө аж ахуй болон бусад салбар эзэлж байгаа нь Монгол Улсын эдийн засгийн чадамж, эрсдэл даах нөөц ямар бага байгааг илтгэнэ. Яахав, ирэх жилийн хувьд геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалж, нүүрсний эрэлт нэмэгдэх хандлага байгаа. Гэхдээ л энэ бол дан ганц манай улсаас шалтгаалахгүй. Жишээ нь, Хятад нүүрс авах эрэлт байгаа ч тээврийн асуудал, цар тахлын эрсдэлүүдийг тооцох хэрэгтэй. Иймэрхүү асуудлаа бид их холоос төлөвлөж, тооцохгүй бол зөвхөн ирэх жилийн төсвийн орлогыг тасалдах, тасалдахгүйн асуудал тийм ч чухал биш. Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдал, оршин тогтнох үндэс сууриа л тодорхойлж, түүний төлөө төрийн бодлогын хэмжээнд зорилго тавьж, ажиллах хэрэгтэй байгаа юм. Төсөөлөөд бодъё. Төмөр зам нь явах боломжгүй, хөрш орнууд хилээ хаачихсан, геополитикийн эрсдэлт хүчин зүйл тулгамдсан үед монголчууд бид яаж амьдрах юм бэ гэдгийг л урьдчилж бодоод эдийн засгийн урт хугацааны бодлогыг боловсруулах хэрэгтэй.

-Манай улсын төсөв жил бүр алдагдалтай гардаг. Энэ онд л гэхэд хагас  жилийн гүйцэтгэлээр төсвийн алдагдал 1.1 тэрбум ам.долларт хүрээд байгаа. Оны төгсгөлд энэ тоон үзүүлэлт мэдээж нэмэгдэнэ. Төсвийн алдагдлын гол шалтгааныг юутай холбож тайлбарлах вэ?

-Зарим тоо баримт дурдъя. 1995-2021 оны хооронд 27 жилийн хугацаа байгаа. Энэ 27 жилийн 20 жилд нь төсвийн тэнцлээ алдагдалтай баталж байсан. Жишээ нь, 2020 онд дөрвөн их наяд 539.1 тэрбум төгрөгийн алдагдалтай баталсан. Харин 2021 онд хоёр их наяд 908.7 тэрбум төгрөгийн алдагдалтай баталсан. Ирэх онд ч ялгаагүй, алдагдалтай. Энэ их алдагдал ар, араасаа гараад байхаар яах вэ. Ердөө л дампуурал. Төсвийн алдагдлыг зээлээр л нөхөж байгаа. Өөр гарц байхгүй. Хоосон орон зайгаа Валютын сангийн хөтөлбөрөөр нөхдөг. Ер нь л манай эдийн засагт нэг муу жишиг тогтсон. Юм л бол Засгийн газраас хэрэгжүүлж байгаа төслөө Азийн хөгжлийн банкны хөтөлбөрөөр, тийм ийм юмны хөтөлбөрөөр хийж байгаа гэдэг. Ямар юмных нь хөтөлбөр байх вэ дээ, зүгээр зээл л байхгүй юу. Бид өрөө л нэмж байгаа гэсэн үг. Жишээ нь яригдаад байгаа нөгөө Дарханы зам чинь л гэхэд, Европын сэргээн босголтын банкны зээл, Азийн хөгжлийн банкны зээлүүд л шүү дээ. Гэхдээ энд нэг зүйлийг онцлоход, төсвийн алдагдлыг 2023 онд өмнөх оноос 800 тэрбумаар буулгахаар оруулж ирж байгаа нь нааштай

-Ер нь улсын төсвийн хөрөнгө оруулалтыг сонгуулийн тойрог услах замаар л цацсаар ирсэн гэхэд хилсдэхгүй. Тэгвэл төсвийн хөрөнгө оруулалтыг хэрхэн үр ашигтай зүйлд зарцуулж болох талаар тайлбарлаад өгөөч?

-Хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний хэрэгжих он, төсөл арга хэмжээ, санхүүжих дүн дээр үр ашгийн үзүүлэлтүүдийг тусгах хэрэгтэй. Ямар ч төсөл арга хэмжээг хөтөлбөр, шинэ сум төсөл, сумын төвийн тохижилт, инженерийн шугам сүлжээ гэх мэт маш олон ерөнхий нэршлээр барагцаалж  зураг төсөл, тооцоогүй тусгадгийг хоримоор байгаа юм. Тодорхой төслийн нэрээр хүчин чадал, хэмжээ, зориулалтаар нь тусгадаг болох хэрэгтэй. Тухайлбал, сумын төвийн тохижилтод яг юу хийх юм, шугам сүлжээний шинэчлэлд яг ямар шугам сүлжээ хэдэн метр үргэлжлэх, дулаан, цахилгааны  шугам сүлжээ, сумын төвийн шинэчлэлд яг юу хийх юм гэх мэтээр тодорхой болговол таавраар тавьж хөрөнгө үргүйдүүлдэг байдлыг таслан зогсоох боломж бүрдэнэ. Нөгөө талаар гаднын орнуудын сайн туршлагаар төсвийн хуульд шинэчлэл хийх хэрэгтэй. Жишээ нь, улсын нэгдсэн төсвийг нэгдүгээрт Засгийн газрын үйл ажиллагааны төсөв, хоёрдугаарт хөгжлийн төсөв гэдэг байдлаар хуваамаар байна. Хөгжлийн төсвийн эх үүсвэрийг зөвхөн татвараар бүрдүүлэх биш  гадаад, дотоод зээл тусламж, Засгийн газрын бонд, хувийн хэвшлийн хамтарсан сан, төрийн өмчит аж ахуйн байгууллагын ашиг,  зэрэг өргөн хүрээний эх үүсвэрээр өргөжүүлж, хөгжлийн дунд хугацааны үндсэн чиглэлд туссан цэвэр экспортын үйлдвэр, Монголын нөөцийг үнэ цэнд хүргэх боломжтой судалгаа, технологи боловсруулалт, үйлдвэр, түгээлт, нийлүүлэлтийн сүлжээ, логистик, дэд бүтцийг санхүүжүүлэх шийдлийг санал болгодог хууль эрх зүйг бүрдүүлэх. Өнөөгийн төсвийн хууль эрх зүйгээр үйлдвэрлэл, бизнесийн бүтээлч салбаруудыг шууд дэмжих боломжгүй байдаг. Тийм учраас ХХААХҮС, УУХҮС-ын багцад аж ахуйг дэмжсэн хөрөнгө оруулалтын чанартай зардал төлөвлөж болдоггүй. Та нар бод доо, 2023 онд УУХҮС-ын багцад ямар ч хөрөнгө оруулалт тусаагүй байх жишээтэй.

 

Хуучин барилгыг нурааж шинэ барилга барина гэдэг хадуурлыг таслан зогсоох шаардлагатай

 

-Сүүлийн жилүүдэд Төсвийн хэмнэлтийн талаар их ярьж байна. Таны хувьд хэмнэвэл зохих ямар зүйл байна гэж боддог вэ?

-Төсвийн хөрөнгө оруулалтын төслийг төлөвлөхдөө хуучин барилгыг нурааж шинэ барилга барина гэдэг хадуурлыг  таслан зогсоох шаардлагатай. Хуучин барилгыг сэлбээд сэргээгээд, додомдоод ашиглах шаардлагатай. Энэ бол хэрээс хэтэрсэн цамаархал. 40-50 жил болсон барилга байтугай Европод 400-500 жил болсон барилгаа ашиглаж, харин ч улам үнэ цэнд хүрч байна. Акт гарсан гэдэг шалтгаанаар барилга нурааж шинэ барилга барих нь төсвийн үр ашиггүй үйл ажиллагааны жишээ юм. 2023 оны энэ төсвийн төсөлд БШУС-ын төсвийн багцын Хөрөнгө оруулалтын төслүүд дотор 19 барилгыг буулгаж шинээр барихаар тусгаад хэрэгжүүлээд явж байна. Ийм байж таарахгүй. Нөгөө талаар төсвийн бодлогын шинэчлэлийн хүрээнд Засгийн газрын бүтцийн шинэчлэлийг хөндөх ёстой. Үүнд, аливаа бүтээгдэхүүний үнэ бүрдэл, бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээний өртөг зохиох, салбаруудын норм, нормативыг тооцох, хянан баталгаажуулах чадавхыг бүрдүүлэх асуудлыг Эдийн засаг, хөгжлийн сайд эсвэл Хөдөлмөрийн сайдын чиг үүрэгт тусган судалгаа тооцоолол, туршилтын төвийг ажиллуулах шаардлагатай. Монгол оронд дуртай нь үнэ зохиодог, хөдөлмөрийн хөлсийг амандаа орсноор дуугардаг байдлыг журамлах ёстой. Дүгнээд хэлбэл, Монгол Улсын хөрөнгийн удирдлагын нэгдмэл тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай.

Тухайлбал, 2017 онд Архангай аймгийн Хангай суманд 320 хүүхдийн суудалтай сургуулийг 2,882.1 сая төгрөгөөр барьж байсан бол 2022 онд мөн ижил сургуулийг Өвөрхөнгайн Хужирт суманд 7,298.5 сая төгрөгөөр, 640 хүүхдийн сургуулийг Улаанбаатарт 2017 онд 3,840 сая төгрөгөөр барьж байсан бол 2022 онд 9,716.5 сая төгрөгөөр, 2017 онд Завханы Цагаанхайрхан суманд 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг 638 сая төгрөгөөр барьсан бол 2022 онд Дарханд мөн хүчин чадалтай цэцэрлэгийн барилгыг 2,871.2 сая төгрөгөөр барих жишээтэй. Эндээс үзвэл үнэ өртөг ямар ч хяналтгүй болжээ. Мэдээж үнийн өсөлт, өртөг байх нь мэдээж. Гэхдээ л тавхан жилийн дотор ийм их үнийн зөрүү үүснэ гэдэг байж болох үндэслэлтэй юу гэдгийг судалж тооцох л хэрэгтэй. Иймээс төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний тухайн жилийн зардлыг төлөвлөхдөө Статистикийн хороо, Эдийн засаг, хөгжлийн яамдын хамтарсан хорооны баталсан тухайн жилийн үнийн индексийг санхүүжүүлэх дүнд тооцон тусгаж уян хатан, бодит өөрчлөлт оруулдаг механизмд шилжих шаардлагатай.

-Улсын нэгдсэн төсөвт хамгийн их дарамт үүсгэдэг зүйл халамж. Манай улсын хувьд халамжаа хавтгайруулсан ч гэх шүүмжлэлд их өртдөг. Тэгвэл халамжаас хөгжилд шилжихийн тулд юун дээр анхаарах хэрэгтэй вэ?

-Халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг бодит ажил хэрэг болгохын тулд байгууллага бүр туслах аж ахуй эрхлэх, нэмэлт орлогоороо нийгмийн асуудал, ажиллагсадаа хөгжүүлэхэд зарцуулах эрхийг олгох, иргэд, төрийн албан хаагчид нэмэлт орлого олж амьдрах хууль эрх зүйг бүрдүүлэх шаардлагатай. Төсөвт байгууллагууд нэмэлт орлого олохоор төсвөөс олгодог санхүүжилтийг багасгадаг нь тэдний орлого олох санаачлагыг унтраадаг нэг хүчин зүйл болоод байна. Төсвийн ерөнхийлөн захирагчдын тухайн жилийн төсвийн боловсруулсан төслийг тухайн салбарын мэргэжлийн  хөндлөнгийн багаар хянуулж, саналыг тусгасны дараа Сангийн яаманд хүргүүлэх, улмаар Засгийн газрын өргөн барьсан төсвийн төлөвлөлтийн оновчтой үр ашигтай байдлыг яам салбарыг хянасан мэргэжлийн багуудын төлөөллөөс бүрдсэн төсвийн хяналтын хөндлөнгийн мэргэжлийн багаар хангалттай хугацаанд хянуулж, дүн шинжилгээ хийлгэж, санал дүгнэлтийг УИХ-ын бүтцүүдээр хэлэлцүүлж, тэдний бодит үндэслэлтэй хувилбарыг заавал үндэслэн төсөв баталдаг механизмыг бий болгох асуудлыг Төсвийн тухай хуульд тусгаж өгөх шаардлагатай. Энэ механизмгүйгээр Төрийн байгууллагуудын шууд нөлөөн доор байгаа хүмүүсийн санал дүгнэлт эрхтэн, тушаалтны дарамтан доор хүчгүйдэж байна. Ийм механизм тогтоовол ард түмэн засаглаж байгаа, ардчилал жинхэнэ утгаараа хэрэгжиж байгаагийн баталгаа болно. Төсөв боловсруулах, хянах шинэ механизмтай уялдуулан төсвийн цагалбарыг төсвийн хуулинд өөрчлөн тусгах шаардлагатай.

-Өнгөрсөн он жилүүдэд улсын төсвөөс ямар салбарт хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн. Хэр үр дүнтэй байсан талаар танд судалсан зүйл байна уу?

-2005-2021 оны хооронд 17 жилийн хугацаанд  Улсын төсвөөр хийгдсэн хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээний нийт зардлын 68,1 хувь нь зөвхөн БСШУ-ы сайд, ЗТХ-ийн сайд, БХБ-ын сайд, Эрчим хүчний сайд, Эрүүл мэндийн сайд гэсэн таван сайдын төсвийн багцад хуваарилагдсан байна. Өөрөөр хэлбэл, энэ салбарын яамдыг Монголын төр онцгойлон анхаарчээ. Тэгвэл 2023 оны төсвийн хөрөнгө оруулалтын зардлын 84,9 хувь нь дээрх таван яаман дээр нэмээд Сангийн сайд, Сайд бөгөөд хотын түгжрэлийн асуудал хариуцсан үндэсний хорооны даргын багцад хуваарилагдсан байна. Судалгаагаанаас харахад хөдөө суманд амьдардаг 10-19 хүртлэх насны хүүхдийн тоо 2021 оны байдлаар 2002 оны түвшингээс 74 мянгаар хорогдоод байна. 1963 онд хөдөөд амьдардаг иргэд нийт хүн амын 60 хувийг эзэлж байсан бол 2021 оны байдлаар дөнгөж 30 хувийг эзэлж байна. Хөдөөд суурьших хүн амын тоо жил бүр буураад байдаг, бүх суманд асар их хөрөнгөөр сургууль, цэцэрлэг, дотуур байр нэмээд бариад байдаг, сум болгон руу асфальтан хучилттай асар үнэтэй зам барих ажил сүүлийн жилүүдэд улам хүчээ авч үр ашиггүй хөрөнгө оруулалтыг дэвэргэж байна. Энэ бүгдийн үр ашгийг нарийвчлан тооцох шаардлагатай цаг нь болжээ. Ирэх жил буюу 2023 оны улсын төсвийн нийт урсгал зардлын 62,8 хувь буюу 8,05,143 сая төгрөгийн зардал Сангийн сайд, БШУ-ы Сайд, ХНХ-ын сайд, Эрүүл мэндийн сайдын багцад туссан байна. Иймд жил бүрийн улсын төсвийн ихэнх хөрөнгийг захиран зарцуулдаг дээрх яамдын төсвийн зардлын үр дүнг сайтар хянаж, дүгнэх шаардлагатай.

-Таны хувьд эдийн засгийн хөгжлийн онол, арга зүйн чиглэлээр олон жил эрдмийн ажил эрхэлсэн судлаач хүн. Цаашид Монгол Улс эдийн засгаа хөгжүүлэх үндсэн чиглэл нь юу байвал зохилтой вэ?

-Баялгаа яаж ашиглах, дотооддоо ямар үйлдвэрлэл эрхлэх, орлогоо яаж нэмэгдүүлэх зэрэг чинь өөрөө хөгжлийн эдийн засгийн асуудал. Дэлхийн банк, Валютын сангийн  бага буурай орнуудын эдийн засгийг дэмжих хөтөлбөрөөр тухайн улс орон хөгжиж байна уу гэдэг эргэлзээтэй. Манай улс л гэхэд Валютын сангийн хөтөлбөрт хэд, хэдэн удаа л орлоо. Дээрдсэн юм хаана байна. Одоо бид улам хэрсүү байх хэрэгтэй. Дэлхий нийтийн чиг хандлагыг хар. НҮБ-аас 1992 оноос хойш Тогтвортой хөгжлийн бодлогын талаар зарлан тунхаглачихлаа. Хөгжингүй улс орнууд дотоод нөөц бололцоогоо тултал нь ашиглаж, ард түмнээрээ хөдөлмөрт шамдаж байна. Бид ч ялгаагүй тийм л үзэл санаанд нэгдмээр байна. Эдийн засгийн дотоод өсөлтийн онолыг ойлгож, Монгол эх орондоо  нутагшуулах нэн шаардлага үүссэн гэдгийг хатуу ойлгох цаг нь болсон.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр(202.21.124.2) 2022 оны 11 сарын 15

Ийм л эрдэмтэн судлаачаараа төрөө удирдуулмаар байна

0  |  0
За байз ?(66.181.186.120) 2022 оны 11 сарын 08

Энэ нөхөр чинь ямар сургуулийн багш вэ?

0  |  0
Top