НҮБ-ын Ерөнхий Ассамблей Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалыг 1948 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Парис хотноо баталснаас хойш эдүгээ жил бүрийн энэ өдрийг Олон улсын хүний эрхийн өдөр болгон тэмдэглэж иржээ. Тус өдрийг тохиолдуулан хүүхэд залуусын суралцах, хөгжих эрхийн өнөөгийн нөхцөл байдал, хууль эрхзүйн хүрээнд тулгамдаж буй асуудал хийгээд нийгмийн байдал хөгжих эрхэд хэрхэн хязгаарлаж буй талаар хөндлөө. Эдгээр сэдвийн хүрээнд Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн, Хууль зүйн ухааны доктор Д.Сүнжидтэй ярилцлаа.
-Хүүхэд залуусын сурч, хөгжих эрх Монгол Улсад хэдэн хувьтай хангадаж байна вэ?
-Манай улсын сургуульд суралцах ёстой хүүхдүүдээс хэдэн хувь нь сургууль завсардаж байна вэ гэж үзэх юм бол тав хүртэл хувь гэдэг статистиктай, харин сургуулийн өмнөх боловсролын байгууллагад хамрагдаж чадахгүй хувь өндөр байдаг.
Сүүлийн хоёр жилийн цар тахлын үед сургууль завсардаж буй хүүхдийн тоо нэмэгдсэн. Ямар хүүхдүүд суралцаж чадахгүй байна вэ гэвэл хөдөө болон алслагдсан нутаг дэвсгэрт амьдардаг хүүхдүүд, ар гэрийн амьдралын түвшнээс шалтгаалж ажил хөдөлмөр эрхлэхээс өөр аргагүй байдалд байгаа хүүхдүүд болон зарим хөгжлийн бэрхшээлээс шалтгаалж сургууль завсардахад хүрдэг. Нөгөө талаар суралцагчдын тооноос гадна сургалтын чанарын асуудал ярих хэрэгтэй болно.
-Тэгвэл сурч, боловсрох эрхээ эдэлж буй хүүхдүүдийн чанар ямар байна вэ?
-Боловсролын суурь стандартад “чанартай боловсрол” гэдэг нь боловсрол хүрэлцээтэй, хүртээмжтэй, хүлээн зөвшөөрөгдөхүйц, цаг үетэйгээ нийцсэн байхыг хэлнэ. Дөрвөн А-гийн шалгуур гэж нэрлэдэг. Сургуулийн тоо, анги дүүргэлтийн стандартыг хангах, чадавхтай багшлах бүрэлдэхүүн, сургалтын хөтөлбөрийн агуулга, цаг үеийн нөхцөл байдлыг тусгаж баяжуулж байх зэрэг асуудлыг бүгдийг хамардаг. Тэгэхээр суралцах орчин нөхцөлөөс эхлээд сургалтын явц, амьдарч байгаа газар нутгийн алслалт, амьжиргааны түвшингээс үл хамаараад суралцах боломж, нөхцөлийг хангасан байх асуудал, түүнчлэн ямар мэдлэг, ур чадвар олгож, нэгдсэн стандартыг үндэсний хэмжээнд хангах асуудал бүгд хамаардаг гэсэн үг.
ХЭҮК-оос БШУЯ-тай хамтран СӨБ, ЕБС, МСҮТ-ийн хүрээнд суралцагчийн эрхийн хэрэгжилтийг дээрх дөрвөн үзүүлэлтээр үнэлэхээр санаачилга гаргаад энэ жил эхлүүлэх шатандаа байна. Дараагийн жилд их, дээд сургуульд суралцагчийн эрхийг хэрэгжилтийг үе шаттайгаар үнэлэхээр төлөвлөж байна.
-Хүүхэд, залуусын сурч боловсрох, хөгжих эрхэд юу хамгийн их тулгарч, хөндөгддөг бол?
-Тэгш бус байдал л хамгийн их хөндөгддөг. Энэ нь юугаар илэрдэг вэ гэхээр зарим суманд ахлах анги байдаггүйн улмаас гэрээс хол байрлаж суралцах ёстой болдог. Үүнийг дагаж чанар хөндөгдөнө. Тэр сургуулийн багш, хүний нөөцийн хүртээмж, дотуур байрны орчин зэрэг сурч, хөгжих, амьдрах орчныг хангаж чаддаг уу гэсэн асуудал тулгардаг. Дараагийн хөндөгддөг зүйл бол хувийн болон улсын сургуулийн ялгаа байна. Мөн амьжиргааны түвшин доогуур эсвэл шинээр шилжиж ирсэн дотоодын шилжигчдийн хүүхэд сурч, боловсрох эрхийг хэрхэн хангаж чадаж байна вэ гэсэн асуудал гарч ирдэг. Үүнийг нийтэд нь харахад сурч боловсрох эрхийн талаар Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт, Хүүхдийн эрхийн тухай конвенц, Боловсролыг бүх нийтэд олгох тухай дэлхийн тунхаглал, Монгол Улсын Үндсэн хуульд заасан байдаг. Сурч боловсрох эрх жам ёсны эрх биш, харин энэ боломж, нөхцөлийг төр хангаснаар эдэлж чадах эрх байдаг.
Учир нь сурч боловсрох эрх хангахын тулд багш, хөтөлбөр, сургууль, хяналт, орчин гэх мэт нөөц, иж бүрэн тогтолцоо шаарддаг. Тиймээс тогтолцоо, нөхцөл, боломж, нөөцийг нь төрөөс хангах үүрэгтэй. Тэгэхээр энэ эрхийн хэрэгжилт, боловсролын тэгш байдал Монгол Улсад ямар байдаг вэ гэж харвал тухайлбал, жилийн жилд Улаанбаатар хотын цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлдэг боловч 30 хүүхэд суралцах ёстой ангид 50-60 хүүхэд суралцана гэдэг бол хүртээмжгүй байгаагийн нэгэн илрэл юм. Боловсролын тэгш бус байдлын зөрүүг арилгахын тулд ерөнхий боловсролын стандарт сургалтыг хүүхэд бүрд олгохын тулд өнөөдрийн хуримтлагдсан асуудлуудыг шийдвэрлэх, тухайлбал амьжиргааны түвшин, амьдарч байгаа газар хангах, ялгаварлан гадуурхалтын асуудлаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хариу арга хэмжээ авах хэрэгтэй. Сургалтын чанарын асуудал, багшийн чадавхын асуудал, сургалтын орчны асуудал гээд үргэлжилнэ л дээ.
-Хүүхэд, залуусын сурч боловсрох эрхийн эрх зүйн орчин ямар байна вэ. Дахиж шинэчлэх шаардлага бий юу?
-Монгол Улсын Үндсэн хуульд ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй эзэмших эрхтэй гэдгийг заасан, нөгөө талдаа төрд энэ эрхийг хангах үүргийг хүлээлгэсэн. Нэгдмэл стандартын боловсролыг хангадаг байх шаардлага байна. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд хуулиасаа эхэлж асуудлыг шийдэх ёстой. Тухайлбал, сургуулиуд хоорондын чанарын зөрүүг, хувийн болон улсын сургуулийн талаарх бодлого, цаашид баримтлах чиглэлийг тодорхой болгоход хууль тогтоомжоор суурь харилцааг зохицуулдаг учир шинэчлэх шаардлага бий. Иймээс нэг стандартыг дагуу боловсролыг бүгдэд нь олгохын тулд ялгаатай хөгжил бүхий хүүхдүүдэд зориулаад нэмэлт дэмжлэг хэрэгтэй бол хангах, сургалтын хөтөлбөр хэрэгтэй бол тэрийг нь батлах, нэмэлт багш хэрэгтэй бол түүнийг бэлддэг зохицуулалт нь хэрэгтэй.
-Боловсрол олгохтой холбоотой алслагдсан нутаг дэвсгэрт амьдардаг, амьжиргааны түвшин доогуур айлын хүүхдүүд сургууль завсардах, хоцрох эрсдэлтэй нүүр тулдаг шүү дээ. Саяхан хүүхдийн автобус явахгүй болсноос үүдэж их хол замыг туулж хичээлдээ явдаг тухай сурвалжилга гарсан. Үүнийг хэн хэрхэн шийдэх ёстой вэ?
- Гэртэй нь ойрхон сургуульд суралцуулахын тулд хамран сургалтын тойрог гэж хэрэгжүүлж байгаа боловч энэ нь хангалтгүй байна. Нэгэнт л ойрын хугацаанд гэрийнх нь ойролцоо хажууд нь шинээр сургууль шууд барьж өгөхөд хүндрэлтэй учир сургуулийн автобус явуулах, үнэгүй явуулах, хүртээмжтэй байлгах зэрэг зохицуулалтыг нөөц бололцоогоороо зохицуулалт хийх ёстой. Суманд сурдаг хүүхдийн суралцах боломжийг хангахын тулд дотуур байрны асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Эцэст хүүхэд сурч, боловсрох эрх эдлэхэд тэр нөхцөлийг төрийн байгууллагаас хангаж, хүүхдэд ээлтэй байдлаар л шийдвэрлэхийг зорих учиртай.
-Мөн сургалт, дугуйлангууд хотын төвдөө төвлөрч буй нь тэдгээр хүүхдийн сурч, боловсрох эрхийг хязгаарлаж байна хэмээн харч байна?
-Комиссоос 2019 онд төрөөс үзүүлдэг нийтлэг үйлчилгээний хүртээмж ямар байгааг харах зорилгоор Улаанбаатар хотын газрын зураг дээр цэглэж зурагжуулж үзүүлсэн байдаг юм билээ. Ийнхүү үйлчилгээ байгаа газрыг шараар тэмдэглээд харахаар номын сан, усан бассейн, үзвэр үйлчилгээний газар, дугуйлан секц гэх зэрэг нь хотын төв хэсгээр бөөгнөрч харагдаад, хотын зах болох тусам хаа нэг шар цэг болох жишээтэй. Ингэхээр эдгээрийг зургаан дүүрэг, хороодоор задлах, хүүхдэд ойрхон бий болгох тухай яригдана. Гэр, сургуультайгаа ойрхон давтлага авах, хөгжих дугуйлан зэрэг ядаж байвал хүүхдийн сурч хөгжих эрхэд эерэг байж таарна даа.
-Хүүхэд, залуусын хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх хаана хамгийн зөрчигддөг бол?
-2021 онд хүүхдийн хөдөлмөрийн чанарын судалгаа Комиссоос захиалж гүйцэтгүүлсэн. Мөн энэ онд хүүхдийн ялгаварлан гадуурхалт, цахим дээрэлхэлт, ЕБС-иудын үндэсний хэмжээнд дотуур байран дахь хүүхдийн эрхийн байдал ямар байгаа тал дээр үе шаттайгаар хяналт, шалгалт хийсэн. Энэ судалгаа, тайлан, хяналт шалгалтын үр дүнгээс ажиглахад санал бодлоо илэрхийлэх, эрх нь зөрчигдсөн бол гомдол гаргах, зөвлөгөө авах зэргийг хүүхдүүд өөрсдөө мэдэх, мэдээлэл авах ёстой байдаг юм байна. Нөгөө талаас хүүхдүүд насанд хүрээгүй, эрх зүйн бүрэн чадамжгүй учир эхний ээлжид сургуулийн нийгмийн ажилтандаа хандаарай, ангийн багшдаа хэлээрэй, асран хамгаалагч нартайгаа зөвлөлдөөрэй гэдэг. Нөгөө талаар багш, нийгмийн ажилтан, эцэг эх, асран хамгаалагч, хүүхдийн байцаагч гэх мэтчилэн үүрэг хүлээгчдийг мэдлэг, мэдээлэл, туршлага солилцож чадавхжуулах шаардлагатай байдаг.
-Мөн эрэгтэй хүүхдүүд боловсрол эзэмших тал дээр хоцрогдолтой байдаг. Үүнд ямар шийдэл байна вэ?
-Жендэрийн эрх, тэгш байдлын тухай хуулиар Комиссоос хоёр жил тутамдаа хуулийн хэрэгжилтийг үнэлж, тайланг УИХ-д өргөн мэдүүлдэг. Сүүлийн 21 дэх илтгэлд энэ хуулийн долоон салбараар үнэлэхэд сурч боловсрох эрхийн хэрэгжилтийн хувьд “эрэгтэйчүүдийн эрхийг хангах, дэмжих шаардлагатай байна” гэдэг дүгнэлт гарсан. СӨБ-д эрэгтэй, эмэгтэй хүүхдүүд анх элсэхдээ 50:50 хувьтай элсдэг. Ингэж явсаар ЕБС-ийн ахлах анги руу орохоор эмэгтэй сурагчдын тоо давамгайлаад, эрэгтэй сурагчдын тоо буурч эхэлдэг. Их, дээд сургуульд төгсөхөд энэ зөрүү 10 хувьд хүрдэг.
Сургууль завсардсан нийт хүүхдийн хүйсийг харахад 70 хувь нь эрэгтэй байдаг. Үүний шалтгаан нь ар гэрийн гачигдал, ажил хөдөлмөр эрхлэх зэрэг өөр бусад шалтгаанаар эрэгтэй хүүхэд илүү сурч, хөгжих эрхээ эдэлж чадахгүй байна. Тиймээс эрэгтэй хүүхдийн сурч боловсрох эрхийг бодлогоор зохицуулах хэрэгтэй. Боловсролын асуудал хүний хөгжлийн суурь болдог, нийгмийн бүх л харилцаанд, хувь хүний ч, нийгмийн ч харилцааны суурь юм. Тиймээс хөвгүүдийн сурч, боловсрох эрхэнд анхаарлаа хандуулах, дэмжих бодлого гаргах, хэрэгжүүлэх шаардлагатай байна.
-Хүүхдүүд хүсээгүй мэргэжлээ эцэг, эхийн дарамтад сонгох явдал нэлээдгүй гардаг?
-2021 онд “Стратеги академи” судалгаагаар хүүхэд, залуучууд хүний эрхийн мэдрэмжтэй болсон” хэмээн дүгнэсэн байсан. Харин хамгийн их зөрчигддөг эрх чинь юу байна вэ гэсэн асуултад “Нийгмийн зүгээс нэгэн хэвд “хайрцаг”-лах гэсэн дарамт шахалт” гэсэн байдаг. Энэ бүгдээс харахад хүүхэд, залуус өөртөө эзэн байх агаад эрх үүргээ мэддэг болсон байна. Мэдээж эцэг, эхийн зөвлөгөөг сонсож, санал солилцдог л байж таарна л даа.
-Багш цалингаа голох шалтгаан байгаа учраас хүүхдийн сурч боловсрох эрх мөн зөрчигдөөд байна уу гэж харах нэг талын өнцөг байна?
-Багшийн цалин, сургалтын хөтөлбөр, сургуулийн орчин бүгд сурч боловсрох эрхтэй уялдаа холбоотой. Ганц асуудал шийдээд өөрчлөгдөхөд хэцүү, бүгд цогц байж л чанартай байх боломжтой. Тэгэхээр багшийн цалин чухал. Багш ажлаа хийх урам зоригтой, мотивацтай, амьжиргаагаа залгуулахуйц хэмжээний цалин авдаг байх хэрэгтэй. Ажилдаа дуртай байх, өсөж хөгжих боломжтой байхын сацуу цалин бол яахын аргагүй нэг суурь нөхцөл мөн.
-Тусгай хэрэгцээт хүүхдийн сурч боловсрох эрх хамгийн их зөрчигддөг шүү дээ. Энэ хүүхдүүдийн сурч боловсрох аль үедээ хамгийн их гацдаг вэ?
-Хуульд заасанчлан “Тэгш хамран сургалт”-ын хэрэгжилтийн явц дээр хамгийн их асуудал тулгарч байна. Өмнө нь тусгай хэрэгцээтэй сургуульд суралцуулахыг зөв гэж үздэг байсан бол одоогийн хандлага бол ямар ч хүүхэд байсан сургуульд тэгш хамрагдаж, сурч, хүмүүжих ёстой гэж үздэг болсон. БШУЯ-ны зүгээс туслах багш, дэмжих хэрэгсэл, төсвийн нэмэлт зэргийг зохицуулж, тэгш хамран сургалтын талаар Засгийн газрын тогтоол гаргасан гэх мэт арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн. Хэрэгжилтийг бүрэн хангах асуудал байна, бас эцэг эхчүүд, нийгмээс энэ бодлого, хандлагыг дэмжиж, хүлээн зөвшөөрөх хэрэгцээ бий.
-Сүүлийн үед хүүхдийн сурч, хөгжихийг гар утас, интернэт, эд зүйлст даатгачихсан юм шиг санагддаг. Энэ нь ямар хор уршиг дагуулж байна вэ?
-Цар тахал хоёр жилийн хугацаанд цахим сургалтаар хичээл заасан нь дэлгэцийн хамаарлыг улам ч их нэмэгдүүллээ. Үүнийг дэлхий нийтийн судалгаагаар нийгэмших явцыг сатааруулдаг гэж дүгнэсэн байна. Хүүхэд сурч боловсрохын зэрэгцээ олон талын мэдээлэл авч, байгаль, хүн, нийгмийн харилцаанд орж байх ёстой. Тэр нь тасалдаад эхлэхээр хөгжих явцад нь удаашрал үүсдэг. Үүнд багш, эцэг, эх, асран хамгаалагчийн хяналт чухал байна. Мөн Харилцаа холбооны зохицуулах холбоо гэх мэт чиг үүргийн байгууллагууд зохисгүй цахим контентыг шүүлтүүрээр хянах асуудал байна. Нэгэнт л дижитал орчинтой цуг өсөж байгаа хүүхдүүд учир зохистой хэрэглээг л бий болгоход л бүгд анхаарах л ёстой болж дээ.
-Гэрийн ажил хэт их хийлгэх нь хүүхдийн хөгжих боломжийг хулгайлдаг уу?
-Комисоос ЕБС-иудад хүний эрхийн хичээл заадаг. Ийнхүү зааж байх явцдаа тэгш хандлагын талаар асуухад нэгэн сурагч “Айлын том болохоор аав, ээж хэтэрхий их үүрэг, хариуцлага өгдөг. Энэ нь надад тэгш, шударга санагддаггүй” гэж байсан юм. Ингэхээр эцэг, эхчүүд маань ажил, үүрэг, чөлөөт цагийг нь хуваарилахад анхаарах ёстой юм байна. Амьжиргааны түвшингээс хамаарч зарим айлын хүүхэд юун сурч, боловсрох, хөгжихөд цаг зав гаргах тухай ярих боломжгүй нь ч бий. Үндэсний статистикийн хорооноос хийсэн “Хүүхдийн олон хэмжээст, давхацсан гачигдлын шинжилгээ”-ний дүнгээс харахад 0-23 сартай дөрвөн хүүхэд тутмын нэг нь нэгэн зэрэг гурван төрлийн гачигдалд өртөж байна. Энэ насны хүүхдийн 13.7 хувь нь хоол тэжээл, усан хангамж, ариун цэврийн байгууламжийн гачигдалд нэгэн зэрэг, харин 24 хувь нь хоол тэжээл, ариун цэврийн байгууламжийн гачигдалд тус тус өртөж байна.
Эцэг, эх, асран хамгаалагч нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ биелүүлж чадахгүй бол үүнд төр, төлөөлсөн байгууллагууд оролцох, хүүхдийн эрхийг хангах боломжийг бүрдүүлэх үүрэг хүлээдэг. Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дурдсанаар Монгол Улсад өнөөдөр эрсдэлт нөхцөлд 200.000 хүүхэд амьдарч байна. Хүүхдийн эрхийг хангах хүрээнд хүчирхийллээс ангид байж чадаж байгаа эсэх шууд хөндөгддөг асуудал болдог. 2017 оны ХЭҮК-ийн хүний эрхийн төлөв байдлын илтгэл дэх хөндлөнгийн мониторингийн тайланд "10 хүүхэд тутмын найм нь ямар нэг хүчирхийлэлд өртсөн, хүүхдүүд бие махбодын хүчирхийлэлд хамгийн их өртдөг бөгөөд энэ нь ихэвчлэн гэр бүл, сургуулийн орчинд гардаг гэж хэлсэн байна. Асуулгад хамрагдсан хоёр хүүхэд тутмын нэг нь амьдарч буй орчноо аюулгүй, хамгаалагдсан орчин гэж үздэггүй бөгөөд тэдний 38.3 хувь нь сургуулийн орчноос, 45.3 хувь нь гэр бүлийн орчноос эмээдэг гэдгээ дурдсан.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )