Мөрөөдөл биелүүлэгч Мөсөн ордон саяхан шайбтай хоккейн Ази, Номхон далайн орнуудын залуучуудын аваргын тэмцээнийг хүлээн авч байсан бол өнөөдөр манай насанд хүрэгчид, Үндэсний шигшээ баг ДАШТ-ий хүрээнд өрсөлдөнө. Дэлхийн аварга цолны төлөө тоглохгүй ч ДАШТ-д оролцож, эх нутагтаа зохион байгуулж байгаа нь манай спортын ертөнцийн түүхэнд тэмдэглэгдэх том үйл явдал болж байгаа юм.
Монгол Улс түүхэндээ анх удаа шайбтай хоккейн Дэлхийн тэмцээнийг хүлээн авч байна. Хэдий ДАШТ-ий IV дивизионы тэмцээн ч 11 жил ДАШТ-д оролцоогүй манай шайбтай хоккейчдын хувьд чансаа ахиулах, цаашдаа уралдаан, тэмцээн хүлээн авах сайхан боломж гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэмцээн Кувейтийн нийслэлд болох байсан ч Улаанбаатар болгон өөрчилсөн юм.
"Steppe Arena" ордонд өнөөдөр эхлэх ДАШТ-ий IV дивизионы тэмцээнд Монгол, Индонез, Кувейт, Филиппины багууд оролцоно. Түрүүлсэн баг 2024 оны ДАШТ-ий III дивизионд дэвшинэ. Филиппин, Индонезийн баг анх удаа ДАШТ-д оролцож байгаа бол дээр хэлсэнчлэн манай шигшээ баг 2012 оноос хойш анх удаа дэлхийн аваргад хүч сорих гэж байна. Харин Кувейтийн баг 2022 оны IV дивизионы тэмцээнд тавдугаар байр эзэлсэн.
Хэрэв энэ тэмцээнд манай баг түрүүлбэл III дивизионд орж, чансаагаа ахиулахаас гадна ур түвшин өндөр багуудтай өрсөлдөх боломжтой болох юм. III дивизионд Туркменистан, Тайвань, Люксембург, ӨАБНУ, Таиланд, Хонконг, Босни Герцеговин, Киргиз, Иран, Сингапур, Малайзын багууд энэ жил өрсөлдөж байгаа.
Сэтгэгдэл ( 3 )
Манайхан удахгүй сайжрах байхаа. Өмнөх он жилтэй харьцуулахад хөгжих, сурах боломж нээгдсэн бнаа
Нээх том дивизион энэ тэр гээд л байх юм, хэдэн халтар багуудыг хожиж чадахгүй байж, оросын нэг тосгоны багт 40:00 гусуулаа биздээ
Tom Tom temtseenuudiig mongoldo zohioj bailtai