Монгол, Оросын хил дээр долоо хоногт гурван удаа газар хөдөлжээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 09

Өнөөдөр өглөө Монгол Улсын Хөвсгөл нуур орчим 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн тухай ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Геофизикийн хүрээлэнгийн Байгалийн салбар мэдээлжээ. Энэ нь сүүлийн долоо хоногт энэ бүсэд бүртгэгдэж буй гурав дахь удаагийн хүчтэй газар хөдлөлт. Газар хөдлөлтийн голомт Хөвсгөл нуур орчим бүртгэгдсэн байна.

Тус салбарын захирал Елена Кобелевагийн мэдээлснээр, энэ бүс нутаг дахь газар хөдлөлтийн идэвхжил Хөвсгөл нуурын усан хилийн бүсээс уулын бүс рүү шилжжээ. 2021 онд газар хөдлөлтийн голомт Хөвсгөл нуурын усан хилийн бүсэд бүртгэгдэж байсан бол одоо голомт нь баруун өмнөд зүгт 25-30 км шилжээд байгаа аж. Өөрөөр хэлбэл хоёр дахь газрын хагарал идэвхжиж эхэлсэн хэмээн Кобелева ярьжээ.

Өмнөх хоёр газар хөдлөлт энэ сарын 4-нд болсон байна. 5.1 болон 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт суурин газар сул мэдрэгджээ. Оросын Байгаль нуур болон Монгол Хөвсгөл нуур нь Байгалийн газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд багтдаг. 2021 оны нэгдүгээр сарын 12-нд Хөвсгөл нуурын усан хилийн бүсэд 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Голомтдоо хүч нь 8.7 баллтай байжээ. Үүнээс хойш нийт 20 мянга орчим удаа газар чичирхийлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top