Япон: Хиймэл оюун ухааны бичсэн судалгааны ажлыг хориглов

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 10

Токиогийн их сургуулийн захиргаа хиймэл оюун ухаан дээр суурилсан “ChatGPT” чатботын тусламжтай судалгааны ажил бичихийг оюутнууддаа хоригложээ. Оюутнууд бие даан судалгааны ажлаа бичих ёстой тул хиймэл оюун ухаан ашиглан бичсэн ажлыг хүлээн авахгүй хэмээн мэдэгдэлд онцолсон байна.

Үүнтэй зэрэгцэн Японы Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн яам чатботыг ашиглах талаар зөвлөмж гаргахаар төлөвлөж байна. Эрх баригчид чатботыг боловсролын салбарт өргөнөөр ашиглах нь сургагчдын сэтгэн бодох чадварт сөргөөр нөлөөлнө гэж үзэж байна.

АНУ-ын “OpenAI” компани 2022 оны сүүлээр “ChatGPТ” чатботыг танилцуулсан билээ. Хиймэл оюун ухаан дээр суурилсан эл үйлчилгээ нь хэрэглэгчтэй ярианы хэлбэрээр харилцдаг. Чатбот асуултад хариулахаас гадна алдаагаа хүлээн зөвшөөрч, буруу баримтуудын талаар маргаж, тохиромжгүй хүсэлтийг няцаах чадвартай. Сүүлийн үед чатбот үйлчилгээ олны анхаарлыг ихээхэн татаж байна. Үүнтэй зэрэгцэн чатботыг ашиглан оюутнууд шалгалт болон судалгааны ажилдаа чатботыг ашиглаж байна гэсэн шүүмжлэл гарах болсон.

Одоогоор Итали, Герман улсад ChatGPT чатбот үйлчилгээнд хэрэглэгчдийн хувийн мэдээлэл ашиглахыг түр хугацаанд хориглоод байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top