Т.Баасансүрэн: Бяр тэнхээг бялхуулж, ур чадварыг ундруулж бичсэн бүтээлийг уншихад урам сэргэж ухаан цэлмэдэг

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2022 оны 12 сарын 28

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн,  Дашдоржийн Нацагдорж болон Жамсраны Цэвээний шагналт зохиолч, сэтгүүлч, судлаач доктор Т.Баасансүрэнтэй ярилцлаа.


-Таны шинэ ном худалдаанд гарсан гэж сонслоо. Юун тухай ном бэ?

-Миний “Нэгэн жарны сударласан сургамж” судалгааны номд утга зохиол, орчуулга, сэтгүүл зүйн бүтээлүүдэд хийсэн ажиглалт шинжилгээ, шүүмж судлалын 12 өгүүлэл багтсан.

-Утга зохиол, сэтгүүл зүй, орчуулгын уран зохиолын шүүмж судлал ер нь тун ховор байдаг. Тус тусад нь  тайлбарлаж уншигчдад тодорхой мэдээлэл өгөх боломж байна уу?

-Тэгье. Эхлээд утга зохиолын зарим бүтээлийн талаар санал бодлоо уншигчидтайгаа хуваалцья. Энэ онд Монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч С.Буяннэмэхийн мэндэлсний 120 жилийн ой тохиож байгаа юм. Энэ ойд зориулж “Анхдагч ариун үйлсээрээ сод манлай соён гэгээрүүлэгч Сономбалжирын Буяннэмэх” тойм судалгааны хураангуйгаа шинэ номдоо оруулсан. Энэ ажиглалт судалгаанаас хийсэн гол дүгнэлт бол  “Монголын үнэн” сонины 1920 оны зургаан дугаарыг хилийн чанад буюу Эрхүү хотноо шууд гардан гаргагч анхны эрхлэгч нь. Зөвхөн “Монголын үнэн” сониныг гардан гаргагч төдийгүй 1921 оны Ардын хувьсгалын зорилго чиглэл, үйл ажиллагааг сурталчлан таниулагч ухуулга хуудсыг зохиолцож олшруулан тараагчийн нэг байсан  гэдгээрээ 1921 оны Ардын хувьсгалын түүхэнд тодоор бичигдэж үлдэх тод гавьяатай нэгэн.

1921 оны ардын хувьсгалын дууч. Шинэ цагийн Монголын яруу найргийг үүсгэж эхлүүлэгч их авьяастан, 1921 оны Ардын хувьсгалын ариун үйлсийн ач холбогдлыг бүтээл туурвилаараа сурталчлан дэлгэрүүлэгч утга уянгын анхны дууч, шинэ Монголын шинэ үеийн уран зохиолын анхдагч улстөрийн сонгодог яруу найрагч байсан. Шинэ Монголын шинэ цагийн жүжгийн зохиолыг үүсгэн хөгжүүлэгч. Улсаасаа анх удаа уригдаж гадаадад ажилласан утга зохиолын мэргэжилтэн. Тэр 1924-1926 онд Өвөрмонголд, 1926-1927 онд Буриад Монголд тус тус уригдаж ажилласан. Утга зохиолын бүлгэмийг үүсгэн санаачлагч, удирдан зохион байгуулагч. Уран сайхны улс төрийн зөвлөлийн анхны дарга. Улсын алдар гавьяат анхны уран зохиолч. Нийгэм, улс төрийн нэрт зүтгэлтэн гээд анхдагч 13 ариун үйлсийг тодорхойлон хэлэх боломжтой байгаа юм. Миний бодоход өөрийн салбарт аливаа шинэ зүйлийг эхлүүлэх үүсгэл санаачилгыг гарган үрийг тарьж үндэслүүлэн соёолуулж ургуулаад хөгжүүлэн дэлгэрүүлэгчийг тухайн үйл хэрэг, үзэгдэл юмсыг үндэслэгч мөн гэж хэлж болох мэт санагдана. Энэ утгаар авч үзэх юм бол С.Буяннэмэх гэдэг хүн Монголын уран зохиол болоод сэтгүүлзүйд яах ч аргагүй нэг биш хэд хэдэн шинэ үрийг тарьж соёолуулан ургуулж үржүүлэн дэлгэрүүлж чадсан байна. Энэ бол маш том гавьяа юм.Энэ аугаа их хүний мэндэлсний 120 жилийн ойг тохиолдуулж утга зохиол, сэтгүүл зүйн шилдэг шүүмж судлалд олгодог Монгол Улсын Засгийн газрын шагналыг бий болгомоор байгаа юм.

-Сонирхолтой үнэлгээ дүгнэлтүүд байна. Өөр ямар зохиол бүтээлд ажиглалт шинжилгээ хийсэн бол?

-Зохиолч Б.Номинчимэдийн шинэхэн кино зохиолд бичсэн өөрийн “Шүүдрийн мянган дусал буюу шүүмжлэл, магтаал дагуулсан нэгэн баримтат киноны тухайд” хэмээх шүүмжээ номдоо оруулсан. Зохиогч уг киногоо 2022 оны хоёрдугаар сард Цагаан сарын амралтын өдрүүдээр Монголын хэд хэдэн телевизээр гаргаж нийтийн хүртээл болгосон юм. Сүүлийн жилүүдийн, түүний дотор 2022 оны хамгийн олон үзэгчидтэй кино.

Миний номыг хэвлэлд шилжиж байх үед “Бэхи” баримтат киног давхардсан тоогоор 2.5 сая хүн үзсэн байв. Уншигчдыг уйлуулж дуулуулж, талцуулж маргалдуулж чадсан кино. Шүүмжлэл болоод магтаалын аль алийг, тэгэхдээ үзэгчдийн талархлыг илүүтэй ихээр татсан бүтээл. Түүнийг нь би “Шүүдрийн мянган дусал”-тай адилтган зүйрлэж байгаа юм. Миний шүүмж үзэгчдийн сэтгэгдэлд үндэслэж хийгдсэн үнэлэлт дүгнэлт. Х.Наранжаргалын шинэ номын тухай цөөн үг хэлье. Х.Наранжаргал бол манай нэртэй сайн нийтлэлч, телевизийн салбарын анхаарал татсан чадалтай судлаачийн нэг. Тэр 2009 онд “Телевизийн сэтгүүл зүй: үндсэн ойлголт, зөвлөмж” нэртэй хэрэгтэй ном бүтээж байв.Энэ номыг их, дээд сургуулиудын сэтгүүл зүйн тэнхимүүд, эрдэмтэн багш нар сургалт, судалгааныхаа ажилд өргөнөөр ашиглаж ирсэн. Оюутнуудын уншдаг ширээний номын нэг гэж хэлж болно. “Телевизийн сэтгүүл зүй: үндсэн ойлголт, зөвлөмж” номыг би тухайн цаг үед нь уншаад ихэд олзуурхан “МОНЦАМЭ мэдээ” сонинд “Сурах бичгийн суурь дэвсгэр нэгэнт тавигджээ” нэртэй шүүмж бичин хэвлүүлж байв.

-Утга зохиол судлал 2022 онд өөр ямар гээч сонирхолтой номоор урын сангаа баяжуулсан бол?

-Академич, доктор, профессор Х.Сампилдэндэвийн тухай өгүүлсэн “Академич Х.Сампилдэндэв: дурсгалын түүвэр” номыг нэрлэнэ дээ. Өнгөрсөн онд энэ эрхэм хүний 75 насны ой болж өнгөрсөн бөгөөд үзэг нэгт нөхөд, эрдэмтэн судлаачид ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд цугларан дугуй ширээний ярилцлага зохион байгуулж академич, доктор, профессор, утга зохиолын нэрт судлаач Х.Сампилдэндэвийгээ эргэн дурсацгаасан билээ. Түүний 65, 70 насны ойгоор манай улсын өөрийн болоод олон улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурал хийж, академичийн бүтээл туурвилыг найман ботиор хэвлэн гаргаж эрдэм шинжилгээний эргэлтэд оруулжээ.

Иймд 75 насны ойг нь ийнхүү даруухан тэмдэглэж өнгөрүүлсэн хэрэг. Дугуй ширээний ярилцлагад академичийн гэр бүл Должинжав, гарын шавь нар нь оролцсон бөгөөд 2022 онд түүний тухай дурсамжуудыг түүвэрлэж “Академич Х.Сампилдэндэв: дурсгалын түүвэр” номыг бүтээжээ. Уг номын хариуцлагатай редактороор ажиллах хүндтэй үүрэг надад оногдсон тул академичийн гарын шавь доктор Алимаа, гэр бүлийн хүн Должинжав нартай хамтарч номыг эмхэтгэн хэвлүүлсэн. Номыг хэвлүүлэх ажилд доктор, профессор Л.Норовсүрэн сэтгэл гарган оролцож тусалсанд талархаж байна.

-Орчуулгын гайхамшигт бүтээлүүдийн тухай таны номонд бас байгаа гэж сонссон. Ямар ямар бүтээлийг онцгойлж авч үзсэн юм бэ?

-Манай бичгийн зохиол бүтээлийн нэг гайхамшигт салбар бол орчуулгын зохиол. 2020-2021 онд хэдийгээр дэлхий дахиныг цар тахлын аюул нөмөрч хүн төрөлхтөн айдас хүйдэст аж төрсөн ч ийм цаг мөчийг өөртөө дээд зэргийн ашигтайгаар эргүүлж чадсан ховорхон эрхмүүд Монголд нэг биш байна.

Ийм хүмүүсийн тэргүүн эгнээнд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цахилгаан, Ч.Даваадаш нар байсан гэж би бардамхан хэлнэ. Яагаад гэвэл тэдний гараас хүн төрөлхтөний оюуны сор болсон дэлхийн гайхамшигт бүтээлүүд амилан босч ирсэн билээ. Аль нэгэн шүүмж судлалыг заавал ч үгүй үнэлэлт дүгнэлтийн үгээр өндөрлөдөг нь жам ёс юм. Энэ удаад миний хэлэх үг, өгөх үнэлгээ бол Дагвын Цахилгааны монгол хэлнээ хөрвүүлэн буулгасан “Иллиада”  ба “Одиссэй” их хөлгөн судрын орчуулгад Монгол Улсын төрийн шагнал олгох нь нүдээ олсон зөв зүйтэй үнэлгээ болно гэж бодож байна. Үүнд хэн ч гайхахгүй.

Харин ч соёлт хүн төрөлхтөн, ном судрыг есөн эрдэнээр бүтээж туурвидаг Монголын ард түмэн талархах болно. Үүнээс яавч дутахгүй өөр нэг чухал үйл явдал Монголын нийгмийн амьдралд бас болж өнгөрлөө. Энэ нь Чоёгийн Даваадашийн монгол хэл рүү хөрвүүлсэн Гегелийн “Логикийн шинжлэх ухаан” /I, II, III боть/ зохиол юм. Монгол Улсын  гүн ухааны түүхэнд тодоор бичигдэх гавьяат үйлсийг манай Ч.Даваадаш бүтээлээ. Энэ бол та бидний өөрөөр хэлбэл Монголын нийгмийн оюун санааны амьдралд тохиолдож буй томоохон тэмдэглэлт үйл явдал яах ч аргагүй мөн. Ийм бүтээлд баярлахгүй, өөр юунд баярлах юм бэ, онгирох энүүхэнд бүр омогшиж байна. Монголчууд бол зөвхөн “Монголын нууц товчоо”, “Гэсэр”, “Жангар” хөлгөн их судар туульсуудыг бүтээгээд зогсохгүй “Иллиада” ба “Одессэй”, тэр ч битгий хэл Марксын “Капитал”,  Гегелийн "Логикийн шинжлэх ухаан", бас “Бурхан багшийн сургаал”-ыг хүртэл эх монгол хэлээрээ уншдаг, судалдаг, гэгээрдэг ард түмэн шүү дээ. Чихэнд чимэгтэй сайхан сонсогдож байгаа биз?

-Шинээр шинжилж үзсэн Монголын шилдэг нийтлэлүүдийн талаарх үнэлгээ дүгнэлтүүдээсээ уншигчидтайгаа хуваалцаач?

-Монголын утга зохиол, орчуулгын салбарт төдийгүй монголын сэтгүүл зүйд, түүний судлал шүүмжийн ой санамжид өртөж од шиг гялалзаж тодорсон сайн бүтээлүүд сүүлийн хоёр гурван жилд нэг биш гарсныг онцлон тэмдэглэж байна.Тийм бүтээлийн тэргүүн эгнээнд Санжийн Баярын “Жаран хоног,“Жаран”-ы бутархай” нийтлэлийн түүвэр зүй ёсоор нэрлэгдэнэ. “Жаран хоног,“Жаран”-ы бутархай” номын агуулга, бичлэгийн уран чадварын байдалд задлан шинжлэл хийж үзлээ. 454 хуудас уг түүвэр “Жаран хоног” ба “Жаран”-ы бутархай” гэсэн үндсэн хоёр бүлгээс бүрдэж байна. Үндсэн сэдэв агуулгыг тодорхойлж буй хэсэг нь “Жаран”-ы бутархай” бүлэг. “Хэлмэрчийн зовлон жаргал”, “Авираа”, “Гэнсээк”, “Эмээгийн баяр”, “Элчин сайдын толгой”, “Гологдсон Ленин” зэрэг 12 шилдэг нийтлэлээс бүрджээ. Нийтлэл нэг бүр нь дотроо хэд хэдэн бие даасан хэсэгтэй.

Жишээ нь “Москвагийн тэнгэр” нийтлэл гэхэд “Хэргийн эзэн”, “Хэнгэргийн дохиур”, “Даргын үзэг гялс...”, “Оюутны толгой бөндгөс”, “Үзэг гялсын зуулт”, “Урт хушууны үзүүр”, “Амьд хунтайж”, “Дипломатын зөвлөлгөөн”, “Замын хүзүү урт” гэсэн есөн дэд гарчгаас бүтсэн байхад “Энхбаярын сюрприз” нийтлэлийг “Гэнэтийн дуудлага”, “Бүтэлгүй айлчлал”, “Намын үүрэг”, “Мөрөнгийн нүүдэл”, “Шөнийн загасчлал”, “Нойрмог уулзалт”, “Буруугүй атлаа буруутан”, “Эрэлийн үзүүрт Эрдэнэбат...”, “Хотын десант”, “Технологийн алдаа” гэсэн 10 дэд гарчгаар цогцлоосон байх жишээтэй. Үүгээр би юу хэлэх гээд байна гэвэл С.Баярын нэг гарчигт нийтлэл нь багаахан баримтат туужийн дайтай хэмжээтэй юм. Тиймээс “Жаран”-ы бутархай” бүлэгт 12-хон нийтлэл орсон гэж чамлах хэрэггүй гэх гээд байгаа юм. Миний шинэ номондоо бичиж оруулсан “Нэгэн жарны сударласан сургамж буюу бяр тэнхээ бялхуулж, ур чадварыг ундруулж бичсэн бүтээлийн тухайд” шүүмж 85 хуудас хэмжээтэй. Тийм учраас тэр бүрийг энд дэлгэрүүлж ярих боломжгүй. Бараг л номын тухай ном болсон гэж хэлж болно.

-Уншигчдын зүрх сэтгэлд хүрэхүйц өөр олон нийтлэлийн ном 2022 онд гарав уу. Энэ талаарх таны санал бодлыг сонсмоор байна?

-2022 онд уншигчдын гарт хүрсэн хот ба хөдөөгийн хоёр сэтгүүлчийн нийтлэлийн түүвэр бусдаас онцгойрон ялгарч буйг шинжээчийн хувьд хэлэхэд надад маш таатай байна. Энэ бол нэг нь Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, шударга үнэний төлөө цогтой тэмцэгч Галсангийн Жамьян, нөгөө нь Ховд аймагт хорь гаруй жилийн турш тогтвортой ажиллаж орон нутгийн сониныг гаргаж, сайтыг ажиллуулж хэдэн зуун мэдээ мэдээлэл, өгүүлэл тэмдэглэл, шүүмж судлал бичиж "Монголын шилдэг нийтлэл” цувралаар өөрийн хоёр ботийг хэвлүүлсэн Гонгоржавын Төрмөнх юм.

"Монголын шилдэг нийтлэл” цувралын 47 дахь ботийг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн  Галсангийн Жамьянгийн шилдэг нийтлэлүүдээр бүтээж 2022 онд өргөн олон уншигчдад өргөн барьсан. Түүний энэхүү ботид төвийн сонин хэвлэлд нийтлэгдсэн 75 нийтлэлийг багтаасан. “Эмнест интернешнл” байгууллагаас “Хүний эрхийн төлөө тэмцэгч” шагналынхаа анхныхыг Санжаасүрэнгийн Зоригд, хоёр дахийг Галсангийн Жамьянд олгосон байдаг нь санамсаргүй сонголт байсангүй. Монгол Улсын нийгэм, улс төрийн нэрт зүтгэлтэн Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Өлзийсайханы Энхтүвшин түүнийг тэнгэрт хальсаныг сонсоод “Бидэнд үг хэлдэг хүн байхгүй болж дээ” гэж надад хэлсэн. Оносон үг, олсон тодорхойлолт мөн. Өнөөдөр үнэн үг хэлж, эрх баригчдыг улалзтал шүүмжилдэг Галсангийн Жамьян монголын нийгэмд үгүйлэгдэж байна.

Шударга үнэний төлөө цогтой тэмцэгч Галсангийн Жамьянг хуулбарлан хувилаад баруун хязгаарын Ховд аймагт аваачаад тавьчихсан тэмцэгч сэтгүүлч бол Гонгоржавын Төрмөнх юм. Шандас зааж бичсэн сайн нийтлэлүүдээрээ тэр орон нутгийн сэтгүүлчдээс онцгойрон тодорч цойлон дүүлж байна.Түүний бүтээл олон талтай, олон өнгө аястай. Өөрийн өнцгөөс харж үнэлэлт дүгнэлт хийсэн, гайхам сонирхолтой гаргалгаа гаргасан нь цөөнгүй. Хүний бодоогүйг бодуулж, ухаараагүйг ухааруулж байгаагаараа Гонгоржавын Төрмөнхийн нийтлэлүүд бусдаас ялгарч байна. Тийм учраас “Монголын шилдэг нийтлэл”  эрдэм шинжилгээ, судалгааны төв ТББ түүний шилдэг нийтлэлүүдийг цувралынхаа 86-р боть болгож I ба II дэвтэртэйгээр нийтийн хүртээл болгосон. Ийм эрхэм хүндэтгэлийг урьд нь Ардын уран зохиолч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Тангадын Галсан, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Сономын Лочин хоёрт л олгоод байсан юм.

-Та нэг залуу судлаач доктортой үндэсний сэтгүүл зүйг үндэслэгчийн асуудлаар сүрхий маргалдаж мэтгэлзсэн байна гэсэн?

-“Үндэсний сэтгүүл зүйг үндэслэгч нь Жамсраны Цэвээн үү, эсвэл залхаалт бодлогоо тулган хүлээлгэгч Коростовец үү?” гэсэн гарчигтай судлал шүүмж эл номонд орсон байгаа. “Монголын анхны тогтмол хэвлэлийн судалгаа” /2021/ хэмээх номыг зохиогч залуу судлаач, доктор М.Одмандахтай Монголын сэтгүүл зүйн үндэслэгчийн асуудлаар хийсэн мэтгэлцээн юм. Хэрүүл биш харин эрүүл саруул мэтгэлцээн гэдгээ онцолж хэлмээр байна. Аль ч шинжлэх ухаанд ийм мэтгэлцээн байдаг, байх нь ч ашиг тустай гэж бодож байна.

Энэхүү мэтгэлцээндээ миний бие нэгдүгээрт, Үндэсний сэтгүүл зүйн өдрийг тэмдэглэх асуудлаар, хоёрдугаарт, Монголын сэтгүүл зүй үүссэн 1913 оны гуравдугаар сарын 6-ны өдрийн талаар, гуравдугаарт, Монголын сэтгүүл зүйг үндэслэгч нь Жамсраны Цэвээн мөн үү, үгүй юү гэдэг сэдвээр санаа бодлоо илэрхийлсэн болно.

Ингэхдээ би Монголын анхны тогтмол хэвлэлийн бичвэр судлалыг жинхэнэ шинжлэх ухааны үндэстэйгээр эхлүүлж байгаа залуу судлаач, доктор М.Одмандахын санал санаачилгыг өндрөөр үнэлж Монголын сэтгүүл зүйн судлалд шинэ чиг хандлага гаргаж шинэ үг хэллээ гэж сайшаан тэмдэглэсэн. Мөн Монголын сэтгүүл зүйн үүссэн өдрийг 1913 оны гуравдугаар сарын 6 /19/ гэж цаашид бичиж тэмдэглэж байя гэдэгт санал нэгдсэн. Харин Ж.Цэвээн, И.Я.Коростовец хоёуланг хамтад нь “Шинэ толь хэмээх бичиг” сониныг үүсгэн байгуулагчид, үндэслэгчид мөн гэсэн доктор М.Одмандахын дүгнэлттэй санал нийлээгүй. Өөрөөр хэлбэл, дүгнэлтийг эрс шийдвэртэй няцааж, И.Я.Коростовецийн “Монголд өнгөрүүлэсэн есөн сар” номыг нэгд нэгэнгүй ахин нэгэнтээ нягтлан уншсаны үндсэн дээр, тэрчлэн Монголын бусад зарим түүхч эрдэмтэд, судлаачдын санал дүгнэлтүүдтэй өөрийн санал бодлыг харьцуулж харгалдуулан үзэж дүгнэлт хийсэн юм.

-Сүүлийн жилүүдэд бүтээгдсэн утга зохиол, сэтгүүл зүй, орчуулгын шилдэг уран зохиолуудын талаарх тод томруун тойм судалгааны ажил болсон юм байна гэж ойлголоо?

-Тэгж ойлгож болно. Баярлахгүй байхын аргагүй сайхан бүтээлүүд. Бяр тэнхээг бялхуулж, ур чадварыг ундруулж бичсэн ийм зохиол бүтээлийг уншиж шинжихэд урамтай сайхан байдаг. Урам сэргэж, ухаан цэлмэдэг юм.

-“Нэгэн жарны сударласан сургамж” судалгаа шинжил­гээний шинэ номынхоо талаар манай уншигчдад дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнд баярлалаа. Уран бүтээлийн улам өндөр амжилт гаргаарай.

-Баярлалаа. Миний шинэ номын талаар уншигчдад мэдээлэл хүргэж буй “Өглөөний сонин”-ы уран бүтээлчдэд амжилт бүтээлийн дээдийг шинэ жилийн мэндчилгээтэй хамт өргөн дэвшүүлж байгааг минь хүлээн авна уу. Их баярлалаа.

Эх сурвалж: Өглөөний сонин 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.21.104.98) 2023 оны 03 сарын 09

энэ баасансүрэн гэдэг бол жинхэнэ алны улаан үс пизда шүү

0  |  0
DR. PRADHAN(197.211.53.56) 2022 оны 12 сарын 28

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
DR. PRADHAN(197.211.53.56) 2022 оны 12 сарын 28

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
hgy g(66.181.166.134) 2022 оны 12 сарын 28

фетиша!

0  |  0
Zz(66.181.166.213) 2022 оны 12 сарын 28

Багшдаа эрүүл энхийг хүсье

0  |  0
Top