Хуванцар, нүүрсхүчлийн хий, нарны эрчим хүчнээс түлш гаргаж авчээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 11

Эрдэмтэд нарны эрчим хүчийг ашиглан хуванцар хог хаягдал болон хүлэмжийн хийг “ногоон” түлш болон бусад төрлийн үнэт бүтээгдэхүүн болгох арга боловсруулсан тухай Кэмбрижийн их сургууль мэдээлжээ.

Хуванцар эдлэлийг дахин боловсруулах нь ноцтой асуудал болж байна. Бүх төрлийн хуванцрыг боловсруулах боломжгүй ба дахин боловсруулах явцад ихэнх төрлийн чанар нь мууддаг байна. Тиймээс эрдэмтэд хуванцар хог хаягдлыг экологийн хувьд цэвэр, үр дүнтэй боловсруулах, устгах аргыг эрэлхийлсээр байна.

Кэмбрижийн их сургуулийн судлаачид зөвхөн нарны эрчим хүчийг ашиглан хуванцрыг ашигтай химийн бүтээгдэхүүн болгох аргыг боловсруулжээ. Тэдний бүтээсэн реактор нь хоёр хэсэгтэй ба нэг нь хуванцар, нөгөө нь нүүрсхүчлийн хийг боловсруулахад зориулагдсан байна. Дэлхийн дулаарлын гол хүчин зүйл болсон нүүрсхүчлийн хийг химийн урвалын явцад шингээх нь уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдэх нэг түлхүүр болох боломжтой. Перовскитийг гэрэл шингээгч болгон ашигладаг бол катализаторын бүтцээс эцсийн бүтээгдэхүүн шалтгаалдаг байна. Реакторыг температур болон даралтын энгийн нөхцөлд туршихад хуванцар савыг дахин боловсруулж, хиймэл хий болон гликолийн хүчил гаргаж авах боломжтой болохыг харуулжээ. Хиймэл хийнээс (CO+H2) “ногоон” түлш гаргах боломжтой бол гликолийн хүчлийг гоо сайхны бүтээгдэхүүнд ашигладаг. Ирээдүйд катализаторуудыг солих замаар илүү олон орцтой бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж нээгдэнэ гэж эрдэмтэд үзэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top