Улсын аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн өндөрлөөд удаагүй байна. Тивийн аваргын өмнөх тэмцээн тул тунчиг өрсөлдөөнтэй болов. Энэ жилийн УАШТ дээр Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Б.Баттулга шавь нараа дэвжээнд авч гаран, тамирчдын буланд сууж байгаа нь содон харагдсан. Түүний шавь нар сүүлийн үед гадаад, дотоодын тэмцээнээс байнга медаль хүртэж буй билээ. Б.Баттулга багшийн хувьд ур чадвараас гадна шавь нарынхаа сэтгэл зүйн тал дээр маш нарийн ажилладаг дасгалжуулагч. Зургаан жилийн дараа дотоодын тэмцээнд тамирчдаа удирдан оролцсон Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Б.Баттулгатай тэмцээний дараа уулзаж ярилцлаа.
-УАШТ саяхан өндөрлөлөө. Таны шавь нар ямар амжилт үзүүлэв ээ?
-Манайхан амжилттай сайхан оролцлоо. Миний хувьд Шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчийн ажлаа өгөөд нэг жил болсон. Одоогоор хувийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа бөгөөд энэ ажлаараа анх удаа улсын аваргад оролцлоо. Урьд нь клубийн системээр тамирчдаа бэлтгэдэг байхад бөхөө багтаа харьяалуулж, цалинжуулаад явдаг байв. Спортын хөгжлийн түүхээс харвал клубийн системээр ажиллах нь Монголд учир дутагдалтай. Тамирчид “Алдар”, “Хүч”, “Хилчин” зэрэг байгууллагад харьяалагдахыг хүсдэг. Өөрийн шавиа өгөөд явуулчихад хэцүү, өгөхгүй байх хэцүү. Тамирчны ахуй амьдралыг нь бодоод тараагаад л явуулна даа.
Энэ жилийн УАШТ-д би найман тамирчин бэлтгэлээ. “Хангарьд”, “Хилчин”, “Хүч”, “Алдар”, “Аварга” дээд сургууль гээд үндсэндээ таван өөр байгууллагын тамирчдыг авч орсон. УАШТ-д ормоор байна, дэмжиж туслаач гэсэн хүүхдүүдээ цуглуулж, хувийн дасгалжуулалтын шугамаар мөнгө төгрөг босгоод сар гаруй бэлдсэн юм. Таван алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль авлаа. Тамирчид маань тус тусдаа өөрсдийнхөө байгууллагад оноо авч байгаа хэрэг л дээ. Найман тамирчинтай оролцоод найман медаль хүртсэн. Парисын олимпын наадам эхлэхэд нэг жилийн хугацаа үлдээд байна. Би олимпын зургаан жинд голчилж хүүхэд бэлтгэсэн. Саяны найман тамирчны долоо нь олимпын жингийнх. Олимпын зургаан жинд аваргын төлөө манайхан барилдаж, таван алт, нэг мөнгөн медаль авсан. Тамирчидтайгаа ярилцаж, зорилгоо тодорхойлсон. Бүгд тус тусдаа зорилготой, зорилгынхоо эхний давааг даваад явж байна гэж ойлгож болно.
-Та шигшээ багийн ажлаа өгсөн ч өнгөрсөн жил Белградын ДАШТ-д тамирчдаа авч яваад амжилттай оролцсон. Цаашдаа Парисын олимп хүртэл хувийн дасгалжуулагчийн хувиар ажиллах уу? Шигшээ багийн төлөвлөгөөтэй хэрхэн уялдаа холбоотой ажиллаж байна вэ?
-Миний бие Ерөнхий дасгалжуулагчаар таван жил ажилласан. Одоогийн ажлаа тэр үед хамт ажиллаж байсан багийнхаа ажлын үргэлжлэл гэж хардаг. Түүнээс шигшээ багтай өрсөлдөх зүйлгүй. Шигшээ багийн ажилд юу болдог, юу дутагддаг, алдаа оноо юу байдгийг сайн мэднэ. Дутагдалтай байдлыг нь нөхөх гэж “Парис олимпын аварга” ТББ байгуулсан. Энэ байгууллагаа байгуулаад Белградын ДАШТ, мөн АНУ-д Дэлхийн Цомын тэмцээнд оролцсон. Зардал мөнгө хэцүү үед зээлээр билет бичүүлэх, байр гээд л шигшээ багийн ажилд түлхэц болж ажиллахыг зорьдог. Дэлхийн Цомын дараа АНУ-д, нэгдүгээр сард Туркт хамтарсан бэлтгэл хийлээ. Дэлхийн чансааны анхны тэмцээнд тамирчдаа оролцуулсан.
Энэ бүх ажил маань шигшээ багийн одоогоор хийж чадахгүй байгаа ажлуудыг нөхөж хийж байгаа хэрэг юм. 12 дугаар сард түүхэнд бараг анх удаа Киргизээс шууд дамжуулалт хийлээ. Ойролцоогоор 100 мянган хүн үзсэн байна. Энэ бол Монголын чөлөөт бөхийн холбоо, шигшээ багийн хийж байгаагүй ажил. Аливаа спорт, урлаг бол үзэгчтэй байж хөгждөг зарчимтай. Баг тамирчдаа бэлтгэхээс гадна үзэгчдийг татах тал дээр анхаарлаа хандуулах нь зүйтэй. Шууд дамжуулалт үүний анхны алхам нь болсон.
-“Парис олимпын аварга” ТББ-ыг яагаад байгуулах болов? Ямар хүмүүс хамтран ажиллаж байгаа вэ?
-2021 онд Токиогийн олимпын дараа тус ТББ-г байгуулахаар болсон. Шигшээ багт ажиллаж байхад бид эрэгтэй, эмэгтэй багаас аль алинд нь олимпын медаль авна, олимпын аварга төрүүлнэ гэсэн том амбицтай оролцож байлаа. Таван тамирчин медалийн төлөө барилдаад нэг нь хүрэл медаль авсан. Хүмүүс медалийн тоог нь хардаг болохоос уг нь таван тамирчин медалийн төлөө барилдана гэдэг гол үр дүн. Гэхдээ бидний тооцоолж байсан үр дүн биш байсан учраас “Улсын төсвөөр, ингэж бэлтгээд олимпын аварга төрүүлнэ гэдэг боломжгүй юм байна” гэж дүгнэсэн. Миний дүгнэлт л дээ. Тэгээд хувийн дасгалжуулагч больё, шигшээ багийнхаа орхигдуулж байгаа ажил дээр дэмжлэг болоод явъя гэсэн зорилго тавьсан юм.
Манай ТББ бол зөвхөн эрэгтэй зургаан жин дээр төвлөрч ажиллаж байна. Би гуч гаруй жил дасгалжуулагчаар ажиллахдаа шигшээ багийн таван жилийг эс тооцвол дандаа эрэгтэй багт ажиллаж байлаа. Хоёрдугаарт, 1980 оноос хойш манай эрэгтэй баг олимпоос медаль аваагүй, 1975 оноос хойш дэлхийн аварга төрөөгүй. Манай “Парис олимпын аварга” ТББ-ын зорилго бол эхлээд 1975 оноос хойш төрөөгүй дэлхийн аваргыг 2023 онд төрүүлэх явдал. Мэдээж 44 жил олимпын медаль аваагүй байж, шууд олимпын аваргатай болно гэхээр хол санагдаж магадгүй. Тиймээс эхлээд ДАШТ-ий алтан медаль, дараа нь олимпын медальтан төрүүлнэ гэж тооцоолж байна.
Манай ТББ-ын санаачлагч, Удирдах зөвлөлийн гишүүн нь Ослогийн ДАШТ-д явахад тусламж үзүүлсэн Э.Батбаяр, Спортын сэтгүүлчдийн холбооны Б.Цагаанбаатар байна. Удирдах зөвлөл гурван хүнтэй. Хамтарч ажиллаж байгаа хүмүүс гэвэл АНУ-д сургууль төгссөн Б.Мянганбаяр гээд миний шавь байна. Бөхөд дуртай, АНУ-ын Засгийн газартай хамтарсан том хөтөлбөрийн Монгол талыг хариуцдаг. Удахгүй АНУ-аас бөхийн арван мэргэжилтэн ирж, эмэгтэй тамирчдын сургалт, жендерийн асуудлын талаар семинар явуулна. Үүнд манай ТББ-ын бага ч гэсэн оролцоо байгаа. Гавьяат тамирчин Э.Ням-Очир, Гавьяат дасгалжуулагч Б.Адъяахүү болон Ц.Гантөгс нарын олон багштай. Америкт сургууль төгссөн Б.Мөнхбаатар гэхчлэн миний шавь нар бас бий. Бүтцийн хувьд санаа нийлсэн, хамтарч ажиллаж байсан улсууд бий.
-Санхүүгээ хэрхэн бүрдүүлж байгаа вэ?
-Санхүү үндсэндээ хоёр хэсгээс бүрдэж байгаа. Удирдах зөвлөлийн гишүүд өөрсдийн бизнесээс хандив тусламж өгдөг. Олимпын гурван жинд дэлхийн аваргын медальт гурван бөх манайд бий. З.Занабазар Өмнөговь аймаг, Гавьяат тамирчин М.Лхагвагэрэл Завхан, Т.Тулга Ховд аймгийнх. Тамирчдаа дэмжиж буй Нутгийн зөвлөл, нутгийн бизнес эрхлэгчид бидэнтэй хамтарч ажиллаж байна. Саяхан бид чөлөөт бөхийн идэрчүүдийн лигийн тэмцээний финалын шагналыг гаргасан. Б.Батзориг багш манайд хүсэлт гаргаж, Удирдах зөвлөл сангаас гаргасан юм. Чөлөөт бөхийн хөгжлийн төлөө бол болж л өгвөл дэмжих бодлого баримталж байна.
-Удахгүй Казахстанд болох Азийн АШТ-д танай тамирчдаас хэд нь явах гэж байна?
-Түрүүлсэн таван тамирчин бүгд явна. Улсын аваргууд тивийн аваргад явах давуу эрхтэй ч оролцохгүй байж болно. Бид тамирчидтайгаа ярилцаж байгаад явах нь зөв юм байна гэж шийдсэн. Манай тамирчид бүгд шигшээ багт харьяалагддаг. Казахстанд болох тивийн аваргын шигшээ баг одоо бэлтгэл хийж байгаа. Манай тамирчид орж байгаа болохоор би дөрөвдүгээр сарын 6-нд араас нь очно. Замын зардал, байр хоолноос гадна нэмэлт эм, витамин, массаж гээд тэмцээний зардал их. Тэр бүхэнд нь тусалж дэмжээд явна. Шигшээ багтайгаа хамтарч ажиллаж байна гэсэн үг.
-Хувийн дасгалжуулагч бол Монголд шинэлэг ойлголт. Хараад байхад ар гэр, хамаг ажлаа хойш нь тавиад тамирчныхаа менежер, гэр бүлийн хүн шиг нь гүйж явах юм. Магадгүй олон ажил амжуулдаг, бизнес сэтгэлгээтэй, гадаад хэлтэй хүн л хийх ажил шиг харагдаж байна.
-Би урьд өмнө хувийн дасгалжуулагч хийж байсан туршлагагүй. Гэхдээ тамирчид маань амжилт гаргаж байна. Тэд багшдаа итгэж найддаг. Бас тамирчдыг дэмждэг орон нутгийн хувь хүмүүс ч олон. Тэднийг бодлогоор зангидаж, бүтэн цул баг болж байж л амжилт үзүүлнэ. Ямарваа амжилт багийн тоглолт байдаг. Би зүгээр нэг эд эс нь. Одоогоор эрэгтэй багаас дэлхийн аварга төрүүлж үзээгүй байна. Манай эрэгтэй баг олимпын аваргагүй. Тэгэхээр ийм юм бүрдвэл дэлхийн аварга болдог гэсэн тийм бэлэн жор бидэнд байхгүй. Харин гадаадын орны тамирчид яаж дэлхийн аварга болж байна гэдгийг харж байсан, мэдэж байгаа. Тэрийг л Монголд нутагшуулна гэж бодож байна. Дараа нь ингэж байж олимп, дэлхийн аварга төрдөг юм гэсэн сурах бичиг биш гэхэд зам заасан жим гаргахын төлөө зүтгэж яваа.
-Чөлөөт бөхийн гал тогоонд гуч гаруй жил буцалсан хүний хувьд та ихээхэн туршлагатай. Клубийн дасгалжуулагч, Шигшээ багийн дасгалжуулагч, хувийн дасгалжуулагч гээд бүгдийг нь хийлээ.
-Би клубийн ажлаа болиод найман жил болж байна. Шигшээ багт орсноосоо хойш клубийн үйл ажиллагаанд оролцоогүй. Саяны УАШТ-д би зургаан жилийн дараа дотоодын тэмцээн дээр тамирчныхаа буланд суулаа. Сайхан мэдрэмж төрсөн л дөө. Өмнө нь шигшээ багийн ахлах дасгалжуулагч байхдаа тамирчин авч гарч байгаагүй. Ер нь шигшээ багийн дасгалжуулагч нар дотоодын тэмцээнд тамирчны буланд суух нь ёс зүйн хувьд болохгүй. Шигшээ багийн багш нар хувийн амбицаа дарж сурах хэрэгтэй. Хэрэв та сонгогдоод шигшээ багт орсон бол Монголын төлөө л ажиллах ёстой.
-Та зургаан жилийн дараа дотоодын тэмцээнд шавь нараа авч гарлаа. УАШТ ямархуу болж өнгөрсөн бэ?
-Шулуухан хэлэхэд холбооны үйл ажиллагааг шүүмжлэхээс өөр арга алга. Манай ТББ төлбөрийг нь төлөөд 12 дугаар сард гадаадаас шууд дамжуулалт хийж чадаж байхад Холбоо дотоодын тэмцээнээ чадсангүй. Монголын спортын том холбоо байж улсын аваргын тэмцээнээ UG арена, Мөсөн өргөөг больё гэхэд Спортын төв ордон, Бөхийн өргөөнд хийгээд, орон нутагт дамжуулан үзүүлж болно шүү дээ. Бөх сонирхогчдод үзүүлж байж сайн муугаа харах байлаа. Үзэгчтэй байж манай спорт хөгжинө. Гэтэл тэр тал дээр огт ажиллахгүй байгаад сэтгэл дундуур байна. Гол нь тамирчдаас гадна үзэгчдээ хүндлэхгүй байгаа нь харамсалтай. Хоккей, жиүжүцү, сагсан бөмбөг гэсэн спортын төрлүүд тэмцээнээ сайхан хийж болоод л байна. Цагийг нь тулгалгүй, жилийн өмнөөс төлөвлөхөд заал танхим олдоно. Ямарваа ажил хийхэд заавал гурваас зургаан сарын өмнө төлөвлөөд, хаана хийхээ бэлтгэдэг шүү дээ.
Одоо холбоонд байгаа улсууд, удирдаж байгаа хүмүүс нь “Энэ хүртэл бид авчирсан шүү” гээд дараагийн хүндээ хүлээлгээд өгчихсөн ч болохоор байна. Бөхөд сэтгэлтэй байлаа ч юм хийхгүй бол хэрэг байхгүй. Ойрын үед холбоо хуралдаад энэ талаар ярилцах байх. Төлөвлөгөө байхгүй, өдөр тутам гал унтраах маягаар яваад байвал ямар ч ажил сүйрнэ. Би холбооны Удирдах зөвлөлд байдаг. Хурлаар энэ асуудлаа шийдээд цаашдаа цомхон баг босгоод ажиллавал зүгээр.
-Таныг өөр спортын төрлийн тамирчидтай ч ажилладаг гэсэн?
-Надаас заавар зөвлөгөө авч, санал солилцдог олон шавь нар бий. Хэдийгээр тэдэнтэй гардаж ажиллахгүй байгаа ч надаас асууж лавлавал мэдэх, чадах зүйлээ хэлж зөвлөлддөг. Дан ганц чөлөөт бөх гэлгүй өөр спортынхонтой ч хамтран ажилладаг. Саяхан сагсан бөмбөгийн “Тэнүүн Өлзий Металл” багийнхан 20 оноогоор хожигдсоны дараа тэдэнд сэтгэл зүйн зөвлөгөө өгсөн л дөө. Түүний үр дүнд дараагийн тоглолтондоо 10-аад оноогоор хожсон юм. Ер нь цаашид спортын төрөл үл хамааран тамирчдын сэтгэл зүйн тал дээр ажиллах зорилготой байгаа.
-Та гадаад харилцаанд их анхаарал хандуулдаг. Хамтран ажилладаг гадныхан олон байгаа биз.
-Туркийн алдарт бөх Таха Акгультэй уулзаж, ажил хэрэг ярилцаж, хэлэлцсэн. Таха аварга манай М.Лхагвагэрэлтэй хамт бэлтгэл хийх болсон. Эрэгтэй хүнд жин бол үндсэндээ тодорхой дөрвөн бөх л байгаа. Тэгэхээр аваргын хэлснээр бол хамт бэлтгэл хийгээд улам сайжиръя. Дараа нь тэмцээн уралдааны финалд таараад үнэн, шударгаар сайхан өрсөлдье гэсэн санаа. АНУ, Европт тэмцээнд ороход голд нь цагийн зөрүү гаргах, дасан зохицох гээд асуудал гардаг. Тэгэхээр Ази, Европын голд оршдог Туркт манай баг байрлаж, бэлтгэл хийгээд тэмцээндээ явах боломж бүрдэж байгаа юм. ОХУ-ын шигшээ багийн өмнөх болон одоогийн ахлах дасгалжуулагч нартай хамтран ажилладаг. ОХУ-ын Поддубный мэргэжлийн лигийн тэмцээн болгонд манайхаас нэг тамирчин заавал оролцуулж байхаар болсон. Цаашдаа энэ лигийн тэмцээнийг Монголдоо зохион байгуулах төлөвлөгөө бий. АНУ-ын хоёр их сургуультай хамтарсан бэлтгэл хийх болсон. Миний шавь нараас Америкт олон хүн бий. Э.Бэхбаяр гавьяатыг Америкт дасгалжуулагчийн ажилд орууллаа. Чөлөөт бөхөөс олимп, дэлхийн аварга төрөөсэй гэж боддог, хүсдэг, итгэдэг бүх хүмүүс, албан газартай хамтран ажиллахад манай ТББ бэлэн.
Сэтгэгдэл ( 10 )
Баттулга багшид амжилт хүсэе. Олимпийн аварга төрүүлж чаднаа.
Баттулга гэдэг хүнийг сайн судал олон булхай гарах нь мэдээж шүү??\nанх Цэрэндавга Лхажав багшын туслах байлаа 2 багшаа мурж Арслан. клубыг бхйгуулсан
АМЖИЛТ ХҮСЬЕ. АЖЛЫНХАА ҮР ДҮНГ ҮЗЭЭРЭЙ. АТААРХУУ ЮМНУУД ХОЖИМ АМАА БАРИНА
Хэруулийн бузар шингэсэн челеет гээч юм уруудна уу гэхээс еедлех нь юу л бол, дэлхийн хэмжээнд ч гэсэн энэ спортын байр суурь суларч, олимпын терлеес хасагдах нь цаг хугаццаны л асуудал болчихоод байгаа гэхэд буруудахгуй, ер нь явцгуй ээ
олон жил худал ярьж ард түмний толгойг эргүүлж бна даа чи одоо болимоор юм токиогийн олимпийн өмнө заалгүй амралтын газар тамирчидаа байрлуулаад л хоолыг нь захаас өөрөө явж цуглуулаад их мөнгө идсэндээ тэгээд бас баахан шигшээ бус хүмүүсийг аваачиж тамирчидаа корона халдварлуусан гээд чиний балаг дуусахгүй дээ худалч новш минь
buyan jaga muuhai hulagr shorongin yaltan shuu gejina yaidn hashgirlaa.
Болж байна аа, амжилт хүсий
өөрсдөө чөлөөтөө хорлож өчнөөн жил шаачаад одоо гэнэт ухаан ороо юу, хожимдсондоо малнуудаа
Болж байна шүү,хамтраад амжилтад хүрээрэй,манайхаан.Ард түмний татварын мөнгөөр цалинждаг Үндэсний тэлэвиз Улсынхаа аваргын тэмцээнийг шууд дамжуулж байх үүрэгтэй шүү,Үндэсний тэлэвиз ажлаа хий,аймаг сум хөдөөд спортод дуртай хүмүүс олон бий.
Sayhan l Tokyo bson, ymar hurdan Paris boljiinoo, neg jiliin Olimp..Amjilt husie!!!