FIFA I Монголын хөлбөмбөгийг улам сонирхолтой болгосон AIR DOME

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 13


FIFA.com-д нийтлэгдсэн Монголын хөлбөмбөгийн тухай нийтлэлийг орчуулан хүргэж байна

Өнгөрсөн пүрэв гарагт (2023.04.07) Монголын 17 хүртэлх насны охидын үндэсний шигшээ баг Хонконгийн хөлбөмбөгийн багтай хийсэн нөхөрсөг тоглолт Монголын хөлбөмбөгийн түүхэнд бичигдэнэ гэдгийг зохион байгуулагчид хэдийн мэдэж байлаа.

Энэ бол Монголд шинээр баригдсан бөмбөгөр оройтой, хөлбөмбөгийн битүү талбайд болсон анхны Олон улсын тэмцээн байв. Салхи исгэрч, битүү цасанд даруулсан дөрөвдүгээр сарын хүйтэн цаг агаар Монголын хувьд хөлбөмбөгийн тэмцээн зохион байгуулахад тийм ч тохиромжтой цаг хугацаа биш. Харин өдгөө хөлбөмбөгчид Олон улсын хөлбөмбөгийн холбооны санхүүжилтээр саяхан барьж, байгуулсан Үндэсний хөлбөмбөгийн бэлтгэлийн төвийн битүү дээвэртэй бэлтгэлийн талбайн ногоон зүлэг дээр тоглох боломжтой болжээ.

“Хонконгийн багтай хийсэн нөхөрсөг тоглолт нь бөмбөгөр оройт талбайд зохион байгуулсан анхны олон улсын хэмжээний тоглолт байлаа” гэж Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар бахархан өгүүлнэ.

FIFA.com-д өгсөн ярилцлагадаа тэрбээр “Азийн АШТ-ий урьдчилсан шатны тоглолтын бэлтгэл хийж байгаа манай шигшээ багийн хувьд энэ нь маш чухал байсан. Битүү дээвэртэй бэлтгэлийн талбай бол “FIFA Forward” хөтөлбөрийн хүрээнд амжилттай хэрэгжсэн төсөл юм. Монголын хөлбөмбөгийн холбооны нэрийн өмнөөс ОУХХ-д үргэлж дэмжиж байдагт нь чин сэтгэлийн талархал илэрхийлэхийг хүсэж байна. Энэ төслийн ачаар бид жилийн дөрвөн улиралд хөлбөмбөг тоглох боломжтой болсон” хэмээн онцлов.

Бөмбөгөр оройт талбайн анхны олон улсын тоглолт


Түүний хэлснийг түүхэнд тэмдэглэх тоглолтод оролцсон Монголын охидын Шигшээ багийн ахлагч Д.Биндэръяагийн сэтгэл хөдлөл батална.

“Битүү дээвэртэй энэ талбайд анхны олон улсын нөхөрсөг тоглолт хийсэндээ итгэж чадахгүй байна” хэмээн тэр FIFA.com-д ярилаа. 

“Гадаа, газар тэр чигээрээ цасанд хучигдсан байхад дотор бид зөвхөн тоглолтдоо л төвлөрч байлаа. Энэ талбай ирээдүйд биднийг амжилтад хүргэх трамплин болно гэж найдаж байна” хэмээн Д.Биндэрьяа хэлсэн юм. 

Зочин багийн ахлагч Пак Линг Люсиа хүртэл цастай хүйтэн нөхцөлд энэхүү өвөрмөц шийдэлтэй талбайд хийсэн тоглолтоосоо гайхалтай мэдрэмж авснаа нуусангүй. “Би энд ирээд анх удаа цас харж байна. Учир нь Хонконгт цас ордоггүй. Сэтгэл их догдолж байна. Энд тоглох үнэхээр онцгой сайхан байлаа” гэж Люсиа ярив.

Монголын хөлбөмбөгийн холбоо ОУХХ-ны хүчтэй дэмжлэгтэйгээр сүүлийн жилүүдэд эх орондоо хөлбөмбөгийг хөгжүүлэх үйлсэд ихээхэн амжилт гаргажээ. Дэд бүтцээ хөгжүүлэх зорилгоор тус холбоо “FIFA Forward” хөтөлбөрийн хүрээнд 2018 онд Үндэсний хөлбөмбөгийн бэлтгэлийн төвийн энэхүү битүү дээвэртэй, гэрэлтүүлэгтэй талбайг барьж байгуулсан юм. Үүн дараа 2018-2021 оны хооронд Яармагт олон улсын "А" зэрэглэлийн тэмцээн явуулах боломжтой FIFA-ын стандартын талбай байгуулагдсан билээ. Өнгөрсөн онд Монголын хөлбөмбөгийн холбооны хөлбөмбөгийн төв талбайг байгаль орчинд ээлтэй талбай болгон шинэчилсэн сайхан мэдээ бас бий. 

Харин хөлбөмбөгийн тоглолтын хувьд, 2022 оны хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтод Монголын шигшээ баг Брунейн шигшээ багийг ялж, анх удаа дараагийн шатанд шалгарч, түүхэнд бичигдэж байв. Үүнтэй зэрэгцэн Монгол Улс "Катар-2022" ДАШТ-ий урьдчилсан шалгаруулалтын анхны тоглолтыг Хөлбөмбөгийн төв талбайдаа хүлээн авсан билээ.

Мэдээж Монголын хатуу өвөл Монголын хөлбөмбөгийн холбооны хувьд хөлбөмбөгийн тоглолтуудыг шинэ шатанд гаргах зорилгодоо хүрэхэд нь томоохон сорилт болдог. Арваннэгдүгээр сараас гуравдугаар сарын хооронд -15-30 хэмийн хүйтэнд хэлбэлздэг улиралд хөлбөмбөгийн бүхий л арга хэмжээ таван сарын турш зогсдог.

Тиймээс ч Тогтвортой хөгжлийн урт хугацааны зорилтоо хэрэгжүүлэх үүднээс Монголын хөлбөмбөгийн холбоо Үндэсний хөлбөмбөгийн бэлтгэлийн төвийн дэргэд битүү дээвэртэй талбай барих төлөвлөгөөгөө Олон улсын Хөлбөмбөгийн холбоонд танилцуулж, улмаар талууд ихээхэн хүчин чармайлт гаргасны дүнд 114м х 82м х 29 м хэмжээтэй битүү дээвэртэй бэлтгэлийн талбай ийн ашиглалтад ороод байна.

Энэхүү байгууламж -45 хэмээс +70 хэм тэсвэртэй.
 


 

Төгсгөлд нь онцлоход, Д.Тэрбаатар генсек ирээдүйгээ өөдрөг харж байна.

“Монголын хөлбөмбөгийн холбоо “FIFA Forward” хөтөлбөрийн дараагийн төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд ОУХХ-той идэвхтэй хамтран ажиллаж, хайртай спортоо улам хөгжүүлж, залуу хойч үед эерэг нөлөөг түгээх эрхэм зорилгодоо хүрэхийн төлөө зүтгэсээр байна” гэдгийг итгэлтэйгээр хэлж байлаа. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top