Монголын Тэшүүрийн Холбооноос зохион байгуулах “Тал нутгийн мөсөн шоу” спорт сонирхогчдын дунд маш том хүлээлт үүсгээд байна. Энэ нь ч аргагүй. Мөсөн өргөөтэй болсон цагаас эхлээд монголчууд бид уран гулгалтын олон улсын тэмцээн уралдаан хэзээ зохиогдох бол гэж боддог, мөрөөддөг болсон билээ. Оросын алдарт тамирчид ирэх сураг сонсогдоод байж байтал харин Японы мэргэжлийн тамирчид ирэхээр болжээ.
“Тал нутгийн Мөсөн шоу” уран гулгалт, урлагийн цогц шоу энэ сарын 27, 28-нд “Степп Арена” мөсөн ордонд зохион байгуулагдана. Зөвхөн уран гулгалт биш Монгол, Японы бүжиг, жүжиг, ая дуу, цирк гэсэн бүрэн хөтөлбөртэй.
Шоуны гол баатар бол мэдээж манай мэргэжлийн цорын ганц тамирчин Г.Марал-Эрдэнэ. Азийн наадам, Гран При, залуучууд, оюутны наадам гээд олон улсын том тэмцээнд Монголынхоо нэрийг гаргаж яваа бүсгүй.
“Тал нутгийн Мөсөн шоу”-нд тэрээр “Хирошимагийн цаасан шувуу” дууны Садако охин, Монгол, Японы хооронд нүүдэллэн нисдэг цэн тогоруу шувууны дүрд тоглох юм. Ингээд Г.Марал-Эрдэнэтэй уулзаж, сэтгэгдлийг нь сонирхлоо.
-Монгол эх орондоо мөсөн шоунд оролцох боллоо. Ямар сэтгэгдэл төрж байна?
-Би Японд 16 жил уран гулгалтаар хичээллэж байна. Монголд маань ийм том мөсөн шоу болох гэж байгаад маш их баяртай байна. Монгол, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны ойн хүрээн арга хэмжээнд оролцож байгаа минь нэр төрийн хэрэг.
-Та энэ шоуны гол баатар. Дүрдээ орж чадсан уу? Хэр хэцүү байв?
-Одоогийн байдлаар хамт гулгах тамирчид маань ирээгүй байгаа болохоор хамтарсан бэлтгэл хийгээгүй байна. Энэ шоу маань зөвхөн спортын биш урлагийн хамтарсан тоглолт байгаа. Би балетчинтай хамт “Хунт нуур”-ын хэсгээс тоглоно. Урьд өмнө хийж байгаагүй үзүүлбэр тул сэтгэл их догдолж байна. Мөн дуучдын шууд тоглолттой хослуулан, уран бүтээлээ үзүүлэх юм.
Мао Асадагийн үзүүлэх тоглолтод гурван жил оролцохдоо ч амьд тоглолттой хамтарч байгаагүй болохоор бага зэрэг сандарч байгаа ч хамаг хүчээрээ хичээн гулгах болно.
-Монголын уран гулгалтын хөгжлийг хэрхэн харж байна вэ?
-Монголын анхны мэргэжлийн гулгагч гэдгээрээ надад олон бэрхшээл, саад тулгарч байсан. Энэ удаагийн шоу Монголын уран гулгалт улам их хөгжих эхлэл болоосой гэж хүсэж байна. Би өнгөрсөн жил тавин хүүхдэд уран гулгалтын хичээл заасан. Тэр хүүхдүүд маань намайг эзгүйд багшаа гээд хүлээн сууж байдаг. Зав гарвал хүүхдүүдэд хичээл заах сонирхолтой байгаа. Тэгэхээр уран гулгалтыг хөгжүүлэхэд зөвхөн тэмцээн, шоу хийх биш хүүхэд багачуудад уран гулгалт зааж, сургах орчныг бүрдүүлэх нь маш чухал.
-Энэ улирал та хоёр олон улсын тэмцээнд оролцлоо. Цаашдаа ямар тэмцээнд орох вэ?
-Тиймээ, би энэ улирал хоёр тэмцээнд оролцсон. Уран гулгалт бол үнэнийг хэлэхэд их мөнгө шаарддаг спорт. Тэмцээн уралдааны зардал өндөр. Намайг аав ээж минь ивээн тэтгэж, тэмцээнд оролцуулдаг. Тамирчны хувьд тэмцээнд оролцоно гэдэг туршлага хуримтлуулах чухал зүйл байдаг. Харин миний хувьд тэмцээнд оролцоход маш хэцүү байдаг. Тиймээс цаашдаа дэмжлэг, туслалцаа байхгүй бол тэмцээн уралдаанд оролцоход их хэцүү. Үргэлжлүүлэн гулгахад хүндрэлтэй байгаа.
Сэтгэгдэл ( 1 )
Монголоор ярихгүй бна уудаа энэ охин чинь