Одоогоос 14 хоногийн өмнө өсвөр насны охин гэрээсээ гараад сураггүй алга болсон. Охиныг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж, байгаа газрыг олж тогтоосон тул эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон тухай өмнө нь мэдээлсэн.
Гэвч охины ар гэрийнхэн хэвлэлд ярихдаа охинтойгоо уулзаагүй байгаа гэсэн байдаг.
Дээрх асуудалтай холбоотойгоор өчигдөр /2022.11.21/ Эрүүгийн цагдаагийн албанаас мэдээлэл хийж, дараах тайлбарыг өглөө.
Тодруулбал, цагдаагийн байгууллагад энэ оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр Дархан-уул аймгийн иргэн Д-ээс “16 настай охин Б нь арваннэгдүгээр сарын 4-ний өдөр гэрээсээ гараад одоо болтол сураггүй алга байна” гэх гомдол, мэдээлэл ирүүлсний дагуу эрэн сурвалжлах, олж тогтоох ажиллагааг эхлүүлсэн.
Шалгалтын явцад оршин суугаа газраасаа алга болсон Б нь энэ сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод ирж, арваннэгдүгээр 9-ний өдөр Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгон руу зорчин очиж, тэндээс Төв аймгийн Мөнгөнморьт, Сэлэнгэ аймгийн Мандал сумын зааг нутаг Минжийн хангай орчмын уул руу том машинтай самранд явсан нөхцөл, байдал тогтоогдсон.
Цагдаагийн байгууллагаас эрэн хайх баг гаргаж, Түнхэл тосгонд ажиллаж байгаа бөгөөд газар орны нөхцөл байдал хүнд, их хэмжээний цас орсон, бартаа саад, шавар намаг ихтэй том голууд гатлах шаардлага үүссэн байна. Тус газар нь Түнхэл тосгоноос 160 орчим км зайтай хөвчид байдаг. Зил-131, Урал зэрэг том оврын автомашинаас өөр машин явах боломжгүй бөгөөд байгалийн хүчин зүйлс зэргээс шалтгаалан тухайн газарт очиж, охиныг авчрахад тодорхой цаг хугацаа шаардлагатай байна.
Цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах ажиллагаанд цаашид эрэн сурвалжлах шаардлагагүй нөхцөл, байдал бий болсон тул эрэн сурвалжлалтыг зогсоож, өнөөдрийн байдлаар ар гэрт нь хүлээлгэж өгөхөөр эрлийн баг тухайн газарт ажиллаж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )