УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцэх эсэхийг нь дэмжин, орон нутгуудаар таниулга хийж байсан Газрын тухай багц хуулийг эргүүлэн татахаар болсон байна. Энэ талаар Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн мэдээлэл хийсэн юм. Тэрбээр, "Газрын багц хуулийг буцаан татахаар боллоо. Энэ хугацаандаа Улаанбаатар хотынхоо ерөнхий төлөвлөлтийг хийгээд, тэр төлөвлөлтийнхөө дагуу газар олгодог шинэ зарчимд шилжинэ. Газрын хуульд орон нутгийн иргэд нэлээд шүүмжлэлтэй хандаж байна. Иргэдийн зүгээс хэрвээ энэ хуулийг батлах юм бол уул уурхайг дэмжсэн хууль болох нь гэж үзэж байгаа. Мөн бэлчээр, өвөлжөө, хаваржааны газрын асуудлыг ч хөндөж байна. Тиймээс буцааж ерөнхий төлөвлөлт хийж, шүүмжлэлтэй асуудлыг шийднэ” гэсэн юм. Үүний дараагаар сэтгүүлчдийн асуултад хариулт өгснийг тоймлон хүргэж байна.
-Газрын багц хуулиа эргүүлэн татаад, энэ хооронд нь ямар нэгэн газар олголт явагдах вий гэсэн хардлага байна?
-Тийм зүйл огт байхгүй. Одоо бид цахим системээр тухайн жилд Улаанбаатар хотоос баталсан төлөвлөлтийн дагуу газар олгодог болчихсон. Өөрөөр хэлбэл, нийслэл, аймгийн ИТХ нь тухайн жилийн төлөвлөлтөд ороогүй газарт газар олголт хийгдэхгүй. Харин нийслэлийн хувьд бид нарийвчилсан төлөвлөлтийг хийж гаргана. Түгжрэлийг арилгах замуудын асуудал, түүнтэй холбоотой газруудын асуудал нэлээд хөндөгдөнө. Ингээд нийслэлийн дахин төлөвлөлтийг хийсний дараагаар төлөвлөлтийн дагуу газар олголт явагддаг системд шилжүүлнэ.
-Бэлчээрийн асуудлыг хөдөөгийн иргэд хөндөж байна гэсэн. Цаашид энэ асуудлыг хэрхэх вэ?
-Эргүүлэн татаж байгаа Газрын тухай хуульд “Сум дундын отрын бүс, хадлангийн газрыг тусгай хэрэгцээнд авна” гэсэн заалт бий. Үүгээрээ бэлчээрийн зориулалтаар тусгай хэрэгцээнд авдаг байсныг нь байхгүй болгочихсон. Мөн өвөлжөө, хаваржааны газрыг нэлээд ярьж байгаа. Орон нутгаар явахад хамгийн олон санал орж ирсэн нь ч бэлчээрийн асуудал.
-Шинээр хийгдэж байгаа төлөвлөлтийн талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Яг эцэслээгүй байна. Мэдээлэл болгож хэлэхэд, замуудын төлөвлөлт хийгдэнэ. Ингэхдээ Сэлбэ, Туул голын дагуу зам тавигдана. Нэгдүгээр хороолол, ТЭЦ-4-ийн арын замуудыг өргөтгөнө. Ингэхээр кольцо замууд үүснэ. Мөн Яармагийн замыг ТЭЦ-4-ийн замтай холбох ажлууд хийгдэнэ.
-Газар хөдлөлтийн давтамж ойртож байна. Үүнтэй холбоотойгоор нийслэл хотод нурах эрсдэлтэй барилгууд байгааг мэргэжилтнүүд хэлж байна?
-Сайдын шуурхай дээр өнөөдөр/өчигдөр/ уг асуудлыг ярьж, шийдэл гаргалаа. Монгол Улсад 5800 гаруй барилга, байгууламж паспортгүй байна. Энэ нь ямар нэг байдлаар газар хөдлөлтөд өртвөл яах вэ гэдгийг судлаагүй байгаа үг. Эдгээр барилгыг хоёр сарын дотор багтаан аймаг, нийслэл, орон нутагт ялгаагүй үзлэг хийх шийдвэр гаргана. Бид ирэх дөрөв, тавдугаар сард эдгээр барилга, байгууламжтай холбоотой судалгааг хийнэ. Турк, Сирид болж буй асуудлууд байна. Мөн барилга байгууламжийг паспортжуулах, газар хөдлөлттэй холбоотой судалгааг хийхээс гадна бид орж ирж буй арматурыг лабораторид судлуулъя гэж байгаа юм. Хувийн хэвшлийн барилга байгууламжийг манайхан анхаарахгүй орхичихсон байдаг юм байна. Арматур, цементийг асуудлыг нягтлах чиглэл өгсөн.
-Паспортгүй байна гэдэг нь юу гэсэн үг вэ. Тухайн барилгыг Улсын комисс хүлээж авдаг биз дээ?
-Жишээ нь арматурыг нь лабораторид шинжлээгүй байна гэсэн үг. Ялангуяа айлуудын барьж буй барилгад бүр байдаггүй юм байна. Дур, дураараа зурагаа гаргаад барьчихдаг. Хувийн хэвшлийн барьж буй барилгууд ч гэсэн өөрсдөө мэдээд арматураа аваад бариад явж байгаа юм. Тиймээс үүнийг зохицуулах шаардлага гарч байна.
-5000 гаруй барилгыг яагаад Улсын комисс хүлээж авсан юм бэ?
-Паспортжуулж, нарийвчилсан судалгаа дүгнэлтийг гаргая гэж байгаа юм.
-Дээрх паспортгүй барилгаас хэд нь сургууль цэцэрлэгийн барилга байгаа вэ?
-Яг хэд гэдгийг нь мэдэхгүй байна. Харин барилгыг хүчитгэх талаар бид “Жайка”-тай хамтраад тодорхой тусламжийн төслийг ОБЕГ-аас хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд сургууль, цэцэрлэгийн барилгыг хүчитгэх ажлыг одоогийн байдлаар 11 сургуулийн барилгад хийхээр төлөвлөсөн.
-Орон сууцны үнийн хэт хөөсрөлд ямар зохицуулалт хийх вэ?
-Би ажил аваад удаагүй байна. Гэхдээ энэ асуудлыг нягтлах ёстой гэж үзэж байгаа. Ижилхэн баригдсан хоёр барилга хоёр өөр үнэтэй байх жишээтэй. Тиймээс үнийн асуудлыг судлахаар ажлын хэсэг гаргасан. Хятадад төмрөөс бусад барилгын материал айхтар өсөөгүй юм билээ. Гол өссөн нь тээвэр логистик. Харин тээврийн үнэ бууж байхад барилгын үнэ буух ёстой. Тиймээс дахин нэг нягтлах чиглэлийг холбогдох хүмүүст өгсөн.
-Ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэх үү?
-Хүндрэлтэй байгаа. Ний нуугүй хэлэхэд ипотекийн зээлийг төв банкаар дамжуулж санхүүжүүлж байна. Энэ нь тодорхой хэмжээнд инфляцд нөлөөлнө. Гарч буй хэмжээ мөнгөний эрэлтийг нэмэгдүүлж байна. Тэр нь эргээд инфляц болж байна. Инфляц болсон мөнгө эргээд барилгын үнэ өртөгт нөлөөлдөг. Монголбанкнаас мөнгө авна гэдэг мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлдэг. Гэсэн хэдий боловч иргэдийнхээ орон сууцны асуудлыг шийдвэрлэхээс өөр арга зам байхгүй. Цаашдаа эх үүсвэрийг нь өөрчлөх шаардлагатай.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )