Энтрепренершип боловсрол олгох төсөл 25 суманд хэрэгжиж байна

2022 оны 12 сарын 07

“Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн Удирдах зөвлөлийн хуралдаан боллоо.

Хүүхдийг Ивээх Сан “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийг Японы нийгмийн хөгжлийн сангийн буцалтгүй тусламж, Дэлхийн банкны менежментээр 2020 оноос Ховд, Завхан, Өвөрхангай, Говьсүмбэр, Сүхбаатар аймгийн 25 суманд хэрэгжүүлж байна.

Тус Төслийн Удирдах Зөвлөл (ТУЗ)-ийн ээлжит хуралдааныг 2022 оны 12 дугаар сарын 6-нд Улаанбаатар хотод зохион байгууллаа. ТУЗ-ийн хуралдааныг Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь хөтөлбөрийн менежер, суурин төлөөлөгч Л.Баян-Алтай удирдсан бөгөөд хуралдаанд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газрын Суралцагчийн хөгжлийн газрын дарга Ж.Болормаа, БШУЯ-ны дэргэдэх Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга С.Санжаабадам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газрын дарга Л.Батмагнай, Жайка Монгол олон улсын байгууллагын Боловсролын салбар хариуцсан суурин төлөөлөгч Кавабата Рэйко зэрэг ТУЗ-ийн гишүүдээс гадна Хүүхдийг Ивээх Сангийн хөтөлбөрийн менежерүүд, төслийн багийнхан оролцсон юм.

Жайка Монгол ОУБ-ын төлөөлөгч Кавабата Рэйко хэлэхдээ “Бизнес хийх ур чадвар, сэтгэлгээг хувь хүний зөөлөн ур чадваруудтай хослуулан боловсролоор дамжуулж олгож буй энэхүү төсөл нь маш сонирхолтой байна. Түүнчлэн, хотоос алслагдсан орон нутгийн хүүхдүүдэд хүрч ажиллаж буй нь маш онцгой сэтгэгдэл төрүүллээ” гэсэн юм.

Харин Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь хөтөлбөрийн менежер, суурин төлөөлөгч Л.Баян-Алтай “2022 оны хувьд хамтрагч байгууллагуудынхаа дэмжлэг, оролцоотойгоор төслөө маш амжилттай хэрэгжүүлж, олон хүүхэд, залуучуудыг хувь хүний ур чадвараа хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэн ажиллалаа. 2023 онд төслийн тогтвортой байдлыг хангах болон арга зүй, сайн туршлагаа боловсролын салбарт нутагшуулан үлдээх тал дээр ТУЗ-ийн гишүүд та бүхнийг үргэлжлүүлэн үр дүнтэйгээр хамтран ажиллана гэдэгт итгэлтэй” байна хэмээсэн юм.

Хуралдааны төгсгөлд ТУЗ-ийн гишүүд төслийн хэрэгжилтийг хэрхэн дэмжиж, оролцох талаар саналаа хэлэлцэж, ирэх онд төслийн зорилтот сумдад ажиллаж, төслийн үйл ажиллагаатай биечлэн танилцахаар тохиролцлоо. Төслийн ТУЗ-ийн ээлжит хурал ирэх оны тавдугаар сард зохион байгуулагдана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top