СУДАЛГАА: Монгол Улс хүртээмжтэй өсөлтөөр бусад орнуудаас СУЛ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 03 сарын 30

 

Эдийн засаг тэдэн хувиар өслөө гэх статистикийн цаана өрх бүрт хүртээлтэй, хүртээмжтэй өсөлт алга байна гэх асуудлыг бид хаа хаанаа олон жил ярьж буй. Тэгвэл судлаач С.Билгүүнзул, Б.Хулан нар “Хүртээмжтэй өсөлт ба түүнд нөлөөлөх хүчин зүйлс” сэдэвт судалгааг хийсэн байна.

Дэлхийн эдийн засаг хурдтай өсөхийн хэрээр хүртээмжтэй өсөлтийн талаарх асуудлуудад илүү анхаарч эхэлсэн. Аливаа улс орны эдийн засгийн өсөлт нь хэр хүртээмжтэй байгааг эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад хүн бүр оролцож, үр шимийг нь хүртэх тэгш боломжоор хангагдсан эсэхээр тодорхойлох боломжтой байдаг. Сүүлийн жилүүдэд дан ганц эдийн засгийн өсөлт хангалттай бус, түүний хүртээмжтэй байдлыг бодлого боловсруулагчид давхар авч үзэх нь нэн чухал гэдгийг онцолж буйг судлаачид тодотгожээ. Дэлхий нийтээр цар тахлын үеийн эдийн засгийн хүндрэлд нийгмийн эмзэг бүлгүүд илүү ѳртѳж байгаа нь эдийн засгийн ѳсѳлтийн хүртээмжтэй байдлын ач холбогдлыг улам тодотгосон. Манай улсын хувьд хамгийн бага орлоготой иргэд болон жижиг дунд үйлдвэр эрхлэгчид хямралд илүү өртсөн. Тиймээс 2022 оны Үндсэн чиглэлийн 2 дугаар заалтын 1-т “Эдийн засгийн сэргэлтийг дэмжих, өсөлтийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн төсөв, мөнгө, санхүүгийн бодлогыг хэрэгжүүлэх” гэж заасан байна.

Хүртээмжтэй өсөлтийн олон талт өнцгийг тусгасан, нэгдсэн нэг тодорхойлолт хараахан байхгүй болохыг судлаачид дурджээ. Хүртээмжтэй өсөлт нь энгийн мэт боловч нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн тодорхойлолт байхгүй, харьцангуй утопи сэдэв юм. Олон улсын түвшинд тухайн улсын хөгжил, ард иргэдийн амьдрах нөхцөл, амьдралын чанарыг илэрхийлэхэд хүртээмжтэй өсөлтийг чухалчлах болсон хэдий ч нийгэм, эдийн засгийн олон талт байдлыг тусгасан цогц ойлголт учраас дэлхийн улс орнууд, олон улсын байгууллагууд нэгдсэн нэг тодорхойлолтод хүрэхэд хүндрэлтэй байсаар байна.

Олон улсын байгууллагууд хүртээмжтэй өсөлт явагдсанаар ядуу бүлгийн амьжиргааг дээшлүүлж, ядуурлыг бууруулна (pro-poor growth) гэж үздэг. Энэ ойлголт нь абсолют болон харьцангуй хоёр тодорхойлолтоор илэрхийлэгдэнэ.

1. Абсолют тодорхойлолтоор хүртээмжтэй өсөлт нь зөвхөн ядуурлыг бууруулах гэсэн ойлголтоор хязгаарлагддаг бөгөөд энэ нь бодит байдалд биелэх боломжгүй.

2. Харьцангуй тодорхойлолтоор хүртээмжтэй өсөлтийг ядуу, дундаж, чинээлэг гэж ялгаварлахгүйгээр нийгмийн бүхий л давхаргын амьдралын чанарыг дээшлүүлэх, ялгаатай байдлыг бууруулах өсөлт гэж үздэг.

Хүртээмжтэй байдлын бодит өсөлт буюу орлогод суурилсан үзүүлэлтүүдийг харуулахад туйлын ойлголт ашиглах тохиолдлууд байдаг ч ихэвчлэн олон улсын байгууллагууд болон судлаачид харьцангуй ойлголтоор илэрхийлэх нь зүйтэй гэж үздэг. Тухайлбал, хүртээмжтэй өсөлтийг McKinsey (2021) эдийн засгийн өсөлт болон түүний хуваарилалт нь нийт хүн амын амын орлогын бүх түвшинд жигд өсөлт ажиглагдсан үед үүсдэг хэмээн итгэдэг талаар судалгаанд дурджээ.

Өөрөөр хэлбэл, хүртээмжтэй өсөлтөд эдийн засгийн өсөлт чухал боловч өсөлтийн үр өгөөжийг хувь хүн болон нийгмийн бүлгүүдэд тэгш хуваарилахгүй бол тогтвортой хөгжлийг хангахгүй, үүний зэрэгцээ хүмүүсийн сайн сайхан байдалд орлогоос бусад үзүүлэлтүүд чухал нөлөө үзүүлдэг гэж үздэг байна. Томоохон олон улсын байгууллагууд хүртээмжтэй өсөлтийг тэгш боломж, тэнцвэрт байдал гэж ерөнхийд нь авч үздэг ба өөрсдийн судалгаа, шинжилгээ болон стратегийн баримт бичгүүддээ дараах байдлаар тодорхойлж, тусгасан байна.

Манай орны хувьд эдийн засаг 2011-2018 онд жилд дунджаар 6.9 хувиар өргөжсөн ч хамгийн бага орлоготой 40% иргэдийн дундаж орлого ердөө 1 хувиар нэмэгдсэн байгаа нь хүртээмжтэй өсөлт сул байгаагийн илрэл билээ. Судлаач Дэлгэржаргал, Арман, & Арьяасүрэн (2021) нар манай орны хүртээмжтэй өсөлт бусад орнуудтай харьцуулахад сул байгаа бөгөөд үүнд орлогын тэгш бус байдал, ядуурлын түвшин өндөр, эрүүл мэндийн хүртээмж муу, боловсролын чанарын ялгаа өндөр байгаа нь нөлөөлсөн гэж дүгнэжээ.

С.Билгүүнзулын 2019 оны  судалгаанд Монгол улсын хувьд жини коэффициентоор илэрхийлэгдэх орлогын тэгш бус байдал бусад орнуудтай харьцуулахад харьцангуй бага бүлэгт тооцогддог боловч энэ нь орлогын гэхээс илүүтэй хөрөнгийн тэгш бус байдал оршиж болзошгүйг онцолсон. Учир нь орлогын тэгш бус байдлын 70 орчим хувийг өрхийн хөрөнгө тодорхойлж байсан бол боловсролын түвшин ердөө 5 орчим хувийг эзэлж байсан. Энэ нь манай улс байгалийн баялгийн хараат байдлаас хамааран боловсролын салбарт оруулах хөрөнгө оруулалт бага улмаар боловсролын хүртээмжгүй байдал, боловсролын салбарын чанар стандарт, түүний өгөөж болон үнэлэмж сул байгаад нөлөөлж байх талтай гэж үзсэн байна.

 

                                МОНГОЛ УЛСЫН ХҮРТЭЭМЖТЭЙ ӨСӨЛТ

 

Монгол Улсын хувьд хүртээмжтэй өсөлтийг илэрхийлэх гол үзүүлэлтүүдийг авч үзвэл дараах байдалтай байна.

Орлогын тэгш бус байдал өндөр: Монгол Улсын хувьд тэгш бус байдлын үндсэн үзүүлэлт болох “жини коэффициент” 2021 оны байдлаар 0.327 байгаа нь дэлхийн улс орнуудтай харьцуулахад орлогын тэгш бус байдал харьцангуй бага боловч нийт хүн амын зөвхөн 20 хувь нь нийт орлогын 40 гаруй хувьтай тэнцэх хэмжээний орлогыг эзэлж байгаа нь тэгш бус байдал өндөр байгааг илтгэж байна.

Ядуурлын түвшин өндөр: Ядуурлын түвшин 2010 онд 38.8 хувь буюу ойролцоогоор 10 хүн тутмын 4 нь ядуу байсан бол 2018 оны байдлаар ядуурлын түвшин 28.4 хувь буюу ойролцоогоор 4 хүн тутмын 1 нь ядуу болж ядуурлын түвшин буурсан байна. Гэсэн хэдий ч хүн амын 15 орчим хувь нь ядуурлын шугамын ойролцоо байгаа буюу ядууралд өртөх эрсдэлтэй байна. Эдгээр иргэд нь эдийн засаг, эрүүл мэнд, уур амьсгал зэрэгт сөрөг өөрчлөлт ороход ядууралд өртөх хамгийн өндөр эрсдэлтэй юм.

Эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж бүс хооронд муу: Хүн амын эрүүл мэндийн салбарын нөөц хангалттай хэмжээнд байгаа ч газар зүйн байршлын хувьд эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж тэгш бус байна. Тухайлбал, 1000 км2 талбайд оногдох эмч, сувилагчийн тоо хотод 1228, 1185 байхад аймгийн төвүүдэд 193, 260, харин хөдөөд 2.7, 4 байна.

Боловсролын чанарын ялгаа өндөр: Тодорхой хэмжих үзүүлэлт байхгүй, хүйсийн ялгаварлал харьцангуй багатай боловч чанартай боловсрол эзэмших боломжийн ялгаатай байдал, төр болон хувийн хэвшил, бүс хоорондын (хот болон хөдөө орон нутаг) тэгш бус байдал өндөр байна.

Санхүүгийн хүртээмж сайн боловч санхүүгийн гүнзгийрэлтийг сайжруулах шаардлагатай: Манай орны хувьд санхүүгийн хүртээмж дунд орлоготой орнуудаас сайн байна. Гэвч санхүүгийн секторт банкны систем давамгайлж, жижиг дунд үйлдвэрлэлд санхүүжилтийн хүртээмж сул, урт хугацаатай санхүүжилтийн хэрэгцээг хангаж чадахгүй байна.

Тогтвортой хөгжлийн асуудал тулгамдсан хэвээр байна: Монгол Улсын эрс тэс уур амьсгал, дэлхийн дулаарал, хотжилт, орчны бохирдол зэргээс үүдэлтэйгээр хүрээлэн буй орчин доройтож байна. Эдийн засгийн эмзэг бүтэц, тодруулбал уул уурхай, мал аж ахуйн салбар эдийн засгийн үйл ажиллагаанд голлох үүрэг гүйцэтгэсээр байгаа нь байгаль орчны болоод эдийн засгийн тогтвортой байдалд сөрөг нөлөөг үзүүлж байна. Тухайлбал, ядуурал нэмэгдэх нь хүмүүсийн биет болон хүмүүн капиталын хуримтлал бий болгох, шинэ бизнес, шинэ технологи нэвтрүүлэх зэргийг хойш татаж, эдийн засгийн боломжит өсөлтөд сөрөг нөлөө үзүүлж байдаг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top