“ХУРД” хамтлагийн 30 жилийн ойн баярыг жуулчид ирж үзнэ

2023 оны 05 сарын 11

Энэ жил Монгол түмнийг уран бүтээлээрээ хөглөж яваа домогт "Хурд" хамтлагийн 30 жилийн ойн баяр тохиож байна. Тэдний өнгөрсөн 30 жилд хийж, бүтээсэн урлаг, соёлын шинэчлэл зөвхөн монгол түмнээс гадна олон улсын сонсогчдын хайр, хүндэтгэлийг ч хүлээж ирсэн.

Төв цэнгэлдэх хүрээлэнд зургаадугаар сарын 10-ны өдөр болох “Хурд” хамтлагийн 30 жилийн ойн баярын “ХУРД 30 ЖИЛ” тоглолтод Якут, Тува, Орос, Өвөр Монгол, Хятад зэрэг аялал жуулчлалын компаниуд хөтөлбөр гарган, жуулчдыг оролцуулахаар болжээ. Тус хөтөлбөрт Монголын үзэсгэлэнт болон түүхэн, дурсгалт газруудаар аялах “ХУРД 30 ЖИЛ” тоглолтыг үзэх үндсэн үйл ажиллагаа багтсан ажээ.

Дэлхийн соёлыг тодорхойлогч нэгэн үндэс бол дуу хөгжим, урлаг соёлын өв байдаг. Үндэстэн, ястнаа тодорхойлж дэлхийд нэрээ мандуулж домог болсон хамтлаг, дуучид долоон тивийн түүхэнд цөөнгүй. Монгол Улсын хувьд XX зуунаас эхлэн дэлхийн хөгжимтэй хөл нийлүүлж шинэ цагийн урсгал, хэмнэлийг нутагшуулж эхэлсэн. Чухам тэр мөчид шинэ цагийн соёлын шуурга дунд олон уран бүтээлчид хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэн явсны нэг бол өнөө цагийн амьд домог, алдарт “Хурд” хамтлаг байсан юм.

Анх 1987 онд Төмөр замын вагон депогийн ажилчин хэсэг залуусын дундаас эхлэлтэй энэхүү хамтлаг өнгөрсөн хугацаанд монгол түмнийг рок хөгжмөөр хөглөж, сэтгэл зүрхэнд нь дуун дурсамж хоногшуулж чадсан гэхэд болно. XX зууны эхэнд дэлхийг донсолгож байсан рок урсгалыг Монголд нутагшуулж нэг ёсондоо “Монгол Рок” гэж болох олон сонсогчдын чихний чимэг болсон урсгалыг бий болгож, гар бие хөгжүүлж ирсэн.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.179.160) 2025 оны 03 сарын 13

Жуулчдад өөр үзэх юм олдохгүй болхоор юу ч хамаагүй харчаад явдаг нарантуулыг хүртэл дайраад өнгөрч цагаа нөхцөөдөг

1  |  0
Иргэн(64.119.24.86) 2025 оны 03 сарын 13

Хурдын дууг сонсох сайхан шүү!

4  |  0
отгонбаяр(43.242.242.6) 2025 оны 03 сарын 13

амидаа маань байгаа байдлаараа май чи гэсэн байдалтай харагдана ха ха

1  |  0
Top