Ш.Хишигсүрэн: Нийгмийн сайн сайхныг бүтээх хүч нь монголчууд өөрсдөө юм

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2022 оны 11 сарын 17

Соён гэгээрүүлэгч телевизийг үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Ш.Хишигсүрэнтэй ярилцлаа.


-Соён гэгээрүүлэгч телевизийн 10 жилийн ойг тохиолдуулан танд болон танай хамт олонд халуун баярын мэнд хүргэе. Танай хамт олны энэ хүртэл явж ирсэн зорилт, зорилго, үзэгчдэд өгсөн өгөөж юу байв?

-Соён гэгээрүүлэгч телевизийн уран бүтээлч, хамт олон  өнгөрсөн 13 жилд 8000 гаруй ярилцлага хийжээ. Асуулт бол тухайн ярилцлагын хувь заяаг бүрэн шийдвэрлэдэг гэж ярилцлага өгсөн эрдэмтэн докторууд хэлж байсан. Дэлхийн суут хүмүүс, алдартнууд ч асуултын тухай их боддог юм билээ. Урьсан зочиндоо дандаа асуулт тавьж байдаг хүн  өнөөдөр хариулт гэдэг байрлал руу шилжихэд толгойд юу ч орж ирэхгүй байх  шиг. Тэгсэн хэрнээ нүдний өмнүүр юу жирэлзэж байна гэвэл 13 жил надад “байцаагдсан” зочдын маань царай төрх, юу ярьж байсан нь харагдах шиг болж байна. Тэд минь тухайн үед ямар их сандарч, тархи толгойгоо ажиллуулж байсан бол гэж бодоход хүндэтгэх мэдрэмж төрж байна. Мөн надтай ярилцахаар зорьж ирсэн танай редакцийнханд баярлалаа.Би сэтгүүлчдээсээ хол байдаг.Соён гэгээрэл өөрөө эрдэмтэн мэргэд, оюуны томчууд, ахмад буурлуудад илүү ойр. Тиймээс би мэргэжил нэгтнүүдээсээ холджээ. 13 жил гэдэг богинохон юм шиг хэрнээ урт хугацаа юм. Энэ ярилцлагаар та нартаа ойртож байгаадаа баяртай байна. Энэ жил  бидний өсөж өндийсөн  цэнхэр дэлгэцийн баяр юм. Тэр тусмаа соён гэгээрлийн охь шимийг хүртэх сэн гэж тойрон хүрээлж, 10 жилийн турш олон мянган цагийн нэвтрүүлгийг тэвчээртэй, хүлээцтэй, догдлонгуй, үнэнч үзсэн үзэгчдийн хувьд онцгой баяр юм. Үзэгчгүйгээр энэ  нэвтрүүлгийг төсөөлөх аргагүй. Биднийг үзэж байгаа, өөрчлөгдөж байгаа, баярлаж байгаа, гайхаж байгаа энэ их хөрөнгө оруулалт бол телевизийг авч явах хамгийн том урам зориг байлаа. Тэднээс мөнгө авч байгаагүй ч, түүнээс хүчтэй урам зориг, сэтгэлийн мэдрэмжийг өдөр болгон мэдэрч байсан нь хүнд хэцүү замаар энэ телевизийг урагшлуулахад маш том хөшүүрэг болжээ.

-Соён гэгээрүүлэгч телевизийн 10 жилий  ойг  гэдэг бол ямар нэг компани, агентлаг, газрын, эсвэл аль нэг ТББ-ын баяр гэхээс илүү хэвлэл, мэдээллийн салбар, дөрөв дэх засаглалын бас нэг тод, үр өгөөжтэй загварыг түүх болгож бичих гэсэн  үзэгчдийн баяр юм даа, тийм ээ?

-Тэгэлгүй яах вэ, үйл явдал хурдан өрнөсөн боловч бид маш урт замыг туулжээ. Магадгүй 100 жил туулах замыг туулсан юм шиг, тийм урт  цаг хугацаа  өнгөрсөн мэт санагдаж байна. Бид зогсолтгүй зүтгэсэн. Хурдан яваагүй байж болох ч бид тасралтгүй явсан. Гэнэт давхиж яваад зогсоод, хоосон хэсэг байгаад, дахиж давхих бус бид салхи шуургыг сөрөн малаа алдчихгүй юм сан гээд  туулж яваа нүүдэлчдийн гайхамшигт хувь заяа руу, ард түмний нуруун дээр, оюун санаан дээр, зүрх сэтгэл дээр туссан тэр хүнд хэцүү, хар бараан зүйлийн эсрэг бид урагшилж  иржээ. Тэр тусмаа энэ онцгой тоон дээр тэмдэглэлт ой маань тохиож байгаа учраас бид Соён гэгээрүүлэгч телевизийн 10 жилийн ойн хүндэтгэлийн баярыг хийж байна. Бид үзэгчдийг, хүмүүсийг, нийгмээ дахиад урагшлуулах ёстой. Энэ их хүчирхэг ард түмнийхээ үнэт зүйл, үзэл бодол, сайн сайхан, саруул ухаан байхын тулд бид  ирэх 10 жилд ямар байхаа  зарлах учиртай. Тийм нөөц бололцоо бидэнд байна. Эрдэмтэн мэргэдтэйгээ хамтрах юм бол зарлах потенциаль бас байна. Иймд энэ сарын 24-нд  2022-2032 оны нийгмийн сайн сайхны онол, загварыг төр, засгийн удирдлагууд, УИХ-ын гишүүд, сайд нар, эрдэмтэн мэргэд, шилдэг үзэгчид, хэвлэл мэдээллийнхнийг байлцуулан зарлана. 

-Тэр нь ямар учир шалтгаантай вэ?

-Ер нь бол бид нэгэн арваныг  нэр төртэйгөөр үдэж байна. 10 жилийн энэ том түүхийг гар даллаад  орхиж байна. Өөдөөс сүрлэг он жилүүд айсуй. Сүрлэг гэдгийг бид зүрх сэтгэлээрээ мэдэрч байна. Яагаад гэвэл бар жилийг бид угтаж үдэх гэж байна.Дараагийнх нь ер бусын таагдашгүй, бас их  хурдтай туулай жил, түүний дараа тэнгэрлэг монголчуудын  өвөг дээдсийн их буян заяаг тосож авах луу жил, могой жил гээд ойрын жилүүд сүрлэг сайхнаа бидэнд гайхуулахаар айсуй. Тиймээс энэ он жилүүдэд тасралтгүй ярьсан, зогсолтгүй чалчсан муу муухай үг хэл, яриа хөөрөө энэ бүхэнд цэг тавьж, ирэх 10 жилд нийгмийн сайн сайхан гэдэг загварыг авч явна. Энэ бол өөрийн онолтой, өгөгдөхүүнтэй, судалгаа шинжилгээтэй, үр дүнтэй,  нөлөө нь ч том  юм. Яагаад гэвэл хүний язгуур чанар нь сайн сайхан зүйлд тэмүүлж байдаг. Урд өдөр нь жижигхэн хэрүүл хийлээ гэхэд түүнээс ямар нэгэн гэмшил хүний зүрх сэтгэлийг мэрж үлддэг. Түүнийг цайруулахын тулд тэр хүн маргалдагч этгээдийг уучлахад бэлэн дотоод сэтгэлтэй явж байдаг.Гаднаа яаж гаргах нь бол  өөр асуудал. Тэгэхээр тэр нарийн торгон зүйлийг авч явж болох нь уу, үгүй юу. Ер нь энэ соён гэгээрэл гэдэг зүйл монголчуудын өндийж босож ирэх, хүчирхэг байх суурь байсан юм биш биз. Эдийн засаг сайжирвал бид сайхан болно гэдэг. Ядуурал алга болбол сайхан болно гэлцдэг. Намгүй болбол сайхан болно гэх нь ч байна. Тэр битгий хэл, зарим нь хөгшчүүл байхгүй болчихвол сайхан болно гэх мэтээр ярьж байна. Энэ мэтчилэн бүгд сайхны тухай ойлголтыг янз бүрээр, сайн муугаар ярьж байна. Тэр дотор өгөгдөл нь өөрөө оршиж  байна шүү дээ.

-Жишээлбэл?

-Жишээ нь, аквариум  доторх алтан загаснууд  хэзээ ч өөрсдийн сайн сайхныг мэдэхгүй, бие биеэ түлхэж, өгсөн хоолыг идэх гэж булаацалдан,  мөн тэр дотор бидэн шиг жаргалгүй нь алга, бидэн шиг хөгжилгүй нь алга гээд бужигналдаж үсэрч цовхчиж байна гэж үзье. Гэтэл яг түүнтэй  адил бид өөрсдөө өөрсдийгөө үзэж чадахгүй байгаагийн гайгаар соён гэгээрч чадахгүй байна. “Хэрэв бүгдээрээ соён гэгээрчихвэл бүх юм сайхан болчих юм биш  биз” гэсэн асуултыг бид тавьж, олон удаа тестэлж үзлээ. Нэвтрүүлэг ч  хийлээ. Олон ярилцлага бэлтгэж, эрэл хайгуул явууллаа. Хөдөлмөрлөж зүтгэлээ,  хол ойр явлаа. Хөгшин залуу олон хүнтэй уулзаж ярилцлаа. Алдар цуутнуудтай ч, даруухан эгэлтэй нь ч, гадаад дотоодод тарж бутарсан монгол туургатнуудтайгаа, хүний нутагт уусаж орсон, монгол гэдгээ танихаа байсан монголчуудтайгаа ч ярилаа. Гадна талаасаа европ царайтай боловч, зүрх сэтгэл нь бидэн шиг   хүмүүстэй ч уулзлаа. Энэ бүхний үндсэнд нэг зүйлийг олж харсан. Бидний олж харсан зүйл бол  хүн заяатны сайн сайхан дээр төвлөрч чадах юм бол асар их боломж, маш том хөрөнгө байна гэдгийг мэдэрлээ. Анзаарч байхад  хүмүүс бусдын  муу юман дээр төвлөрөөд байдаг.Энэ тохиолдолд хүний тархи огт ажилладаггүй. Гэтэл тэгээд сурчихсан, зуршил болсон нь харагддаг. Надад бол  үүдээр орж ирж байгаа хүний царай төрх, анхны сэтгэгдэл их  үнэн байдаг. Яагаад гэвэл, би тэр хүний тухай бодож, дүгнэж эхлээгүй. Сайн муу гэж хэмжээст оруулж эхлээгүй, нүд нүдээ харж буй тэр агшин их чухал.Тиймээс би дараа нь заавал эргүүлж хардаг. Тухайн үед би тэр хүнийг яаж ажигласан байна гэж. Хоёрдугаарт, энэ хүнд сайн сайхан зүйл юу байна гэдэг асуултыг “Сайн байна уу, та” гэдэг шигээ зуршил болгожээ. Чамд ч, надад ч, ер ямар ч хүнд сайн зүйл бий.Жишээлбэл, бичгийн хүнд хичээнгүй чанар, мэдрэмж  гэж байна. Бичиж байгаа хүн ямагт сэтгэж байдаг. Хүмүүсийг  ямагт урагшлуулдаг. Бичиж байгаа хүн ямагт бардам байдаг. Бичиж байгаа хүний тархи болоод зиндаа өөр. Энэ мэт бүх хүнд сайн чанар байгаа. Тэгвэл Монголын 3.3 сая хүний сайн чанар нийлчихвэл бид нийгмийн сайн сайхан гэдэг сан хөмрөгийг гаднаас гуйхгүйгээр, гадаадаас өндөр үнээр ирдэг зөвлөхүүд,  нэр алдар нь түгсэн доктор, профессоруудаас гуйхгүйгээр бий болгож болно.Бидэнд нийгмийн сайн сайхны чиг баримжаа, ололт амжилт, уналт босолт, өчнөөн их туршлага байгаа. Нийгмийн сайн сайхны төлөөх онол загварыг бүтээхүй гэдэг нөхцөл шалтгаан эндээс гарч ирсэн. Энэ бол миний 10 жилийн ажиглалт. Нэвтрүүлэг хөтөлсөн 13 жилийн цаг хугацаа үүнийг баталсан. Ийм учраас,  нийгмийн сайн сайхны төлөө гэсэн гурван үг босож ирсэн.

-Тэгэхээр онол бол ойлгомжтой юм байна. Харин гаргалгааг тун өвөрмөц сэтгэсэн санагдлаа?

-Хүн төрөлхтний түүх бол агуу хүмүүсийн түүх байдаг. Тэр агуу хүмүүс яагаад түүхэнд үлддэг вэ гэвэл дандаа сайн сайхныг үлдээдэг. Бүх салбарт ийм. Дуучин хүн сайн сайхныг дуулдаг. Бөх хүн хамгийн  сайхнаараа л барилддаг. Усанд сэлж байгаа хүн хамгийн гоо сайхнаар усыг зүсэж урагш сэлж хурдыг гайхуулж, олимпийн аварга болдог. Малчин хүн хамгийн сайхан, хэн ч очоогүй сор болсон бэлчээрт малаа хариулж  буян заяаг эдэлдэг. Улс төрийн намууд сайхныг ярьж байж хүмүний сэтгэлийг эзэмдэж, түүгээрээ өөрсдийн мөрийн хөтөлбөрийг хийдэг.Тэгэхээр сайн сайхан нийгмийг бүтээх хүмүүс нь дотроо байгаа, бид өөрсдөө юм байна гэдгийг хүн төрөлхтний онолчид, философчид, эрдэмтэн докторууд, хүн төрөлхтөнд гайхагдсан зүтгэлтнүүд бүгд хэлсэн байдаг. Тэд хэдэн сая үгнээс цөөнийг сонгож мэргэн үг, афоризм болгож үлдээсэн байна. Тэр нь дандаа сайн сайхны чиг баримжааг хэлсэн байдаг. Чи яавал сайн сайхан гэдэг зүйл рүү орох виз даруулах юм бэ. Орчихвол сайн сайхныг амьдралынхаа загвар болгож хэрхэн ашиглах юм. Тэр сайн сайхан төслөөрөө чи яаж хань ижилтэй болох вэ. Сайхныг бодож, хүсэж бий болгосон гэр бүл  сайн  сайхан үр хүүхэдтэй болох тэг загвар аргачлалыг яаж бүтээх вэ. Түүнээс ямар сайн хүүхэд гарч ирэх вэ. Тэр сайн хүүхэд гэр бүлээ,  улсыг, дэлхийг хэрхэн  сайн сайхан болгох вэ гээд яривал маш их юм байна. Эртний Грек, Ромын суутнууд, өөрсдийгөө нэрлэснээр бол эртний мэргэдийн дуу алдсан, мандсан, ялсан, цаазлуулсан, бичиг ном нь шатаагдсан тэр түүх бол дандаа сайн сайхны онол. Хүн төрөлхтний, тухайлбал  Өрнийн газарзүйн нээлт, шашин соёлын зүтгэтнүүдийн хэлсэн үг,  технологийн болон шинжлэх ухаан, бизнесийн сэтгэлгээ энэ бүгд сайн сайхны чиг баримжаатай. Түүний өөдөөс ихэмсгээр харж байгаа дорнын хамгийн таагдашгүй, хамгийн даруухан, хамгийн өндөрт хүрч чадсан үндэстэн болох монголчуудад тэр философийн, хүн төрөлхтний хүсээд байгаа бүх хэлбэрүүд, онол аргачлал, хойч үедээ үлдээсэн аж амьдрал, уламжлал  байна.

-Бидний эргэн тойронд санаа авахаар  сайн сайхны чиг баримжаатай ямар  улс орнууд байна вэ?

-Мэдээж Орос орны яруу найраг, сонгодог урлаг, шинжлэх ухаан, соёл, урд хөршийн биеэ биеэ ойлгож ухаарч, хүлээцтэй байж, ямар ч байсан зогсолтгүй явж, амьд үлдэхийн, амьдрахын төлөөх эртний соёл ямар гайхалтай вэ. Энэтхэгийн эртний вед сургаалиуд байна. Соён гэгээрүүлэгч телевизийн маань 2022-2032 онд нийгмийн сайн сайхны онол загварыг бүтээх асар их материалыг хүн төрөлхтөн өөрсдөө хуримтлуулж, ард түмэн өртөөчилж иржээ. Энэ бүхнийг  Соён гэгээрүүлэгч телевиз тестэлж үзлээ. Энэ бүхэн ямар ч алдаагүй юм байна. Үүнд муудсан, буруудсан зүйл алга. Харин ч ирээдүйд улам сайн сайхан байх ёстой гэсэн байгаль дэлхийгээс бидэнд тавьж буй нөхцөл шаардлага байна. Гариг ертөнцөөс  биднийг дараагийн эринд оруулж буй цаг хугацааны тохиол байна. Дээр нь тэртэй тэргүй хүчирхэг аватар Майдар ирж, Бумбын эринийг цогцлооно гэсэн бошгууд бас байна. Хэт их юм байгаа. Үүнийг дараагийн 10 жилд бид маш цэгцтэй, сонирхолтой, тэнцвэртэй, ноён нуруутайгаар явуулна. Явуулах эхний системээ бид хураангуйлж, нийгмийн сайн сайхны төлөөх онол загвар ингэж харагдаж байна гэдгийг зарлах юм. Бид тухайн үед дэлхий сүйрнэ хэмээн хүмүүс бужигнаж, Улаанбаатар хотын хүн амын тэн хагас нь хөнжил гудсаа аваад хөдөөг зорьж байсан үймээний үед Соён гэгээрүүлэгч телевизээ байгуулан  сөрсөн алхам хийсэн. Шуурга сөрсөн учраас бид тэр  онол загварыг танилцуулна.

-“Бага хуралдай эрдмийн чуулган” нэвтрүүлгийн 13 жилийн ой давхцаж байгаа гэсэн. Нийт хэчнээн эрдэмтэн, судлаач оролцсон бэ. Тэнд хурсан гүн ухааныг хэдэн боть номд баринтаглав?

-2010 оны гуравдугаар сард анхны дугаараа хийж байлаа. Манай телевизийн хамтран зүтгэгчид бол 70-аад насныхан. 60-тай хүмүүс ирэхээр нь туршлагагүй байж мэднэ. 50-тай хүмүүсийг 20 жил хүлээж байгаад ирээрэй гэж бараг буцаадаг. Тэгэхээр би өөрийгөө “Намайг залуу байхад” гэж болохгүй байна л даа /инээв/. Ер нь бол юм мэдэхгүй байхдаа гэх үү дээ, зочноо дөрөв дөрвөөр нь суулгадаг  байлаа. Анхны дугаарыг “Эх хэл, тусгаар тогтнол” сэдвээр хийсэн.  Эргээд харахад зөв байжээ. Хэл соёлдоо хүндэтгэл үзүүлэхээс соён гэгээрэл эхэлнэ шүү дээ. Эх дэлхийд тохиож буй бүхнээс харахад санамсаргүй, салан палан юм  нэг ч  алга. Эхний дугаарт минь Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав, Б.Болдсайхан эмч, Д.Заяабаатар, Г.Пүрэвбат нар орсон. Яагаад ч юм бэ, огт бэлтгэлгүй зурганд орсон ч  нэвтрүүлэг маш сайн болсон. Мориор бол зул задрахад Соён гэгээрүүлэгч гэж хурдан хүлэг гарах гэж байна шүү дээ. Бидний гараа сайн байсан. Анх зочдоо маргалдуулах юм шүү гэж бодсон. Нээрээ л тэд  маргалдсан. Б.Болдсайхан англи хэлийг багаас нь сургах нь зөв гэж, Ш.Сүрэнжав гуай буруу гээд л. Эргээд бодоход дахиж тэр ширээний ард зэрэгцэж суухгүй тэс өөр үзэл бодолтой хүмүүсийг авчирсан байсан. Үргэлжлүүлээд зочдоо  дөрөв дөрвөөр нь уриад явсан. Тэр нь олон ургальч маягаар, олон янзын санаа бодлыг тэнцвэртэй хүргэх, үзэгчдийг тэр хэлэлцүүлгээс юм олж аваасай гэж, мөн  цаг завыг нь хэмнэх үүднээс зохион байгуулсан. Эхний 60-аад дугаар ийм. Сүүлдээ нэвтрүүлэг нийгэмд хүрч, хүмүүс ч  хүлээдэг болсон доо.

-Ном шиг сайхан нэвтрүүлэг гараад ирэхээр үзэгчид ч амтархан үзэх болсон. Гэхдээ оролцогч зочдынхоо тоог цөөрүүлсэнд ямар учир байв?

-Олон зочдын байр суурийг нэг дор хүргэхэд нэг хүнд  оногдох цаг нь багасч гурваараа ч, хоёроороо ч ороход хэцүү болж эхэлсэн. Жишээл нь Л.Түдэв гуайг би гурван хүнэй хам суулгачихаад хоёр цагийн нэвтрүүлэг хийхээр маш бага цаг оногдоно. Ингээд яах ч аргагүй цагаа сунгасан. Сая “Бага хуралдай эрдмийн чуулган”-ы 287 дахь дугаарт хүн төрөлтний сод хүн, математикч Мухамед Седик оролцсон.Нэвтрүүлгийн өмнө МУИС-д лекц уншсан юм. Тэгэхдээ “Миний лекц 90 минут үргэлжилнэ.Хүн төрөлхтний онолын томоохон лекцүүд 90 минут байдаг” гэж эрдэмтэн докторуудад хэлж байна лээ. Миний нэвтрүүлэг 99 минут үргэлжилдэг. Үр өгөөжтэй зүйлүүд ярьж байхад таслах болдог учир заримдаа  цаг  сунах нь бий. Нийтдээ 600-гаад хүн нэвтрүүлэгт орсон. Дөрөв дөрвөөр  явсан бол 1200 хүн орох байж. Сүүлийн үед зочдоо нэг нэгээр нь урьж байгаа.Зүрх сэтгэлдээ багтаагаад үзэхэд бүх зочдынхоо хичээж байсан, мэрийж байсан,эргээд намайг ийм сайхан нэвтрүүлэгт урилаа гэж баярлаж, хайрлаж байсан мэдрэмжүүдийг  тод санаж байна. Энэ онд  Григорийн тооллоор хүн төрөлхтөн тэгш ойнуудыг тэмдэглэж байна. Монголчуудын, өвөг дээдсийн маань тооцож гаргасан  байгалийн тооллоор бол 13 гэдэг сүр хүчний бэлгэдэл  юм. Ирэх оны эхээр тэмдэглэлт ойг нь хийе гэж бодож байна. Ном гаргасан хүмүүс баяр хийж, номоо цэнгүүлдэг. Тэр тоолонд номтын тэнгэрүүд баярладаг юм гэнэ лээ. Тэр лугаа нэвтрүүлгүүдээ ном болгосон. Ирэх онд   гуравдугаар боть нь  хэвлэлтээс гарна. Номын тэнгэрүүдийг, үзэгч олноо баясгаж 13 жилийн ой, шинэ зочид урьсан  шинэ   дугааруудынхаа  баярыг   хийнэ дээ.

-Нэвтрүүлгийг ном болгох хэцүү гэдэг. Ямар байв?

-Номын редакторууд 6-7 удаа солигдсон. Нэгэнт нэвтрүүлэг болсон зүйлийг засах хэцүү гээд ганц нэг газар нь үг үсэг засаад орхиод байсан. Тэр нь ч аргагүй байх. Ярилцлага бол энергитэй. Тэр энергиа дагуулж явдаг гэж би боддог. Тухайн хүний үзэл бодол, ааш араншин бүгд шингэж үлддэг. Бичгийн хүн бол тэр бүхнийг мэдэрч буулгана. Үүнийг ялангуяа сонины сэтгүүлчид илүүтэй мэдэрдэг байх. Одоо зарим хүн лайв хийж баахан юм ярьчихаад тэрийгээ сэтгүүлзүй гээд байгааг би  хувьдаа биш л гэж боддог.Ер нь тэгээд бичдэг ажил хүнд  шүү дээ. Тиймээс ном маань удаж байна. Түүнээс хуурцаг хэлбэрээр худалдаанд гаргавал түүн шиг амархан зүйл алга. Хүн төрөлхтний сонгомол соёл болсон бичгийн хэлбэр рүү нь оруулаад ирэхээр бүх юм шалчийдаг. Мөн тэр болгон тэнцэхгүй. Бүгд шалгалтад бүдэрдэг. Тэр шалгалтад бүдрэхгүйн тулд ном маань хэвлэлтийн шатанд удаж байна. Тэргүүн боть 2014 онд, хоёр дахь нь  2018 онд хэвлэгдсэн юм шүү дээ. Өмнө нь дөрөв  дөрвөн жилийн зайтай гарсан бол сүүлийнх нь бараг таван жил болчихлоо. Дахин хэлэхэд, манай телевиз дараагийн 10 жилд  Монголын ард түмэнд  соён гэгээрлийн философи гэдэг зүйлийг дэлгэрүүлэхийг гол зорилтоо болгож байна. Ер нь  бид хуурай ярьдаг, худал онолддог. Энд тэндхийн айлдвар ярьдаг зүйлийг тухай тухайн бүлэглэл  дотор нь л байлгах хэрэгтэй.  Түүнийг харин  нэрээд  соён гэгээрлийн философийг гаргах шаардлагатай юм. Магадгүй үүнийг сайн хийж чадвал бид 2032 онд дараагийн 800 жилд хэрэг болох философийн суурийг гаргасан байхыг хэн байг гэх вэ. Энэ л бидний том зорилт. Гайхамшигтай үйл хэрэг. Зарим хүн дуртай ажлаа хийх хамгийн сайхан гэлцдэг. Та ямар өнцгөөс авч үздэгийг би   мэдэхгүй. Ер нь  бол хүн дэлхийд зочилж ирсэн энэ удаагийн аян замдаа өөрт нь өгөгдсөн өгөгдлөө олж авч, түүнийгээ нэр төртэй хийчихээд буцаад аялалдаа гарах л  хамгийн сайхан. Зарим хүн хэчнээн хичээгээд амжилтгүй байна гэх нь бий. Тэр бол өөрийн өгөгдлийг олж аваагүй  гэсэн үг. Тэгэхээр бидний гаргасан философи загварыг авч  хэрэгжүүлснээр тэр бүхэн өөрчлөгдөнө.

-Энэ философийн утга учир юу  болохыг дэлгэрүүлэхгүй юу?

-Хүмүүс философдох нь нээлттэй. Философийг философчид өмчлөх эрхгүй. Философдохыг элитүүдийн тансаг хэрэглээ гэж болохгүй. Өнөөдөр хонины бэлчээрт хоёр талаас уулзаж байгаа өвгөд дандаа л философдож байгаа шүү дээ. Нүүдэлчид байнга философдож ирсэн. Тэгэхээр бид  хэвлэл, мэдээллийн хэрэгслээр Соён гэгээрүүлэгч телевиз байж болно гэж амбиц тавиад чадаж байгаа юм чинь үндэстнийхээ  соён гэгээрлийн философийг  гаргаж тавьж дэлгэрүүлнэ гэхэд гайхаад, эсвэл шүүмжлээд, нэг их нухацтай хандаад  байх шаардлагагүй.

-Эцэст нь өөрийн чинь тухай асууя. Саяхан та нүүр номдоо ажлын  дэвтрүүдээ дэлгэсэн байна лээ. Анх телевиз байгуулахаар гүйж явахдаа сэтгүүлч байсан Хишигсүрэн,  эрдэмтэн мэргэдийн оюуны оньсыг түлхүүрдэж ирсэн  10 жилийн өндөрлөг дээр хэн болж өөрчлөгдсөн  бэ гэж асуумаар санагдаж байна?

- 10  жилийн ойн  өндөрлөг дээр би ажлын бүх дэвтрээ дэлгэж, хуудас бүрээр нь харж дүгнэлт хийсэн юм. Ямар ч гэсэн бичгийн хэв маань эрийн цээнд хүрсэн байна лээ. Бичгийн хэвээ хараад эрчүүдийн “40 хүрсэн эр, дөрөө дарсан ат” гэж ярьдаг үг санаанд орсон /инээв/. Тэгэхээр бичгийн хэвний цаана маш олон зүйл агуулагдаж байгаа байх гэж бодож байна. Ер нь бол таны энэ асуулт зөв үедээ буувал их зөв асуулт. Надад бол хүнд тусаж байна. Хүн өөрийгөө дүгнэх хэцүү шүү дээ. Хөндлөнгийн  хүмүүс бол хэлэх байх. Явсан мөрөө  эргэж харахад ямартай ч би бэрхшээлийг давж туулж сурсан байна.  Үүнд тэрний буруу, энэний буруу. Ажил бүтээгүй нь тэрнээс боллоо. Эсвэл энэ улс орны үйлийн үр, заяа нь ийм учраас ингэж байгаа юм гэх юм уу, гоншигносон юмнууд нь  алга болж, аливаа зүйлийг аргыг олж сурчээ.Телевизээ явуулах, цалин тавих, бусад зардал гээд мөнгө төгрөг олох хэцүү. Эргээд харахад алтан нар залсан логотой энэ телевизийн “галт тэрэг”-нээс олон хүн буусан байна Монголын соён гэгээрлийн төлөө хувь нэмрээ оруулсан тэр хүмүүсийг бүгдийг 10 жилийн ойдоо урьж, баяр хүргэнэ гэж бодож байгаа. Энэ өнцгөөс харахад хүнтэй харилцах, хүн чанар, мөн чанар минь хэвээрээ. 10 жилийн өмнөх сэтгүүлч  Хишигсүрэн  өнөөдөр ч тэр л хэвээрээ байна даа.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top