Сүхбаатарын талбайд жагсаж буй иргэдээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид ирүүлсэн хүсэлтийн дагуу хоёр гэр болон бусад шаардлагатай зүйлсийг олгохоор боллоо. Тодруулбал, өчигдөр буюу 2022 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн 17:00 цагт ирүүлсэн өргөдөлдөө иргэд дулаалга, халаалттай 10 гэр, галын хор, сайн чанарын цахилгааны утас, ширээ сандал, сувгийн антен татаж өгөхийг шаардсан.
Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд өнөөдөр жагсагчдын төлөөллийг хүлээн авч уулзаж, иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүднээс дулаалгатай гэр хоёрыг, мөн галын хор, кабелийн утас, ширээ, сандал, зурагт зэрэг шаардлагатай зүйлсийг олгох, түүнчлэн ДДЭШ сувгийн антенн холбуулж өгөх шийдвэр гаргасныг мэдэгдлээ.
“Жагсаалд оролцож байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангахаар шаардлагатай арга хэмжээг нийслэлийн зүгээс шат дараатай авсаар байгаа. Ирүүлсэн хүсэлтийг боломж бололцоогоороо шийдээд явна. Харин цахилгааны болон галын аюулгүй байдлыг хангахад анхаарч, энэ чиглэлээр өгөх зааварчилгааг дагахыг та бүхнээс хүсэж байна” хэмээн тэрбээр онцолсон юм.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
Сэтгэгдэл ( 0 )