Г.Одонцэцэг: Уламжлалт анагаах ухаан дэлхийг ойртуулах том боломж

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2023 оны 02 сарын 10

Монголын анхны уламжлалт анагаах ухааны эмнэлгүүдийн нэг Манба дацан төвийн харьяа “Манба дацан Бодь сэтгэлтэн” эмнэлгийн зөвлөх эмч, анагаах ухааны доктор Г.Одонцэцэгтэй ярилцлаа.


-Монголчууд ковидын том сорилтыг даван туулж байна. Энэ давлагааны дараа хүмүүст ямар төрлийн өвчнөөр өвдөх нь нэмэгдсэн бол?

-Ковидын дараах үргэлжилсэн эмгэгүүд нэлээд илэрч байна.Өвчний мөн чанараас хамаарч хий өвчнүүд, зүрх судас, яс, бөөрний хүйтэн хий өвчин  үүсэж байна. Уушги гэмтэж, амьсгалын замын тогтолцооны эмгэгүүд үүссэн байна. Мөн сэтгэлзүйтэй холбоотой эмгэгүүд бий болжээ. Марталт их болсон,  нойргүйдэл  үүссэн гэхчлэн янз бүрийн эмгэг өөрчлөлтүүд гарч байна. Бид хүмүүст зөвлөгөө өгч, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлээд явж байна.

-Хүмүүс сэтгэлээ амар тайван байлгахын тулд яах вэ. Хотын иргэд  утаа, түгжрэл, бухимдал ихтэй нөхцөлд амьдарч байна шүү дээ?

-Сэтгэлзүйгээ амар тайван байлгахад шууд эмчилгээний зориулалтаар бясалгал хийвэл тустай. Ялангуяа монголчуудын бясалгадаг зан үйл үүнтэй их ойр. Бурхан шүтээндээ тахил зулаа өргөж, арц хүжээ уугиулаад,завилж суугаад, өөрсдийн мэнгэний бурхан юм уу, шүтдэг бурхныхаа тарнийг уншин эрхиэ 108 удаа эргүүлж, сэтгэлээ ариусгаад “Эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусад” гэж сэтгэлээ уужруулах боломжтой. Ер нь хүн 10-20 минут бясалгахад сэтгэл уужирна. Ингэхдээ тарни уншвал илүү ойр байна. Ер нь сэтгэлийн амар амгалан  гэдэг өөрөөс бий болно. Гадны бэрхшээл, элдэв асуудалд өөрийн сэтгэлийг төвд нь барьж, уур уцааргүй, өс хонзонгүй байх хэрэгтэй. Өдөр тутамдаа сэтгэлийн амар амгаланг үүсгэж байя гэвэл бясалгах хэрэгтэй. Дээр нь хөдөлгөөн их чухал. Мөргөл хийж, ууланд алхаж, өдөр тутамдаа биеийн хөдөлгөөнийг сэтгэлийн амар амгалантайгаа хослуулж явах хэрэгтэй.

-Монголчууд 108 мөргөх нь нэг төрлийн дасгал гэж үздэг болсон байна?

-Мөргөл хийхэд хүний биеийн 360 булчин ажиллана.Судас, шөрмөс, яс, үс бүгд хөдөлгөөнд оролцоно.Тэгэхээр 108 мөргөлийг дадуулах хэрэгтэй. Ер нь бол 21 удаа мөргөж болно, түүнээс дээш мөргөвөл хөдөлгөөнд тустай.

-Өвчнөөс урьдчилан сэргийлэхэд нэн тэргүүнд анхаарах зүйл юу вэ?

-Хүмүүс өдөр тутмынхаа явдал мөрийг өөрийн ажил, амьдралын орчин нөхцөлд уялдуулан, эрүүл амьдралын хэв маягийн  дадуулгыг өөртөө бий болгох хэрэгтэй. Өглөө хэдэн цагт босож, орой хэдэн цагт унтаж амрахаа тогтоож, өдөр тутамдаа ахуй осол гэмтлээс хэрхэн сэрэмжилж явах вэ.

Хүн хоорондын, нийгмийн, гэр бүлийн харилцаанд юу анхаарах вэ гээд энэ бүхэнд зөв үйлийг дадуулах аваас өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой. Мөн цаг улирлын явдал мөр гэж байна. Монголчууд эрс тэс уур амьсгалтай дөрвөн улиралд оршин амьдардаг. Хавар, зун, намөр, өвөл хувцаснаас өгсүүлээд анхаарах зүйлүүд бий. Амьдарч байгаа орноо өвөл хэрхэн дулаан байлгах вэ. Зун яаж сэрүүн байлгах вэ гээд бодох юм байна. Мөн хоол ундандаа  анхаарах ёстой. Хавар тэжээллэг хоол иднэ, зун хөнгөн хооллоно. Хорт зуршлаас ингэж сэргийлнэ гэх мэтчилэн эрүүл хооллохыг өөрийн зан үйл, нас, хүйсийн онцлогт тохируулан дадуулж, хувийн амьдралдаа ч гэсэн дүрэм журамтай, сахилга баттай амьдрах хэрэгтэй. Өвөл уушги хамгаалах, хавар бадган ихэсдэг тул ходоодоо хамгаалах, зун хий, зүрх судасны өвчнөөс хамгаалах, намар элэг, халуун чанарын өвчнөөс сэргийлэх эм, танг хэрэглэж байвал тустай.

-Манба дацан төвд иргэдийг  даатгалаар хэвтүүлэн эмчилдэг болсон гэсэн. Хүмүүс сайн мэдэхгүй байгаа тул энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Манба дацан нэгдсэн төв бол 1990 онд байгуулагдсан, одоо 33 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. 1998 оноос эхэлж хэвтүүлэн эмчилдэг болсон. Хувийн хэвшлийн Эрүүл мэндийн байгууллага ч гэлээ эрүүл мэндийн даатгалд хамрагдаад явдаг байсан. Даатгалын хууль, дүрэм, журамтай уялдаад сүүлийн гурван жил даатгалаас санхүүжилт авах боломжгүй  байсан. 2022 оны сүүлээс даатгалд эргэн хамрагдсан. Энэ нь уламжлалт анагаах ухааны үйлчилгээг хүртээмжтэй үзүүлэхэд нэмэр болж байна. “Манба дацан Бодь сэтгэлтэн” эмнэлгийн тухайд шинээр байгуулагдсан учраас хоёр жил үйл ажиллагаа явуулж байж даатгалд орох журамтай.

Үйлчлүүлэгчийн хэрэгцээ шаардлагаас хамаарч Манба дацан төв даатгалаар болон төлбөрт үйлчилгээ үзүүлж байгаа. Олон улсын стандартын төвшинд “Хот айл-хоспиталь” байдлаар “Манба дацан-Бодь сэтгэлтэн” эмнэлгийг байгуулсан. Гадаадын иргэд уламжлалт анагаах ухааны үйлчилгээг авах гэж ирдэг. Тэдэнд  өөрсдийн тав тух, орчныг шаардсан эмнэлэг шаардлагатай байдаг учраас энэ эмнэлгийг цөөн ортой байгуулсан.

-Таныг ярилцлагад урьсан учир шалтгаан бол  гадаадын иргэд Монголын уламжлалт анагаах ухааны эмнэлгүүдийг зорьж ирэх болсныг сонирхоё гэсэн юм. Тухайлбал, саяхан Япон улсын иргэн танай эмнэлэгт эмчлүүлээд  сэтгэл өндөр буцаж байгаагаа ярьсан. Япон халуун рашаантай ч монголчууд малынхаа ясыг чанаад шөлөнд нь ордог. Хонины толгойг гүзээнд нь хийж чанаад битүү шөлөөр утдаг. Үнэхээр гайхмаар юм, миний бие маш их хавантай байсан, богино хугацаанд илааршлаа гэж байна. Танайд дэлхийн хэдэн орноос үйлчлүүлэгч ханддаг вэ?

-Өнгөрсөн 33 жилийн хугацаанд бид гадаад, дотоодын олон иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Итали, АНУ, Франц, ХБНГУ, Япон, Солонгос, Хятад, Өвөрмонгол, Болгараас үйлчлүүлэгчид ирж эмчлүүлдэг. Монголын уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээ үнэхээр гайхалтай. Шинжлэх ухааны анагаах ухаан өндөр хөгжсөн орнуудад үнэхээр хэрэгцээтэй. Саяын таны ярьж буй үйлчлүүлэгч маань  уламжлалт монгол анагаах ухааны оношоор бол хөлийн бам /чийгийн өвчин/ өвчтэй. Япон далайн дунд байдаг арлын орон. Эрхэлдэг ажил нь чийгтэй газар будаа тариалж тариалан эрхэлдэг. Тэгэхээр саяын үйлчлүүлэгчийн зовиур Японд түгээмэл байдаг.

Миний үйлчлүүлэгч, Японд амьдардаг Өвөрмонголын  доктор мөн ийм өвчтэй, манайд сар тутам ирж  эмчлүүлж өвчин нь илааршаад буцсан. Тэр доктор өөрийн хамтарч ажилладаг, тустай буянтай настанг үзүүлж, эмчлүүлмээр байна гэж хоёр сарын өмнө холбогдож, захиалга өгснөөр ирж үйлчлүүллээ. Япон бол шинжлэх ухааны анагаах ухаан өндөр хөгжсөн орон хэдий ч үйлчлүүлэгчийн маань хөл битүү  хавагнаж, жил гаруй маш их өвдөлттэй байсан, дээр нь нас өндөр, даралт хэлбэлзэлтэй тул байнга өвчин намдаах эм тариа хэрэглэх боломжгүй. Орчин үеийн анагаах ухаанаар бол тодорхой онош байхгүй. Харин уламжлалт анагаахын онош тодорхой.

Ингээд Монголд ирсэн. Бид эмчилгээний зарчмуудаа боловсруулж, уламжлалт анагаах ухааны тодорхой аргуудаар эмчилсэн. Ирээд дөрөв дэх хоногоос даралт хэвийн болж, өвчин зовиур нь намдаж, хөлөөрөө явдаг болоод буцлаа. Ер нь гадаадаас ирж байгаа үйлчлүүлэгчид маань их төлөв шинжлэх ухааны анагаах ухаан өндөр хөгжсөн орнуудаас ирдэг. Эмчилгээний аргууд нь мухардсан учраас арга хайж ханддаг. Гэхдээ бид шидтэн биш, бүх өвчнийг эмчилж анагаана гэж хэлж чадахгүй. Гэхдээ ийм тохиолдолд өөрт байгаа боломжоороо эмнэлгийн тусламж үзүүлдэг.

-Танай эмнэлгийн гадаад харилцаа хэр сайн бэ. Эсвэл үйлчлүүлэгчид бие биедээ хэлснээр гадаад орчинд сурталчлаад байна уу?

-Одоогоор тусгайлан гадагшаа мэдээлэл түгээх ч гэх юм уу, тэр чиглэлд анхаарах завгүй өдөр тутмын ажилдаа дарагдаад өмнөх ажлаа л хийж  байна. Үйлчлүүлэгчид маань амнаас ам дамжуулан биднийг сурталчилж байна. Хэрэв мэдээлэл хүргэж, үүнийг дэмжиж, хүч тавьбал Монголын нэг брэнд, бидний мэдлэгийн нэг сайхан өв юм. Төр, засгаас  анхаарч, бодлогоор дэмжвэл, Монголоо сурталчлах,  дэлхийг ойртуулах, гадаадынхныг наашаа татах том боломж юм. Гэтэл манай улсын эрхзүйн орчин хэцүү, биднийг дэмжихээс илүү дарамт учруулах нь их байдаг шүү дээ.

-Одоо хаврын улирал айлсаж байна.Хүмүүст эрүүл мэндээ хамгаалах зөвлөгөө өгөөч гэвэл та юуг онцлох бол?

-Хаврын улирал бол ирж яваа цаг. Хүмүүсийн сэтгэл сэргэж, бие ч талбиун сайхан болдог. Хүний таван махбодиос бадганы махбод арвиддаг тул ядарч, ходоод гэдэс хямарч, хавагнадаг. Тиймээс хоолоо багасгаж, орцыг хөнгөн болгох нь зүйтэй. Өдөр унтаж болохгүй. Хөдөлгөөн сайн хийх хэрэгтэй. Хэт хүйтэн хоол, унд хэрэглэж болохгүй. “Хаврын салхи хавирга нэвт” гэж үгтэй тул хэт эрт нимгэлж хэрэггүй, хувцсаа тохируулах хэрэгтэй гэж зөвлөе.

 

ЯПОН УЛСЫН ИРГЭН ЧОКУШИН: ГҮЗЭЭНД ХИЙЖ ЧАНАСАН ХОНИНЫ ТОЛГОЙ, ЯСНЫ ШӨЛ НЬ  ИЛААРШУУЛАХ ШИДТЭЙ ЮМ  БАЙНА

Япон улсын иргэн, өдгөө нас сүүдэр 80 хүрч буй Чокушин гуайн Монголд ирж эмчлүүлсэн тухайгаа сэтгэгдлээ хуваалцсаныг хүргэе.


 

-Та сайн байна уу, Монголд ирсэн сэтгэгдлээ хуваалцана уу?

-Монголд хоёр дахь удаагаа ирж байна. Энэ удаа Өвөрмонгол танил маань санал болгож, холбож өгсний дагуу “Манба дацан Бодь сэтгэлтэн” эмнэлэгт  ирж эмчлүүлээд буцаж байна. Найд, нөхөд маань Монголын талаар их ярьдаг болохоор танай орны тухай бага сага зүйл мэднэ. Очихыг хүсдэг байлаа. Ингээд Монгол оронтой танилцах, мөн эмчлүүлэх гэж анх ирж байсан. Энэ удаа  өвөл ирсэн болохоор цас, жавар, хүйтний эрч, сүр жавхааг нь биширлээ. 

-Та Японд ямар ажил эрхэлдэг вэ?

-Би бага залуугаасаа тариалангийн ажил эрхэлж, будаа тариалсан. Манайх ам бүл дөрвүүл, Шикокуд амьдардаг, гэр бүлийн тариалангийн газартай. Тариалангийн газраа миний бие удирддаг. Хүү маань миний ажилд туслаж суралцаж байдаг юм.

-Монголын уламжлалт анагаах ухаан танд ямар санагдав?

-Миний хөл маш их  өвдөж, хавагнасан байдалтай ирсэн. Гэтэл хэдхэн хоноод өвчин илааршиж зовиур байхгүй  боллоо. Монголчуудын хоол хүнс, зоог тун сонин юм. Хонины толгойг гүзээнд хийж чанаад битүү шөлөөр утаж байгаа нь зоог, бас эмчилгээ юм байна. Япончууд халуун рашаандаа  байнга ордог. Гэтэл монголчууд малынхаа ясыг чанасан халуун шөлөнд оруулж байгаа нь нэг төрлийн эмчилгээ болохыг ойлгож авлаа. Японд хөл массаж, биеийн массаж гээд олон төрлийнх байна. Мөнгөө төлөөд 1-2 цаг үйлчилгээ аваад гардаг болохоос ийм төрлийн  эмнэлэг байхгүй. Гэтэл Монголд хүний биеийг бариа засал хийж, арвайн гурилыг шар тостой зуурч иллэг хийдэг нь өвөрмөц эмчилгээ юм байна. Зарим зүйлийг нарийн ойлгоогүй ч өвчин зовиургүй болсондоо сэтгэл их өндөр, баяртай байна. Анх удаа ийм зүйлтэй учирлаа, бас их гайхаж биширлээ. Гэрийнхэнтэйгээ утсаар ярьсан, тэд маань мөн баяртай байгаа.

-Бидний хүсэлтийг хүлээж авч ярилцсан танд баярлалаа. Эрүүл энхийг хүсэн ерөөе.

-Баярлалаа. Хэрэв Японд очвол  манайд зочилж, тариалангийн газрыг маань сонирхоорой.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top