Азийн физикийн олимпиад угтсан физикийн сургалт, физикийг сурталчлах аян эхэллээ

2023 оны 02 сарын 03

2023 онд Азийн физикийн XXIII олимпиадыг Монгол Улсад зохион байгуулах ажлын хүрээнд Физикийн сургалт, физикийг сурталчлах аяныг орон даяар зохион байгуулж эхлээд байна.

Уг үйл ажиллагааг Дархан-Уул аймгийн Дархан сумаас эхлүүлж 2023 оны нэгдүгээр сарын 25-наас 28-ны өдрүүдэд Физикийн танин мэдэхүйн төрөл бүрийн туршилт, лекц, кино танилцуулга, физикийн сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулав.

Уг үйл ажиллагаанд ШУА Физик технологийн хүрээлэн, МУИС, МУБИС, Одон орон геофизикийн хүрээлэнгийн 13 хүний бие бүрэлдхүүнтэй эрдэмтэд, багш, ажилтнуудын баг ажиллав.

Аяны нээлтийн ажиллагаа, Азийн физикийн олимпиадын туг өргөх ёслол, ФТХ-ийн захирал, академич Ж.Даваасамбуу “СИ системийн шинэчлэл”, ФТХ-ийн Онол ба их энергийн лабораторийн эрхлэгч Ц.Энхбат “Элементүүдийн үүсэл” илтгэлээр эхлэв.

МУБИС-ийн багш Мөнхсайханаар ахлуулсан “Лазерийн шоу”, “Плазм”, “Утаан буу”, “Харааны гажиг”, ШИМТ боловсролын багууллагын  STEM туршилт, МУИС-ийн Цөмийн физикийн судалгааны төвийн ”Байгалийн цацраг идэвхийг хэмжье” зэрэг сонирхолтой физикийн туршилтуудыг сурагчдыг өөрсдийг нь оролцуулсан явуулсан ба үүнд Дархан-Уул аймгийн сурагчид өргөнөөр оролцов.

Тус өдрийн танин мэдэхүйн үйл ажиллагаа академич Ж.Даваасамбуугийн “Нанотехнологи” илтгэлээр өндөрлөв.

Мөн өдрийн орой “Физикийн сургалтад тулгарч буй хүндрэлтэй асуудлууд” хэлэлцүүлгийг тус аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, физикийн багш нартай хамтран зохион байгуулав.

“Cosmos spacetime odyssey” шинжлэх ухааны танин мэдэхүйн цуврал кино гаргаж, Одон орон геофизикийн хүрээлэнгийн ажилтан Б.Алтан-Очир зөөврийн планетариумын үзүүлбэр үзүүлсэн нь хүрэлцэн ирсэн багш, сурагчдын сонирхолыг ихээхэн татаж байв.

Физикийн лекц, семинарийг сурагчдад ФТХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан Ц.Банзрагч, физикийн багш нар нарт Шинэ үе сургуулийн багш О.Ариунболд нар тус тус заасан ба үүнд давхардсан тоогоор 170 гаруй багш сурагчид оролцжээ.

Сургалтын хөтөлбөрийг 2022 оны ЭЕШ-д тус аймгийн сурагчдын нийтлэг алдаа гаргаж байсан сэдвүүдийн өгөгдөл дээр үндэслэн явуулсан болно. Сургалтын сүүлийн өдөр доктор Ц.Энхбат “Хигс бөөм” танин мэдэхүйн илтгэл танилцуулав.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top