Д.Амарбаясгалан: Цоо шинээр дугуй зохиох хэрэггүй

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 05 сарын 05

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан лхагва гаригт (2023.05.03) Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлсэн билээ. 

Монгол Улсын Их Хурал 2022 оны 54 дүгээр тогтоолоороо “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 01, 02 дугаар тогтоол гарсантай холбогдуулан хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн харилцан хяналт-тэнцлийг хангах хүрээнд төрийн эрх барих дээд байгууллагад ард түмнийг төлөөлөх Улсын Их Хурлын гишүүдийн тоог шинэчлэн тодорхойлох, Улсын Их Хурлын сонгуулийн дэвшилтэт тогтолцооны зарчмыг Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулах асуудлыг судлан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулж, Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх"-ийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын 2022 оны 34 дүгээр тогтоолоор “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах зорилгоор олон нийтийн саналыг судлах сэдвийн хүрээ’’-г тодорхойлж, сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлэх, сонгогчдыг төлөөлөх мандатын тоог нэмэгдүүлэх асуудлыг тусгасны дагуу хуулийн төслийг боловсруулсан гэдгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан онцлон тэмдэглэсэн юм. 

1991-1992 онд Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж батлах үед Улсын Их Хурлын гишүүдийн тоог тухайн үеийн нийт хүн амын тоонд үндэслэн нэг гишүүн дунджаар 27 мянган иргэнийг төлөөлөхөөр тооцоолж, 76 гишүүнтэй байхаар хуульчилсан. Харин өнөөдөр нэг гишүүн дунджаар 44.7 мянган иргэнийг төлөөлөх болсон. Ингэснээр нэг гишүүний төлөөлөх иргэдийн тоо бараг хоёр дахин нэмэгдэж, парламентын төлөөлөх чадамжийг бууруулж байна. Цөөн гишүүнтэй парламентуудын хувьд хууль тогтоомж цөөн гишүүний саналаар батлагдах, нэг гишүүнд эрх мэдэл төвлөрөх, зүй бус нөлөөлөл орох, хуулийн биелэлтэд тавих хяналт сулрах зэрэг эрсдэл үүсдэг. Парламентын засаглалтай олон улсад парламент нь дунджаар 150-иас доошгүй гишүүнтэй байдаг нь хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн хуваарилалт, хяналт-тэнцлийг хангахад үр нөлөөтэй байна. Тиймээс иргэдийг төлөөлөх парламентын чадамжийг сайжруулах зорилгоор Улсын Их Хурлын гишүүдийн тоог 152 болгон хүн амын тоотой уялдуулан нэмэгдүүлэхээр төсөлд тусгасан байна.

Мажоритар сонгуулийн тогтолцоог дангаар хэрэглэх нь иргэдийн санал гээгдэх, тойргийн ашиг сонирхол улс орны эрх ашгаас өндөрт тавигдах, олон нийтэд танигдсан, хөрөнгө санхүүгийн боломжтой хүмүүст давуу байдал үүсгэх зэрэг сөрөг талыг бий болгож ирсэн. Пропорциональ аргыг сонгуулийн тогтолцоонд хэрэглэх нь сонгогчдын санал бага гээгдэх, нийгмийн бүлгүүдийн төлөөлөл жигд орох, бодлогын намыг төлөвшүүлэх зэрэг давуу талтай. Иймд мажоритар болон пропорциональ аргын давуу талуудыг тусгасан сонгуулийн тогтолцоотой болох, Улсын Их Хурлын нийт гишүүний тавин хувийг мажоритар, тавин хувийг пропорциональ аргаар сонгох зохицуулалтыг Монгол Улсын Үндсэн хуулийн 21-р зүйлийн 1 дэх хэсэгт оруулахаар тусгажээ.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл батлагдсанаар ард түмнийг төлөөлөх парламентын чадавхыг сайжруулах, хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналтыг чанаржуулах замаар Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын баталгаа болсон парламентын засаглалыг төгөлдөржүүлнэ. Монгол Улсын Үндсэн хуульд сонгуулийн тогтолцоог тодорхой зааж баталгаажуулснаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоо тогтвортой байх, намууд сонгуульд шударгаар өрсөлдөх, иргэдэд ойлгомжтой байх, гадаадад байгаа иргэний сонгох эрхийг баталгаажуулах ач холбогдолтой болохыг төслийн санаачлагчид онцолж буй. 

БАЙР СУУРЬ I ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН

-50:50 буюу УИХ-ын 76 гишүүнийг мажоритар, 76 гишүүнийг пропорциональ аргаар сонгодог холимог тогтолцоог сонгодог утгаар нь нэвтрүүлье. Та бид бусдын туршлагаас суралцах, бүр давж гарах хэмжээнд өөрчлөх хүсэл зоригтой байж, бодлогоороо өрсөлддөг, шийдлээ уралдуулдаг шинэ улс төрийг угсран босгож чадна. Зарим улстөрч, нам 60:40, 70:30, 80:20 гэх мэт сонгуулийн системийн холимог хувилбаруудыг ярьж, санал болгож байна.

Амжилттай, амжилтгүй болсон 2 жишээ байна. Нэг нь маш тогтвортой парламент бүхий улс төр, нөгөө нь тогтворгүй.

Японд парламентын гишүүдийн 60% нь манайхтай адил мажоритар, 40% нь пропорциональ аргаар сонгогддог холимог тогтолцоотой улс. 1994 оны улс төрийн тогтолцооны иж бүрэн шинэчлэлээр холимог тогтолцоо нэвтрүүлсэн. Үр дүнд намууд нь төлөвшиж, улс төр, сонгуульд мөнгөний нөлөө эрс багассан. Улс төрийн санхүүжилт ил тод байх, мэргэжлийн улстөрчдөөс бүрдсэн парламент болж төлөвших шинэ замыг нээж чадсан нь энэ. Япон бол хөгжлийн сурах бичиг. Хариуцлагатай, ёс зүйтэй, бодлогын, мэргэжлийн улс төрийн тогтолцооны сайн загвар.

Өмнөд Солонгос 2004 онд улс төрийн тогтолцооны хуулиуддаа өөрчлөлт оруулж, сонгуулийн ирц, жендерийн эрх тэгш байдлыг хангах бодлогоо шинэчилсэн. Сонгуулийн хуулиа өөрчилж, Үндэсний Ассемблейгаа 273 гишүүнтэй байсныг 300 болгож тоог нь нэмсэн. Гэвч гишүүдийнх нь 84.3% нь мажоритар, 15.7% нь пропорциональ аргаар сонгогддог нь хоёр том нам ээлжлэн засгийн эрх барьдаг явдлыг улам дархалжээ.

Пропорционалын эзлэх жин бага байгаа нь улс төр, сонгууль дахь мөнгөний нөлөө, популизмыг хумихад үр дүн муутай гэж судлаачид нь үздэг. Өмнөд Солонгост пропорциональ хэмжээгээ нэмэх сонирхол өссөөр байна.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ман(192.82.68.137) 2023 оны 05 сарын 07

Түрүйний бөөс толгойд гардагийн үлгэрийн сонгодог жишээ

0  |  0
2(202.21.107.25) 2023 оны 05 сарын 06

ene alialagch odoo mongoliin huvi zayag todorhoilogch geed ooriigoo bodsiimuu haishaa yanziin nohor ve

2  |  0
Dr(66.181.166.86) 2023 оны 05 сарын 05

Songodog xyvaaj idii gesen sanaa ta nart yls ornoo gesen setgel tvi ch bhgv yu

0  |  0
Top