Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар ХЭН ЮУ ХЭЛЭВ!

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 18

Засгийн газраас Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд иргэд, олон нийтээс санал авч эхэлсэн. Харин энэ асуудалтай холбогдуулан зарим гишүүдээс байр суурийг нь авлаа.


ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун:

-Би хувь хүнийхээ хувьд УИХ-ын гишүүдийн тоог зуу давуулж олон болгохыг дэмжихгүй байгаа. Яагаад гэхээр манайхтай ойролцоо, төстэй улсууд буюу Уругвай, Киргиз зэрэг улсын парламент нь 99 хүнтэй байж болоод байна. Тиймээс манайх ч гэсэн зуу хүрэхгүй 99 хавьцаа ч юм уу байхад боломжтой гэж боддог юм. Парламентын гишүүд 76 байх нь арай багадаад байна. Сайн хуулиуд ганц, хоёрхон хүний саналаар уначихна. Муу хуулиуд лоббигоор орж ирээд батлагдчих зэрэг дутагдлууд байгаа. Тиймээс тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэхийг бол дэмжинэ. Харин хэт их буюу зуу гаргаж нэмэгдүүлэхийг бол дэмжихгүй. Үндсэн хуульд УИХ-ын гишүүнийг иргэд дөрвөн жилийн хугацаатайгаар шууд сонгоно гэж заасан байдаг. Гэтэл энэ удаагийн Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтөөр жагсаалт гэж оруулж ирсэн нь дамаар сонгож буй хэлбэр болно. Тэгэхээр хуулийн зөрчилтэй болчхоод байгаа. Энэ талаар Үндсэн хуулийн цэц зөрчилтэй гэж гаргачхаад дараа нь Их хуралд эрх мэдэл өгсөн байдлаар дүгнэлт гаргасан нь бөөрөнхийлсөн болчхоод байгаа юм.    

 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Засгийн газраас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд олон нийтээс санал авч эхэлснийг мэдээллийг хэрэгслээс л мэдлээ. Олон талаас нь ярилцаад л шийдэх хэрэгтэй байх. Монгол Улсын хүн ам хоёр сая гаруй байхад 76 гишүүнтэй байсан. Одоо 3.4 сая болчихсон болохоор гишүүдийн тоог нэмье гэсэн саналууд явж байгаа. Харин 76 дээр нэмэх нь 76 гэхээр зуун ямаанд жаран ухна гэдэг шиг зүйл болох гээд байна. Ер нь цаашдаа Засгийн газрыг Их хурлаас ангид байлгах хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар гишүүд Засгийн газарт орчихоороо хуралдаа суудаггүй. Бүлгийн хурал л гэхэд өнөөдөр/өчигдөр/ Засгийн газрын гишүүд нь алга л байна. Тийм учраас 76 бол бага тоо биш. Гэхдээ одоо байгаа дээрээ 20 орчмоор нэмэгдүүлэх нь илүү зохимжтой гэж бодож байгаа.

 

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн:

-Ороод ирсэн хойно нь болъё. Миний хувьд урьдчилж хэлэх боломж алга. Ямар үндэслэлээр энэ асуудлыг оруулж ирж байгаа юм. Үндэслэл нь тодорхой байх ёстой. Судалгаануудыг нь харж байж байр сууриа илэрхийлэх боломж гарах байх гэж бодож байна. Ер нь бол Засгийн газар Их хурлын үйл ажиллагааг сулруулж байгаа гэж би хувьдаа бодохгүй байгаа. Давхар дээлтэй сайд нар байгаа нь Үндсэн хуулиа л дагаж, мөрдөж байгаа хэлбэр шүү дээ. Хэрвээ энэ асуудлыг ярихаар бол Үндсэн хуулиа л ярих хэрэгтэй болно. Түүнээс биш процессын асуудал яригдах боломжгүй.

 

 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Х.Тогтохсүрэн:

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг Засгийн газар боловсруулж байгаа. Өнгөрсөн наймдугаар сард Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой асуудлаар УИХ-ын 54 дүгээр тоот тогтоол гаргаж, Засгийн газарт хүргүүлсэн. Засгийн газар энэ дагуу ажиллаж байна. Өнгөрсөн 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ оны наймдугаар сард мөн оруулсан. Одоогийн хийгдэх гэж байгаа өөрчлөлт бол 2019 онд хийгдэж чадаагүй үлдсэн дутуу асуудлууд байгаа юм. Гишүүдийн тоог нэмэгдүүлэх, ҮХЦ-ийн гишүүн нэг удаа сонгогддог болох зэрэг асуудлууд 2019 онд яригдаж байсан. Тиймээс энэ дутуу орхигдсон асуудлуудыг гүйцээх, парламентын тогтолцоогоо төгөлдөржүүлэх хүрээнд энэ удаагийн өөрчлөлт хийгдэж байгаа гэж ойлгож байгаа. Үүнийг нь ч хуулийн хүрээнд хориглоогүй. Энэ удаагийн өөрчлөлтөд оруулж ирээгүй ч гэсэн Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох, хоёр танхимтай парламенттай болох гээд том асуудлууд мөн үлдэж байгаа. УИХ энэ асуудлыг хэлэлцэхдээ хоёр зүйлд анхаарна. Үндсэн хууль бол хоёр зүйлийг заавал үндэслэж явдаг. Нэгдүгээрт, иргэд сонгогчдын саналыг харгалзан үзнэ. Хоёрдугаарт, парламентад суудалтай намууд зөвшилцөж байж явна. Төслийг тав, зургаадугаар сард багтаан хэлэлцэх байх. Түүнээс цааш хугацаа байхгүй.  

 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:

-Үндсэн хуулийн асуудал гэдэг бол маш чухал. Тэр тусмаа одоо орж ирж байгаа асуудалд нухацтай хандаж АН-ын ҮБХ хуралдаж, улс төрийн шийдвэрээ гаргах ёстой. Тэгээд АН-ын бүлэгт чиглэл өгөх ёстой гэсэн байр суурийг манай гишүүд илэрхийлж байгаа. Ер нь 76/76 гэдэг бол өнөөгийн нөхцөлд маш том тоо байна. Ямар үндэслэлээр үүнийг гаргаж ирсэн юм. энэ тал дээр дахин ярилцах ёстой.  

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top