АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын Кремль рүү илгээсэн тусгай төлөөлөгч Стив Виткофф ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзаж, Украины дайны галыг зогсоох асуудлаар ярилцжээ.
Уулзалтаар мэдэгдэхүйц ахиц гарсан тул Доналд Трамп өчигдөр орой Цагаан ордонд сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Уулзалт мөдхөн болох магадлал байна” хэмээн мэдэгдлээ. Хэдийгээр гал зогсоох асуудал дээр ноцтой саад бэрхшээл байсаар байгаа ч АНУ энэ тал дээр удаан хугацааны турш ажиллаж буй учир амжилтад хүрэх найдлагатай гэжээ.

The New York Times болон CNN эх сурвалжууд дээрээ үндэслэн мэдээлэхдээ Дональд Трампыг ирэх долоо хоногт Владимир Путинтай уулзахаар төлөвлөсөн гэлээ. Эхлээд Путинтай уулзаж ярилцсаныхаа дараагаар Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй гурван талт уулзалт хэлэлцээр хийхээр төлөвлөөд байгаа гэнэ.
Харин Путинтай хаана уулзах тухайгаа Трамп хэлсэнгүй. 2021 онд Женевт Жо Байден Путинтай уулзсанаас хойш АНУ-ОХУ-ын төрийн тэргүүн нар уулзаагүй байгаа. Трамп тусгай төлөөлөгч Стив Виткоффыг лхагва гаригт Кремль рүү илгээсэн юм.
.png)
Энэ уулзалтын үеэр ахиц гарсан ч гэлээ хэт өндрөөр үнэлэхгүй байхыг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио сануулсан байна. “Хэрвээ ажил цаашдаа ахицтай байх юм бол Ерөнхийлөгч Путинтай уулзах боломж гарч ирнэ. Мөн Ерөнхийлөгч Зеленскийтэй ч ойрын хугацаанд уулзах боломжтой. Гэхдээ уулзалт болох хэмжээнд хүртэл олон зүйлийг хийх ёстой байна.
ОХУ дайныг зогсоохын тулд ямар шаардлага тавьж буйг бид сайн мэдэж байгаа. Үүнийгээ Украины талын шаардлагатай харьцуулж үзэх ёстой” хэмээн Марко Рубио мэдэгдлээ.

Харин Доналд Трамп “Миний тусгай төлөөлөгч Стив Виткофф дөнгөж саяхан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай очиж уулзлаа. Томоохон ахиц гарсан байна. Тиймээс би Европын холбоотнууддаа энэ талаар дуулгасан. Бүгдээрээ л энэ дайныг зогсоох ёстой гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Тиймээс ирэх долоо хоногт бид энэ асуудал дээр ажиллах болно” хэмээн мэдэгдсэн юм.
Ийм мэдэгдэл хийсний дараагаар Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский “Бидний байр суурь маш тодорхой. Дайн дуусах ёстой. Дуусахдаа шударгаар дуусах ёстой” гэжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп дайныг зогсоохыг шаардаж, хэрвээ баасан гаригийг өнгөртөл энэ тал дээр ямар нэгэн ахиц гаргахгүй бол ОХУ-д тавих эдийн засгийн хориг арга хэмжээгээ улам чангатгана гэж мэдэгдээд байсан юм. Тиймээс ч Стив Виткоффыг тусгайлан илгээж, ахиц гарах магадлалыг нь судлуулсан.
Стив Виткофф лхагва гаригийн өглөө Москвагийн төвөөр алхаж яваа гэрэл зургууд тарсан. Харин орой нь АНУ руу буцжээ. Энэ нь Виткоффын тусгай төлөөлөгчөөр ОХУ-д ирж буй тав дахь томилолт нь байлаа.

Трамп дайныг зогсоох тал дээр ОХУ-ыг санаачлага гаргахгүй байна хэмээн үзэж эдийн засгийн хоригоо нэмэгдүүлтэл 50 хоногийн хугацаа өгснөө багасгасан юм. Энэ нь хэдхэн хоногийн өмнө Киевт өгсөн цохилттой шууд холбоотой байлаа. Энэ цохилтыг “шившигт үйлдэл” гэж хүртэл тодорхойлсон.
Трампыг эдийн засгийн хоригоо улам чангатгаж, өргөтгөх тухай мэдэгдсэний дараагаар ОХУ-ын Ерөнхийлөгч асан Дмитрий Медведев ийм ширүүн мэдэгдэл нь ОХУ-АНУ-ын хооронд шууд зөрчилдөөн үүсгэх боломжтойг мөн сануулсан юм.

Сэтгэгдэл ( 1 )
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch