Г.Энхзул: Хилийн цаана гацах тэсэхийн аргагүй хэцүү

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 13

Олон улсын “Хүний эрхийн өдөр”-ийг жил бүрийн арванхоёрдугаар сарын 10-ны өдөр дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг. Тус өдрийг тохиолдуулан цар тахлын үед гаднын улсад гацсан иргэдийн бодит явдлыг харуулсан “Эх орондоо л очих юм сан” киног оюутан залуусын төлөөлөлд сонирхуулсан юм. Одоогоор киног бүх нийтэд дэлгэж үзүүлэх боломжгүй байгаа ажээ. Тус киноны ерөнхий найруулагчаар Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Золбаяр ажиллаж Зөвийг шүгэлдэгч ТББ-ын залуус санааг нь гарган ажиллажээ. Киноны түүх, цар тахлын үед гадаадад гацсан иргэдэд тулгарсан хүний эрхийн зөрчлийн талаар тус ТББ-ын тэргүүн Г.Эрдэнэзулаас тодрууллаа.


-Зөвийг шүгэлдэгч төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулах болсон шалтгаан юу вэ?

-Би Ковид-19 халдварын үед Японд сургуулиа төгсчихөөд тэнд таван сар орчим гацсаны эцэст Монголдоо ирсэн. Тэнд гацсан хугацаанд залуу хүний хувьд надад тэсвэр тэвчээр байсан байх. Гэтэл тэсвэр тэвчээр гаргаж чадахгүй, тэсвэрлэхгүй олон хүн бий. УОК-оос зарласан яаралтай татан авах шаардлагатай таван шаардлагад нийцсэн хүмүүст маш хэцүү байсан. Энэ хүмүүс өөрсдийнхөө төлөө дуугарч чадахгүй. Анхандаа эдгээр хүмүүсийг гэрт нь хариулах боломжийг олгооч, цэгцтэй тодорхой бай гэх мэт шаардлагыг тавьсаар байгаад эх орондоо ирж байсан.

Тэгээд гэртээ ирсний дараа тэнд байхад биднийг хэн ч тоохгүй байсан гэдгийг бодоод ямар нэгэн байдлаар өөрсдийн туулсан бүхнийг бусдад харуулахыг хүссэн. Улс орон, ойр дотнын хүмүүс  тоохгүй өнгөрсөн ч бид чинь ядаж дэлхийн хүн шүү дээ гэж бодогддог юм билээ. Тэгээд өөр өөр оронд холбоотой байсан залуус нэгдээд Монголдоо уулзсан. Анх уулзаад санаа бодлоо хуваалцахад ТББ байгуулъя гэсэн санаа байгаагүй. Харин баримтат кино хийх болоод “Zoljargal and Son” фильмтэй холбогд­сон. Тиймээс цэгцтэй, зохион байгуулалттай байхын тулд ТББ байгуулах шаардлагатай болсон.

-Кино хийхэд ямар нэгэн бэрхшээл тулгарч байсан уу?

-Саад бэрхшээл бол тулгараагүй. Миний ганц баярлаж буй зүйл бол бид тууштай байсны үр дүнд зөв хүмүүстэй учирч, биесээ олж өнөөдрийг хүртэл хамтдаа байсан явдал. Мэдээж кино хийхэд эдийн засгийн асуудал бага зэрэг гарч ирсэн.

-Хүмүүс цар тахалтай зэрэгцэн амьдарч эхлээд байна. Тиймээс одоо л хүлээж авах цаг нь болсон гэж үзэв үү?

-Тэгж харж байгаа. Гэхдээ бид киногоо олон улсын фестивальд явуулж байгаа учраас одоохондоо олон нийтэд зориулж нээлт хийж чадахгүй гэдгийг ойлгоорой. Мөн фестивальд бүтээлээ явуулж буй зорилго нь шагнал авах гэсэндээ биш. Зүгээр л хүний эрх аль ч улсад иймэрхүү байдлаар зөрчигддөг шүү гэдгийг илүү далайцтайгаар дэлхийд харуулахыг хүссэн учраас оролцохоор зорьсон.

-Таныг Японд гацаж байх үед маш хүнд байдалтай нүүр тулсан хүмүүсийн жишээ олон байв уу?

-Засгийн газрын шийдвэрийн тодорхойгүй байдлаас болж амиа хорлохыг завдсан ч хүн байсан. Хилийн цаана, эх орондоо байгаа монголчууд биднийг вирус гэж дураараа хэлж байсан шүү дээ. Энэ нь бидэнд маш том дарамт болж байсан. Ялангуяа Японд хүний сэтгэл зүйн байдал их тогтворгүй байдаг. Үүнээс болж сэтгэл зүйн хямралд орсон, өртөг өндөртэй оронд гудамжинд гарсан гэх мэт зүрх эмтрэм зүйлсийг харж байсан. Миний хувьд тус улсад удаан амьдрах хүсэл байгаагүй. Сургуулиа төгсөөд сурсан мэдсэн зүйлээ эх орондоо хэрэгжүүлж амьдрахыг хүсдэг байлаа. Өөрийн зорьсон зорилго биелсэн тул эх орондоо очихыг л хүссэн. Гэнэт хил хаах шийдвэр гаргасан нь түр хугацаагаар, эмнэлэгт үзүүлэх болон эмчлүүлэх гэж ирсэн гэсэн шалтгаантай хүмүүсийн хувьд маш том дарамт болсон. Би тухайн үедээ амьдрах аргаа олчихсон байсан учир бусад залуусыг нэгтгээд орох орон, идэх хоолгүй болсон хүмүүст туслахыг хичээсэн. Мөн өөр хүмүүсийг уриалах гэх мэт ажил хийсэн.

-Тухайн улс орноос нь гаднын улсаас ирээд буцаж чадахгүй гацсан хүмүүст хэр хэмжээний тусламж үзүүлсэн бол. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чадаж байсан болов уу?

-Япон улс гаднын иргэдэд сайн тусалсан. Удаан хугацаанд оршин суусан, суралцах визтэй иргэдэд мөнгөн тусламж, хоол хүнс зэргийг хангалттай өгсөн. Гэхдээ түр хугацаагаар ирсэн хүмүүст маш хүнд байсан. Тэдний зарим нь Монголд байгаа байр, үнэ хүрэх зүйлээ зарж, гэр бүлээсээ мөнгө зээлж ч байсан гэдэг.

-Киноны талаар товчхон мэдээлэл өгч болох уу?

-Эх орон ямар үнэ цэнтэй, агуу гэдгийг ойлгуулахыг зорьсон. Хүсээд ч гэртээ очиж чадахгүй байна гэдэг их хүнд юм байна лээ. Өвчин тусах, мөнгөгүй байхыг хүн тэвчиж чаддаг ч хилийн цаана гацах тэсэхийн аргагүй хэцүү. Энэ кино түүнийг л харуулсан. Дахиад ийм хүнд хэцүү зүйл тохиолдох юм бол бид биесээ хайрлаж чадах болов уу гэсэн асуудлыг дэвшүүлсэн. Хүн байх нь ямар агуу хийгээд асар олон сорилтыг туулж байгаа юм гэдгийг ерөнхий санаагаараа илэрхийлсэн. Бид анх санаачлаад киноны дүрээ сонгохдоо болж өгвөл нийгэмд асуудлаа илэрхийлж, бусдын анхааралд өртөж чадсан хүмүүсийг сонгосон. Хамгийн хэцүү зүйлийг даван туулсан хүмүүсийг сонгохыг мөн хичээсэн. Дандаа зовсон гэдгээс гадна монголчууддаа тусалсан эерэг хүмүүсийг ч оруулсан. Харанхуйн цаана ассан гэрэл гэж ярьдаг даа. Тиймэрхүү зүйл хийсэн хүнийг ч олж сайн, мууг нь тэнцүүлэхээр зорьсон.

-Монголд ирсэн хойно туулсан бүх зүйл нь хүний эрхийн зөрчил байсныг ойлгосон байх?

-Өдөр болгон л ойлгодог. Одоо ч гэсэн ойлгосоор. Хүн ухаантай биш юм аа гэхэд ядаж сэтгэлтэй байх хэрэгтэй гэж боддог. Эсвэл ирээдүйд байгаасай гэж хүсдэг. Тухайн үеийн үйл явдал муухай л санагдаж байсан. Япон өндөр хөгжилтэй орон ч биенээ хүндэлдэг асар их соёлтой. Тэглээ гээд хилийн дээс алхах тусам эх орноо санадаг. Эндээс гараад л би Г.Энхзул биш монгол эмэгтэй гэж нэрлэгдэж эх орноороо овоглодог. Би эх орноо тэгж л их хайрладаг. Сүүлийн үед манай залуус гаднын орныг ихээр зорих болсон. Миний хувьд үлдээд илүү их эх орноо хөгжүүлэх гэж тэмцээсэй гэж боддог.

-Удаан хугацаанд хүний газар гацсаны дараа эх орондоо ирэхэд маш урт тусгаарлалтын дэглэм угтаж авсан. Үүн дээр ч мөн хүний эрхийн зөрчил үүссэн гэсэн?

-Миний таарсан тусгаарлалтын байр харьцангуй сайхан тухтай газар байсан. Харин найз нөхөд, танилуудын маань дунд тусгаарлалтын горим алдагдсан, ариун цэвэр болон хоол хүнс маш муу асуудалтай газар очсон хүн байсан. Ганцаараа 21 хоног нэг өрөөнд байх нь маш их стресс үүсгэж санхүүгийн хувьд дарамт учруулсан. Ялангуяа гэр бүлээрээ ирсэн хүмүүсээс маш их зардал гарна. Гэхдээ дэлхийн аль ч улс гаднаас ирсэн иргэдээ 21 хоног тусгаарлах байранд байрлуулаагүй.

Гол нь тус шийдвэр анхнаасаа зөв байгаад дэлхий нийтээрээ хэрэгжүүлсэн бол яая гэх вэ. Гэтэл хаана ч байхгүй 21+14 буюу 35 хоног тусгаарласан нь ямар үндэслэлтэй шийдвэр вэ гэдэг маш хэцүү байсан. Энэ хугацаанаас болж эх орондоо ирсэн ч хайртай хүмүүстэйгээ уулзаж чадаагүй олон тохиолдол бий. Үүнийг кинондоо ч багтаасан. Тэр бол хүний эрхийг зөрчсөн маш бүдүүлэг, тодорхой бус ойлгомжгүй ажил байсан. Цар тахлын асуудал дууссан ч одоог хүртэл манай улсын зарим иргэд аливаа асуудлыг өөрөөсөө түлхдэг, надад тохиолдоогүй юм чинь гэж бодсон хэвээр. Ингэхээ л болих хэрэгтэй. Өнөөдөр чиний эрх зөрчигдсөн бол би чамайг хамгаалах ёстой. Яагаад гэвэл маргааш миний ч эрх зөрчигдөж магадгүй. Тиймээс бид бие биесээ хайрлаж нэгнийхээ төлөө зүтгэдэг байх хэрэгтэй.

ЭХ СУРВАЛЖ

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
U(31.10.166.210) 2022 оны 12 сарын 14

Oyutnuud bol ugaasaa l bairtai ajiltai bdag humuus iluu heden sar ajillahad neeh zutraagui bhoo.harin ajilaar yumuu emchilgee gej ochood gatssan humuust l tesehiin argagui bsan bh.garchig n oyutan huniig gomdollogch bolj oilguulaad bn.

0  |  0
Top