Видео: Монголын хоккейчид нэмэлт цагт ялагдлаа

2023 оны 03 сарын 25

Гэрэл зургийг Ч.Ганбат

"Steppe Arena" мөсөн өргөөнд явагдаж байнаа шайбтай хоккейн IV Дивизионы Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээний хамгийн чухал тоглолт өнөөдөр боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй ДАШТ-ий IV дивизионы тэмцээнд Монгол, Индонез, Кувейт, Филиппиний багууд оролцож байгаа.

Түрүүлсэн баг 2024 оны ДАШТ-ий III дивизионд дэвшинэ. Өнөөдөр буюу 25-нд Монгол, Филиппиний багууд халз туллаа. Дивизиондоо түрүүлэхэд тэднийг ялах хэрэгтэй. IV дивизионд түрүүлж байж, манай шигшээ ирэх жилээс III дивизионд ур чадвар өндөр багуудтай өрсөлдөх боломжтой болох юм.

Эхний үед Филиппиний баг гурван гоол оруулж, илүүрхлээ. Манай багийнхны дамжуулалт оновчгүй, сэтгэл зүй илт тааруу байлаа.

Харин хоёрдугаар үед байдал өөрчлөгдөж, манай залуус сэргэж эхэллээ. М.Чинзолбоогийн оруулсан эхний хариу гоолын дараа Мөсөн өргөө тэр чигээрээ уухайлан тамирчдаа дэмжиж, хоккейчид ч урам зоригтой сайхан тоглолоо. Өрсөлдөгч баг дүрмийн алдаа гаргаж, торгууль их авсан нь тус болсон. Удалгүй манайхан дараалан хоёр гоол хийж, тооны харьцааг тэнцүүлсэн. Н.Мишигсүрэн, Э.Энх-Амгалан нар айлын хаалгыг мялаасан юм.

Ингээд шийдвэрлэх гуравдугаар үе эхэллээ. Энэ үе үзэгчдийн цөсийг хөөргөж, үе үе зүрхийг нь зогсоох шахаж байв. Шүгэл дуугараад дөрвөн минутын дараа Филиппиний  Миллер Микел гоол хийлээ. Гурван минутын дараа хүн илүүгээ ашиглан, И.Гэрэлт тооны харьцааг тэнцүүлэв.

Харин дараа нь хоёр минутын дотор манай багийн гаргасан хоёр алдаа гоол болон хувирч, Филиппин 6:4 тэргүүлж эхэлсэн. Үзэгчдийн уухайн дор ямар ч гэсэн хоёр гоолны зөрүүг тэнцүүлж чадлаа. Тоглолтын сүүлийн хоёр минут манай баг илүү хүнтэй тоглож, гоол хийх гэж дайрсан ч чадсангүй. Уг нь энд л ялалтын гоол хийх хэрэгтэй байсан юм.

Нэмэлт цаг эхлээд удаагүй байхад John Steven гоол хийснээр Филиппин нэмэлт цагт ялалт байгуулж, дивизиондоо түрүүлэх нь бараг 100 хувь баталгаатай боллоо. Нэн харамсалтай ялагдал байлаа. Гэхдээ манай шигшээ өсөх ирээдүйтэй олон залуу тамирчинтай гэдгээ энэ тэмцээнд батлан харуулсан. 

Тоглолтын шилдэгээр Монголын багаас 12 номерын тамирчин ЭРДЭНЭТОГТОХЫН ЭНХСҮХ, Филиппиний багаас 25 номерын тамирчин FUGLISTER JOHN STEVEN шалгарлаа.

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(192.82.77.142) 2023 оны 03 сарын 26

Сэтгэл зүй муу бишээ зоримог сайн л залуус хэдхэн хүнд бага зэргиин алдаа байв уу ер нь бол мундаг байсаан

0  |  0
Дэмжигч (192.82.77.142) 2023 оны 03 сарын 26

Нэг л алдаа байна даа хожих л байсан юм боломж байсан шүүдээ ялангуяа тиим хамгаалалт сайн байхад яагаад хожигдов?????

0  |  0
zochin(172.56.152.176) 2023 оны 03 сарын 26

mongolchuud setgelzui muutai.Mash amarhan nurdag. Stan- uud bolon solobgos hapanuud shig setgelzui suulgah heregtei.Suuliin ued buhiin turluyded kirgizyyded er emgui archuuldag bolson sdanuud.

1  |  0
Top