УИХ-ын даргын захирамжаар тойрогтоо ажиллахаар явсан гишүүд энэ долоо хоногт эргэн ирж тайлангаа тавина. Тодорхой хэлбэл, Үндсэн хуулийн өөрчлөлтөөр сонгуулийн холимог тогтолцоог хуульчлах, гишүүдийн тоог нэмэгдүүлэх асуудлаар тойргийнхоо иргэд, сонгогчдод мэдээлэл өгч тэдний байр суурийг сонсохоор явсан гишүүд томилолтынхоо үр дүнг УИХ-д эргэж тайлагнах учиртай.
Сонгогчдын олонхи, тэр дундаа улс төр судлаачид, улс төрийн намуудын зүгээс одоо ашиглаж байгаа сонгуулийн тогтолцоог өөрчлөх, пропорциональ, мажоритари хосолсон холимог тогтолцоог хуульчлах дээр санал нэгтэй байгаа ч гишүүдийн тоон дээр санал зөрүүтэй харагдаж байна. Тиймээс энэ удаа зөвхөн гишүүдийн тоон дээр анхаарлаа хандуулъя. Улс төрийн намуудын хувьд олонхи нь гишүүдийн тоог нэмэгдүүлэх нь зөв гэж үзэж байгаа ч 152 гэдэг тоон дээр эргэлзэж байна. Шалтгаан нь ихэнхдээ төрийн зардал буюу төсвийн ачаалал нэмэгдэнэ гэдгээс болгоомжилж байна. Үүнээс илүү иргэдийн зүгээс ирэх сөрөг сэтгэгдэл, эсэргүүцэл, шүүмжлэлээс болгоомжилж байгаа нь олонхи байна.
Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг дагалдуулж гаргасан зардлын тооцоон дээр гишүүдийн тоог хоёр дахин нэмэгдүүлсний дараа тэдний туслах, зөвлөх, бие төлөөлөгчийг оролцуулаад 300 гаруй хүний орон тоо нэмэгдэх тооцоог танилцуулсан байна лээ. Нэг гишүүнийг дагаж ойролцоогоор дөрвөн хүний /туслах, зөвлөх, бие төлөөлөгчийг оролцуулаад/ ажлын байр бий болно гэсэн үг. Гэвч энэ бол хүрэх үр дүнтэйгээ харьцуулахад тийм ч том тоо биш. Харин үүнээс гарах үр дүн хамгийн чухал нь. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд парламентын нэр хүнд, тэнд ажиллаж байгаа УИХ-ын гишүүд, улс төрийн намуудын рейтинг шалдаа буусантай холбоотойгоор иргэдийн зүгээс “Зуун ямаанд 60 ухна”, “Одоо байгаа 76-гаа яая гэж байж юун дахин нэмэгдүүлэх вэ?” гэсэн бухимдал сонсогддог. Гол сэдэл нь өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүдийн нэр холбогдсон гэмт хэргийн чанартай үйлдлүүд, үүн дээр хууль хяналтын байгууллагуудын явуулж байгаа үйл ажиллагаатай холбоотой харагддаг.
Харин парламент буюу УИХ хэвийн үйл ажиллагаа явуулах, хууль тогтоох үүргээ гүйцэтгэхэд одоо байгаа гишүүдийн тоо буюу парламентын бүрэлдэхүүн хангалттай юу гэдэг дээр огт анхаарлаа хандуулдаггүй. Тодорхой хэлбэл, УИХ-ын гишүүн гэдэг чинь дархлагдсан хулгайч юм байна, хууль, шүүхийнхэн хүртэл гарч хүрч чаддаггүй юм байна, хэн яах гэж тэдэнд ийм эрх дархыг олгосон юм бэ? Иргэд ер нь юуны төлөө сонгуульд оролцдог юм бэ? гэдэг бухимдал хуримтлагдсаар ийм болжээ. Гэвч энд нэг зүйлийг тодруулахад парламент гэдэг бол ард түмний төлөөлөл. Ардчилсан нийгэмд хүний сонгох, сонгогдох эрхийг хуулиар хязгаарладаггүй.
Эрүүгийн гэмт хэрэг үйлдэж эрхээ хязгаарлуулсан ялтан, сэтгэцийн өвчтэй этгээдээс бусад Монгол Улсын насанд хүрсэн бүх иргэн сонгох болон сонгогдох эрхтэй.
Сонгууль ардчилсан байхын утга учир нь энэ. Товчхондоо хэн сонгогчийн итгэлийг олж, санал цуглуулж чадна, тэр хүн тэднийг төлөөлөх эрхтэй болдог. “Уулын мод урттай богинотой, олон хүн сайнтай муутай” гэдэг ч ард түмнийг төлөөлөх эрх буюу мандат аваад УИХ-д орж ирсэн хэн гуай ч гэсэн парламент дотор яг ижил саналын эрхтэй. Тийм учраас парламент олонхиороо шийдвэр гаргадаг. Өөрөөр хэлбэл, 39 хүн кноп дарахад л асуудал шийдэгддэг. Тэдний хэн нь хэн байх нь огтоос чухал биш. Гэтэл тэнд улс орны хувь заяа, ирээдүй хойч, хөгжлийн бодлоготой холбоотой маш олон шийдвэр гардаг. Ердөө 39-хөн хүний саналаар шүү дээ. Гэтэл энэ шийдвэрүүдийг парламент руу оруулдаг мэргэжлийн байнгын хороод дээр буулгаад үзвэл бүр ч эмзэг тоо гарна.
Нэг байнгын хороо 20 гишүүнтэй гэж тооцоход 11 гишүүний саналаар шийдвэр гарна. Гэхдээ байнгын хорооны ирц 100 хувь байгаа тохиолдолд шүү дээ. Хэрэв ирц 50+1 хувь байвал 11 гишүүний зургаа нь дэмжсэн тохиолдолд УИХ-ын шийдвэр болоод гарчихдаг.
Тиймээс л манай парламентыг “давжаа парламент” гэж нэрлээд байгаа юм. Тиймээс гишүүдийн тоог нэмэгдүүлэх асуудал ямагт эхний асуудал байсаар ирсэн. Арван жилийн өмнө ч ингэж ярьж, Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулъя гээд явж байсан. Ихэнхдээ 120-150 гэсэн тоо яригддаг. Тэр нь нэгдүгээрт хүн амын тоо, хоёрдугаарт парламент үйл ажиллагаагаа явуулах ердийн чадамж буюу бүтэц бүрэлдэхүүний асуудалтай холбоотой. Манайхтай ойролцоо хүн амтай, парламентын засаглалтай орнуудын парламентын гишүүдийн тоо 130-190 орчим гэдэг тоог бараг 10 жилийн өмнө танилцуулж байсан. Гэтэл бас манайхаас 10-20 дахин, 100 дахин их хүн амтай орнуудын хувьд ч гэсэн энэ тоо 300-400-гаас хэтэрдэггүй. Гэхдээ мэдээж хоёр танхимтай парламентын хувьд шүү дээ.
Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийж байхад хуулийн ажлын хэсгийн нэг гишүүн танилцуулж байсан. Ардчилал хамгийн их хөгжсөн Скандинавын орнуудад парламентын гишүүдийн дундаж тоо буюу хамгийн зохистой харьцаа 162 байна. “Ажиллагаатай ардчилалтай” буюу ардчилал хөгжиж буй орнуудын хувьд энэ тоо дунджаар 134 байна.
Харин манай улсын хувьд “Алдаатай ардчилалтай” гэдэг ангилалд багтаж байна аа гэж. Тэгэхээр нэгдүгээрт, парламентын бүрэлдэхүүн буюу гишүүдийн тоо багасах тусам ардчиллын чанар унадаг байх нь. Хоёрдугаарт, биднээс өмнө парламентын тогтолцоонд шилжээд /манайх гэхэд байнгын ажиллагаатай парламенттай болоод гучхан жилийн нүүр үзэж байна/, хөгжүүлээд, төлөвшүүлээд ирчихсэн орнуудын бэлээхэн жишээ байна.
Бид нэг зүйлээр тэднээс ялгаатай нь парламентын буюу УИХ-ын гишүүдийг “дарга” гэж ойлгодог. Тэд нь өөрсдөө хүртэл бидний энэ хандлагад автаад бидний өмнөөс шийдвэр гаргах, бидний өмнөөс хариуцлага хүлээх, мөн бидний өмнөөс илүү сайхан амьдрахыг чухалчилдаг болчихсон. Яагаад гэвэл тэд хэтэрхий цөөхүүлээ учраас, шийдвэр гаргалт дээр нэг хүний санал хэтэрхий их жин дарж байгаа учраас өөрсдийгөө “бусдаас илүү” буюу “ялгаатай” гээд итгэчихсэн. Үүнийг өөрчлөхийн тулд гишүүдийн тоог нэмэгдүүлэх л хэрэгтэй. Бүр 150 биш, 300 болгосон ч алдах зүйл байхгүй. Ингэж байж тэд “Би мэднэ, би шийднэ” биш, “Би хэний өмнөөс энд сууж байгаа билээ, хэн намайг энд суулгалаа” гэдгийг ухамсарлах болно.
Ц.БУЛГАН
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )