Хоккейн ДАШТ: Монгол – Кувейт 8:0

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 24

"Steppe Arena" мөсөн өргөөнд шайбтай хоккейн IV Дивизионы Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээн өчигдөр эхэллээ. Монгол Улс түүхэндээ анх удаа шайбтай хоккейн Дэлхийн тэмцээнийг хүлээн авч байгаа нь энэ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй ДАШТ-ий IV дивизионы тэмцээнд Монгол, Индонез, Кувейт, Филиппиний багууд оролцоно. Түрүүлсэн баг 2024 оны ДАШТ-ий III дивизионд дэвшинэ. Филиппин, Индонезийн баг анх удаа ДАШТ-д оролцож байгаа бол манай шигшээ баг 2012 оноос хойш анх удаа дэлхийн аваргад хүч сорьж байна. Харин Кувейтийн баг 2022 оны IV дивизионы тэмцээнд тавдугаар байр эзэлсэн.

Тэмцээний салхийг хагалж, Филиппин, Индонезийн багууд эхлээд мөсөн талбайд гарлаа. Шүглийн дуунаас 21 секундийн дараа Филиппин эхний гоолыг хийсэн нь тэдний ялгуусан ялалтын эхлэл байжээ. Өрсөлдөөн гарсангүй. Филиппинчууд 14:0 бут ниргэж, түрүүлэхийн төлөөх гол өрсөлдөгч гэдгээ харууллаа.

Орой нь нээлтийн ёслолын дараа Монголын Шигшээ баг Кувейтийн багийг хүлээн авсан. Эхний үеэс манай тамирчид хурдаар илүүрхэж, өрсөлдөгч багийнхаа талбайд төвөггүй орж чадаж байв.

Энэ нь ч үр дүнгээ өгч, нэгдүгээр үеийг 4:0 өндөрлүүллээ. Нутгийн эзэн гэдгээ сайн харуулж чадсаны нэг шалтгаан нь Мөсөн өргөөг дүүргэсэн хөгжөөн дэмжигчид байлаа.

Хоёрдугаар үед харин үзэгчид гоол хараагүй тул ордон тун анир чимээгүйхэн “өнжсөн”. Арабын багийн хаалгач алдаагүй сайн хаалгаа манасан бол хамгаалагчид нь цохилтын өмнүүр эрэлхгээр биеэ тавин унаж, хамгаалж байлаа.

Гэвч ур чадвар хол илүү манай баг сүүлийн үед дөрвөн гоол хийснээр тоглолтыг 8:0 дуусгалаа. М.Чинзолбоо хет-трик толилуулж, Шилдэг тоглогчоор шалгарав. 11 жилийн дараах ДАШТ-ий тоглолтоо сайхан ялалтаар эхлүүлсэн ч Филиппиний багаас гоолын харьцаа дутуу хоёрт бичигдэж эхэллээ.

IV дивизионы ДАШТ-д түрүүлэхэд манай гол өрсөлдөгч нь Филиппины шигшээ гэдэг нь харагдлаа. Маргааш буюу 25-нд Монгол, Филиппиний багууд халз тулна. Дивизиондоо түрүүлэхэд ялалт л бидэнд хэрэгтэй. IV дивизионд түрүүлж байж, манай шигшээ дараагийн хэсэгт ур чадвар өндөр багуудтай өрсөлдөх боломжтой болох юм. Маш чухал тоглолт тул үзэгчдээ Мөсөн Өргөөнд ирж, Үндэсний шигшээ багаа дэмжихийг уриалж байна.

1-р тойрог

Мэргэн буучид

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top