Их, дээд сургуульд элсэх ЭЕШ-ын бүртгэл эхэллээ

2023 оны 02 сарын 06

Боловсролын үнэлгээний төв (БҮТ)-өөс өнөөдөр (2023.02.06) 2023-2024 оны хичээлийн жилд Их, дээд сургууль, коллежийн Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-ын талаар мэдээлэл өглөө.


ЭЕШ-ын бүртгэл 2023 оны хоёрдугаар сарын 06-ны 10:00 цагт эхэлж, дөрөвдүгээр сарын 14-ний 18:00 цагт дуусна.

Монгол хэлбичгийн шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 31-ний өдрийн 18:00 цагт дуусна.

Шалгуулагч нь Боловсролын үнэлгээний төвийн eyesh.eec.mn цахим хаяг руу хандан, бүртгэлээ хийнэ. Бүртгүүлэхдээ дараах материалыг бэлтгэсэн байна.

Үүнд, 
 

  • Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг (Иргэний үнэмлэхний лавлагаа, гадаад паспорт, цагдаагийн үнэмлэх, мөн гадаадын иргэний Монгол Улсад оршин суух түр үнэмлэх)
     
  • Өнгөт цээж зураг (Цээж зураг нь 3х4 хэмжээтэй. Сүүлийн 3 сарын дотор авхуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил, малгайгүй байна)
     
  • Бүх банкны интернет гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн карт
     
  • Шалгуулагч бүр зөвхөн өөрийн И-мэйл хаягаар бүртгүүлнэ.


Монгол хэлбичгийн шалгалт нь үнэ төлбөргүй бөгөөд ЭЕШ-ын нэг хичээлийн бүртгэлийн хураамж 5800 төгрөг байх аж.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон тусгай сургуулийн сурагч ЭЕШ-д хамрагдахаар бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримтыг бүртгэлийн хугацаанд Боловсролын үнэлгээний төвд ирүүлнэ.

Үүнд,
 

  • Өргөдөл
  • Эмчийн магадлагаа
  • Сургуулийн тодорхойлолт байна.

ЭЕШ-ыг улс орон даяар нийт 49 шалгалтын байранд зохион байгуулах бөгөөд хөдөө орон нутагт 23, Улаанбаатар хотод 26 байна.

Шалгуулагч бүртгэлээ баталгаажуулсын дараа БҮТ-өөс тухайн үед зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан, “Суудлын хуваарь”-аа www.eec.mn, www.eyesh.eec.mn цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-гаас хэвлэн авна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top